Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 29

 

Ж.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, цагаатгагдсан этгээд Ж.Б- болон түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогч Ц.Ж-, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 737 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1148 дугаар магадлалтай, Ж.Б-т холбогдох 1803008970018 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Ж-н Б.

Ж.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын урд уулзвар замд тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9-д заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Ж.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Ж.Б-ийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, хохирогч Ц.Ж-гийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчин уулзвар нэвтрэх үед осол гарсан буюу хэн хэнийх нь буруутай үйлдлийн улмаас уг осол гарсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүй нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.16-д “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг”, мөн зүйлийн 1.2.40-д “уулзвар” гэж замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир (зорчих хэсгийн захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг тал руу шулуун холбож хязгаарлахад үүсэх талбай)-ийг” хэлнэ гэж тов тодорхой тодорхойлж өгчээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримт болох хэргийн газрын үзлэгээр хоёр авто машин анх мөргөлдсөн “А” цэг нь “эсрэг урсгалд” бус харин “уулзвар” буюу замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир дээр гарсан болох нь тогтоогдоно.

Гэтэл шүүх уг мөргөлдсөн цэгийг эсрэг урсгалд болсон мэтээр дүгнэсэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг бүрэн ойлгож дүгнээгүй байна гэж үзэхээр байна.

Мөн хэрэгт авагдсан 12050 болон 146 дугаартай хүний биед хийсэн шинжилгээгээр хохирогч Ц.Ж-гийн биед учирсан 2 талын далны тогооны лабрумын урд дээд хэсгийн урагдал гэмтэл нь уг зам тээврийн ослоос шууд шалтгаалсан шинэ гэмтэл мөн болохыг эргэлзээгүй тогтоож, нотолсон байна.

Дээрх шүүхийн шийдвэрүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”, 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэт цагаатгах талыг баримталсан шийдвэр болжээ.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Яллах талын нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн талаар эргэлзээтэй дүгнэлт хийсэн буюу хэт цагаатгах талын нотлох баримтыг баримталсан байна.

Шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт ач холбогдолгүй Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн эмч А.Пүрэвдоржийн гаргасан тодорхойлолтод үндэслэн хэргийг цагаатгасан байхад давж заалдах шатны шүүх шүүгдэгч, хохирогч нар хоёулаа буруутай, цагаатгах тогтоол үндэслэлтэй гэж хоёр өөр дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч С.Оюунцэцэг хэлсэн саналдаа “Прокурорын эсэргүүцэлтэй санал нийлэхгүй байна. Хүндэвтэр гэмтэл учирсан эсэх, хэн нь буруутай эсэхэд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан бол хохирогчийн зүгээс гүйцэд түрүүлэх үйлдлийг хийхдээ хориглох тэмдгийг зөрчсөн үйлдэл хийсэн.

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а, б, 5.11.а, б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэж заасныг зөрчсөн буюу 2 дугаар хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан баримтаар эсрэг урсгал руу орж явсан гэдэг нь хангалттай тогтоогдсон.

Миний үйлчлүүлэгч 09 цаг 31 минут 30 секундэд замын гол хэсэг рүү ороход хохирогч 09 цаг 31 минут 33 секундэд ирж мөргөсөн бөгөөд хамгаалалтын машины урдуур маш хурдтай орж, туслах замаас орж ирж байсан машиныг мөргөж, дунд гол руу унагаасан талаар жолооч Г.Отгонбаяр мэдүүлсэн. Мөн зам дээр 60 см өргөнтэй хурдан сааруулагч байсан боловч хурдаа сааруулаагүй, өөрөө эгнээгээ буруу эзэлж явсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Улсын яллагч эсэргүүцэлдээ хамгийн гол зүйл буюу анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт жолооч Ж.Жамъянсүрэн урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэд түрүүлэх үйлдлийг хийсний дараа хоромхон хугацаанд буюу 3 секундийн дараа осол болсон нь шүүгдэгч тавьж өгөх боломжтой байсан гэж дүгнэх боломжгүй байна. Түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь үндэслэлтэй гэж дүгнэснийг бичээгүй.

Хүндэвтэр гэмтэл учирсан эсэх нь баримтаар эргэлзээгүй тогтоогдож чадаагүй. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гарсан 1205 дугаартай дүгнэлтээр гэмтэл тогтоогдсонгүй гэсэн баримт байгаа. Гэтэл нэг өдрийн дараа хүндэвтэр гэмтэл учирсан гэх дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтийн үндэслэлд тусгасан амбулаториор эмчлүүлэгчдийн карт гэх баримтад хоёр өөр бичиглэл авагдсан байх бөгөөд өвчин намдаах лаа гэснээс өөр тодорхой зүйл байдаггүй. Мөн шүүгдэгчийн зураг мөн эсэх нь эргэлзээтэй буюу хохирогчийн төрсөн дүү н.Чүлтэмсүрэн яг адил гэмтэлтэй, хохирогчоор тогтоогдож байсан баримт байдаг.

Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн эмч А.Пүрэвдоржийн мэдүүлэгт үндэслэж дүгнэлт гаргасан боловч хохирогч тус эмнэлэгт огт үзүүлээгүй байсан. А.Пүрэвдорж эхлээд хохирогчийг танихгүй гэж байснаа, сүүлд нь нэг нутгийнх багаасаа таньдаг гэж мэдүүлсэн. Мөн шинжээчид тавьсан асуултын 5, 6 дахь хуучин гэмтэл, шинэ гэмтэл эсэх асуултад хариулт өгөөгүй.

Ийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, магалдалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ж.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ж.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Ж.Б-ийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй талаар зөв дүгнэн холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Ж.Б-ийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүрэлдүүлэгч үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Ж.Б-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлсний үндсэн дээр зам тээврийн осол гарсан үндсэн шалтгаан нь Ж.Б-ийн үйлдлээс хамаараагүй болохыг зөв тодорхойлон түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэр нь хууль ёсны байх шаардлагад нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд хохирогч гэх Ц.Ж- нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.1 дэх заалтыг зөрчиж 17-83 УНЯ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо гүйцэж түрүүлэх хориотой 2.20 тэмдгийг зөрчиж өмнөө яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн, мөн хэрэг учрал гарах үед мөрдөж байсан Замын хөдөлгөөний дүрмийн 7.11-д “...жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ”, 8.1-д “...эсрэг хөдөлгөөнтэй бол тухай зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”, 10.6 б-д заасан “зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно”, мөн 8.2-д “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас гүйцэж түрүүлэх үйлдэл огт зөвшөөрөгдөөгүй нөхцөлд урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлсэн, мөн үргэлжлүүлэн эсрэг урсгалаар зорчиж явсаар замын уулзварыг хурдтай нэвтэрч буй түүний буруутай үйлдэл нь Ж.Б-ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн болох нь хангалттай тогтоогдсон байна.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн “...шүүхийн шийдвэрүүд нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэт цагаатгах талыг баримталсан шийдвэр болсон тул цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” агуулгатай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 737 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1148 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН