Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/04   

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 09 өдөр                                            Дугаар 2025/ДШМ/04                                                       Даланзадгад сум

 

 

 

Б.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор: Б.Мөнхдөл,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Володя даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор Б.Мөнхдөлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.*******т холбогдох 2428000000227 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2,45 хувийн согтолттой ******* улсын дугаартай “*******” загварын тээврийн хэрэгсэл жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхдөл нь Б.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 480 (дөрвөн зуун ная) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

   Хэргийн үйл баримтын талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/169 дугаар шийтгэх тогтоол гарах үед өмнөх буюу 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдэлж, шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааны дотор буюу 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлж байсан нь тогтоогдож байгаа боловч тус тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй байсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хэд хэдэн төрлийн үндсэн ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг хэрэглэж нийт эдлэх нэмэгдэл ялыг тогтоогоогүй ба шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоол, мөн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/169 дугаар шийтгэх тогтоолд тус тус эдлүүлэхээр тогтоосон нэмэгдэл ялыг хэрхэн биелүүлэх нь ойлгомжгүй болсон гэж дүгнэж байна.

Энэ нь “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, хууль ёсны зарчимд нийцээгүй шийдвэр болжээ.

Шүүгдэгч Б.******* нь анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас 1 сар 22 хоногийн ялыг биеэр эдэлж, уг ялаас 1 жил 9 сар 6 хоногийн ялыг эдлээгүй болох нь Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02/1168 дугаар албан бичгээр тогтоогдож байхад шүүхээс ийнхүү Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял дээр Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 6 хоногийн ялыг нэмж нэгтгэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын нийт хугацааг 3 жил 9 сар 6 хоногийн хугацаагаар тогтоосон” нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

 

          Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн эсвэл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолд оногдуулсан эдлээгүй үндсэн ялыг нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтооно гэж заасан байгаа.

          Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шүүгдэгчид ял завших нөхцөл байдлыг бүрдүүлсэн байна.

          Анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 126 шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн нэмэгдэл ялаас нэг жил есөн сар зургаан хоногийн ялыг эдгээгүй болох нь шийдвэр гүйцэтгэлээс ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас үлдсэн нэг жил есөн сар зургаан хоногийг нэмж нэгтгэн нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил есөн сар зургаан хоногоор тогтоон нэмэлт өөрчлөлтийг оруулах саналаа дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Б.Мөнхдөлийн бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй болно.

 

         Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2,45 хувийн согтолттойгоор ******* улсын дугаартай “*******” загварын тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),

2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

Цагдаагийн ерөнхий газрын “Жолоодох эрхээ хасуулсан жолоочийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа, мэдээлэл” (хавтаст хэргийн 14 дэх тал),

Физик химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын 001743 дугаартай гэрчилгээ (хавтаст хэргийн 13 дахь тал),

Яллагдагч Б.*******ийн “...Би 2024 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн орчимд жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Гэм буруугийн тал дээр надад маргах зүйл байхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

   Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.*******ийн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

 Хяналтын прокурор Б.Мөнхдөл нь “шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 6 хоногийн ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын нийт хугацааг 3 жил 9 сар 6 хоногийн хугацаагаар тогтоолгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

 

Шүүгдэгч Б.******* урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор түүний тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн үйл баримт тогтоогдож байна. (хавтаст хэргийн 27-31 дэх тал)

 

 Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж зааснаар анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор торгох ял дээр эрх хасах ялыг нэмж оногдуулсан байх тул шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолбол 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эдэлж дуусахаар байна.

 

 Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасныг журамлан шүүгдэгч Б.*******т Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 480 (дөрвөн зуун ная) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүх нэмэгдэл ялыг нэмж нэгтгэх шаардлагагүй, нэмэгдэл ялыг эдлэх хугацааг тодруулан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хяналтын прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/169 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “шүүгдэгч Б.*******ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг” гэснийг “шүүгдэгч Б.*******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

 

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

 

                                                                                           Л.УГТАХБАЯР