| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2429000000202 |
| Дугаар | 2025/ДШМ/03 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/03
2025 оны 01 сарын 09 өдөр Дугаар 2025/ДШМ/03 Даланзадгад сум
Д.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Г.Цогтмагнай /цахимаар/,
Шүүгдэгч: Д.******* /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг /цахимаар/,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, шүүгдэгч Д.******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Д.*******т холбогдох 2429000000202 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд “Тулга” нэртэй дэлгүүрийн зүүн засмал замд 20 цаг 40 минутад согтуугаар Тоёота приус-30 /Тоуоta prius/ загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,45 хувийн согтолттойгоор жолоодож “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнай нь Д.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх:
Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа хугацааг тоолж,
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
Гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт дөрвөн төрлийн ялын аль нэгийг сонгон авч оногдуулахаар заасан байдаг.
Тус зүйл ангид оногдуулах ялын төрлийн хувьд:
1. Хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
2. Эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх
3. Эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
4. Эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Гэтэл шүүхээс дээр дурдсан хариуцлагын төрлүүдээс хамгийн хүнд буюу хорих ялын төрлийг Д.*******т ямар үндэслэлээр сонгон авч хэрэглэсэн талаар шийдвэртээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шуугчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 2.1.5-д “...эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх үүрэгтэй бөгөөд ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ нь хоорондоо хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх шударга ёсны зарчимд хэрхэн нийцсэн байгааг дүгнэж бичнэ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсгийг дурдахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-3.6 дахь заалтад заасан асуудал бүрийг тухайн дэс дарааллыг баримтлан нэг бүрчлэн дүгнэж бичих ёстой.” гэж зөвлөсөн ба дээрх байдлаар шийдвэрийг бичээгүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж хуульд заасан.
Миний үйлчлүүлэгч Д.*******ын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй байдал, цагдан хорих байранд хоригдсон цагаас эхлэн өөртөө дүгнэлт хийж чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг өөрчлөн, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Цогтцэций сумын төвд ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад цагдаад баригдсан нь үнэн. Миний хувьд дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа.
Өмнө нь 2024 оны 06 дугаар сард согтуугаар машин барьж 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан үедээ дээрх зөрчлийг дахин гаргаснаа ойлгож байна.
Цагдан хорих байранд ороод бүх зүйл миний буруу байсныг ихээр ойлгож эхэлсэн, цаашид архи уухаа больё гэж бодож байна.
Архинаас гарахын тулд өөрийн ухамсар маш чухал болохыг ойлгож байна. Миний буруутай үйлдлээс болж эхнэр маань, ар гэр маань маш их зовж шаналдгийг нь мэдэрч байна. Бас энд байхдаа ном уншин өөрийгөө хөгжүүлж цаашид илүү их хичээж амьдрах ёстой юм байна гэдгийг ойлгож байна.
Иймд надад оногдуулсан 6 сарын хорих ялыг өөрчлөн хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Прокурор Г.Цогтмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Д.*******ын тухайд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Сүүлд гаргасан гэмт хэрэг нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн.
Д.*******ын тухайд сүүлд гэмт хэрэг үйлдэхдээ 2.45 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулаад дөрвөн сар нэг хоногийн дараа дахин ийм өндөр согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон нь түүнд хорих ял оногдуулах үндэслэл болсон.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.*******т оногдуулсан хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.
Шүүгдэгч Д.******* болон түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:
173 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолд хорих ял оногдуулсан атлаа Д.*******ыг цагдан хорьсугай гэдэг үг, үсэг байхгүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба цагдан хорьж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа асуудал эндээс харагдаж байна.
Шүүхийн шийтгэх тогтоолдоо хуульд заасан хэлбэр болон агуулгын шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрт тавигдах хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцэхгүй байгаа тул дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хэрвээ өмгөөлөгчийн гаргаж байгаа дээрх үндэслэлийг хүлээж авахгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн тохиолдолд миний үйлчлүүлэгчид хорих ял шийтгэсэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би цагдан хорих байранд хоригдоод 65 хонож байна. 65 хоногтоо би ном, сонин их уншиж, архи ууж явсан нь их буруу байж гэж гэмшиж байна. Тэгээд цагдан хорих байрнаас гарах нэг удаа боломж олговол би гараад ар гэрийнхэнтэйгээ сайхан амьдраад ажил төрөл хийгээд явна гэдгээ та бүхэндээ амлаж байна.
Анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар шийдэж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч Д.******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг тус сумын Тулга дэлгүүрийн зүүн засмал зам дээр 20 цаг 40 минутад 2,45 хувийн согтолтойгоор тоёота приус 30 загварын 58-49 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүрэг хэрэгжүүлэх зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн тухай зохицуулагч Х.Ууганбаярын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн цагдаагийн газар Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Х.Ууганбаярын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадалгаа, согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/
Д.*******ын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/
Яллагдагч Д.*******ын “Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.*******ыг жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Д.*******ын автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нар нь “шүүгдэгч Д.*******т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг өөрчлөн хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргасан боловч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нь гомдлынхоо агуулгыг өөрчлөн шүүх хуралдаанд “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” гомдлыг гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаас дүгнэхэд давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эрхийг олгосон байна.
Шүүгдэгч Д.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиггүй зэрэг байдлуудыг нь харгалзан үзэж шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн “хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах” тухай давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхээс шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчилж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь шүүгдэгчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шийдвэр шүүх гаргаагүй байхад шүүгдэгч Д.*******ыг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хорьсон болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд “анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш 65 хоног цагдан хорих байранд хоригдож байна” гэх тайлбар болон Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Уулзалтын бичиг олгох тухай” баримт /хавтаст хэргийн 58-р хуудас/-аар тус тус нотлогдож байх ба прокурор нь шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байхад цагдан хорьсон үйлдэлд хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэв.
Хавтаст хэргийн 49-51 дүгээр хуудсанд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ТЭ/144/2024/ШЦТ/173 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан байх боловч тус шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар хуудас нь байхгүй, 6 дугаар хуудсыг 2 удаа хэвлэсэн буюу /1,2,3,4,6,6/ дугаартай хуудсууд хэвлэгдсэн байх тул цаашид шүүх хуралдааны тэмдэглэлийг хавтаст хэрэгт бүрэн гүйцэд хавсаргахыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.*******ын эрх зүйн байдлыг цаашид дахин дордуулахгүй байх, хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх нь зүйтэй байх тул түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан “анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 65 хоногийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанд оруулан тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссанд тооцож шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолын Д.*******т оногдуулсан хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхээс оногдуулсан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж дүгнэв.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.*******т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилсөн тул түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах” тухай давж заалдах гомдлыг хүлээн авч, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/173 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял” гэснийг “520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял” гэж, шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “...хорих ял эдэлж дууссаны дараа хугацааг тоолж” гэснийг “2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцож, түүнийг 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссанд тооцсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Л.УГТАХБАЯР