Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 123/ШШ2026/0053

 

 

 

2026      08     04                   №123/ШШ2026/0053

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одонтуяа би, ***-ийн нэхэмжлэлтэй *** аймгийн *** сумын Засаг даргад холбогдох “*** аймгийн *** сумын Засаг даргын 2018 оны А/345 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагчаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбар, хүсэлтийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч *** аймгийн *** сумын Засаг дарга *** шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “***-ийн нэхэмжлэлтэй *** аймгийн *** сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн *** *** нарт тус сумын Мандал 1 дүгээр багт өмчлөлөөр газар олгохдоо давхцуулж олгосон байна. Тус газарт иргэн *** нь хашаа барьсан байсан учраас түүнийг хохироохгүйгээр энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан байгаа иргэн *** хүсэлтийг үндэслэж маргаан бүхий газрын ойролцоо буюу Мандал 1 дүгээр баг Хайрхан 622 тоотод 2000м2 газар буюу X=628250.6512  Y=5356368.1443, X=628289.3654  Y=5356358.0838, X=628276.7898  Y=5356309.6911, Х=628238.0757  Y=5356319.7516  координат бүхий газрыг шилжүүлэн олгох боломжтой болно. Иймд нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гуравдагч этгээд ***-д дээрх дурдсан газрыг өмчлөлөөр шинээр олгох учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

 

Нэхэмжлэгч *** шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “*** миний нэхэмжлэлтэй *** аймгийн *** сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагч *** аймгийн *** сумын Засаг даргаас миний гаргасан *** аймгийн *** сумын Засаг даргын 2018 оны А/345 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гуравдагч этгээд *** маргаан бүхий газрын ойролцоо буюу Мандал 1 дүгээр баг Хайрхан 622 тоотод 2000м2 газар буюу X=628250.6512  Y=5356368.1443, X=628289.3654  Y=5356358.0838, X=628276.7898  Y=5356309.6911, Х=628238.0757  Y=5356319.7516  координат бүхий газрыг шилжүүлэн олгох боломжтой гэж тайлбар өгсөн байна. Иймд *** миний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн тайлбар, хүсэлтийг хүлээн авч хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,

1. *** аймгийн *** сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/574 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжаар ***-нд тус сумын Мандал 1 дүгээр баг Залуус 2-13 тоотод байрлах 2000м2 газрыг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/1094 дүгээр захирамжаар ...***-д тус сумын Мандал 1 дүгээр баг Суварга 9-б тоотод байрлах 2000м2  газрыг тус тус өмчлүүлжээ. (Хавтаст хэргийн 22, 24 дэх тал)

2. Гэтэл тус сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/345 дугаартай захирамжийн 1 дэх заалтаар “Тус сумын Мандал 1 дүгээр баг Суварга 9-б тоот хаягт сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/1094 тоот захирамжаар ***-д өмчлүүлсэн 2000м2 газрын хаягийг Мандал 1 дүгээр баг Залуус 2-13-1 тоот болгон өөрчилснөөр нэхэмжлэгч ***-гийн өмчлөлийн газартай давхардуулан газар олгосон байна. (Хавтаст хэргийн 25 дахь тал)

3. Улмаар иргэн ***-нд *** аймгийн *** сумын Мандал 1 дүгээр багт нэгж талбарын дугаар бүхий 18628358374769 дугаар бүхий 2000м2 бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 000517731 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зураг гаргажээ. (Хавтаст хэргийн 43-44 дэх тал)

4. Нэхэмжлэгч *** нь *** аймгийн *** сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/345 дугаар “Газар өмчлөх эрхийн хаяг өөрчлөх тухай”   захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. (Хавтаст хэргийн 1-2, 11, 12-13 дахь тал)

5. Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын улмаас иргэн *** эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5. дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1. дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар шүүх маргаан бүхий газар болон хариуцагч захиргааны байгууллагаас холбогдох бичгийн нотлох баримтыг цуглуулж, үзлэг хийсэн болно.

7. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж хуульчилсан.

8. Ийнхүү *** аймгийн *** сумын Засаг даргын 2015, 2016, 2018 онуудын захирамжид хийсэн үзлэгээр нэхэмжлэгч *** гуравдагч этгээд *** нарт тус сумын Мандал 1 дүгээр багт өмчлөлөөр олгосон газрууд нь хоорондоо давхцалтай болох нь  *** аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас томилогдсон газрын Геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн ***-ийн гаргасан кадастрын зураглал, хэргийн оролцогч нарын мэдүүлэгээр нотлогдож байна. (Хавтаст хэргийн 71-72, 83, 86, 94 дэх тал) 

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *** аймгийн *** сумын Засаг даргаас Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2. дахь хэсгийн 20.2.2.-д ”газар эзэмшигч, ашиглагчаас газар, .... , зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах;”,  21 дүгээр зүйлийн 21.4. дэх хэсгийн 21.4.3.-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, ..-д эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.” гэж зааснаар нэхэмжлэгч *** гуравдагч этгээд Ц.*** нарын газрын давхцалтай зөрчлийг арилгах шийдвэр гаргахаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тайлбараа бичгээр гаргажээ. (Хавтаст хэргийн 118 дахь тал)

10. Түүнчлэн хариуцагч *** аймгийн *** сумын Засаг дарга нь нэхэмжлэгч ***-ийн  маргаан бүхий газрыг нь хэвээр үлдээж, гуравдагч этгээд *** эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр маргаан бүхий газрын ойролцоо буюу Мандал 1 дүгээр баг Хайрхан 622 тоотод 2000м2 газар буюу X=628250.6512  Y=5356368.1443, X=628289.3654  Y=5356358.0838, X=628276.7898  Y=5356309.6911, Х=628238.0757  Y=5356319.7516 координат бүхий газрыг олгохоор тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

11. Дээрх нөхцөлөөс дүгнэхэд, хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй.

12. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч *** аймгийн *** сумын Засаг дарга нь нэхэмжлэгч ***-ийн шүүхэд гаргасан “*** аймгийн *** сумын Засаг даргын 2018 оны А/345 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13. Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсгийн 4.1.1.-д “гэр бүлийн хэрэгцээний;”, 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэгт “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.” 21.2. дахь хэсэгт “Захирамжид өмчлүүлэх газрын байршил, зааг, зориулалт, өмчлөгч /өмчлөгчид/-ийн овог, эцэг /эх/-ийнх нь болон өөрийнх нь нэр, иргэний бүртгэлийн дугаар, 16 нас хүрээгүй гэр бүлийн гишүүний хувьд төрсний гэрчилгээний дугаар, газрын үнэ, .... газрын заагийг тусгана.” гэж тус тус заажээ.

 

14. Уг хуульд заасны дагуу хариуцагч *** аймгийн *** сумын Засаг дарга нь гуравдагч этгээд ***-д тус сумын Мандал 1 дүгээр баг Хайрхан 622 тоотод 2000м2 газар өмчлүүлэх тухай захирамж гаргах нь үүрэгтэй байна.

15. Түүнчлэн гуравдагч этгээд *** нь газар өмчлүүлэх тухай гэрээ байгуулж, тухайн газрын кадастрын зураглал хийлгэх, мөн холбогдох газрын төлбөр, хураамжийг төлөх үүрэгтэй.

16. Хариуцагч тал /тухайн сумын газрын даамал/ 30 хоногийн дотор газрын гэрээг шинэчлэн байгуулж, газрын мэдээллийн санд шүүхийн шийдвэрт заасан өөрчлөлтийг хийх нь зүйтэй.

17. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь нэхэмжлэгч ***-ийн өмчилж байсан газрын байршил, хэмжээ, зориулалтын дагуу ашиглаж байсан эсэх асуудлаар маргаагүй болно.

18. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйл 67.1. дэх хэсэг, 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ***-ийн *** аймгийн *** сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “*** аймгийн *** сумын Засаг даргын 2018 оны А/345 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд ***-д *** аймгийн *** сумын Мандал 1 дүгээр баг Хайрхан 622 тоотод 2000м2 газар буюу X=628250.6512  Y=5356368.1443, X=628289.3654  Y=5356358.0838, X=628276.7898  Y=5356309.6911, Х=628238.0757  Y=5356319.7516 координат бүхий газарт газар өмчлүүлэхийг хариуцагч *** аймгийн *** сумын Засаг дарга хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

  

ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА