Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 578

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч О.Пүрэвсүрэн (томилолтоор), шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тус дүүргийн прокурорын газраас Ц овогт С.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808022740637 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овогт С.Ж, Монгол Улсын иргэн, ....................... регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч С.Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 26-ны оройн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22а байрны 31 тоот гэртээ өөрийн эхнэр Б.А-г “...өөрт нь хараал хийлгэлээ...” гэх зэргээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “С.Ж нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны оройн 22 цагийн үед согтуурулах ундаа хэрэглэсэн байхдаа Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын 22а байрны 31 тоот гэртээ “...өөрт нь хараал хийлгэлээ...” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.А-тай маргалдаж, зодсоны улмаас Б.А-гийн бие махбодод “духанд зөөлөн эдийн няцрал, зүүн хөх, нуруу, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч С.Ж нь шүүх хуралдаанд: “...2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр би хоёр найзтайгаа гадуур архи ууж байгаад 22 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай эхнэр А, хүүхдүүд, манай ээж О нар байсан. Би урьд өдөр нь эхнэрээ бөөгөөр яваад байгаа талаар хүнээс сонссон бөгөөд бид хоёр хоорондоо таарамжгүй харилцаатай байсан юм. Тиймээс би гэртээ ороод эхнэртээ хандаж “чи надад бөөгөөр хараал хийлгэсэн байна” гэхэд А “би тийм зүйл хийлгээгүй” гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би эхнэрийнхээ гар хөлнөөс барьж, харилцан ноцолдсон тэр үед манай ээж бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би А-гийн “Самсунг” загварын гар утсыг аваад шидсэн бөгөөд түүний толгойг оносон байх. Харин бид хоёр хоорондоо ноцолдож зууралдах үед бусад гэмтлүүд нь учирсан байх. Тэгээд А-гийн ах ирээд А болон манай гурван хүүхдийг аваад явсан. Миний хувьд хэргийн үйл баримт, А-д учирсан хохирол болон хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаан байхгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэв.

2. Хохирогч Б.А мөрдөн байцаалтад өгсөн: “...22 цагийн үед нөхөр согтуу ирээд “чи надад хараал хийлгэсэн байна” гээд орилж, харааж байснаа миний толгой руу гар утсаар цохих үед би хүүхдээ тэвэрч байсан чигтээ газар унасан. Хадам ээж нөгөө өрөөнөөс гарч ирээд нөхрийг надаас холдуулсан чинь ... тэр гар утсыг авч над руу шидээд, миний биеийг оноод газар унасан. Намайг заамдаж аваад толгой, тархи руу цохиод байсан. Нөхөр огт зүгээр болохгүй байхаар нь би ахыгаа утсаар дуудсан бөгөөд ах ирээд намайг хүүхдүүдтэй минь хамт аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 4-5 дугаар хуудас),

- “...2017 оны 11, 12 дугаар сар, 2018 оны 02 дугаар сард уг асуудлаас болж бид хоёр байнгын маргаантай байсан. Түүнээс болж хэрэлдэж муудалцаж, бие биенээ түлхэх асуудал болж байсан бөгөөд түүнийг нь би зодсон гэж мэдүүлсэн. Тухайн үед бид хоёр л байсан өөр гэрчлэх хүн байхгүй, би энэ тухайгаа ч гэрийнхэндээ тэр бүр хэлээгүй, эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Манай нөхөр Ж хэрэлдэж байхдаа өөрийнхөө “LG” загварын гар утсаа над руу шидэхэд миний духны зүүн хэсэгт оносон, тэгээд намайг зуурч авах гээд цамцны энгэрээс зулгаахад миний зүүн хөхөнд цус хуралт үүссэн байх, тэгэхэд нь би гэрт байсан тоос сорогчийн хоолойг аваад цохих гэтэл Ж-г онолгүй хадам ээжийг онох дөхсөн. Гэтэл Ж уг тоос сорогчийн хоолойг булааж аваад миний хөл рүү цохисон. Одоо надад гомдол санал байхгүй, би зодуулснаасаа болж эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй, гэрээрээ эм тан уусан, надад эмчилгээний зардал гэх зүйл гараагүй болохоор нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас),

3. Гэрч Б.О мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ... миний хүү Ж гэртээ согтуу орж ирээд “чи намайг хараалгах гэсэн, бөөгийнхөө утас руу залга” гэж хэлээд эхнэртэйгээ маргалдсан. Тэгж маргалдаад сүүлдээ  хүү Ж эхнэр А-г хаана нь цохисон гэдгийг мэдэхгүй, ямартай ч цохиод авсан. Тэгсэн А тоос сорогчийн иш гэх зүйлээр бас цохиод авах шиг болсон. Тэгсэн хүү Ж гар утсаа Алимаа руу шидээд толгойг нь цохисон. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Урьд өмнө нь Ж, бэр А хоёр маргалдаж байсан байх, гэхдээ миний хажууд зодолдох, зодох асуудал байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17 дугаар хуудас),

4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 5514 дугаартай “...Б.А-ийн духанд зөөлөн эдийн няцрал, зүүн хөх, нуруу, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 21 дүгээр хуудас),

5. Шүүгдэгч С.Ж-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 34 дүгээр хуудас),

6. Шүүгдэгч, хохирогч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатайг нотлох гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 38 дугаар хуудас),

7. Гэмт хэрэг, зөрчлийн дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийн үйлдсэн аюулын зэргийн үнэлгээ (хх-ийн 46-48 дугаар хуудас),

8. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 50-57 дугаар хуудас),

9. Шүүгдэгч С.Ж нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 59 дүгээр хуудас),

10. Шүүгдэгч С.Ж мөрдөн байцаалтад өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр би хоёр найзтайгаа гадуур архи ууж байгаад 22 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай эхнэр А, хүүхдүүд, манай ээж О нар байсан. Би гэртээ ороод эхнэртээ хандаж “чи бөөгөөр хараал хийлгэсэн байна” гэхэд А “би тийм зүйл хийлгээгүй” гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Би өөрийнхөө барьж байсан “Huawei” загварын гар утсаа эхнэр лүүгээ шидэхэд хана руу цохигдож унасан. Тэгээд би эхнэрийнхээ гар хөлнөөс барьж ноцолдсон тэр үед манай ээж бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би А-гийн “Самсунг” загварын гар утсыг нь аваад шидтэл А-гийн толгойг оносон. Харин бид хоёр хоорондоо ноцолдож зууралдах үед бусад гэмтлүүд учирсан байх...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан өргөн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол, хөнгөн гэмтэл хоёрын хооронд агуулгын зөрүү байхгүй.

Хохирогч Б.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Ж-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч С.Ж-гийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.А-гийн биед гэмтэл учруулж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно. 

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч С.Ж нь хэргийн үйл баримт, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүх шүүгдэгч С.Ж-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч С.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

Шүүх шүүгдэгч С.Ж-г гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч С.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүх улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг харгалзан шүүгдэгч С.Ж-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд ялтныг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ц овогт С.Ж-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Ж-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА