Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 309/ШШ2025/01042

 

 

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* *******т холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,607,865.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “*******” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХК нь харилцагч ******* *******ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2010118603 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7,068,018 төгрөгийг ******* тоот дансанд шилжүүлж, жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.         “*******” ХК-ийн зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 108 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010118603 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 6,125,615.6 төгрөг, хγγ 475,508.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,741.92 төгрөг, нийт 6,607,865.60 төгрөгийг Ж.*******аас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

           Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ж.******* миний бие “*******” ХК-иас 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээл авсан бөгөөд 2025 оны 04 дүгээр сараас хойш зээлийн төлөлт хийгээгүй. Тус банкнаас гаргасан нэхэмжлэлийг гардаж авч, танилцсан. Нэхэмжлэлийн шаардлага буюу 6,607,865.60 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Ж.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,607,865.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь зээлийн гэрээний үүрэгт 6,607,865.60 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхийг   хүлээн   зөвшөөрсөн  нь  Иргэний  хуульд  нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар  хамгаалагдсан  ашиг  сонирхлыг  зөрчсөн  гэх үндэслэл байхгүй байна.

 

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Хариуцагч Ж.******* нь зээлийн гэрээний үүрэг 6,607,865.60 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,676 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 60,338 төгрөг, хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 60,338 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д  олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

           ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА