Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 432

 

“Г б” ХХК-ийн гомдолтой,

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн

Орлогын тасгийн татварын улсын

байцаагч Б.А-д холбогдох

зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   Б.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Гомдлын шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн татварын улсын байцаагч Б.А-ын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 251201829 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0408 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0428 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З, хариуцагч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулж,

            Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн татварын улсын байцаагч Б.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0408 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4, 5, 11.19 дүгээр зүйлийн 12.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан  Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн татварын улсын байцаагч Б.А-ын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 251201829 тоот шийтгэлийн хуудсыг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0428 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0408 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1.Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т заасныг баримтлан “Г б” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн татварын улсын байцаагч Б.А-д холбогдох гомдлыг бүхэлд нь хангаж, улсын байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2512011829 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй  болгосугай”, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн татварын улсын байцаагч Б.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... шүүхийн шийдвэрийн Хянавал хэсэгт: “...Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ-ын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/73 дугаар албан бичгээс үзэхэд анх гомдол гаргасан нэр бүхий 10 иргэнд орон сууц худалдан авсан 2016 онд төлбөрийн “И” баримт олгоогүй болох нь баталгаажсан, эдгээр иргэдээс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Татварын ерөнхий газарт хандаж төлбөрийн “И” баримтыг 2017 оноор гаргуулах хүсэлт гаргасны дагуу мөн оны 12 дугаар сарын 19-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн байдаг ч нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр огноолсон төлбөрийн “И” баримтыг нэр бүхий иргэдэд гаргаж өгсөн, улмаар Гааль татвар мэдээлэл технологийн газарт 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 245/017 дугаар албан бичгээр “...2016 оны санхүүгийн тайланд өөрчлөлт оруулж, иргэдийн хүсэлтийн дагуу 2017 оноор тайланг өөрчлөн засварлах...” хүсэлт гаргасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр огноолсон төлбөрийн “И” баримтыг нэр бүхий иргэдэд гаргаж өгсөн зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байх тул зөрчлийн шинж, үүссэн нөхцөл байдал зэргээс үзэхэд нэгэнт арилсан зөрчилд хариуцлага хүлээлгэх нь зохимжгүй гэж үзлээ...” гэж дүгнэсэн нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн.

4. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйл Шийтгэл оногдуулах үндэслэл, 2. “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж зааснаас дээрх шүүхийн дүгнэлтэд дурдсан шиг зөрчил арилгасан бол хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй байна.

5. Иймд, татварын улсын байцаагч Б.А-ын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 251201829 тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 428 дугаар магадлалыг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

7. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 251201829 дүгээр шийтгэлийн хуудсаар “...холбогдогч “Г б” ХХК нь 2016 онд орон сууц худалдан авсан 10 иргэнд нэмэгдсэн өртгийн албан татварын и баримт олгох үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12.1-д заасны дагуу 21,527,800 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан, “Г б” ХХК-иас “... орон сууцыг нэр бүхий 10 иргэнд 2016 онд худалдаж, Татварын ерөнхий хуульд заасны дагуу орлогод ногдох татварыг улсын төсөвт оруулж, тайлагнасан, ... уг иргэдэд и баримтыг нөхөн олгосны дараа шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “... орон сууц худалдан авсан иргэдэд и баримт олгоогүй нь зөрчил болно, ... татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй тул... шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

8. “Г б” ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, үйлдвэрлэлийн бүс, 42 дугаар байр, ОВ нэртэй 132 айлын орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ашиглалтад оруулж, 2016 онд уг орон сууцыг иргэн С.Г, Ч.Ө, Б.Ч, М.Ш, М.Б, Б.Э, Б.М, Д.М, Т.Э, С.Э нарт худалдан борлуулсан, ингэхдээ борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг иргэдэд олгоогүй, “ ... төлбөрийн баримтын цахим систем болох ebarimt.mn сайтад 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр эцсийн хэрэглэгчээр шивж программд оруулсан, ... 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баримтыг нэр бүхий иргэдэд нөхөн хэвлэж олгосон”, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

9. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т “... төлбөрийн баримт гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг /ойлгох/”-оор, 17 дугаар зүйлийн 17.3.1, 17.3.2-т “... /албан татвар суутган төлөгч нь/ албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэх, ... бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгох”-оор тус тус зааснаас үзвэл, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч “Г б” ХХК нь орон сууц худалдан авсан этгээдийн төлбөр тооцоо хийсэн тухай мэдээллийг хэрэглэгчийн системд тухай бүр бүртгэж, татвар төлөгчид төлбөрийн баримт олгох үүрэгтэй.

10. Тухайн тохиолдолд, “Г б” ХХК нь татвар төлөгчид төлбөрийн баримтыг “тухай бүрт нь” олгоогүй боловч уг борлуулалтыг төлбөрийн баримтын цахим системд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр эцсийн хэрэглэгчээр шивж программд оруулсан, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр огноолон төлбөрийн баримтыг нэр бүхий иргэдэд нөхөн хэвлэж олгосон байх тул давж заалдах шатны шүүхийн “... зөрчил цаг хугацааны хувьд маргаан бүхий шийтгэлийн хуудас бичигдэхээс өмнө арилсан, ... нэгэнт арилсан зөрчилд хариуцлага хүлээлгэх нь зохимжгүй” гэх дүгнэлт зөв гэж үзлээ.

11. Тодруулбал, хариуцагч татварын улсын байцаагч Б.А2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25/0300091 дүгээр тогтоолоор “Г б” ХХК-нд холбогдуулж, зөрчлийн хэрэг үүсгэсэн, зөрчлийн хэрэг үүсгэх үед Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан “...албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэх, ... бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгох” албан татвар суутган төлөгчийн үүргийн биелэлт хангагдсан, зөрчил арилсан байх тул татварын улсын байцаагчийн маргаан бүхий 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 251201829 дүгээр шийтгэлийн хуудсаар “Г б” ХХК-нд “нэмэгдсэн өртгийн албан татварын и баримт олгох үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан” гэх үндэслэлээр 21,527,800 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь буруу гэж үзнэ.

12. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх”-аар заасан, борлуулагч бараа, ажил, үйлчилгээг борлуулсан өдрөө татвар төлөгчид төлбөрийн баримт олгоогүй зөрчлөө дараа нөхөн олгосноор арилгасан, үүний улмаас ямар нэг байдлаар, хэн нэг этгээдэд хохирол учраагүй байхад эдгээр нөхцөл байдлуудыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа эрх бүхий этгээд харгалзан үзээгүй нь буруу, нэр бүхий 10 иргэний орон сууц худалдан авсан нийт үнийн дүнгийн 2 хувиар торгох шийтгэл оногдуулсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

13. Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12-т “үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд нь бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй, эсхүл олгохоос татгалзсан, эсхүл үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон тохиолдолд ...” торгох шийтгэл ногдуулахаар заасан, уг “зөрчил”-ийн агуулга нь борлуулагч бараа бүтээгдэхүүнийг бэлэн мөнгөөр борлуулсан бөгөөд уг борлуулалтаа бүртгэхгүйгээр татвар ногдох орлогыг бууруулахаас сэргийлэх зорилгоор бэлэн мөнгөний гүйлгээг заавал, үнэн зөв бүртгэж, худалдан авагчид бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгохыг татвар төлөгчид үүрэг болгож, энэ үүргийг албадлагаар хамгаалсан зохицуулалт бөгөөд энэ тохиолдолд, “Г б” ХХК “бэлэн мөнгөөр гүйлгээ хийсэн эсэх”, эсхүл “бэлэн мөнгөний гүйлгээг бүртгэсэн эсэх”, “бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгосон, олгоогүй” гэх талаар талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.  

14. Иймд, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... /давж заалдах шатны шүүх/ зөрчлийн шинж, үүссэн нөхцөл байдал зэргээс үзэхэд нэгэнт арилсан зөрчилд хариуцлага хүлээлгэх нь зохимжгүй гэж үзлээ гэж дүгнэсэн нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн, ... зөрчил арилгасан бол хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй” гэх үндэслэлээр гаргасан гомдлыг хангах боломжгүй, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан “...нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэх зохицуулалтыг буруу хэрэглэж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг “... 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн нь буруу, “... зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, зөрчил гаргасан үед үйлчилж байгаа хуулийн заалтыг хэрэглэх эсэх, Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийг ногдуулах хууль буцаан хэрэглэх шаардлагад нийцэх эсэх” асуудлуудыг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзлээ.

15. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0428 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн татварын улсын байцаагч Б.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                         ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА