Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2018/0188

 

“МЦХ” ХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, З.О, хариуцагч П.Д, Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тнарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0967 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “МЦХ” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч П.Д, Х.Н нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0967 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9, 16 дугаар зүйлийн 16.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 даххэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210020504 дугаар актаар ногдуулсан төлбөрөөс 216,380,034.70 төгрөгийн торгууль, 29,045,601.0 төгрөгийн алданги, 1,305,459,.9 төгрөгийн хүү нийт 246,731,095.6 төгрөгийг өршөөн хэлтрүүлж, мөн актаар тогтоосон 991,382,866.70 төгрөгийн төлбөрөөс хариуцагч 6,529,291.8 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж, нийт төлбөрийн хэмжээг багасгаж 533,258,065.3 төгрөгийг нэхэмжлэгч “МЦХ” ХК-иар төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо: Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.Д, Х.Н нар нь “МЦХ” ХК-ийн 2010-2014 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №210020504 тоот актаар 658,990,083.20 төгрөгийн нөхөн татвар, 254,797,898.1 төгрөгийн торгууль, 76,276,000.3 мянган төгрөгийн алданги, 1,318,885.1 төгрөгийн хүү, нийт 991,382,866,70 төгрөгийн төлбөр ногдуулсан. Энэхүү татварын улсын байцаагчийн актаар тавьсан 991,382,866,70 төгрөгийн төлбөрөөс 186,108,592.29 төгрөгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 805,274,274.27 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1128/ШШ2017/0967 тоот шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг: Япон улсын К001, Америкийн нэгдсэн улсын АТ&Т компаниудад төлөх ёстой 2010-2014 оны 490,523,927.56 төгрөгийн төлбөрт суутгал хийгээгүй зөрчлийн хувьд: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9 Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгч Монгол улсад олсон дараах орлогод 20 хувиар; 17.2.9г Монгол улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахаар зохицуулалттай байсан. 2011 оны 11 дүгээр сарын 25-нд дээрх заалтад өөрчлөлт орж Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод 20 хувиар татвар ногдохоор болсон.

1. Энэхүү хуулийн өөрчлөлтийг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэх байтал анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр болоогүй хуулийг баримталж 2010-2011 оны зөрчилд ногдуулсан хариуцлагыг хэвээр үлдээж, нутаг дэвсгэрийн болон эс үүсвэрийн зарчмыг баримталж буй хуулийн өөрчлөлтийг ялгаагүй нэг ойлголт мэтээр үзэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан байна.

2. Олон улсын яриаг дамжуулж буй хиймэл дагуулын байрлах орон зай Монгол улсын нутаг дэвсгэрт хамаарахгүй боловч дээрх хоёр компани нь “МЦХ” ХК-ийн ажил, үйлчилгээгээр олж байгаа учир Монгол улсаас эх үүсвэртэй гэж үзэхээр байна гэж дүгнэсэн мөртлөө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үзүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж ялгаатай хоёр зарчмыг ижил мэтээр ойлгон, албан татварын тухай хуулийн үйлчлэх хүрээнээс гадуур акт тавьж байгаа нь хуулийн үндэслэлгүй болно.

3. Татварын хөнгөлөлт эдлэх талаар маргаагүй албан татвар ногдох орлого тодорхойлохтой холбоотой асуудлаар гомдол гаргасан байтал, маргаан бүхий зүйл дээр биш татварын хөнгөлөлттэй холбоотой асуудлаар дүгнэлт гаргаж, цар хүрээг өргөтгөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хоёр. Оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ) суутган авч төсөвт төлөөгүй зөрчлийн хувьд: Гадаад яриа, сувгийн түрээс, засварын ажлын хөлс, хууль зүйн зөвлөх үйлчилгээ, Техник эдийн засгийн үзүүлэлт боловсруулах зэрэг үйлчилгээг ялгаж салгахгүйгээр үйлчилгээг хүлээн авч байгаа хэрэглэгч нь “МЦХ” ХК байгаа учраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасны дагуу Монгол улсын иргэн хуулийн этгээд нь Монгол улсын нутаг дэвсгэрт байрладаггүй хуулийн этгээдээс үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх үүргээ биелүүлэх нь зүйтэй гэж дүгнэжээ.

1. Гадаад ярианы төлбөрийн үйлчилгээг хүлээн авагч нь “МЦХ” ХК биш түүний хэрэглэгч нар үйлчилгээ хүлээн авагч юм. Энд эцсийн хэрэглэгчийг нь “Монголын цахилгаан холбоо” ХК гэж буруу дүгнэсэн байна. Харин бусад үйлчилгээний хувьд “МЦХ” ХК үйлчилгээг хүлээн авагч байж болох юм.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0789 тоот магадлалд Татварын ерөнхий газрын 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8/1862 дугаар албан бичигтэй холбоотойгоор татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, хариуцлага ногдуулах үндэслэл байгаа эсэх, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуульд “татварын эх үүсвэрийн зарчим үйлчилж байгаагүй, нутаг дэвсгэрийн зарчимтай байсан” гэх тайлбар нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх талаар буцаасан боловч Анхан шатны шүүх эдгээр нөхцлүүдэд дүгнэлт хийгээгүй үйлдлээ нотолгоо тайлбартайгаар дүгнээгүй байна.

3. Татварын албаны үндсэн чиг үүргийг татварын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх” гэж заасан байдаг. Түүнчлэн мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 “татварын хууль тогтоомжийг Монгол улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;” 28.1.2 “татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөг аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчийг хангаж, зөвлөгөө өгч үйлчлэх;” 28.1.4 “татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх; гэж тус тус заасны дагуу үндсэн чиг үүрэг болон бүрэн эрхийнхээ хүрээнд Татварын ерөнхий газрын 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8/1862 дугаар албан бичиг өгсөн. Бид татвар төлөгчийн тайланг татварын хууль тогтоомжийн хүрээнд гаргах, татвар төлөгчийн татварын эрсдэлд оруулахгүй байх үүднээс татварын ерөнхий газрын хуулийн хэлтсээс эргэлзээтэй, ойлгомжгүй асуудлыг тодруулга/зөвлөгөө/ авах замаар хууль тогтоомжийн бодлогын хүрээний эрсдэлийг шийдвэрлэдэг билээ. Гэтэл татварын хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах чиг үүрэг, бүрэн эрх бүхий Татварын ерөнхий газар нь өөрсдөө өгсөн зөвлөгөөгөө үгүйсгэж байгаа нь хууль бус үйлдэл болно.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1128/ШШ2017/0967 тоот шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Татварын улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210020504 дүгээр актаар нэхэмжлэгч “МЦХ” ХК-д Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг үндэслэн 6.120.542.603.1 төгрөгийн зөрчилд 658.990.083.2 төгрөгийн нөхөн татвар, 254.797.898.1 төгрөгийн торгууль, 76.276.000.3 төгрөгийн алданги, 1.318.885.1 төгрөгийн хүү нийт 991.382.866.7 төгрөгийн төлбөр ногдуулсан байх бөгөөд нэхэмжлэгч уг төлбөр ногдуулсан актын 4.1 дэх хэсгээс 64.851.657.59 төгрөгийн, 4.3, 4.4 дэх хэсгээс 121.256.934.5 төгрөгийн төлбөрийг, харин хариуцагч 6.529.291.8 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч, актаар тогтоосон үлдэх төлбөр болох 805.274.274.27 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч шүүхэд маргасан байна.

 Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д “бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Албан татвар төлөгчийндараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна”, мөн зүйлийн 17.2.9 дэх хэсэгт “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод 20 хувиар татвар ногдуулах”-аар, 17.2.9 г/-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого”-д албан татвар ногдуулахаар тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК-иас Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч болох Япон улсын KDDI компани болон АНУ-ын AT&A компаниудад шилжүүлсэн ярианы төлбөрийн орлого нь тус компаниудын Монгол Улсад үзүүлсэн үйлчилгээний орлого байх бөгөөд энэ үйлчилгээг нэхэмжлэгчээс “огторгуй дахь хиймэл дагуул, станцуудаар мэдээллээ солилцдог, дэлхий нийтийг бүрхсэн сүлжээг хил хязгаараар заагладаггүй тул Монгол Улсын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээ биш” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Монгол Улс зарим улстай “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” олон улсын хэлэлцээрийг байгуулан мөрдөж байгаа бөгөөд энэхүү хэлэлцээрийг Япон болон АНУ-тай байгуулаагүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “...Олон улсын цахилгаан холбооны байгууллагын үндсэн дүрэм, олон улсын гэрээ, конвенцод “Дэлхий нийтийг бүрхсэн сүлжээг хил хязгаараар заагладаггүй” гэсэн зарчимтай байхад Монгол Улсын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээ гэж үзсэн нь үндэслэлгүй” хэмээн тайлбарлан маргах боловч Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ” гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрнээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоо” гэж заасан байна.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагад Монгол Улс нэгдэн орсон байх ба Олон улсын цахилгаан холбооны гэрээ нь цахилгаан холбоог үр ашигтай зохион байгуулах замаар улс түмний хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх, бүх төрлийн цахилгаан холбоог зохистойгоор ашиглах ба сайжруулахын тулд олон улсын хамтын ажиллагааг өргөтгөх, дэмжих зорилгоор байгуулагдсан нь маргаж буй татварын асуудалтай хамааралгүй юм.

Иймд Япон улсын KDDI компани болон АНУ-ын AT&A компаниудад шилжүүлсэн орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг дээрх хуулийн дагуу суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд татвар ногдуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Маргаж буй актын 4.2 дахь хэсгээр 2010-2014 онуудад гадаад ярианы төлбөр, сувгийн түрээс, засварын ажлын хөлс, хууль зүйн зөвлөх үйлчилгээ, ТЭЗҮ боловсруулах үйлчилгээний төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд нөхөн татвар ногдуулсан байна.

Нэхэмжлэгчээс манай компани нь гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн орлогодоо Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж тайлагнасан байхад нэг үйлчилгээний орлогод нийт дүнгээр нэг, гадаад кариер өгөх мөнгөн дүнгээс дахин нэг татвар давхардуулан ногдуулсан нь үндэслэлгүй хэмээн маргаж байна.

Хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд гадаад улсын кариеркомпани руу шилжүүлсэн гүйлгээ буюу улс хоорондын гарах ярианы орлогыг “улс хоорондын телефон ярианы орлого дансанд бүртгэж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаг, улс хоорондын орох ярианы орлогыг харилцан холболтын орлого дансанд бүртгэж мөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төсөвт төвлөрүүлсэн тогтоогдож байна.

Тиймээс ярьсан ярианы төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар төсөвт төлсөн тэр дүнгээс гадаадын кариер компаниуд руу тодорхой төлбөрийг шилжүүлэхдээ дахин нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах ёстой гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, эцсийн хэрэглэгч болох үйлчлүүлэгч ярьсан ярианы төлбөртөө нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байхад уг нэмэгдсэнөртгийн албан татвар төлсөн дүнгээс дахин нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлэхээр акт тавьсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

Олон улсын ярианы үйлчилгээ эрхлэгч нь гадаад улсаас Монгол Улс руу орох, Монгол Улсаас гадаад улс руу гарах яриаг дамжуулах үйлчилгээг үзүүлэх нөхцөлийг хангаж, харилцагч орнуудын кариеруудтайхарилцан холболтын тооцоо хийдэг, энэ нь харилцагч нар хоорондоо үзүүлсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төлөө төлж буй төлбөр биш, Монгол Улсаас гарах ярианы төлбөрт дотоодын хэрэглэгчээс авсан төлбөрийг орлогоор бүртгэж, дотоодод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлсөн байхад гадаадын кариерын өглөгт бүртгэсэн дүнд дахин нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь “нэг үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг давхардуулан ногдуулахгүй байх” зарчмыг зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Иймд гадаад ярианы төлбөрийг хийхэд сансрын хиймэл дагуул ашиглах сувгийн түрээсийн төлбөр тооцогдож байгаа тул гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж, энэ зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч нараас шүүхийн шийдвэрээр маргаж буй актаар ногдуулсан төлбөрөөс торгууль, алданги, хүүгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлсэн хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй тул энэ хэсэгт дүгнэлт хийгээгүй, харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн дүнг зөрүүтэй бичсэнийг зөвтгөсөн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0967 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.2.9, 17.2.9 /г/, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210020504 дүгээр актын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “2010-2014 онд оршин суугч бус этгээдэд төлбөр шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар нэмж авч төсөвт төлөөгүй зөрчилд ногдуулсан 439.628.363.10 төгрөгийн нөхөн татвараас 2010-2014 онуудын гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн төлбөрт нөхөн татвар ногдуулсан дүн, түүнд ногдох торгууль, хүүг хасч, төлбөрийн хэмжээг багасгаж, актын бусад хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан актаар тогтоосон төлбөрөөс 6.529.291.8 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх 210020504 дүгээр актаар ногдуулсан төлбөрөөс 216.380.034.7 төгрөгийн торгууль, 29.045.601.0 төгрөгийн алданги, 1.305.459.9 төгрөгийн хүү нийт 246.731.095.6 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлсүгэй.” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  

 

ШҮҮГЧ                                                 Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ