Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00092

 

    Булган аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овгийн Гэндэнжамцын Ганхуягт холбогдох эрүүгийн 1715000130076 дугаартай, 163/2018/0087/Э индекстэй хэргийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автомотик цахилгаан холбооны инженер мэргэжилтэй, Булган аймгийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн дарга ажилтай, ам бүл 1, Булган аймгийн Булган суманд байранд оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Ө овогт  Г.Г

Холбогдсон хэргийн талаар:

Г.Г нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өөрийн жолооны курсэд жолооны үнэмлэх авахаар болон ангилал ахиулахаар материалаа бүрдүүлэн өгсөн иргэдийн эрүүл мэндийн хуудсанд Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн их эмч Н.Уянга, нүдний эмч М.Давхарбаяр, мэдрэлийн эмч Д.Цолмон, чих хамар хоолойн эмч С.Рагчаабазар нарын гарын үсгийг дуурайлган зурж хүний хувийн байдлыг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

1715000130076 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Гэрч Ө.Э өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн дарга Баттулга манай өрөөнд эрүүл мэндийн үзлэгийн хуудаснуудыг оруулж өгсөн “би цагдаад мэдэгдсэн байгаа цагдааг ирэхээр нь энэ материалуудыг өгөөрэй” гэж хэлсэн. Би энэ материалыг үзэхэд 33 ширхэг эрүүл мэндийн хуудас байсан. Дээрх хуудсан дээр зурагдсан гарын үсгийг үзэхэд манай эмнэлгийн 5 нарийн мэргэшлийн эмч нарыг гарын үсэг биш байсан. Тэгээд зургийг нь аваад цагдаагаас хүн ирэхээр өгч явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/,

Гэрч М.Д өгсөн:  Г.Г гэх хүн ер нь бол орж ирж байдаг. Гэхдээ олноор нь зурж байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,

Гэрч Д.Б өгсөн:...хамгийн эхлээд өөрөө орж ирээгүй жоохон байж байгаад орж ирсэн. Тэгээд нарийн мэргэшлийн эмч нар гарын үсэг зурсан байсан учраас хэд хэдийг зурж байгаад ажиглаад харсан арай өөр байсан. Тэгээд эмнэлгийн орлогч дарга Энхмаа эмчид өгөөд шалгуул гэж хэлсэн. Энэ үйл явдал нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр болсон. Тэгээд тухайн үед нь шууд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/,

Гэрч Г. өгсөн:...би өөрөө авч явж зуруулаагүй..., жолооны курсын захирал Г.Г гэх хүн материал чинь болчихлоо цээж зургаа аваад ир гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/,

Гэрч Ц.А өгсөн:...Могод суманд байдаг болохоор өөрийн биеэр эрүүл мэндийн хуудсаар авч явж зуруулаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 63 хуудас/,

Гэрч М.Б өгсөн:...тухайн үед завгүй ажилтай байсан. Тэгээд Г.Г захирал өөрөө болгочихсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 68 хуудас/,

Яллагдагч Г.Г өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 13-14 цагийн хооронд би өөрийнхөө ажлын өрөөнд жолооны курст элссэн суралцаж байсан нийт 33 хүний эрүүл мэндийн үзлэгийн хуудсанд нарийн мэргэжлийн эмч нарын гарын үсгийг дуурайлгаж зурсан юм. Эдгээр 33-н хүний эрүүл мэндийн үзлэгийн хуудсанд нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж гарын үсэг зурах ёстой байдаг боловч тухайн үед курст элсэн суралцагчид өөрсдөө аймагт ирж эрүүл мэндийн үзлэгийн хуудсаа зуруулахгүй байсан. Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуультай байсан болохоор курст суралцагч нарын зарим нь хөдөө орон нутгаас ирээгүй, зарим нь ирэх боломжгүй завгүй байсан. Тиймээс би суралцагчдаа хурдан төгсгөх зорилгоор суралцагчдын эрүүл мэндийн үзлэгийн хуудсанд нарийн мэргэжлийн эмч нарын гарын үсгийг гүйцээж дуурайлгаж хуурамчаар зурсан. Тухайн үед 33-н хүний эрүүл мэндийн үзлэгийн хуудасны 10-н эрүүл мэндийн хуудас нь нэг ч эмчийн гарын үсэг зураагүй хоосон байсан. Үлдсэн 23 эрүүл мэндийн үзлэгийн хуудсанд зарим нэг эмчийн гарын үсэг зурагдаагүй орхигдсон байсан. Тэгээд нарийн мэргэжлийн эмчийн гарын үсэг нь зурагдсан байсан эрүүл мэндийн үзлэгийн хуудасыг харж байгаад хоосон орхигдсон байсан эмч нарын гарын үсгийг дуурайлгаж зурсан. Одоо яг ямар ямар суралцагч нарын эрүүл мэндийн үзлэгийн хуудсанд хэн гэдэг нарийн мэргэжлийн эмчийн гарын үсгийг дуурайлгаж зурснаа мэдэхгүй, санахгүй байна. Дуурайлгаж зурсан 33-н хүний эрүүл мэндийн хуудсыг 2017 оны 07-р сарын 04-ний үдээс хойш аймгийн Нэгдсэн эмнэлэгт ерөнхий эмч Баттулгаар гарын үсэг зуруулахаар өгсөн. Тэгээд уг хэрэг дээрээ цагдаагийн байгууллагад одоо шалгагдаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 130 дугаар хуудас/,

Булган аймгийн шүүх шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 031 тоот дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн гарын үсэгнүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Эрүүл мэндийн үзлэгийн хуудас ЭММ-34Б дээр зурагдсан М.Давхарбаяр, Уянга нарын гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн гарын үсэгтэй ерөнхий болон хувийн шинж тэмдэгээрээ тохирохгүй байна. 3. Эрүүл мэндийн үзлэгийн хуудас ЭММ-34Б дээр зурагдсан М.Давхарбаяр, Уянга нарын гарын үсгийг дуурайлган зурсан байна гэх /хх-ийн 93-99 хуудас/,

 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 24 дугаартай Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны дүгнэлтэнд: 1.Шинжилгээнд ирүүлсэн эрүүл мэндийн үзлэгийн хуудсуудад зурагдсан гарын үсгүүд шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинэжлэгдэж буй 23,24 гэж дугаарласан эрүүл мэндийн үзлэгийн хуудасны “Сонсгол” гэсэн мөрөнд зурагдсан гарын үсэг С.Рагчаабазарын гарын үсгийн, “Гэмтэл согог” гэсэн мөрөнд зурагдсан гарын үсэг Олзмөнхийн гарын үсгийн “Мэдрэл” гэсэн мөрөнд зурагдсан гарын үсэг Д.Цолмоны гарын үсгийн загвартай ерөнхий шинж тэмдэгүүд болон хөдөлгөөний хэлбэр, байрлал, тоо, үсэг элементийн харилцан байрлал, чиглэл, зэрэг хувийн онцлаг шинж тэмдэгүүд тохирч байна. 3. Шинжлэгдэж буй 2,3, 10, 11, 12, 14, 22 гэж дугаарласан эрүүл мэндийн үзлэгийн хуудасны “Сонсгол” гэсэн мөрөнд зурагдсан гарын үсгүүд ерөнхий шинж тэмдэг болон хөдөлгөөний хэлбэр, тоо, чиглэл, хувийн онцлог шинж тэмдэгүүдээр 1,5,620,21,4,7,8,9,13,15,16,17,18,19 гэж дугаарласан эрүүл мэндийн үзлэгийн хуудасны “Сонсгол” гэсэн мөрөнд зурагдсан гарын үсгүүд гарын үсгийн бүтцээрээ С.Рагчаабазарын гарын үсгийн загваруудтай, 1-22 гэж дугаарласан эрүүл мэндийн үзлэгийн хуудасны “Гэмтэл, согог” гэсэн мөрөнд зурагдсан гарын үсгүүд ерөнхий шинж тэмдэг болон хөдөлгөөний хэлбэр, тоо, чиглэл зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээр Олзмөнхийн гарын үсгийн загваруудтай 4,7,8,913,15,16,17,18,19 гэж дугаарласан эрүүл мэндийн үзлэгийн хуудасны “Мэдрэл” гэсэн мөрөнд зурагдсан гарын үсгүүд хөдөлгөөний хэлбэр, элементийн зогсолт зэрэг хувийн онцлог шинж тэмдэгүүдээр 1,5,6,20,21,2,3,10,11,12,14,22 гэж дугаарласан эрүүл мэндийн үзлэгийн хуудасны “Мэдрэл” гэсэн мөрөнд зурагдсан гарын үсгүүд гарын үсгийн бүтцээрээ Д.Цолмоны гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэх /хх-ийн 102-104 хуудас/,

Шинжээч Д.Батнасангийн өгсөн: Шинжилгээнд хүргүүлсэн 33 ширхэг “эрүүл мэндийн үзлэгийн хуудсан”-д зурагдсан нарийн мэргэжлийн эмч нарын зурсан гэх гарын үсгүүдэд чичирхийлэлт, зорилгогүй зогсолт, даралт их байх тул Г.Г нь зориуд бичгийн хэвээ өөрчилж зурсан байсан. Иймээс миний гаргасан 017 дугаартай дүгнэлтэнд Ганхуягийн бичвэр тохирохгүй байна гэж дүгнэлтийг гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 124 хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 хуудас/,

Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135 хуудас/,  

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 136-138хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Г нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өөрийн жолооны курсэд жолооны үнэмлэх авахаар болон ангилал ахиулахаар материалаа бүрдүүлэн өгсөн иргэдийн эрүүл мэндийн хуудсанд Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн их эмч Н.Уянга, нүдний эмч М.Давхарбаяр, мэдрэлийн эмч Д.Цолмон, чих хамар хоолойн эмч С.Рагчаабазар нарын гарын үсгийг дуурайлган зурж хүний хувийн байдлыг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.    

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Г... 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 13-14 цагийн хооронд би өөрийнхөө ажлын өрөөнд жолооны курст элссэн суралцаж байсан нийт 33 хүний эрүүл мэндийн үзлэгийн хуудсанд нарийн мэргэжлийн эмч нарын гарын үсгийг дуурайлгаж зурсан гэх, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Энхмаагийн...дээрх хуудсан дээр зурагдсан гарын үсгийг үзэхэд манай эмнэлгийн 5 нарийн мэргэшлийн эмч нарыг гарын үсэг биш байсан гэх, гэрч М.Давхарбаярын... Г.Г гэх хүн ер нь бол орж ирж байдаг. Гэхдээ олноор нь зурж байгаагүй гэх, гэрч Д.Баттулгын...нарийн мэргэшлийн эмч нар гарын үсэг зурсан байсан учраас хэд хэдийг зурж байгаад ажиглаад харсан арай өөр байсан гэх, гэрч Г.Бат-Эрдэнийн...би өөрөө авч явж зуруулаагүй гэх, гэрч Ц.Анхбаярын...өөрийн биеэр эрүүл мэндийн хуудсаар авч явж зуруулаагүй гэх, гэрч М.Батдоржийн...тухайн үед завгүй ажилтай байсан. Тэгээд Г.Г захирал өөрөө болгочихсон байсан гэх мэдүүлэгүүд, Булган аймгийн шүүх шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 031 тоот дүгнэлтээр...Эрүүл мэндийн үзлэгийн хуудас ЭММ-34Б дээр зурагдсан М.Давхарбаяр, Уянга нарын гарын үсгийг дуурайлган зурсан байна гэх, 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 24 дугаартай Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны дүгнэлтээр...4,7,8,913,15,16,17,18,19 гэж дугаарласан эрүүл мэндийн үзлэгийн хуудасны “Мэдрэл” гэсэн мөрөнд зурагдсан гарын үсгүүд хөдөлгөөний хэлбэр, элементийн зогсолт зэрэг хувийн онцлог шинж тэмдэгүүдээр 1,5,6,20,21,2,3,10,11,12,14,22 гэж дугаарласан эрүүл мэндийн үзлэгийн хуудасны “Мэдрэл” гэсэн мөрөнд зурагдсан гарын үсгүүд гарын үсгийн бүтцээрээ Д.Цолмоны гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэх, шинжээч Д.Батнасангийн...нарийн мэргэжлийн эмч нарын зурсан гэх гарын үсгүүдэд чичирхийлэлт, зорилгогүй зогсолт, даралт их байх тул Г.Г нь зориуд бичгийн хэвээ өөрчилж зурсан байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, хуурамч бичиг баримт үйлдсэн талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Хуурамч баримт бичиг үйлдэх гэдэг нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Г нь хуурамч баримт бичиг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Г.Г ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон       

           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Г. Г хуурамч баримт бичиг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай. 

4. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдсугай.

   5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.   

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ж.ДЭЛГЭРМӨРӨН