Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00097

 

   Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Дамдингийн Батчулуунд  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815000880084 дугаартай, 163/2018/0081/Э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9 дүгээр багт оршин суух, Зүүнбаян гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.3 дах хэсгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Х овогт Д.Б   

Холбогдсон хэргийн талаар:

     Д.Б нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багт “Мааньт” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэв.

1815000880084 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Ч.Б мэдүүлэхдээ: Би шүлхийн өвчний үеийн устгалын ажлын хэсэгт ажиллаж байх хугацаанд буюу 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдөр Бугат сумын 3-р багийн нутаг “Мааньт” гэх газраас тус сумын 3-р багийн иргэн Дамдин овогтой Д.Б нь хууль бусаар буюу мод бэлтгэх эрхийн бичиггүй түлшний мод бэлтгэн тээвэрлэж яваад саатуулагдсан байсан..., нэг Портер машин мод бэлтгэн тээвэрлэсэн байгаа нь 4м3 түлшний мод бэлтгэн тээвэрлэсэн. Экологи эдийн засгийн үнэлгээ гарахаар учруулсан хохирлыг нэхэмжилнэ. Хохирлоо төлсөн тохиолдол нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч З.Баяраа мэдүүлэхдээ: ..Д.Б надаас миний эзэмшлийн 96-42 ОРО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авна гэж аваад унаж хэрэглэж байсан. Тэрнээс надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,

Гэрч Г.З мэдүүлэхдээ: Булган аймгийн Бугат сумын иргэн Дамдин овогтой Д.Б нь 96-42 ОРО дугаартай тээврийн хэрэгслээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж явахад нь саатуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/,

Гэрч Х.У мэдүүлэхдээ:...би Д.Батчулуун, П.Цэнд-Очир, Ч.Мөнхбаяр гэх нэг ч хүнд мод бэлтгүүлэх эрхийн бичиг өгөөгүй гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,

Гэрч Г.Г мэдүүлэхдээ:...Д.Б гэдэг ах цагаан өнгийн дугаарыг нь мэдэхгүй Портер машинтай мод ачиж яваад саатуулагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,

Гэрч Б.О мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 09-ны өглөө Эрдэнэтээс Бугат сумын 3-р багт байх гэртээ иртэл манай аав Д.Б “аав нь ууланд нэг машин түлшний мод бэлдчихсэн” байгаа эндээс Мөнхтөр, Цэндсүрэн нар мод ачаад Орхон аймаг орох гэж байгаа хамт яваад “морь бариа” гэх газарт саатуулагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

Яллагдагчаар Д.Б өгсөн: Би 2018 оны 2 дугаар сарын 13-ны үед буюу цагаан сарын өмнөхөн Булган аймгийн Бугат сумын 1-р багийн нутаг Мааньт гэх газраас хууль бусаар мод бэлтгээд найз Баяраагийн эзэмшлийн 96-42 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр тээвэрлээд гэрийнхээ гадаа авчирч буулгасан байсан. Тэгээд тэр модоо 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдөр Орхон аймар руу тээвэрлэж цагдаад баригдсан. Би шинэс төрлийн хуурай 1.40 см урттай 40 гаран ширхэг мод бэлтгэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуудас/,

  Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ /хх-ийн 13 хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19 хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол /хх-ийн 24-26 хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-53 хуудас/, нөхөн төлбөр тооцуулах тухай тэмдэглэл /хх-ийн 57 хуудас/, хохирлын баримт /хх-ийн 88 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багт “Мааньт” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Б ...2018 оны 2 дугаар сарын 13-ны үед буюу цагаан сарын өмнөхөн Булган аймгийн Бугат сумын 1-р багийн нутаг Мааньт гэх газраас хууль бусаар мод бэлтгээд найз Баяраагийн эзэмшлийн 96-42 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр тээвэрлээд гэрийнхээ гадаа авчирч буулгасан..., Орхон аймаг руу тээвэрлэж цагдаад баригдсан...шинэс төрлийн хуурай 1.40 см урттай 40 гаран ширхэг мод бэлтгэсэн...гэх, хохирогч Ч.Булган-Эрдэний...иргэн Д.Б нь хууль бусаар буюу мод бэлтгэх эрхийн бичиггүй түлшний мод бэлтгэн тээвэрлэж яваад саатуулагдсан байсан гэх, иргэний нэхэмжлэгч З.Баяраагийн...Д.Б надаас миний эзэмшлийн 96-42 ОРО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авна гэж аваад унаж хэрэглэж байсан...гэх, гэрч Г.Золзаяагийн...иргэн Дамдин овогтой Д.Б нь 96-42 ОРО дугаартай тээврийн хэрэгслээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж явахад нь саатуулсан...гэх, гэрч Х.Ууганбаярын...би...нэг ч хүнд мод бэлтгүүлэх эрхийн бичиг өгөөгүй гэх, гэрч Г.Ган-Соёмбын...Д.Б гэдэг ах цагаан өнгийн дугаарыг нь мэдэхгүй Портер машинтай мод ачиж яваад саатуулагдсан...гэх, гэрч Б.Отгонбилэгийн...манай аав Д.Б “аав нь ууланд нэг машин түлшний мод бэлдчихсэн” байгаа...гэх мэдүүлэгүүд,  гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ /хх-ийн 13 хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19 хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол /хх-ийн 24-26 хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-53 хуудас/, нөхөн төлбөр тооцуулах тухай тэмдэглэл /хх-ийн 57 хуудас/, хохирлын баримт /хх-ийн 88 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг таниулж шинжлэн судлав.

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Б  хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 137655 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 412965 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б  гэмт хэрэг үйлдэж олсон “шинэс” төрлийн 4м урттай 65 ширхэг мод, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 96-42 ОРО улсын дугаартай цагаан өнгийн ачааны “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн эзэмшигч болох Ч овгийн З.Б д буцаан олгохыг тус тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Д.Б  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д.Б хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б  гэмт хэрэг үйлдэж олсон “шинэс” төрлийн 4м урттай 65 ширхэг мод, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулан улсын төсөвт шилжүүлж, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 96-42 ОРО улсын дугаартай цагаан өнгийн ачааны “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн эзэмшигч болох Ч овгийн З.Б-д буцаан олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН