| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 2328002930004 |
| Дугаар | 2025/ДШМ/01 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 10.1.1, |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/01
Д.*******, Э.******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Д.******* /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Володя, шүүгч Б.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.*******, Э.******* нарт холбогдох 2328002930004 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг ******* гэр хорооллын задгайд байх гэртээ согтууруулах ундааны зүйл уусан үедээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр соёрхол нэртэй архины шилээр Т.*******н толгой болон нүүрний баруун дээд хэсэгт цохиж амь насыг хохироосон,
Шүүгдэгч Э.******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг ******* гэр хорооллын задгайд байх Д.*******ы гэрт согтууруулах ундааны зүйл уусан үедээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Т.*******тэй маргалдан түүний толгой, нүүр, хамар хэсэгт цохин, биед хуйхны дотор салстад цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүү ясны баруун зүүн талын хугарал, дух, баруун хөмсөг, дээд уруул, эрүүний доод хэсэг, эрүүний баруун доод хэсэгт шарх, дух, баруун хацар, баруун чихний дэлбэн, эрүүний баруун доод хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүүр, уруул, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ нь Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овгийн *******-*******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах, шүүгдэгч Боржигон овгийн Энхсайханы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 8 /найм/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар шүүгдэгч Э.*******өд 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 8 /найм/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шүүгдэгч Э.*******өд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхтэй болохыг дурдаж,
Шүүгдэгч Д.*******, Э.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ид 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.*******ы өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ******* ярихдаа 2023-10-10-ны өдрөөс эхлэн ******* ******* талийгаач ******* нартай нийлж архи уусан улмаар 10-р сарын 11, 12 ны өдөр үргэлжүүлэн архи уусан бөгөөд 12-ны өглөө /талийгаач ******* нас барсан харамсалтай хэрэг болсон . Тухайн үед болсон асуудлыг ******* нарийн сайн мэдээгүй бөгөөд өглөө сэрээд харахад өөрөө цусан дээр хэвтээд унтаж байсан ******* гэрийн баруун талд яраглаад хэвтэж байсан тэр үед Жавхлантагс орж ирсэн би энэ хүн яасан юм гэхэд мэдэхгүй гээд хэвтээд өгсөн ******* толгойгоо угаамаар байна гэхэд бид 2 гарч *******гийн гэрээс ус авч ирсэн талийгаач толгойгоо угаасан юм. Би гэрчээр10-р сарын 13-ны өдөр мэдүүлэг өгөхдөө Талийгаач Нэргуйг ******* зодож байхад би *******ийг цохих гээд талийгаачийг 1 цохиод тэгээд юу болсон мэдэхгүй ухаан алдаад тасараад унасан гэж мэдүүлсэн билээ. Соёрхол архины шил хагараагүй байдаг. Яг үнэндээ бол би бол 13-ны өдөр маш их хямарсан урд өдрүүдэд уусан архи сайн гараагүй байсан тэр өглөө ирээд та энэ хүнийг архины шилээр цохисон шүү гэж хэлж байсан юм Тэгээд л архины шилээр 1 цохисон байх гээд л анхны мэдүүлэгээ өгсөн юм. Миний бие олон хоног архи уусан байсан ******* ******* 2 муудалцаад *******г зодож байсаныг муухан санадаг бөгөөд юугаар ч юм намайг цохисон би ухаан алдсан би талийгаачийг цохисон зүйл огт байхгүй надад тэр хүнийг цохих чадал тэнхээ байгаагүй маш их архи уусан босох тамир байгаагүй билээ. Би чинь үнэнээ хэлж байна . Би архины шилээр цохисон бол архины шил хагараагүй нь хачин байгаа юм. Учир нь архины шил хагараагүй байхад хүний биед үхэлд хүргэсэн олон гэмтэл яаж үүсдэг байна гэж ******* ярьж мэдүүлдэг бөгөөд үнэн учрыг олж өгно гэдэгт итгэж энэхүү давах өргөдлийг гаргаж байгаа билээ.
Энэ талаар Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний тевийн 2024-01 29 ний өдрийн 28-р шинжээийн дүгнэлтэнд Талийгаач *******гийн биед ямар ямар гэмтэл учирсаныг тогтоосон бөгөөд тус дүгнэлтийн... 4-т *******н биед баруун чамархай ясны үугаман хагарал ,баруун нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, суурь ясны баруун урд далавч ясны шугаман хугарал дархины эдийн нязралын улмаас нас барсан байна гэсэн 4 гэмтэлийг дүгнэлтэнд гаргасан байгаа билээ.
Тухайн үед болсон байдлын талаар шинжээчийн дүгнэлттэй харьцуулж үзэхэд энэ олон тооны гэмтэл архины шилээр 1 удаа цохиход шил хагараагүй байж хэрхэн яаж үүсч үхэлд хүргэсэн олон гооны гэмтэл үүсгэсэн нь эргэлзээтэй байгаа билээ. ЭХХШТХуулийн 16.3-ын 2-т заасанаар сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн мэдүүлэг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж зааснаар *******ы гэрчээр өгсөн мэдүүлэг нь гэм буруутайг нотлох үндэслэл болохгүй тул ЭХХШТХуулийн 1.15-р зүйлийн 2 т заасныг журамлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг үндэслэн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргиин анхан шийтгэх тогтоолыг хянан үзэж *******д оногдуулсан ял шийтгэл хэргийн асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Ахлах прокурор Б.Болор-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Д.******* нь иргэн Т.*******н толгой нүүрний баруун дээд хэсэгт соёрхол нэртэй архины шилээр цохилж алсан гэмт хэргийг шүүхийн шатанд шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэж байна. Тодруулах юм бол өмгөөлөгч И.Олонмөнхийн гомдолд дурдсан шинжээчийн дүгнэлтүүд зөрөөтэй асуудалд анх анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд зааснаар хэргийг 60 хүртэлх хоногийн хугацаагаар хойшлуулж энэ соёрхол нэртэй архины шилэн дээрх гарын хээ, мөн тухайн шил нь хагараагүй талаарх шинжээчийн дүгнэлтүүдийг гаргасан. Энэ дээр мөрдөн шалгах ажиллагааг хийж байхад тухайн дүгнэлтүүд гарсан байдаг. Тийм учраас хэрэгт гомдолд дурдсан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн гэж үзэж байгаа. Мөн И.Олонмөнх өмгөөлөгч гомдолдоо Д.*******ыг гэрчээр мэдүүлэг өгснөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан гэх утга бүхий гомдол гаргасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад аливаа оролцогчоос авсан мэдүүлэг нь хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой. Гэмт хэргийн үйл баримтын талаар мэдээлэл агуулж байдаг. Хэрэгт хамааралтай. Эх сурвалж нь бодитой, хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээд авсан бол хүлээн зөвшөөрөгдөхүйц байна гэж үзэж байгаа. Д.*******, Э.******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь дангаараа тэдний гэм буруутайд тооцож ял оногдуулах үндэслэл болохгүй ч тэдгээр мэдүүлэгт агуулагдаж байгаа мэдээллийг анхаарч бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж магадлан шинжилж авч үзсэн байдаг. Гэмт хэрэг үйлдсэн байж болох буюу хүн нь тодорхойгүй байгаа үед явуулсан энэ ажиллагаа хууль зөрчөөгүй. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулсан ажиллагаа гэж үзсэн байгаа. Яагаад вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэрч өөрийн болон гэр бүлийн эсрэг мэдүүлэг өгөхгүй авах үүрэгтэй. Мөн 6 дахь хэсэгт заасан гэрч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй гэсэн эрхүүдийг заалтуудыг мэдүүлэг авахаас өмнө тусгайлан танилцуулж гарын үсгийг нь баталгаажуулж авсан. Тийм учраас тусгайлан тайлбарлаж өгсөн өөрийнх эсрэг мэдүүлэг өгөхийг шаардаагүй. Шахалт үзүүлээгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас энэ нотлох баримтын шаардлагыг хангасан гэж үзэж байна. Мөн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Д.******* би цохичихсон юмаа гэж хэлсэн. Э.*******ийг өглөө ирэхэд Д.******* цусан дунд байсан нөхцөл байдлыг харсан Э.*******өөс гэрчийн мэдүүлэг авч Д.*******ы үйлдлийн талаар мөн гэрчлүүлсэн. Д.******* мөн хэргийн талаар мэдүүлэхдээ Э.******* ямар үйлдэл хийснийг тодорхой хэлсэн байдаг. Тэгэхээр харилцан бие биеийнхээ үйлдлийг гэрчээр мэдүүлэхдээ нотолж байхад ямар нотлох баримт биш вэ гэдгийг эрхэм шүүгч нар та бүхэн анхаарч үзнэ үү.
Мөн Д.******* цусан дунд унтаж байсан гэдгийг шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр нотлогдож байна. Шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр амь хохирогч нь гаднын нөлөөгөөр гэмтэл авч улмаар амь насаа хохироосон. Харин өөртөө гэмтэл учруулаагүй болох талаар дүгнэлт болон мэдүүлгүүд авагдсан байдаг. Үүнийг та бүхэн хараарай. Тийм учраас өмгөөлөгчийн гаргаж байгаа хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ гэдэг гомдол нь үндэслэлгүй. Д.*******ы хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн. Түүнд эрүүгийн энэ зүйл хэсэгт зааснаар 8 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шийтгэх тогтоол хуулийн дагуу хууль ёсны гарсан байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Д.*******ы гэм буруутай үйлдэл нь тогтоогдохгүй, эргэлзээтэй байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн ийм тайлбарыг гаргаж байсан. Үүний дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдлоо гаргасан. Шинжээчийн дүгнэлтийн дөрөв дэх хэсэгт заасан үндэслэл нь талийгаач Т.******* баруун чамархайн ясны шугаман хугарал, баруун нүдний дээд хананы цөмөрсөн хугарал, суурь ясны урд далавч ясны шугаман хугарал, тархины эдийн няцралын улмаас нас барсан гэх дүгнэлт гарсан байдаг. Тэгэхээр Д.*******ы архины шилээр цохисноос болж энэ дөрвөн тооны гэмтлийг учруулсан гэж дүгнэж үзэх учир дутагдалтай байгаа юм. Өөрөөр хэлбэл 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр соёрхол нэртэй архины шилээр Т.*******н толгой болон нүүрний баруун хэсэгт цохиж амь насыг нь хохироосон гэж яллах дүгнэлтээ үйлдэж ирүүлсэн байдаг. Гэтэл энэ үйлдэл холбогдлыг соёрхол нэртэй архины шил нь эд мөрийн баримтаар хураагдаж хэрэгт ирсэн. Хагараагүй бүтэн байдаг. Гэтэл талийгаачийн тэр тархинд үүссэн амь насыг нь хохироосон гэх энэ дөрвөн тооны гэмтлийг шууд Д.*******ы үйлдэл холбогдлоос болсон гэж үзэх бусад өөр ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Шил гэдэг чинь юунд ч хүрсэн дороо хагардаг. Гэтэл энэ дөрвөн үхэлд хүргэсэн гэмтлийг Д.******* шууд өөрөө учруулжээ гэж үзэх хууль зүйн үндэслэл бусад нотлох баримтаар нотлогдохгүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шүүхийн шийдвэрээр 8 жил 3 сарын ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байх тул шүүх бүрэлдэхүүн энэ асуудлыг хянан шийдвэрлэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Өмнөговь аймгийн дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолын ял хариуцлага оногдуулсан тогтоох хэсгийн нэгдүгээр заалтыг өөрчилж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Д.*******ы өмгөөлөгч И.Олонмөнхийн гомдолтой холбогдуулаад гомдлын агуулга нь манай үйлчлүүлэгчийн гэрчээр өгсөн мэдүүлгээр үндэслэж хэргийг шийдвэрлэчихсэн. Бусад нотлох баримтаар манай үйлчлүүлэгчийн гэм буруутай эсэх нь тогтоогддоггүй. Эргэлзээтэй байдаг. Ганц гэрчийн мэдүүлгийг үндэслэж манай үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн агуулгаар гомдлоо гаргадаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Д.*******ы гэрчээр өгсөн мэдүүлгээс гадна бусад гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд мөн шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Д.******* нь тухайн хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогддог. Тухайн үйл баримт болсон талаар Д.*******ы гэрчээр мэдүүлэг өгөхдөө эрүүл, саруул ухаантай тухайн хэргийн үйл баримтыг хангалттай мэдэж, ямар нэгэн гаднын нөлөөнд авталгүй, гаднын сүрдүүлэг, дарамтад орсон тохиолдол байхгүй. Өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ тухайн мэдүүлгийг нь өгсөн байдаг. Тийм учраас гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлтэй. Бусад нотлох баримтууд ч мөн давхар энэ хүний гэм бурууг нотолдог. Мөн тухайн үйл баримт болох үед талийгаач, Д.*******. Э.*******, Э.Мөнгөнхүү гэсэн дөрвөн хүн байсан. Тухайн үйл баримт болоход талийгаач болон Э.******* нарын хооронд маргаан болсон хэдий ч тухайн үйл явдалд ямар нэгэн архины шил, ямар нэгэн эд зүйл ашиглаж талийгаачийн бие, эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Архины шилээр цохисон гэдэг үйлдлээ Д.******* хүлээн зөвшөөрч, өөрөө мэдүүлдэг. Тийм учраас Д.*******ы гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг цугларсан нотлох баримтын хүрээнд үнэн зөвөөр шийдвэрлэсэн байгаа учраас өмгөөлөгч И.Олонмөнхийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.******* талийгаач хоёр зодолдох үед би дундуур нь орсон. Намайг юугаар цохиод байсан юм мэдэхгүй. Юмаар хоёр цохисон. Би ухаан алдчихсан байсан. Тэрнээс хойш яасан, юу болсныг би мэдэхгүй байна. Тийм л юм болсон. Юугаар цохиод байсныг би мэдэхгүй байна. Өглөө босоход Э.******* намайг шилээр цохисон гэж хэлсэн. Тэгээд би нээрэн шилээр цохичихсон юм бол уу гэж бодоод шилээр цохисон гээд хэлчихсэн гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг ******* гэр хорооллын задгайд байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр соёрхол нэртэй архины шилээр Т.*******н толгой болон нүүрний баруун дээд хэсэгт цохиж амь насыг хохироосон,
Шүүгдэгч Э.******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг ******* гэр хорооллын задгайд байх Д.*******ы гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Т.*******тэй маргалдан түүний толгой, нүүр, хамар хэсэгт цохин, биед хуйхны дотор салстад цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүү ясны баруун зүүн талын хугарал, дух, баруун хөмсөг, дээд уруул, эрүүний доод хэсэг, эрүүний баруун доод хэсэгт шарх, дух, баруун хацар, баруун чихний дэлбэн, эрүүний баруун доод хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүүр, уруул, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь насанд хүрээгүй гэрч Э.Мөнгөнхүүгийн “...Махлаг ах, чөргөр ах хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэр үед махлаг ах гараа далайгаад чөргөр ахыг чи миний ганц цохилтыг даах юм уу гэж хэлж байсан. Тэр үед махлаг ах нөгөө чөргөр ахын шанаа руу солгой гараараа 1 удаа цохиод авсан. ...******* ах ...чөргөр ахын хамар хэсэгт 2 удаа солгой гараараа цохиж авсан. ...чөргөр ахын нуруу руу 2 удаа өшиглөөд авсан. Махлаг ах гэдэг нь сая гадаа байсан ******* гэдэг ах, чөргөр ах гэдэг нь талийгаачийг хэлж байгаа юм.” /хавтаст хэргийн 71-72, 74 дэх тал/
Гэрч О.ын “...15-16 цагийн үед *******ыг ажилдаа явах юм болов уу гэж бодоод *******ы гэрт ороход ******* нь гэр дотроо цус цэвэрлээд байж байсан ба / ******* / нь дөрвөн хөллөчихсөн байснаа босох гээд босож чадахгүй хоёр тал руугаа ээлжлээд унаад байсан. / ******* / нь надад юм хэлэх гээд хэлж чадахгүй, хэлж байгаа үг нь /ва ва ва ва / гээд байсан. “...Хэн г ийм болгосон талаар сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн ******* гаднаас нэг залуутай орж ирсэн. Тэр залуу зодсон гэж ярьсан. Дараа нь өөрийг нь ажиглаад харахад өөрийнх нь ам цус болсон. Зүүн билүү баруун шанааны дээд хэсэг шалбарсан байсан.” /хавтаст хэргийн 87-89 дэх тал/
Шүүгдэгч Д.*******ы “...Тэр архийг уугаад дуусч байхад *******, талийгаач ******* хоёр маргалдаад би чамд дургүй гэх мэт зүйл яриад байсан. Тэгэхээр нь би *******ийг чимээгүй бай гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гэсэн миний уур хүрээд уугаад дуусч байсан. Соёрхол нэртэй архины шилийг аваад *******ийг цохих гэсэн боловч андуураад талийгаач *******н нүүрний баруун хэсэгт цохиж авсан...” /хавтаст хэргийн 75-80 дахь тал/
Шүүгдэгч Э.*******ийн “...Бид нар юм ярьж сууж байгаад би талийгаач ******* ахтай муудалцсан. Яг юунаас болж муудалцсан талаар санахгүй байна. Би ******* ахтай муудалцаж байгаад ******* ахын хамар руу 2 удаа гараараа цохиж авсан. Тэгээд босч ирээд нуруу хэсэгт нь хоёр удаа тийрсэн. ...Би ******* ахын гэрт ороход ******* ахын гэрт дэвссэн хивс маш их цус болсон байсан. ******* ах гэрийн баруун талын орны наагуур газар хэвтэж байсан. Талийгаач хоолны шкафны хажуугаар нүүр нь бага зэрэг цус болсон байдалтай толгойны баруун талын хэсэг дээр улайж язарсан байсан. Би ******* ахаас энэ яасан юм бэ гэхэд ******* ах цээжээ өндийлгөж хараад би цохьсон юм гэж хэлээд эргээд хэвтсэн...” /хавтаст хэргийн 105-107 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 153 дугаартай “Талийгаач Т.*******н цогцост гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай ясны шугаман хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, суурь ясны баруун урд далавч ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал, хуйхны дотор салстад цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүү ясны баруун зүүн талын хугарал, дух, баруун хөмсөг, дээд уруул, эрүүний доод хэсэг, эрүүний баруун доод хэсэгт шарх, дух, баруун хацар, баруун чихний дэлбэн, эрүүний баруун доод хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүүр, уруул, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл. Талийгаач Т.*******н биед үхэлд нөлөөлөх ямар нэг архаг хууч өвчингүй байна. Талийгаач Т.******* нь баруун чамархай ясны шугаман хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, суурь ясны баруун урд далавч ясны шугаман хугарал, тархины эдийн няцралын улмаас нас барсан байна.” /хавтаст хэргийн 118 дахь тал/,
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 28 дугаартай Талийгаач Т.*******н цогцост хуйхны дотор салстад цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүү ясны баруун зүүн талын хугарал, дух, баруун хөмсөг, дээд уруул, эрүүний доод хэсэг, эрүүний баруун доод хэсэгт шарх, дух, баруун хацар, баруун чихний дэлбэн, эрүүний баруун доод хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүүр, уруул, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Талийгаач Т.*******н биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохилтын үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл. Талийгаач Т.*******н биед баруун чамархай ясны шугаман хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, суурь ясны баруун урд далавч ясны шугаман хугарал, тархины эдийн няцралын улмаас нас барсан байна. Талийгаач Т.*******н биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гадны биетийн цохилтын үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. /хавтаст хэргийн 221 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 8 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.*******өд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгуурлах ял тул тул оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх нь “...Тухайн үед болсон байдлын талаар шинжээчийн дүгнэлттэй харьцуулж үзэхэд энэ олон тооны гэмтэл архины шилээр 1 удаа цохиход шил хагараагүй байж хэрхэн яаж үүсч үхэлд хүргэсэн олон гооны гэмтэл үүсгэсэн нь эргэлзээтэй, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй, Д.*******ы гэрчээр өгсөн мэдүүлэг нь түүний гэм буруутайг нотлох үндэслэл болохгүй тул Д.*******д оногдуулсан ял шийтгэл хэргийн асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурласан дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж тайлбарласан байна.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Д.*******ы цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор тогтов.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн “шүүгдэгч Д.*******ы үйлдлийг үнэн зөв тогтоох” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ы цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА