Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 04

 

 

Х.Төмөрхүүд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 155/2015/0203/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Ц.Мөнхжаргал,

           Шүүгдэгч: Х.Төмөрхүү,  

Хохирогч: Б.Цогзолмаа,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунбилэг нарыг оролцуулан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Х.Төмөрхүүд холбогдох эрүүгийн 201422000619 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 15-нд  төрсөн, 19 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Үстийнхэн овогт Хишигбаярын Төмөрхүү /Регистрийн дугаар РР97091518/.

Шүүгдэгч Х.Төмөрхүү нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч С.Эрдэнэмөнхөд цохиулж ухаан алдан унаж санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ С.Эрдэнэмөнхийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаар цагаатгах тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үстийнхэн овогт Хишигбаярын Төмөрхүүд холбогдох эрүүгийн хэрэгсэхгүй болгож, Х.Төмөрхүүг цагаатгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн захидлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,  Эрүүгийн 201422000619 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Х.Төмөрхүү нь 110 /нэг зуун арав/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдаж, Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Төмөрхүүд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

 Улсын яллагч эсэргүүцэлдээ: …Цагаатгах тогтоолд дурьдагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алах гэмт хэргийн субъект, объектив талын шинжүүд буюу гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн үйлдэл, амь хохирогчийн рефлексийн гэмтлийн улмаас зүрх гэнэт зогсож нас барсан үхлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй ба шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ төрж байна. Иймд шүүгдэгч Х.Төмөрхүү нь санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ амь хохирогч С.Эрдэнэмөнхийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэж дүгнэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан Х.Төмөрхүүд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Шүүхийн шинжилгээний албаны ... дүгнэлтээр хохирогч С.Эрдэнэмөнх нь рефлексийн бүсийн цочрол гэмтэл-ийн улмаас нас барсан болох нь тогтоогдож байгаа. Мөн хэвлийн тус газар хүчтэй үйлчлэл үзүүлсэн үед наран сүлжээ цочирч улмаар зүрхийг хүчтэй цочроох үйлчлэл гэдгийг зүрх доргих гэсэн утгаар ойлгох бөгөөд зүрх гэнэт зогссоноос түргэн үхэл гэдэг нь тухайн цаг мөчид шууд нас барах буюу хэдхэн минут секундээр хэмжигдэх талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байна. Хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Э.Сүххуягийн ... тэгсэн гаднаас нэг банди орж ирээд миний хажуугаар өнгөрч явснаа Төмөрхүүг цохиод авсан тэгсэн чинь л нөгөө зогсож байсан банди нар нь бүгдээрээ Төмөрхүү рүү дайрсан Төмөрхүү цохиулаад газар уначихсан байхад нь дээрээс нь өшиглөөд байсан гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 52-54-р хуудас/ 

Насанд хүрээгүй гэрч Д.Билгүүдэйгийн ...нэг хүүхэд орж ирээд бид нар дээр ирснээ шууд Төмөрхүүг цохиод авсан, Төмөрхүү цохиулаад газар уначихсан газар унасных нь дараа дахиад дээрээс нь зодох гэхээр нь би хажуугаас нь очоод болиоч гээд цааш нь түлхсэн чинь араас нь хэн нь юм мэдэхгүй нэг нь миний толгойны ар тал руу гараараа цохьчихсон тэгэхээр нь би толгойгоо бариад доошоо бөхийсөн чинь бөөндөө намайг зодоод эхэлсэн. ...Би хажуугаар нь өнгөрч гүйгээд гэр лүү орох гээд гүйж явах үед довжооны урд талд нэг хүүхэд дээшээ харчихсан толгой нь зүүн зүгт харчихсан хэвтэж байсан гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 56-58-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Ариунжаргалын ... Эрдэнэмөнх орж ирээд миний хажууд зогсож байсан Төмөрхүүг шууд цохиод унагаачихсан. Төмөрхүү цохиулангуутаа газар унаад өгсөн. Тэгтэл манай сумын банди нар Цагаан Үүр сумын банди нар луу дайраад зодоон эхэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-73-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар С.Эрдэнэмөнх нь эхэлж Х.Төмөрхүүг цохиж унагасан, уг үйлдлийн улмаас Х.Төмөрхүү нь ухаан алдан унаж С.Эрдэнэмөнхийн өмнөөс хариу үйлдэл үзүүлсний улмаас С.Эрдэнэмөнх биедээ гэмтэл авч нас барсан байх үндэслэлтэй байдаг. Мөн гэрчүүд нь С.Эрдэнэмөнхийн Х.Төмөрхүүг цохисон үйлдлээс С.Эрдэнэмөнхийн газар унасан үйлдлийн хооронд 20-30 секундийн буюу маш богино хугацаа болсон талаар мэдүүлдэг. Дээрх нотлох баримтуудаар яллагдагч Х.Төмөрхүүг хохирогч С.Эрдэнэмөнхөд цохиулж ухаан алдан унаж санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ С.Эрдэнэмөнхийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэлтэй, мөн С.Эрдэнэмөнх нь гадны нөлөөтэй нас барсан байхад хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл  бичив гэжээ.

Хохирогч Б.Цогзолмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: …миний хүү бусдын гарт амь насаа алдсан тул эзэн холбогдогчийг тогтоолгох, гомдлоо барагдуулах эрхтэй гэтэл шүүх гэмт хэргийн эзэн холбогдогчийг тогтоосонгүй, шинжээчийн дүгнэлтийг ч нотлох баримтаар үнэлсэнгүй. ...Шинжээчийн  С.Эрдэнэмөнх рефлексийн бүсийн цочрол гэмтлийн улмаас нас барсан байна. Уг гэмтэл нь хэвлийн тус газар хүчтэй цохилтын улмаас үүснэ гэсэн маш тодорхой дүгнэлтийг шүүх шийдвэрээ гаргахдаа харгалзан үзэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Шүүгдэгч Х.Төмөрхүү: Би энэ хэрэгт буруугүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд хэлсэн гэсэн боловч түүний аав, ээж нь: хавар хашаа байшин авч өгнө, мөнгө өгнө гэх зэргээр удаа дараа хэлж, мөн хавар ажил жигдрээд ирэхээр 4 саяыг, зунаас 3 саяыг нь харамгүй сэтгэлээр өгнө, худлаа хэлэхгүй гэх зэргээр мессеж ирүүлж миний сэтгэлээр тоглож байна. ...Шүүх гэмт хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг тогтоох үүргээ гүйцэт хэрэгжүүлэлгүй хууль бус шийдвэр гаргалаа. Мөн цагаатгах тогтоолд: Б.Цогзолмаа: Хүүгийн амь нас хохирсон учраас маш гомдолтой байна. Шүүгдэгч талаас оршуулгын зардал, буяны ажилд нь 6.000.000 төгрөг төлсөн, нэхэмжилсэн зүйлгүй гэв гэж миний хэлээгүй үгийг хэлсэн болгож тогтоолд тусгасанд маш ихээр гайхаж байна. Миний бие хүүгээ алдсанд маш их гомдолтой байгаа бөгөөд өмнөх шүүх хурал дээр ч 30.000.000 төгрөгийг нэхэмжилж байсан болно. Гэтэл шүүх хохирогч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг уландаа гишгэж намайг нэхэмжлэх ч зүйлгүй мэтээр харагдуулж шийдвэрээ хэт нэг талыг барьж гаргасанд гомдолтой байна. Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016-05-11-ний өдрийн 105 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, миний хохирлыг барагдуулж, гэм буруутайд этгээдэд холбогдох шийтгэлийг оногдуулж өгнө үү. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрч байна  гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Улсын яллагч нь шүүгдэгч Х.Төмөрхүүг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч С.Эрдэнэмөнхөд цохиулж ухаан алдан унаж санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ С.Эрдэнэмөнхийг санаатай алсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байх боловч тухайн өдрийн орой болсон зодооныг С.Эрдэнэмөнх эхлүүлсэн байх ба зодоон болох тухайн агшинд шүүгдэгч Х.Төмөрхүүгийн санаатай болон болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас С.Эрдэнэмөнхийн амь нас хохирсныг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл, гэрч Э.Сүххуяг, Д.Бэлгүдэй, Э.Нарангоо, М.Шинэбаяр, Т.Баяршагай, Г.Билгүүн, Ц.Цэрэндаваа, Б.Даваа-Очир, Б.Ариунжаргал, Х.Буянжаргал, Н.Хосжаргал, Ш.Отгонбаатар нарын мэдүүлгээс үзэхэд хохирогч нь шүүгдэгчийг цохиж унагасан, амь хохирогч С.Эрдэнэмөнхийг ямар байдалтай унасан байсан, түүний ойр шүүгдэгч Х.Төмөрхүүг байсан талаар гэрчилсэн болохоос биш Х.Төмөрхүү нь хохирогч С.Эрдэнэмөнхөд цохиулж унаснаас хойш хохирогчийг эсэргүүцэн түүнд хариу үйлдэл хийсэн эсэх талаар гэрчилж, нотлоогүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх Х.Төмөрхүүд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Прокурор Ц.Мөнхжаргалын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

      ШҮҮГЧИД                                                   Ц.ТУЯА

                                                Н.БАЯРХҮҮ