Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ20176/00041

 

Ё.Өнөборгилын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 101/ШШ2016/05757 дугаар шийдвэр,          

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 1823 дугаар магадлалтай,

Ё.Өнөборгилын нэхэмжлэлтэй

Зу Хан Пинг, С.Саранцэцэг, “Пропер сити констракшн” ХХК-д  холбогдох,

44.501.280 төгрөг гаргуулах тухай үндсэн,

2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч С.Саранцэцэгийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Х.Баттулга, Д.Энхзул, нарийн бичгийн дарга И.Хажидмаа, нар оролцов.

Нэхэмжлэгч Ё.Өнөборгил шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНХАУ-ын иргэн Зу Хан Пингэд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 хорооны “Зүүн дөрвөн зам" амины орон сууцны хорооллын 6 дугаар байр, 7 тоотод байрлах 250 м.кв, 2 давхар орон сууцыг 2012 оны 12 сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний үндсэн дээр 3 жилийн хугацаатай хөлслөн суулгасан. Энэ хугацаанд БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг нь С.Саранцэцэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж манай байрны нэгдүгээр давхарт ажлын оффисоо байршуулан 2 дугаар давхарт Зу Хан Пинг болон компанийн хүмүүс амьдарч байсан. Орон сууц хөлслөх гэрээнд иргэн С.Саранцэцэг өөрөө байлцан орчуулж, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын "УБ зууч" компаниар зуучлуулсан орон сууцны хөлсийг иргэн Зу Хан Пинг, С.Саранцэцэг нар хариуцан 2015 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл төлж барагдуулсан. Уг байрыг би анх 2012 онд сарын 2200 ам.доллараар хөлслөхөөр гэрээ хийсэн боловч 2014 оноос харилцан тохиролцсоны үндсэн дээр хөлслөгч талын хүсэлтээр үнээ буулган нэг сарын 2000 ам.доллараар хөлслөн суулгадаг байсан. 2015 оны 2 сарын 13-ны өдөр С.Саранцэцэг, Зу Хан Пинг нартай хөлсөлж буй байранд уулзан орон сууц хөлслөх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, уг байранд “Пропер сити констракшн” ХХК байрлан үйл ажиллагаа явуулж ирсэн тул байрны мөнгийг “Пропер сити констракшн” ХХК төлөхөөр болсон. Хөлслөгч Зу Хан Пингийн надад өгсөн мэдээллээр бол “Пропер сити констракшн” компани нь Натур фүүд компанийн 50 хувь, БНХАУ-ын Ху нан мужийн Зун Ге барилгын групп компанийн 50 хувийн хөрөнгө оруулалттайгаар дээрх хүмүүс төлөөлөн байгуулсан компани гэж ойлгож байна. С.Саранцэцэг нь 2015 оны өмнөх саруудын үлдэгдэлд 15,000 ам.долларын төлбөрийг 2015 оны 6 сарын 03-ны өдөр төлсөн. Ингэхдээ С.Саранцэцэг 2015 оны 6 сарын 01-ний өдрөөс хойшхи байрны мөнгө төлөхгүй, хөлслөгч Зу Хан Пинг нь өөр хүмүүстэй хамтран ажиллах болсон тул байрны мөнгөө өөрөө төлнө гэдгийг бидэнд амаар мэдэгдсэн. Зу Хан Пинг-д төлбөр барагдуулах мэдэгдэл өгсөн ч гарын үсгээ зурахгүй гэж татгалздаг. Хариуцагч нараас 2015 оны 6 сарын 07-ны өдрөөс 2015 оны 12 сарын 07-ны өдөр хүртэл нийт 7 сарын хөлс 14,000 ам.доллар буюу 27 963 040 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд орон сууц хөлслөн суусны төлбөр 20,000 ам.доллар буюу нийт 44 501 282 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлж байна. С.Саранцэцэг нь 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барсан байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Зу Хан Пинг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие орон сууц хөлслөх гэрээ, тус гэрээний дагуу төлөх төлбөрийн асуудалд ямар ч хамааралгүй. Учир нь Зу Хан Пинг нь "Пропер сити констракшн" ХХК-д ажилладаг бөгөөд уг байранд тус компани байрлан үйл ажиллагаа явуулдаг. Иймд тус компани байрны хөлсийг хариуцан төлөх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал ч өөрөө нэхэмжлэлдээ "Уг орон сууцанд “Пропер сити констракшн” ХХК байрлан үйл ажиллагаа явуулдаг ба орон сууц хөлслөх гэрээнд 2015 оны 2 сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу “Пропер сити констракшн” ХХК байрны хөлсийг төлөхөөр болсон гэж бичжээ. Үүнээс үзэхэд гэрээнд заасны дагуу байрны хөлсийг “Пропер сити констракшн” ХХК төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Ё.Өнөрборгилын гаргасан байрны хөлсний төлбөр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлээс надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Саранцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг нарыг хооронд нь танилцуулан орон сууц хөлслөх гэрээ байгуулахад зуучилсан болно. Тус гэрээг 2013 оны 12 сарын 07-ны өдөр иргэн Ё.Өнөрборгил болон Зу Хан Пинг нар байгуулж, орон сууцны төлбөрийг хөлслөгч тал болох Зу Хан Пинг төлөхөөр үүрэг хүлээсэн байдаг. Миний бие тус гэрээний дагуу аливаа эрх эдэлж, үүрэг хүлээж оролцсон тал биш болно. БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг нь орон сууцны төлбөрөө төлөх боломжгүй байгаагаа илэрхийлэн, санхүүгийн тусламж гуйсан учир миний бие түүний өмнөөс төлөгдөөгүй орон сууц хөлслөх гэрээний төлбөрийн тодорхой хэсгийг төлсөн болно. Миний бие 2015 оны 2 сарын 13-ны өдрийн "гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" гэх гэрээнд гарын үсэг зурахдаа уг баримт бичиг нь дээр дурдсаны дагуу Зу Хан Пингид үзүүлсэн санхүүгийн тусламж буюу орон сууц хөлслөх гэрээний төлбөрөөс миний төлсөн төлбөрийг баталгаажуулж буй баримт бичиг гэж ойлгон гарын үсэг зурсан. Тиймээс миний бие 2013 оны 12 сарын 07-ны өдөр байгуулсан "орон сууц хөлслөх гэрээ" болон 2015 оны 2 сарын 13-ны өдрийн "гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" гэх гэрээний дагуу орон сууцны түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй этгээд биш бөгөөд дээр дурдсан гэрээнүүдийн дагуу орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг төлөх үүрэг бүхий этгээд буюу тус хэргийн хариуцагч нь гагцхүү БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг юм. Иймд хэргийн хариуцагч нь иргэн С.Саранцэцэг миний бие биш байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Ё.Өнөрборгилын нэхэмжлэлтэй Зу Хан Пинг, С.Саранцэцэг, “Пропер сити констракшн” ХХК нарт холбогдох орон сууц хөлслөх гэрээний төлбөр гаргуулах тухай иргэний хэргээс иргэн С.Саранцэцэг надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Пропер сити констракшн” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: С.Саранцэцэг нь Ё.Өнөрборгил, БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг нарыг танилцуулан "орон сууц хөлслөх гэрээ" байгуулахад зуучилсан байдаг. Орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг хөлслөгч тал болох Зу Хан Пинг төлөхөөр үүрэг хүлээсэн байдаг ба “Пропер сити констракшн” ХХК нь тус орон сууц хөлслөх гэрээний дагуу ямар ч эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй болно. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 хэсэгт заасны дагуу орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг хөлслүүлэгч нь зөвхөн хөлслөгчөөс шаардах эрхтэй бөгөөд 2013 оны 12 сарын 07-ны өдөр байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний хөлслөгч тал нь зөвхөн БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг байна. Тиймээс манай компани уг гэрээний дагуу аливаа төлбөрийг үүрэг хүлээхгүй болно. 2015 оны 2 сарын 13-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээний нэмэлт өөрчлөлт нь манай компанийн захирал С.Саранцэцэгийн БНХАУ-ын иргэн Зу Хан Пингийн хүсэлтээр түүнд санхүүгийн тусламж үзүүлж, орон сууц хөлслөх гэрээний төлөгдөөгүй төлбөрийн тодорхой хэсгийг төлснийг баталгаажуулсан баримт бичиг гэж ойлгосон болно. Түүнчлэн тус хөлслүүлж буй байранд зөвхөн БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг өөрийн гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд манай компани уг байранд байрлаж үйл ажиллагаа явуулдаггүй мөн манай компанийн ажилчид тус байранд оршин сууддаггүй болно. БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг нь өөрийгөө манай компанийн хөрөнгө оруулагч болох БНХАУ-ын "Зун гө барилгын групп" ХХК-ийн төлөөлөгч гэж ярьдаг хэдий ч манай компанитай хөдөлмөрийн гэрээ, контракт, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээний аль алийг байгуулаагүй буюу компанитай аливаа байдлаар хамааралтай этгээд биш бөгөөд компани түүний өмнөөс үүрэг хүлээгээгүй болно. Тиймээс орон сууц хөлслөх гэрээний болон уг гэрээтэй холбоотой аливаа төлбөрийг гагцхүү тус орон сууцыг хөлслөн амьдарч буй, орон сууц хөлслөх гэрээний хөлслөгч тал болох БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг төлөх үүрэгтэй буюу тус хэргийн цорын ганц хариуицагч нь Зу Хан Пинг юм. Иймд хэргийн хариуцагч “Пропер сити констракшн” ХХК биш байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу “Пропер сити констракшн” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Саранцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэх албан бичгийг Ё.Өнөборгил дан ганц өөрийн хүсэл зоригийг тусгасан бэлэн загвар дээр нөхөн бичиж түүн дээрээ гарын үсэг зуруулсан. Би уг бичгийг Зу Хан Пингий төлөөгүй төлбөр буюу 2014 оны 8 сараас 2015 оны 2 сар хүртэлхи нийт 6 сарын хугацааны төлбөрийг тодорхой хэсгийг төлнө гэдгийг баталгаажуулж байна ойлгож гарын үсэг зурсан. Ё.Өнөборгилыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар анх удаа өөрийн хүсээгүй зүйлд гарын үсэг зурсанаа ойлгож мэдсэн. Ё.Өнөборгил нь хууль зүйн мэдлэг боловсролтой болох давуу байдлаа ашиглан урдаас бэлтгэсэн, гагцхүү өөрийнхөө хүсэл зоригийг тусгасан, бусдад буруу ойлголт төрүүлэх зорилго агуулсан “гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэх бичигт гарын үсэг зуруулсан. Улмаар орон сууц хөлслөх гэрээний үүрэг шаардаж байгаа нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Иймд 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талууд өөрсдийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, сайн дурын үндсэн дээр байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасантай нийцэх тул гэрээг ямар нэгэн хууль зөрчилгүйгээр байгуулагдсан гэж үзэж байна. Түүнчлэн хэлцэл байгуулагдах үед хэн нэгэн этгээдийн дарамт шахалт, хүч түрэмгийлэл байгаагүй бөгөөд гэрээг байгуулах нь хууран мэхлэх дүр үзүүлэн хийх сэдэл зорилгыг агуулаагүй болно. Мөн сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг миний бие хууль мэргэжилтэй хүн биш. Тиймээс гэрээнд нэмэлт оруулах саналаа энгийн ойлгомжтой байдлаар илэрхийлсэн ба ямар нэгэн агуулга тодорхойгүй, ойлгомжгүй, хоёрдмол утга санаа агуулсан үг, өгүүлбэр хэрэглээгүй буюу эргэлзээтэй тоо баримт, төөрөгдөх зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 101/ШШ2016/05757 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг /Zhu Наnping/-ээс 44.501.280 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.Өнөборгилд олгож, хариуцагч “Пропер сити констракшн” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ё.Өнөборгилоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592.330 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Зу Хан Пингээс 592.330 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.Өнөборгилд олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 1823 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/05757 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч БНХАУ-ын иргэн Зу Хан Пингээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380 460 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1823 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгоход тус хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүхий урьдчилсан нөхцөл байхыг шаарддаг. Нийслэлийн давж заалдах шатны шүүх энэхүү урьдчилсан нөхцөлүүд байхгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг батлахдаа захирамж гаргасныг давж заалдах шатны шүүх буруутгаж, шийдвэр хүчингүй болгох үндэслэл болгосон нь буруу болсон. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй. “Пропер сити констракшн” ХХК-аас О.Цолмонд олгосон итгэмжлэлийг давж заалдах шатны шүүх дуусгавар болсон гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгийг хэрэглэсэн нь буруу болсон. Хуулийн этгээдээс олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.3 дахь хэсэгт зааснаар биш, 67.2.4 дэх хэсэгт зааснаар дуусгавар болох ёстой. Нэхэмжлэгч нь хоёр хариуцагчийн алинаас нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166-д зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг тул буцаахгүйгээр шийдвэрлэх боломжтой байсан. Иймд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 216 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1823 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 101/ШШ2016/05757 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ё.Өнөборгил нь гурван хариуцагч буюу Зу Хан Пинг, С.Саранцэцэг, “Пропер сити констракшн” ХХК-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 44.501.280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Саранцэцэг нас барсан, энэ үндэслэлээр нэхэмжлэгч шүүх хуралдаанд түүнд холбогдох нэхэмжлэлээс татгалзсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах зохицуулалт нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тохиолдолд хамааралтай. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаагүй, гагцхүү хариуцагчаар татагдсан этгээд нас барсан гэсэн үндэслэлээр төлбөрийг гурван хариуцагчаас шаардаж байснаа өөрчилж, хоёр хариуцагчаас шаардсаныг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэхгүй. Энэ утгаар нэхэмжлэгчийн татгалзлыг шүүгчийн захирамжаар бус шийдвэрээр шийдвэрлэх байсан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2 хариуцагчид холбогдуулан гаргасан боловч хариуцагч тус бүрээс хэдий хэмжээний төлбөр шаардаж байгаагаа тодорхойлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бус гэж үзнэ.

Хариуцагч “Пропер сити констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмонгийн гаргасан  “...компанийн гүйцэтгэх захирал С.Саранцэцэг нас барсан тул эрх залгамжлан авах асуудлыг шийдвэрлэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” тухай хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Хариуцагчийг төлөөлөх этгээдийг томилсон этгээд нас барсан, энэ тохиолдолд О.Цолмон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй эсэх нь тодорхой бус байхад шүүх түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д нийцээгүй гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 1823 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 380.460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                     

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ