Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 580

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч А.Мөнхзул, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас Б овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808000570547 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.Б, Монгол Улсын иргэн, .................................. регистрийн дугаартай, урьд:

- Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 488 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

 Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Толгойтын 13103 товчооны гудамжны 46-01 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Люкс-Ойл” авто сервист өөрийн эзэмшлийн 39-54 УБН улсын дугаартай “Тоёота Истима” загварын тээврийн хэрэгсэлд тос тосолгоо, засвар үйлчилгээ хийлгэж байгаад бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар дансаар шилжүүлье гэж төөрөгдөлд оруулж байгууллагад 237,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Толгойтын 13103 товчооны гудамжны 46-01 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Люкс-Ойл” авто сервист тооцоо хийх мөнгө байхгүй гэдгээ мэдсээр байж өөрийн эзэмшлийн 39-54 УБН улсын дугаартай “Тоёота Истима” загварын тээврийн хэрэгсэлд 237,000 төгрөгийн тос солиулах үйлчилгээ хийлгэчихээд “надад удахгүй мөнгө шилжиж ирнэ, дансаар шилжүүлье” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тухайн байгууллагын нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авч явсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд: “...Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хөдөө явах болсон тул Люкс-Ойл” авто сервист машиныхаа тос тосолгоог солиулах үйлчилгээ авсан. Тухайн үед миний картын дансад мөнгө байгаагүй бөгөөд би өөрийнхөө картыг бус найзынхаа картыг уншуулсан. Гэтэл найзын картанд мөнгө байгаагүй. Би гадагш гарч найз руугаа утсаар ярьж хэлэхэд тэрээр “одоо шилжүүллээ” гэсэн. Тэгээд буцаад ороход НӨАТ-ын баримт хэвлэчихсэн байсан тул карт уншуулсан гэж бодоод явсан. Надад тухайн үед 170,000 орчим төгрөг бэлэн байсан. Бэлэн мөнгө маань хүрэлцэхгүй байсан учир найз руугаа утсаар ярьсан юм. ...Би мөрдөн байцаалтын үед энэ талаар мэдүүлээгүй, надаас асуугаагүй учир хэлэх шаардлагагүй гэж бодсон. ...Нотлох баримт шинжлэн судалсныг сонслоо, би энэ хэргийн үйл баримт, хохирогчид учирсан хохирол, гэмт хэргийн зүйлчлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

2. Хохирогч С.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай албан байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хороо, товчооны замд байрлах “Люкс-Ойл” авто тос тосолгооны төвд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 39-54 УБП улсын дугаартай “Тоёото Истима” загварын авто машинтай иргэн 237,000 төгрөгийн үйлчилгээ хийлгэчихээд төлбөрөө төлөлгүй явсан байсан. Тэр хүн худалдагч дээр очоод “дансан дахь мөнгө хүрэлцэхгүй байна, дансанд удахгүй мөнгө орж ирнэ, тэгэхээр нь уншуулъя” гээд хүлээж байхад үед гараад явсан байсан. Манай худалдагч тэр хүний гар утас болох 89050510 дугаарын утас руу залгаж төлбөрөө төлөх талаар хэлэхэд “төлсөн ш дээ” гээд эргэж ирээгүй гэсэн. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр интернет банкаар “Т эгч шилжүүлэг” гэсэн гүйлгээний утгатайгаар 200,000 төгрөг хийсэн байна лээ. Үлдсэн 37,000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр миний Хаан банкны 5020575912 дугаарын данс руу хийсэн. Одоо ямар нэгэн төлбөр байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30-31 дүгээр хуудас),

3. Гэрч Б.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Люкс-Ойл” тос тосолгооны төвд худалдагчаар ажилладаг. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутын үед 39-54 УБН улсын дугаартай “Тоёота Истима” загварын машинтай жолооч ирээд, автомашиндаа тос солиулах үйлчилгээ хийлгэсэн. Хөдөлгүүрийн моторын тос сольсон. АТП шингэн солиулсан. Хойд редукторын тос солиулсан. Тэгээд засвар үйлчилгээ дууссаны дараа тооцоо хийх гээд Хаан банкны картаа уншуултал картны мөнгөн дүн хүрэхгүй байсан. Тэгээд өөрийнхөө 89050510 гэсэн дугаарыг хэлж өгөөд “би мобайл банкаар мөнгө шилжүүлнэ, удахгүй” гэж хэлээд яваад өгсөн. Түүнээс хойш тэр хүн “удахгүй өгнө, одоо явуулах” гэж байна гэх мэтээр худал хэлсээр өдий хүрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32-33 дугаар хуудас),

4. Гэрч Ч.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...Би “Люкс Ойл” ХКК-д 2013 оноос хойш ачигчаас механикч хүртэл ажиллаж байна. Би тухайн өдөр буюу 10 дугаар сарын 13-ны өдөр машинд тос тосолгоо солих ажил хийж байсан. Миний бичсэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ажлын хуудсанд 39-54 УБП улсын дугаартай “Тоёота Истима” загварын автомашинд хөдөлгүүр, хурдны хайрцагийн тос солиулах үйлчилгээ хийсэн талаар бичсэн байна. Би ажлын хуудас болон зарлагын баримт бичиж өгдөг. Уг үйлчилгээг авсан жолооч мөнгөө өгсөн үгүйг мэдээгүй. Сүүлд сонсоход “мөнгөө өгөлгүй явсан” гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-36 дугаар хуудас), 

5. “Люкс-Ойл” авто сервисийн автомашины тос тосолгоо солих үйлчилгээ үзүүлсэн ажлын хуудас (хх-ийн 16 дугаар хуудас),

6. Зарлагын баримт (хх-ийн 37 дугаар хуудас),

7. Шүүгдэгч Б.Б Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн “...2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 100,000 төгрөгийн зарлага гарснаар 6,881 төгрөгийн үлдэгдэлтэй болж, 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл орлого ороогүй байна...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 208 дугаар хуудас),

            8. Шүүгдэгч Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 45 дугаар хуудас),

9. Шүүгдэгч Б.Б нь урьд нэг удаа ял шийтгүүлсэн талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 48 дугаар хуудас),

10. Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед байх Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзварын ард байрлах “Люукс Ойл” автомашины тос тосолгоо сольдог газарт машиныхаа мотор, кропныхоо тосыг солиулсан нийт 237,000 төгрөг болсон. ...орой 18 цаг өнгөрч байхад би одоо утсыг нь санахгүй байна эмэгтэй хүн миний 89050510 дугаар руу залгаад таны үйлчилгээ хийлгэсэн мөнгө чинь ороогүй байна гэсэн. ...за би лавлаад эргээд залгая гэж хэлээд салгасан маргааш нь би өөрөө залгаад мөнгө ороогүй нь үнэн байна дансаа явуул гэсэн тэгээд тэр эмэгтэй дансны дугаараа явуулсан. Би тэр үед нь ажлаар хөдөө явж таараад мөнгөө шилжүүлж амжаагүй юм. Тэрнээс хойш миний мөнгөний бололцоо олдохгүй явж байгаад нөгөө эмэгтэй ч утсаар залгаад тэгж байгаад би 2018 оны 02 дугаар 14-ний өдөр уг мөнгийг Б гэсэн хүний 5020575912 дугаартай Хаан банкны данс руу, мөн 5001755924 гэсэн данс руу шилжүүлсэн ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 201-203 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Шүүгдэгч Б.Б бусдад 237,000 төгрөгийн хохирол учруулсан нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний хор уршгийн шинжийг хангаж байх бөгөөд тэрээр хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Толгойтын 13103 товчооны гудамжны 46-01 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Люкс-Ойл” авто сервист өөрийн эзэмшлийн 39-54 УБН улсын дугаартай “Тоёота Истима” загварын тээврийн хэрэгсэлд тос тосолгоо, засвар үйлчилгээ хийлгэж байгаад бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар дансаар шилжүүлье гэж төөрөгдөлд оруулж байгууллагад 237,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа, яллах дүгнэлт үйлдэхдээ зүйлчлэлийн хувьд “залилах” гэмт хэргийг хуульд заасан хэд хэдэн шинж болох хэд хэдэн аргаар үйлдсэн гэж ял сонсгосон байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь, шүүгдэгч Б.Б “өөрт нь удахгүй мөнгө шилжиж ирнэ, тиймээс дансаар шилжүүлнэ” гэсэн зохиомол байдлыг бий болгох замаар хохирогч байгууллагын худалдагчийг төөрөгдөлд оруулж, үйлчилгээний хөлсөө төлөлгүй явсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. Харин шүүгдэгч Б.Б ямар бодит байдлыг нуун дарагдуулсан болох нь ойлгомжгүй, хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар хэргийн ийм нөхцөл байдал тогтоогдоогүй байна

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл ... ашиглаж, эсхүл ... замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл ... итгэлийг урвуулан ашиглаж...” гэж залилах гэмт хэрэг үйлдэгдэх аргыг хуульчлахдаа зэрэгцүүлэн хэрэглэх боломжгүй хэсгийг “эсхүл” холбоосоор зааглан тоочсон байх тул хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлийг бусад аргаар шилжүүлэн авсан үйлдлээс ялгаатай авч үзнэ. Хэрэв хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдэл бүхий нэгдмэл нэг залилах гэмт хэрэг үйлдэгдсэн бол үйлдэл тус бүрдээ өөр өөр аргаар үйлдэгдэж болох бөгөөд ийм залилах гэмт хэргийн хувьд “эсхүл” холбоосоор зааглагдсан үйлдлийн аргууд зэрэгцэн орших боломжтой юм.

Иймд прокуророос шүүгдэгч Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808000570547 дугаартай хэргээс “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хэргийн үйл баримт, учирсан хохирол, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал үйлчилгээний хөлс, төлбөрөө төлөлгүй орхин явж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг шунахайн сэдэлтээр санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-г зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт: Шүүх шүүгдэгч Б.Б-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй гэв.

 Шүүх шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд эдийн засгийн хариуцлага хүлээлгэх нь нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,0000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шүүгдэгчийн хөрөнгө, тэтгэврийн хэмжээ, орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус тогтоолд дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808000570547 дугаартай хэргээс “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн” хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2.Б овогт Б.Б-г зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д нэг мянга таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА