| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0567/Э |
| Дугаар | 579 |
| Огноо | 2018-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 579
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Ц.Гансүлд, шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Б овогт З.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1808016910675 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт З.Б, Монгол Улсын иргэн, ...................................регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч З.Б. нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна талд иргэн Д.А-ийг “...гар утсаараа яриулсангүй...” гэх шалтгаанаар маргалдаж зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “З.Б. нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд “...гар утсаараа яриулсангүй...” гэх шалтгаанаар иргэн Д.А-ийг зодож, бие махбодод нь “дагзны хуйх, зулайн хуйх, зүүн хацар, дух, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч З.Б шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, хэргийн үйл баримт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
2. Хохирогч Д.А мөрдөн байцаалтад өгсөн: “…Би 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр найз Г-ын гэрээс гараад үүдэнд нь эхнэр Т рүү утсаар яриад “гэртээ харьлаа” гээд шатаар бууж байх үед нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн зогсож байсан. Би хажуугаар нь гарахад “та утсаа өгөөч, утсаар чинь яриад өгье” гэж хэлэхээр нь “би танихгүй хүнд утсаа өгөхгүй” гэж хэлэхэд нэг залуу нь гараа миний өмсөж явсан савхины халаасанд хийхээр нь “та нар ингэж болохгүй ш дээ” гэхэд тэд буугаад явсан. Би араас нь цахилгаан шатаар буугаад орцны хаалгаар гартал нөгөө гурван залуу үүдэнд байж байсан. Би тэдэнд хандан “та нар согтуу хүнийг ингэж болохгүй шүү” гэж хэлээд байж байтал найз Г ирсэн. Тэгэхээр нь би “намайг гэр лүү дөхүүлээд өг” гээд хамт явахад 24 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд нөгөө залуус ирээд над руу дайрахаар нь би зоорийн давхар руу ордог шатны хашлага дээр суусан. Орцонд маргасан жижиг биетэй Б гэх залуу миний толгой руу 4-5 удаа цохиод, мөн цээж рүү өшиглөсөн. Хажууд байсан залуу нь надад гар хүрээгүй, хэл амаар доромжлоод байсан. Толгойн дагз хэсэг, дух, хацар хавдсан, зүүн талын хавирга хөндүүртэй, амьсгалахад зовиуртай байсан…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-16, 17-19 дүгээр хуудас),
3. Гэрч Ш.Н мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 24 дүгээр байрны 4 дүгээр орцны 5 давхарт гараад байж байхад нэг өндөр ах гарч ирээд “та нар юу хийж байгаа юм, гар бункерын хүүхдүүд” гэх мэтээр хэлээд Бямбажаргалтай маргалдсан. Орцны гадаа нөгөө ах гарч ирээд Б-тай маргалдаад бооход нь Б нүүр лүү нь 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24 дүгээр хуудас),
4. Гэрч Н.А мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 5 давхарт гараад байж байхад нэг ах гарч ирээд “та нар юун хүүхдүүд вэ, муу бункерийн хүүхдүүд, янханууд” гэж хэлсэн. Б тэр ахад “ууж идсэнээ шингээ” гэж хэлээд тэд хоорондоо маргалдсан. Бид гурав орцноос гараад нөгөө ах үгээр идээд байсан болохоор Б тэр ахтай хэрэлдсэн чинь цамцны захаар нь боосон. Харин Б тэр ахын нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд цаанаас нэг ах ирээд чи болиоч жоохон хүүхдүүдтэй маргалдаад гэж хэлээд салгасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас),
5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 4341 дугаартай “...Д.А биед дагзны хуйх, зулайн хуйх, зүүн хацар, дух, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 20 дугаар хуудас),
4. Шүүгдэгч З.Б-ын иргэний бүртгэлийн нэгдсэн лавлагаа (хх-ийн 52 дугаар хуудас),
9. Шүүгдэгч З.Б нь урьд ял шийтгүүлээгүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 48 дүгээр хуудас),
10. Шүүгдэгч З.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 24 дүгээр байрны 4 дүгээр орцонд А, М бид гурав орж дулаацаад 5 давхарт гараад байж байхад 5 давхрын айлаас өндөр ах гарч ирээд “юун хүүхдүүд бэ, муусайн бункерийн хүүхдүүд” гэж хэлэхээр нь би “уусан архиа шингээ” гэж хэлсэн. Тэр ах гартаа барьсан архины шилээр цохих гэж далайхаар нь би урдаас нь очоод хоёр гарыг нь бариад авсан чинь миний зүүн шанаа хэсэгт 1 удаа мөргөсөн. Тэр үед хажууд байсан А бид хоёрыг салгаад бид гурав орцноос гарсан. Тэгээд орцноос гарч ирэхэд нөгөө ах араас гарч ирээд олон юм яриад хараагаад байсан. Тэр ахын найз саравчинд сууж байснаа өөдөөс ирэхээр нь “ахаа та найзыгаа аваад яв, намайг цохисон” гэж хэлсэн. ...би сагсан бөмбөгийн талбайгаас М, С нартай таараад, тэднийг дагуулаад 1 дүгээр орцны урд очиход нөгөө 2 ах явж байхаар нь би очоод дайрахад зоорийн давхар руу ордог шатны хашлага дээр суухаар нь толгой руу нь 4-5 удаа цохисон. Манай найз намайг хойш нь татахад би дайраад цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэр ах гар утас гаргаж ирээд цагдаа дуудлаа гэхээр нь би гар утас барьсан гар руу нь өшиглөөд унагаасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч З.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 121 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журамд нийцсэн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:
Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан өргөн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол, хөнгөн гэмтэл хоёрын хооронд агуулгын зөрүү байхгүй. Мөн хохирогчоос эмчилгээний болон сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.
Хохирогч Д.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад прокурорын хяналтын үед илэрхийлсэн байх тул шүүгдэгч З.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч З.Б-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.А-ийн биед гэмтэл учруулж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч З.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч З.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Б-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч түүнтэй эвлэрсэн байх бөгөөд прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана.” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч З.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүх улсын яллагчаас гаргасан саналыг харгалзан шүүгдэгч З.Б-д таван зуун нэгж буюу таван зуу мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт З.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.Б-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА