Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 577

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Ж.Энх-Амгалан, шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас Х овогт Ч.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808022860617 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Ч.А, Монгол Улсын иргэн, ..............регистрийн дугаартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч Ч.А нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48б-3-12 тоотод Г.А-г зодож хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Ч.А нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48б-3-12 тоотод “...явах гэлээ...” гэх шалтгаанаар Г.А-г зодож, түүний бие махбодод “баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн ташаанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.А шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, хэргийн үйл баримт, зүйл анги, учирсан хохирлын талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

2. Хохирогч Г.А мөрдөн байцаалтад өгсөн: “…би Ч.А-ын гэрт найзтайгаа хамт очсон. Тэгээд намайг оролдоод байхаар нь би уурлаад “одоо явлаа” гээд гарах гэтэл А миний нэг гараараа цээжин дээр, нөгөө гараараа хоолой руу түлхэсэн. Миний гарыг тавиулаад түлхэх үед би ширээ, буйдан хоёрын голоор унасан чинь миний цээжин дээр дэвсээд байсан, өндийгөөд босоод ирсэн чинь миний нүүр лүү баруун гараараа цохисон. Тэгээд намайг хэл амаар доромжилж байснаа өөрийнхөө гар утсыг хана руу савсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10-12 дугаар хуудас),

3. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 5528 дугаартай “Г.А-ийн биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын  нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн ташаанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 20 дугаар хуудас),

4. Шүүгдэгч Ч.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 29 дүгээр хуудас),

5. Шүүгдэгч Ч.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 44 дүгээр хуудас),

6. Шүүгдэгч Ч.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...А гэрээс гарах гэхээр нь би түүнийг гаргахгүй гээд үүдэн дээр зогсоод “явуулахгүй” гэсэн чинь миний хоолой руу түлхэхээр нь би зөрөөд түлхтэл манай гэрийн буйдан, ширээ хоёрын завсраар орж унасан. Би очоод босгох гэтэл “намайг зодлоо” гээд ойртуулахгүй сарваганаад байсан. Миний бодлоор А унах үедээ ширээ мөргөсөн байх. Тэгээд сарваганаад байхаар нь би нэг удаа цээж рүү нь гараараа түлхэж буйдан руу шахаад, дараа нь татаж босгосон. Тэгтэл түүний нүд хавдсан байсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 76 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан өргөн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол, хөнгөн гэмтэл хоёрын хооронд агуулгын зөрүү байхгүй.

Хохирогч Г.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн тул шүүгдэгч Ч.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Мөн хохирогч Г.А-гийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Ч.А-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч Ч.А нь шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийн үйл баримт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүйг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Ч.А нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Залуус хороолол 48б-3-12 тоотод Г.А-г зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, уг ялыг Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газарт эдлүүлэх саналтай байна гэв.

Шүүх шүүгдэгч Ч.А-ыг гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүх улсын яллагчаас гаргасан санал, шүүгдэгчээс гаргасан хүсэлт, бага насны хүүхэдтэй хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн гэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Ч.А-д 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон, түүнийг нийгэмшүүлэх болон цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х овогт Ч.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Ч.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгчид гардуулсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.А-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА