Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 24

 

 

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Өндөрхангай сумын 5-р багт оршин суух,  иргэн Засгууд овгийн Отгонбаярын Энхсаруулын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргад холбогдох,

             Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 04 сарын 19-ний өдрийн “ Түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалаас чөлөөлөх тухай “ Б-21 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, тус хамгаалалтын захиргааны байгалийн нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Энхсаруул, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Буянцог, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч О.Энхсаруул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “  Отгонбаяр овогтой Энхсаруул миний бие нь 2009 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг Байгаль хамгаалагч, экологич мэргэжлээр төгссөн ба 2014 онд Ховд их сургуульд суралцаж Биологийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2011 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд туслах түшмэлийн ангилалд орж тэнцэн Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанд Хяргас нуурын Байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагчийн албан тушаалд томилогдон ажилласан ба 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн. Улмаар 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтнээр, 2013 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тухайн байгууллагад ахлах мэргэжилтнээр 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилласан. Миний бие Хамгаалалтын захиргаанд хариуцсан ажлынхаа хүрээнд ажил мэргэжлийн ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, ажлаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, үр бүтээлтэй ажиллаж жил бүр үр дүнгийн гэрээгээ 90-ээс дээш хувиар үнэлүүлж байсан. Ажил үүргээ хангалттай гүйцэтгэж байсан учраас 2015 онд Увс аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнагдсан. Миний хувьд хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтний ажлын байранд тавигдаж байгаа боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлагыг бүрэн хангасан билээ. Хамгаалалтын захиргаа 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-74 албан бичгээр миний зэрэглэлийг ахиулахаар Төрийн албаны салбар зөвлөлд төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлах тухай захиалга хүргүүлсэн боловч ТАСЗ 1 жил 5 сарын хугацаанд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг зарлаагүй юм. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр намайг үүрэгт ажлаас чөлөөлж Мөнхтөрийн Ууганбаатарыг тухайн ажлын байранд тавигдах болзол шаардлагыг хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь миний хувьд тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа ба иргэн миний өөрийн ажиллаж байсан ажлын байрандаа өрсөлдөх, Үндсэн хуулинд заасан хөдөлмөрлөх эрхийг тус тус зөрчиж байна. Улмаар миний бие энэ тухай гомдлоо ТАСЗ-д гаргасан боловч намайг чөлөөлсөн тушаалыг үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн учир танай шүүхэд хандаж байна. Иймд миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний “Түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б-21 дугаар тушаал хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Хамгаалалтын захиргааны байгалийн нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү, Өнөөдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа болно” гэв.

        Хариуцагч Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Буянцог шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа нь Өндөрхангай суманд 2012 онд байгуулагдсан бөгөөд шинэ байгууллага учраас ажилтнуудыг түр авч ажиллуулах шаардлагатай байсан ба энэ талаар холбогдох газруудад мэдэгдээд түр ажилчдыг авч ажиллуулсан. Үүний дагуу О.Энхсаруул нь Хяргас нуурын байгалийн цогцолборт газрын Хар тэрмист байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад мэргэжилтнээр ажиллах өргөдөл өгөхөд нь холбогдох хууль тогтоомжийн дагуу энэ албан тушаал нь чиний ангилалд тохирохгүй байна, тиймээс энэ ажлыг түр гүйцэтгэж болно гэж хэлсэн. Бид харилцан ярилцаад О.Энхсаруулыг уг албан тушаалд түр томилж ажиллуулсан. Дараа нь 2013 оноос ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон. Энэ хугацаанд Төрийн албаны салбар зөвлөлд зөвхөн нэхэмжлэгчийн ажлын байр бус сул байгаа орон тоон дээрээ захиалга өгдөг байсан. Түүний дагуу сонгон шалгаруулалтууд явагдаж байсан. О.Энхсаруулын ажлын байртай адил манай байгууллагын судалгаа, шинжилгээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтний төрийн албаны сонгон шалгаруулалт олон удаа явагдаж байсан бөгөөд Энхсаруул шалгалтанд ороогүй, тухайн үед нэхэмжлэгч нь жирэмсэн байсан. Үнэн хэрэгтээ О.Энхсаруул нь ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байсан учраас Ховдын багш нартай ярилцаж байгаад Ховд их сургуульд цалинтай чөлөө олгож суралцуулан, эхнэрийнхээ хамаатны гэрт хүүхэдтэйг нь хамт байлгаж магистрын зэргийг хамгаалж мэдлэг боловсролд нь дэмжлэг үзүүлсэн. О.Энхсаруулд төрийн албаны шалгалтанд орох боломж олон байсан бөгөөд шалгалтанд орох эрх нь нээлттэй байсан. 2016 онд уг ажлын байр нь зарлагдахад нөөцөөс нөхөгдөж томилогдсон байсан. Энэ талаар О.Энхсаруулд 3 сард урьдчилж танилцуулахад хүлээн зөвшөөрөөд 4 сар дуустал ажиллуулахаар болж 4 дүгээр сарын 01-нээс өмнөх онд амарсан хамгийн сүүлчийн хугацаанаас тооцож амралтыг нь бодож, 4 дүгээр сарын 11-нд Ууганбаатарыг нэр дэвшүүлсэн тогтоол гарахад ажлаа хүлээлцээд явсан. Үүний дараа ажил хүлээлцсэний маргааш нь нэхэмжлэгчийн албан тушаалын ангилалд тохирох ТЗ-2-д тохирсон байгаль хамгаалагчийн ажлын байрыг санал болгоход нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Одоо байгаль хамгаалагчийн ажлын байранд түр ажилтан ажиллуулж байгаа ба хэрэв нэхэмжлэгч хүлээн зөвшөөрвөл уг ажлын байранд ажиллах бүрэн боломжтой байгаа. Ажлаас чөлөөлсөн тушаалд Энхсаруул Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасныг хянан хэлэлцээд уг тушаалыг эрх зүйн чадамжтай гэж үзсэн.Иймд энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

           Гуравдагч этгээд М.Ууганбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие нь ХААИС-ийг 2012 онд Байгаль хамгаалал,хяналт үнэлгээ мэргэжлээр суралцаж төгссөн.2014 онд Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан Ерөө голын сав газрын захиргааны экологи хариуцсан мэргэжилтний сул орон тоог нөхөх төрийн албаны шалгалтад оролцож тэнцсэн. Ажиллаж байх хугацаанд тухайн байгууллага татан буугдаж нөөцөд бүртгэлтэй болсон. 2016 оны 02 сард Төрийн албаны сайтад Увс аймаг дахь салбар зөвлөлөөс Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгалийн нөөцийн менежмент хариуцсан албан тушаалыг нөхөх нөөцийн зар тавигдсанаар зохих бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн. Улмаар Увс аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлөөс байгалийн нөөцийн менежмент хариуцсан албан тушаалд нэр дэвшүүлж мөн хамгаалалтын газрын захиргааны даргын Б-22 дугаар тушаалаар томилогдсон болно.Миний бие хууль тогтоомж, болзол шалгуурын дагуу энэхүү ажилд томилогдсон ” гэжээ.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б-21 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус тушаал юм. Нэхэмжлэгч одоогийн ажлын байрандаа 2013 онд томилогдон 3 жилийн хугацаанд уг ажлыг түр орлон гүйцэтгэсэн байдаг. 2012 оны нийгмийн даатгалын дэвтэр дээр хийгдсэн бичилтээс харахад 13 дугаартай тушаал үндэслэлтэй байгаа юм. Тэгэхээр түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах гэж байгаа бол албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулна гэж хуулинд зохицуулсан байна. Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт нь төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл биш юм. Ажлын байрны захиалгыг удаа дараа хүргүүлэхэд зарлагдаагүй байдаг. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу тухайн албан тушаалыг эрхэлж байсных нь хувьд О.Энхсаруулыг уг албан тушаалд томилж болох байсан. Нэхэмжлэгч нь ямар учраас уг ажлын байранд өрсөлдөх боломжгүй болоод байгаа юм, мөн яагаад ажлын байрандаа тэнцэхгүй байгаа юм гэдэг талаар хариуцагч тайлбартаа дурдсан ч гэсэн түүнийг нь нотлох баримт хэрэгт байхгүй байна. Үр дүнгийн гэрээний илтгэх хуудаснууд дээр нэхэмжлэгч албан үүргээ хангалттай гүйцэтгэж байсан байдаг. 2016 онд О.Энхсаруултай үр дүнгийн гэрээ байгуулаагүй ба нэхэмжлэгчийг гэрээгээ боловсруулах чадваргүй мэтээр хариуцагч ярьж байна. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журманд үр дүнгийн гэрээг байгуулах үүрэг ганцхан О.Энхсаруулд биш хариуцагч Б.Буянцогд ч гэсэн байгаа. 2016 онд нэхэмжлэгчтэй үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй байж ажил үүргээ хангалтгүй биелүүлж байсан, мэргэжилдээ тэнцэхгүй байсан гэж дүгнэх нь боломжгүй юм. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Б-21 тоот тушаал нь үндэслэлгүй гэж үзэж байна ” гэв 

         Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Иргэн О.Энхсаруул тус шүүхэд хандан Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 04 сарын 19-ний өдрийн “ Түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалаас чөлөөлөх тухай “ Б-21 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, тус хамгаалалтын захиргааны байгалийн нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 563919 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд шүүх хурал болсон өдөр буюу 2016 оны 07 сарын 27-ныг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

         Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчдоос гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж  шийдвэрлэв.

          Маргаан бүхий захиргааны акт буюу Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын  2016 оны 04 сарын 19-ний өдрийн “ Түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалаас чөлөөлөх тухай “ Б-21 дүгээр тушаалд[1] Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 62 тоот тогтоолын 4.6-д заасныг үндэслэн Тарийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1,17.2,17.3-д заасан нөхцөл болзлыг хангасан Мөнхтөрийн Ууганбаатар нь хамгаалалтын захиргааны байгалийн нөөцийн менежментийн асуудал хариуцсан албан тушаалд томилогдох болсоныг дурдаж уг албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан О.Энхсаруулыг  2016 оны 04 сарын 19-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

       Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс “Ажиллаж байх хугацаандаа ажил мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байгаагүй тул 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б-21 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус тушаал юм. Нэхэмжлэгч одоогийн ажлын байрандаа 2013 онд томилогдон 3 жилийн хугацаанд уг ажлыг гүйцэтгэсэн, түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах гэж байгаа бол албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах ёстой, Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт нь төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл биш юм “  гэж маргаж байна.

         Хариуцагчийн зүгээс “ Байгалын нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал нь ТЗ-5 ангилалтай тул О.Энхсаруул төрийн жинхэнэ албан хаагч томилогдох хүртэл түр тушаалтай байсан, нэхэмжлэгч нь төрийн захиргааны ТЗ-2 ангилалд тэнцсэн байгаа “ гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбарлаж байна.

      Гуравдагч этгээдийн хувьд зохих хууль тогтоомжид заасан болзол шалгуурын дагуу байгалын нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон гэсэн байр суурийг илэрхийлжээ.

      Нэхэмжлэгч О.Энхсаруул нь 2011 оны 4 сарын 16-ны өдөр төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд ТЗ-2 ангиллын албан тушаалын сонгон шалгаруулалтад орж тэнцэн Дэлхийн өв Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2011 оны 06 сарын 06-ны өдрийн А-25 дугаартай тушаалаар[2] Хяргас нуурын цогцолборт газрын Хар тэрмис хэсэгт орон тооны байгаль хамгаалагчаар томилогдон ажиллажээ.

         Дэлхийн өв Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2012 оны 10 сарын 01-ний өдрийн А-35 дугаартай тушаалаар[3] О.Энхсаруулыг Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны мэдэлд шилжиж байгаа гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна.

           Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны 2012 оны 10 сарын 01-ний өдрийн 13 дугаартай тушаалаар[4] О.Энхсаруулыг хамгаалалтын захиргааны мэргэжилтний албан тушаалд томилж, цалинг дэс түшмэлийн ангилалаар ТЗ-5-1 гэсэн шатлалаар олгохоор шийдвэрлэжээ.

         Түүнчлэн хэрэгт Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн баримтанд О.Энхсаруулыг Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны 2012 оны 10 сарын 01-ний өдрийн Б-13 дугаартай тушаалаар[5] хамгаалалтын захиргааны мэргэжилтний албан тушаалд түр ажиллуулахаар дурдсан шийдвэр авагдсан байна.

         Хариуцагчийн зүгээс 13 дугаартай тушаал гарсан боловч тэр өдрөө дахин засварлаж Б-13 дугаартай албан тушаалд түр томилсон шийдвэр гарсан талаар тайлбарласан болно.

       Мөн О.Энхсаруулын нийгмийн даатгалын дэвтрийн албан тушаалын өөрчлөлт гэх хэсэгт мэргэжилтний албан тушаалд ¹13 гэсэн тушаалаар томилогдсон талаар тэмдэглэгдэж гарын үсэг зурагдаж, тэмдэг дарагджээ. Үүнээс үзэхэд О.Энхсаруулыг анх Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд шилжин ажиллахад 2 өөр агуулга бүхий тушаал гарч баталгаажсан байна.

         Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 11 сарын 29-ний өдрийн А-416 дугаартай тушаалаар[6] Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хариуцан хамгаалж буй газраас Алтан элсний дархан цаазат газрыг болон Хан хөхийн, Хяргас нуурын байгалийн цогцолборт газруудыг салган тэдгээрийн хамгаалалтыг хариуцах, үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий хамгаалалтын захиргааг Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа гэсэн нэртэйгээр Увс аймгийн Өндөрхангай суманд 2011 оны 12 сарын 1-нээс шинээр үүсгэн байгуулж, мэргэжилтэн 3, ахлах мэргэжилтэн 1 гэсэн орон тоог баталжээ.

         Мөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 06 сарын 04-ний өдрийн А-218 дугаартай тушаалаар[7] шинээр байгуулагдсан хамгаалалтын захиргаадын хариуцан хамгаалах нутаг дэвсгэрийн хуваарь, талбайн хэмжээг  баталж байжээ.

       Шинээр байгуулагдсан Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа нь 2012 оны 10 сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн талаар тайлбар өгсөн болно.

        Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2013 оны 01 сарын 02-ны өдрийн Б-01 дугаартай тушаалаар[8] Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А-416 тоот тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тушаал зэргийг үндэслэж О.Энхсаруулыг хамгаалалтын захиргааны байгалийн нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагч томилогдох хүртэл түр орлон гүйцэтгүүлэхээр томилжээ.

       Үүний дараа Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 01 сарын 04-ний өдрийн А-06[9] дугаартай тушаалаар Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны орон тоог шинэчлэн баталж ахлах мэргэжилтний албан тушаалыг өөрчилж, судалгаа шинжилгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн, хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, байгалийн нөөц хариуцсан мэргэжилтэн,аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний орон тоотой байхаар өөрчлөгдсөн байхад, уг тушаалтай О.Энхсаруулыг ахлах мэргэжилтний албан тушаалд түр томилсон тушаалаа нийцүүлэн өөрчлөөгүй байна.

         Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа нь шинээр байгуулагдсан байгууллагын хувьд албан тушаалын сул орон тооны захиалгыг 2013.01.09-ний өдрийн А-80 дугаартай албан бичгээр[10], мөн 2013.06.14-ний өдрийн А-42 дугаартай албан бичгээр[11] судалгаа шинжилгээ, мониторинг, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн, хуулийн хэрэгжилт, хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтан, аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэний албан тушаалын захиалгыг, 2014.10.01-ний өдрийн А-74 дугаартай албан бичгээр[12] байгалийн нөөцийн менежмент хариуцсан мэргэжилтэний албан тушаалын захиалгыг хүргүүлжээ.

        Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс байгалийн нөөцийн менежмент хариуцсан мэргэжилтэний албан тушаалын сул орон тоог нөөцөөс нөхөх зарыг 2016.01.29-ний өдөр зарлаж, Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 03 сарын 14-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор[13] уг албан тушаалд Мөнхтөрийн Ууганбаатарыг томилуулахаар нэрийг нь дэвшүүлжээ.

         2014 онд Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн ажлын байрны захиалгын зарыг дарга Буянцог хойшлуулах хүсэлт тавьсны дагуу 2016 онд нөөцөөс нөхөх болсон талаар төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Ариунтуяа шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн болно.

        Тус 06 дугаартай тогтоолыг үндэслэн Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2016.04.19-ний өдрийн Б-22 дугаартай тушаалаар[14] Байгалийн нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд М.Ууганбаатарыг томилжээ.

         Нэхэмжлэгч О.Энхсаруул экологи, байгаль хамгаалалын мэргэжилтэй бөгөөд урд нь Дэлхийн өв Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд ажиллаж байхдаа 2012 оны 01 сарын 11-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн тангарагийн хуудас[15] хэрэгт авагдсан болно. Иймд О.Энхсаруул нь төрийн жинхэнэ албан хаагч мөн байна. Түүнчлэн Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ажиллаж байх хугацаандаа үр дүнгийн гэрээ байгуулан ажиллажээ.

         О.Энхсаруулын хариуцан ажиллаж байсан Хяргас нуурын цогцолборт газрын Хар тэрмис хэсгийн байгаль хамгаалагчийн албан тушаал Дэлхийн өв Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанаас Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэдэлд шилжсэнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар О.Энхсаруул Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд төрийн жинхэнэ албан хаагчийн хувиар үргэлжлүүлэн ажиллах эрх зүйн баталгаатай болжээ.

       Нөгөө талаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж хуульчилсан бөгөөд энэ хүрээнд шинээр өөрчлөн байгуулагдсан төрийн байгууллагад О.Энхсаруул шилжин ажиллах болсон үед өөр бусад төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсантай холбогдуулан ажил олгогчийн зүгээс мэргэжилтний албан тушаалд О.Энхсаруултай зөвшилцөн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд дэвшүүлэн томилсон нь хууль зөрчөөгүй байна.

          Төрийн албаны тухай хуульд ажлын байрны сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад болон төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгож сул орон тоог нөхөх эрх нь төрийн албаны зөвлөлд бус зөвхөн тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгэдэд хамааралтай бөгөөд ийнхүү нөхөх боломжгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар төрийн албаны салбар зөвлөлд хандах зохицуулалттай болно.

       О.Энхсаруулыг ийнхүү мэргэжилтний болох ахлах мэргэжилтний сул орон тоонд шилжүүлэн ажиллуулахдаа түр томилох гэсэн томьёололоор ажилд томилсон нь алдаатай болсон хэдий ч төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар тус хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаагаар хангагдах эрхтэй юм.

          Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 04 сарын 19-ний өдрийн “ Түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалаас чөлөөлөх тухай “ Б-21 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 тоот тогтоолын 4.6-д заасан төрийн жинхэнэ албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын талаарх зохицуулалтыг баримталсан нь уг 62 тоот тогтоолоор баталсан “ Төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын агуулга болон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасантай зөрчилдсөн байна.

          Иймд О.Энхсаруулыг  төрийн албаны ангилал, зэрэглэл тохирохгүй байгаа, төрийн жинэхэн албыг түр орлон гүйцэтгэж байсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 04 сарын 19-ний өдрийн “ Түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалаас чөлөөлөх тухай “ Б-21 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоон хүчингүйд тооцож, О.Энхсаруулыг Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгалийн нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилсэн бөгөөд О.Энхсаруул нь 2016 оны 4 сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 сарын 19-ний өдөр хүртэл ээлжийн амралтаа эдэлсэн талаар хэргийн оролцогчид тайлбар гаргасан болно.

        Нэхэмжлэгч О.Энхсаруулыг байгалийн нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоон шийдвэрлэж байгаа тул 2016 оны 04 сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны буюу 3 сар 5 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1816950 төгрөгийг хариуцагч Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

         О.Энхсаруул нь 2016 оны 4 сард ээлжийн амралтаа эдэлж, амралтын хугацааны цалинг авсан байх тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “ Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу сүүлийн 3 сарын  дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 1,2,3 дугаар саруудын цалин хөлсний бичилтийг үндэслэсэн болно.

        Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч байгууллага болох Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

        1.Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн  27.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч О.Энхсаруулын нэхэмжлэлийг ханган, Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 04 сарын 19-ний өдрийн “ Түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалаас чөлөөлөх тухай “ Б-21 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоон хүчингүйд тооцож, О.Энхсаруулыг Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгалийн нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

          2.Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч О.Энхсаруулын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1816950 /нэг сая найман зуун арван зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

        3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар  зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.             

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.АЛТАНЦЭЦЭГ

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 16-р хуудас

[2] Хавтаст хэргийн 12-р хуудас

[3] Хавтаст хэргийн 13-р хуудас

[4] Хавтаст хэргийн 14-р хуудас

[5] Хавтаст хэргийн 69-р хуудас

[6] Хавтаст хэргийн 73-75-р хуудас

[7] Хавтаст хэргийн 76-78-р хуудас

[8] Хавтаст хэргийн 15-р хуудас

[9] Хавтаст хэргийн 79-80-р хуудас

[10] Хавтаст хэргийн 52-р хуудас

[11] Хавтаст хэргийн 52-р хуудас

[12] Хавтаст хэргийн 54-р хуудас

[13] Хавтаст хэргийн 63-р хуудас

[14] Хавтаст хэргийн 35-р хуудас

[15] Хавтаст хэргийн 9-р хуудас