Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/00350

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/00350

 

 

А.Жавхлангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхайн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00117 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч А.Жавхлангийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Эрдэнэчимэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 487 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Жавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа:

А.Жавхлан нь 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж сарын 15 хувийн хүүтэй, cap бүрийн хүү 300 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үндсэн зээлийн мөнгө болон хүүг хамт төлнө гэж гэрээ байгуулсан. Үүнээс хойш 2014 оны 12 дугаар сард зээлийн хүү болох 3 сарын хүү төлөөд түүнээс хойш мөнгө төлөөгүй. 45 хоногийн хүү 487 000 төгрөг нэхэмжилж байна. Зээл төлөлт нь хавтаст хэрэгт байгаа Хаан банк болон Төрийн банкны төлсөн баримтаар нотлогдож байдаг. Ж.Эрдэнэчимэг зээлийн хүүд 2 889 100 төгрөгийг төлсөн. Анх гэрээ байгуулаад хүү тохиролцохдоо 3 600 000 төгрөг болж байгаа. Түүнээс дутуу 487 000 төгрөг, үүн дээр үндсэн зээлийн төлбөр 2 000 000 төгрөгийн хамт, нийт 2 487 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үндсэн зээл 900 000 төгрөгийг төлсөн гээд байгаа нь үндэслэлгүй. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3 сарын хүү болох 900 000 төгрөгийг бөөнд нь шилжүүлсэн. Энэ нь хавтаст хэргийг 34 дүгээр тал дээр байгаа. 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 173 000 төгрөг төлсөн нь үнэн. Ж.Эрдэнэчимэг 180 000 төгрөгийг төлсөн гээд байгаа 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр А.Жавхланд өгсөн юм биш. А.Жавхлан эргээд 5033156404 гэсэн өөрийнхөө дансанд 90000 төгрөг, 105 000 төгрөг, 180 000 төгрөг шилжүүлснийг хариуцагч өгсөн байгаа нь үндэслэлгүй юм. Ж.Эрдэнэчимэг А.Жавхланд өгсөн болгож харагдуулаад байна. Хаан банкны данснаас Голомт банкны данс руу 230 000 төгрөгийг А.Жавхлан өөрийнхөө данснаас шилжүүлсэн мөнгө байгаа. 100 000 төгрөгийн баримт хавтаст хэргийг 75 дугаар хуудас дээр байгаа. Уг мөнгийг Ж.Эрдэнэчимэг хийгээгүй. Төлөгдсөн баримт бол 2 764 150 төгрөг болж байгаа. Бусад нь давхардаж байгаа. Гэтэл Ж.Эрдэнэчимэг үүнээс гадна 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 105 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 180 000 төгрөг дахин мөнгө авсан. Гэтэл энэ мөнгийг хариуцагч өөрөө төлсөн болгож харагдуулаад байгааг би ойлгохгүй байна. Хариуцагч нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 900 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 173 550 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 221 500 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 229 200 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 230 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 302 500 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 187 500 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 600 000 төгрөг, нийт 2 844 250 төгрөгийн төлсөн. Нэхэмжлэгчийн хүүд 3 600 000 төгрөг төлөх үүргээс уг 2 844 250 төгрөгийг хасч тооцоход 755 750 төгрөгийн хүү үлдэж байгаа ч хүүгээ багасгаж 487 000 төгрөгийн хүү нэхэмжилж байгаа, үндсэн зээл 2 000 000 төгрөг огт төлөгдөөгүй гэж үзэж нэхэмжилж байна. Хариуцагчийн бэлнээр төлсөн гэх 300 000 төгрөг болон 230 000 төгрөг, нөхөрт нь өгсөн гэх 200 000 төгрөг, ээж дүүд өгсөн гэх 187 500 төгрөгийг аваагүй, харин 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн н.Золжаргалын дансанд хийсэн гэх 217 000 төгрөгийг бол хүлээн зөвшөөрч байна. Өөрийнхөө дансанд хийсэн 90000, 105 000, 180 000 төгрөгийн төлөлтүүдийг хасан тооцох үндэслэлгүй. Мөн 900 000 төгрөгийг үндсэн зээлээс хариуцагч хасан тооцон, хүүг тооцож байгаа нь үндэслэлгүй гэв.

 

Хариуцагч Ж.Эрдэнэчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээ байгуулсан дээр маргахгүй. Эргэн төлөлт дээр маргана. Бүхэлдээ үндэслэл байхгүй. Нотлох баримтыг шүүхийн журмаар хангалттай бүрдүүлсэн. Товч хэлэхэд уг төлөлтийг Төрийн банк, Хаан банк, Голомт банк гээд 3 банкны дансаар хийсэн байдаг. Үүнээс гадна 5 удаа бэлнээр төлсөн байгаа. Энэ талаар тодорхой тайлбарлаад нэмэлт тайлбар гаргасан. А.Жавхлангийн Төрийн банкны дансанд 11 удаагийн гүйлгээгээр 2 785 700 төгрөгийн төлөлт хийсэн. Хавтаст хэргийн 34-48 дугаар хуудаст байгаа. Мөнгийг нийт 11 гүйлгээгээр хийсэн нь нотлогдож байгаа. Хаан банкны дансанд 2 удаагийн гүйлгээгээр 384 760 төгрөг хийсэн. Энэ нь хавтаст хэргийг 60, 65 дугаар хуудсанд байгаа 384 760 төгрөг төлсөн. Голомт банкны дансанд 365 000 төгрөг 2 удаагийн үйлдлээр хийсэн. Энэ нь хавтаст хэргийн 65, 98 дугаар талд байгаа. А.Жавхланд бэлнээр 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 300 000 төгрөгийг төлсөн гэдгийг гэрч маань гэрчилнэ. Уг мөнгийг А.Жавхлангийн гэрийн гадаа нь очиж өгсөн байдаг. Иймд 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 300 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 230 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 200 000 төгрөг өгсөн. Үүнийг хариуцагчийн нөхөр нь өгсөн. Хариуцагч 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 217 000 төгрөгийг нэхэмжлэгчийн найз эмэгтэй н.Золжаргал гэдэг хүний данс руу хийсэн. 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 187 500 төгрөгийг А.Жавхлан өөрөө ирж авсан. Ингээд нийт дансаар бус бэлнээр 1 134 500 төгрөгийг төлсөн. Нийт дансаар болон бэлнээр А.Жавхланд нийт 4 669 960 төгрөгийг төлсөн байгаа. Гэтэл хавтаст хэргээс харахад хариуцагч 900 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээлийн төлөлтийг төлсөн. Тиймээс хүү төлөлтийг бага болгох үүднээс үндсэн зээлийн үлдэгдэл 1 100 000 төгрөг болсон. 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 100 000 төгрөгийг өгч үндсэн зээлийн төлөлт 1 000 000 төгрөг болсон. Үүнээс хүү тооцож эхлэх ёстой. 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш сарын хүү 150 000 төгрөгөөр тооцогдож байгаа. Үүнээс 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 8 сарын хугацаа үлдэж байгаа. 8 сарын турш 1 000 000 төгрөгийн хүүг cap бүр 150 000 төгрөг төлөх болсон. Үүнийг 8 сардаа үржүүлээд 1 200 000 төгрөгийн хүү төлнө. Ингээд 1 200 000 төгрөгийн үндсэн зээлийн 1 000 000 төгрөгийг нэмээд 2 200 000 төгрөг болж байгаа. Гэтэл нэхэмжлэгч талаас 4 669 960 төгрөгийг төлчихөөд байхад мөнгө нэхэмжилж байгаа. Үүнээс үндсэн зээлийн 900 000 төгрөг, сүүлд өгсөн 100 000 төгрөг нийлээд үндсэн зээлээс 1 000 000 төгрөгийн төлөлт оруулсан үүнийг хасах ёстой. Хасаад 3 669 960 төгрөг үлдэж байгаа. Үүнээс төлөх ёстой 2 200 000 төгрөгийг хасаад 1 469 960 төгрөгийг илүү төлсөн асуудал байгаа. Тиймээс төлбөрийг хангалттай төлсөн. Тиймээс үндсэн зээл болон түүний хүүг илүү давуулаад төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Эрдэнэчимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 487 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 1 625 240 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч А.Жавхланд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 861 760 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ж.Эрдэнчимэгээс 40954 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч А.Жавхланд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ж.Эрдэнэчимэг түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу давж заалдах гомдолдоо: ..Талууд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж 2 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй зээлж, зээлдүүлсэн байдаг ба Ж.Эрдэнэчимэг нь А.Жавхлангийн Хаан, Төрийн, Голомт банкны дансанд миний төлсөн төлбөрүүдийг нэгтгэж үзвэл дараах төлбөрийг төлсөн байна. А.Жавхлангийн Төрийн банканд 2 785 700 төгрөг, Хаан банканд 384 760 төгрөг, Голомт банканд 365 000 төгрөг, Баримт үйлдэлгүй бэлнээр 1 134 500 төгрөг, нийт 4 669 960 төгрөгийг төлсөн. Энэ талаар шүүхэд дэлгэрэнгүй тайлбарыг бичгээр гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан. Ж.Эрдэнэчимэг нь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний дагуу эхний сарын буюу 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хүү болох 300 000 төгрөгийн төлөлтийг 2014 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр төлөх юм. Ингээд эхний сарын хүүгийн төлөлт болох 300 000 төгрөгнөөс 220 000 төгрөгийг Ж.Эрдэнэчимэг нь өөрийн найз М.Ганцэцэгийн хамт явж А.Жавхланд баримт үйлдэлгүй бэлнээр төлсөн байдаг ба энэ талаарх хариуцагчийн тайлбарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцсон М.Ганцэцэг давхар нотолдог юм. Тийм ч учраас анхан шатны шүүх эхний сарын буюу 2014 оны 11 дүгээр сарын хүүгийн төлөлтөөс 220 000 төгрөгийг төлбөрийг төлөгдсөн гэж үзсэн. Ингээд хоёр дахь удаагийн хүүгийн төлөлт хийх 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болохоос өмнө буюу 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ж.Эрдэнэчимэг нь цаашид тооцогдох хүүгийн хэмжээг багасгах зорилгоор үндсэн зээлээс 900 000 төгрөгийг төлсөн байдаг ба төлбөрийн баримтыг эх хувиар нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Үлдсэн үндсэн зээлийн 1 000 000 төгрөгтэй нийлээд нийт 2 500 000 төгрөг төлөх ёстой ч А.Жавхлангийн шаардсанаар нийт 4 669 960 төгрөг төлсөн байдаг ба үүнээс дээр дурьдсан үндсэн зээлийн төлбөрт төлсөн 900 000 төгрөг, мөн 100 000 төгрөгийн төлөлт болох 1 000 000 төгрөгийг хасч нийт төлөх ёстой үлдэгдэл болох 2 500 000 төгрөгнөөс 1 469 960 төгрөг илүү буюу 3 669 960 төгрөгийг төлсөн байна. Ж.Эрдэнэчимэгийн төлсөн төлбөрүүдийн цаг хугацаа, гүйлгээний утга, хүү гэж төлсөн төлбөрийн хэмжээ хэрхэн өөрчлөгдөж төлөгдөж байсан зэрэг үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт хийлгүй зөвхөн нийт төлсөн мөнгийг нийтэд нь нийт төлөх ёстой гэж дүгнэсэн 5 600 000 төгрөгнөөс хасч тооцсон нь учир дутагдалтай юм. Шүүх 2014 оны 11 дүгээр сарын хүүнд 220 000 төгрөг төлөгдсөн гэж үзсэн юм бол 2015 оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хүү болох 300 000 төгрөгийн төлбөр хийх хугацаа болоогүй байхад буюу 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хийсэн 900 000 төгрөгийн төлбөр нь өмнөх хугацааны хүү байх ямар ч боломжгүй байхад хүүнд төлсөн мэтээр дүгнэснээс болж цаашид үлдсэн хугацааны хүүг cap бүрийн 300 000 төгрөгөөр бодож шийдэхэд хүрсэн байна. Иймд дээр дурдсанаар 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 900 000 төгрөгийн төлөлтийг үндсэн зээлийн төлбөрт тооцон улмаар Ж.Эрдэнэчимэгийн төлсөн төлбөр нь зээлийн болон түүний хүүг бүрэн төлж барагдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн эрхийн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан байна.

 

Нэхэмжлэгч А.Жавхлан нь хариуцагч Ж.Эрдэнэчимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 487 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч А.Жавхлан нь зээлдэгч Ж.Эрдэнэчимэгт 2 000 000 нэг жилийн хугацаатай, сарын 15 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч А.Жавхлан нь хариуцагч Ж.Эрдэнэчимэгт 2 000 000 төгрөг зээлүүлж талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зохигчид маргаагүй байна.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3 дахь хэсэгт зааснаар зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй.

 

Зээлдэгч Ж.Эрдэнэчимэг нь зээлийн гэрээний үүрэгт нийт 3 537 760 төгрөг төлсөн болох нь Төрийн банкны депозит дансны хуулгаар тогтоогдсон, хариуцагч Ж.Эрдэнэчимэг нь нэхэмжлэгч А.Жавхлангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золбаярын дансанд 217 000 төгрөг хийсэн байх бөгөөд уг мөнгийг нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт нь тооцсон байна.

Мөн хариуцагч Ж.Эрдэнэчимэг нэхэмжлэгч А.Жавхланд 220 000 төгрөг төлсөн болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

 

Анхан шатны шүүх зээлдэгч Ж.Эрдэнэчимэг нь зээлийн гэрээний үүрэгт 5 600 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс дансаар төлсөн 3 537 760 төгрөг, бэлнээр төлсөн 220 000 төгрөг, Г.Золжаргалын дансанд төлсөн 217 000 төгрөгийг нийт гэрээний үүргээс хасч тооцон хариуцагч нь 1 625 240 төрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч А.Жавхлан нь 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 200 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 168 000 төгрөг Төрийн банкаар, 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 168 000 төгрөгийг Хаан банкаар төлсөн, нэхэмжлэгч А.Жавхлангийн Голомт банкны дансанд 365 000 төгрөг төлсөн гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт нийт 4 669 960 төгрөг төлсөн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байгаа боловч уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул түүний давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа Ж.Эрдэнэчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Ц.ИЧИНХОРЛОО