Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/06 

 

 

2025 оны 01 сарын 09 өдөр                                              Дугаар 2025/ДШМ/06                                                        Даланзадгад сум

 

 

 

О.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор Б.Арсланбаатар,

Яллагдагч О.*******,

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Баасандорж /цахим/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/316 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Б.Арсланбаатарын гаргасан эсэргүүцлийг үндэслэн О.*******т холбогдох 2428000030212 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч О.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дэвсгэрт байрлах Цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу талын засмал зам дээр Уаз фургон маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган зорчигч иргэн П.*******ыг мөргөсний улмаас П. ******* нь Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдэж ирээд нас барсан нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, иргэн П.*******ыг мөргөж амь насыг нь хохироож зам тээврийн осол гаргасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Арсланбаатар нь О.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 Яллагдагчийн өмгөөлөгч Б.Баасандоржийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг хангаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Самуу овгийн Оюунцэцэгийн *******т холбогдох 2428000030212 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорын газарт очтол яллагдагч О.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурор Б.Арсланбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

Шүүх шийдвэртээ дараах дүгнэлтийг хийсэн. Үүнд: “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй", 2 дахь хэсэгт "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоох үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ: 1.2-т шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол" прокурорт буцаана гэж хуульчилсан.

Яллагдагч О.*******т холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бодит байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болох гэмт хэрэг гарсан байдал, эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нотолж чадаагүй байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг гарах үед зам, замын байгууламжийн гэрэлтүүлэх хэрэгсэл болох гэрлийн шон байх атлаа тухайн нөхцөлд гэрэлтүүлэг асах боломж байсан эсэх, гэрэлтүүлэг асаагүй нь ямар шалтгаанаар асаагүй гэх шалтгаан нөхцөлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулсны дараа тус асуудлыг хариуцвал зохих хүн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж татан оролцуулж болох хэдий ч тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг шалгаагүй байх тул

 


шүүх захирамж гаргаж иргэний хариуцагчийг татах боломжгүй юм....” гэжээ.

 

Шүүгчийн захирамжийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

  1. Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Самуу овогт Оюунцэцэгийн ******* /КГ86112013/ нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дэвсгэрт байрлах Цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу талын засмал зам дээр Уаз фургон маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган зорчигч иргэн П.*******ыг мөргөсний улмаас П.******* нь Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдэж ирээд нас барсан нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, иргэн П.*******ыг мөргөж амь насыг нь хохироож зам тээврийн осол гаргасан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******, насанд хүрээгүй гэрч О.*******, гэрч В.*******, У.*******, Б.*******, Ж., Б., Б., Э., Ц., сэжигтэн О.******* нарын мэдүүлэг болон Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймгийн авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Ёндонтүвшингийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын зам цагдаагийн тасгийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан.

2. Шүүхийн шийдвэр үндэслэлгүй талаар:

Шүүх шийдвэртээ “хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг гарах уед зам, замын байгууламжийн гэрэлтүүлэх хэрэгсэл болох гэрлийн шон байх атлаа тухайн нөхцөлд гэрэлтүүлэг асах боломж байсан эсэх, гэрэлтүүлэг асаагүй нь ямар шалтгаанаар асаагүй гэх шалтгаан нөхцөлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулсны дараа тус асуудлыг хариуцвал зохих хүн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой. ...” хэмээн дүгнэсэн.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн "Нэг. Нийтлэг үндэслэл”-ийн 1.2.41-т: "үзэгдэлт хангалтгүй нөхцөл” гэж байгалийн үзэгдэл (цас, бороо, манан, шуурга гэх мэт) болон замд утаа, тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 м-ийн дотор зам харагдахгүй болсон нөхцөлийг; 1.2.42-т: "үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөл" гэж байгалийн тогтоц, газрын тэгш бус байдал, замын нугачаа, инженерийн болон ногоон байгууламж, барилга, объект, түүнчлэн тээврийн хэрэгсэлд замын дагуух үзэгдэх орчин халхлагдсан байдлыг;" 1.2.43-т: "харанхуй үе" гэж үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэлх хугацааг;" "Арван хоёр”-ын 12.2-т: "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэж заасан.

Мөн дүрмийн "Гурав"-ын 3.4а-д "Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно" гэж тус тус заасан бөгөөд жолооч О.*******ын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж осол гаргасан гэм буруутай үйлдэл нь замын гэрэлтүүлэг ассан эсэхтэй холбоогүй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон болно.

Өмнөговь аймгийн авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай “...1.41- 14 ӨМА улсын дугаартай тээрийн хэрэгсэлд 2023.12.03 өдөр ерөнхий үзлэг хийхэд илт эвдэрсэн зүйл ажиглагдсангүй.”, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын зам цагдаагийн тасгийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, иргэн П.*******ыг мөргөж амь насыг нь хохироож зам тээврийн осол гаргасан. ...” гэх дүгнэлт нь яллагдагч О.*******ыг тухайн гэм хэргийг үйлдсэн гэх үйл баримтыг давхар нотолсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагдах бөгөөд прокуророос О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно." гэж заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоосон гэж дүгнэсний үндсэн дээр прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсны улмаас хэргийн бодит байдалд ноцтойгоор нөлөөлөхүйц, хэрэгт хамааралгүй нөхцөл байдлыг шалган тогтоолгохоор дүгнэлт хийсэн нь шүүхээс хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргахад хүргэсэн байна.

  1. Шүүхийн шийдвэрт: “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж татан оролцуулж болох хэдий ч тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг шалгаагүй байх тул шүүх захирамж гаргаж иргэний хариуцагчийг татах боломжгүй...” гэж заасан нь ойлгомжгүй, учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж шүүхэд эрх олгосон хэм хэмжээг хуульчлан зохицуулсан байхад шүүх “иргэний хариуцагчийг татах” ажиллагааг шүүхийн шатанд хийх боломжгүй мэтээр, эсхүл шүүх иргэний хариуцагчийг татахын өмнө хэн нэгэн этгээдийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар нэгэн оролцогчоор шалгасан байх мэтээр дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль хэрэглээний нэгдмэл бодлогыг алдагдуулсан, хууль ёсны бус шийдвэр болсон гэж дүгнэх үндэслэл болж байна.

Шүүхийн гаргасан дээрх хууль хэрэглээний алдаа, зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЭ/316 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

 

   Прокурор Б.Арсланбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүх захирамж гаргана гэж шүүхэд эрх олгосон хэм, хэмжээг хуульчлан зохицуулсан байхад шүүх иргэний хариуцагчаар татах ажиллагааг шүүхийн шатанд хийх боломжгүй мэтээр эсхүл шүүх иргэний хариуцагчийг татахын өмнө хэн нэгэн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар нэгэн оролцогчоор шалгасан байх мэтээр дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэр хууль хэрэглээний нэгдмэл бодлогыг алдагдуулсан хууль ёсны бус шийдвэр болсон гэж дүгнэсэн. Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 316 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Баасандорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг авч үзэхэд харанхуй гэрэлтүүлэггүй улмаас энэ хэрэг гарчээ. Учир нь тэр хүүхдүүд гэнэт хөндлөнгөөс гарч ирэхийг харанхуй нөхцөлд харах ямар ч боломжгүй. Харин гэрэлтүүлэг байсан бол харах боломжтой байсан. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.4.3-т харанхуй үе гэж үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэлх хугацааг, 12.2-т харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалт байдаг. О.******* нь харанхуй үед тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгон явж байсан учраас осол болох үед зогсоож чадсанаар хөндлөнгөөс гарч ирсэн хүүхдүүдийг дайраагүй. Хэрэв хурдыг хэтрүүлээд тоормос нь барьдаггүй байсан бол үүнээс ч илүү том үр дагавар гарах байсан. Тэр гурван хүүхэд, эмээгийн амь нас гээд гурав, дөрвөн хүний амь нас буюу нэлээн том осол болох байсан. О.******* нь үүнээс урьдчилан сэргийлж чадсан гэж миний хувьд үзэж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн өмгөөлөгч иргэний хариуцагчаар буруутай хуулийн этгээдийг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Үүний дагуу ямар ч арга хэмжээ авч ажиллаагүй. Хариу ч өгөөгүй байдаг. Манай үйлчлүүлэгчийг буруутгаад байгаа нэг үндэслэл нь машины ажлын тоормос ажиллахгүй гэдэг. Ажлын тоормос ажиллаагүйгээс гэмт хэрэг гараагүй. Ажлын тоормос гэж гар тоормосыг ярьдаг. Хөл тоормоснууд бүгдээрээ ажиллаж байсан. Хурдаа тааруулан явж байсан. Бүх л арга хэмжээгээ аваад зогссон. Ажлын тоормос ажиллаагүйгээс гэмт хэрэг гарсан зүйл байхгүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргаад шийдчихвэл иргэний хариуцагчийг тогтоох боломжтой гэж прокурорын зүгээс үзэж байна. Нэгэнт иргэний хариуцагч тогтоох үйл ажиллагаа явагдаагүй юм чинь иргэний хариуцагч яг хэнийг татаж тогтоох нь ойлгомжгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж үлдээж өгнө үү гэсэн санал гаргаж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

Тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс тухайн зам тээврийн осол гарахад зам болон замын байгууламжийн гэрэлтүүлэг асахгүй байсан нөхцөл, мөн тэмдэг, тэмдэглэгээ арилсан, бүдгэрсэн энэ нөхцөл байдал осол гэмтэл гарахад нөлөөлсөн эсэхийг шалган тогтоолгохоор хүсэлт гаргаж байсан. Хэрвээ нөлөөлсөн гэж үзэж байгаа бол холбогдох байгууллагыг иргэний хариуцагчаар татан оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад орон нутгийн удирдлагын зүгээс энэ зам гэрэлтүүлгийг орон нутагт албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, ямар байгууллага хариуцдаг талаар бид нар мэдэхгүй гэсэн мэдүүлэг, тайлбарыг өгсөн байдаг. Үүний дагуу иргэний хариуцагчаас хэн нэгэн этгээдийг татаж оролцуулаагүй. Тухайн хэргийн нөхцөлд хариуцвал зохих этгээд нь тодорхой бус сум орон нутгийн зүгээс бид нарт хүлээлгэж өгөөгүй учраас бид нар хариуцахгүй. Тавьсан байгууллагатай нь холбогдох мэдээлэл байхгүй гэдэг тайлбар мэдүүлгийг өгсөн учраас хэнийг тогтоох нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөлд шүүх хэнийг нь гэж иргэний хариуцагчаар татаж оролцуулах боломжгүй. Тийм учраас хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг тогтоосон нь хэрэгт ач холбогдолтой гэж үзэж хэргийг буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байгаа гэв.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Б.Арсланбаатарын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан. 

 

Яллагдагч О.*******ыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дэвсгэрт байрлах Цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу талын засмал зам дээр Уаз фургон маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн а дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, явган зорчигч иргэн П.*******ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Арсланбаатар нь яллагдагч Н.Ууганбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

   Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагчийн өмгөөлөгч Б.Баасандоржийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан “Гэрэлтүүлэг тавиагүй буруутай байгууллагыг олж тогтоон иргэний хариуцагчаар тогтоох” тухай хүсэлтийг хангаж, “...Хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг гарах үед зам, замын байгууламжийн гэрэлтүүлэх хэрэгсэл болох гэрлийн шон байх атлаа тухайн нөхцөлд гэрэлтүүлэг асах боломж байсан эсэх, гэрэлтүүлэг асаагүй нь ямар шалтгаанаар асаагүй гэх шалтгаан нөхцөлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулсны дараа тус асуудлыг хариуцвал зохих хүн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой ...” гэх үндэслэлээр О.*******т холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурор Б.Арсланбаатар нь шүүгчийн захирамжийг хүчингүй болгох агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан байх тул шүүх иргэний хариуцагчийг татах эрхтэй байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасныг үндэслэн хэрэгт иргэний хариуцагчаар оролцвол зохих этгээдийг тогтоох ажиллагааг шүүхийн гэм буруугийн хуралдаанаас хийлгэх боломжтой, өмгөөлөгч Б.Баасандорж энэ талаарх хүсэлтээ гэм буруугийн хуралдаанаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх байдлаар шийдвэрлүүлэх эрх хуулиар олгогдсон тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хэлэлцүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Эрхэмбаяр нь “Тухайн хэсгийн гэрэлтүүлэг нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 хоногийн өмнөөс асахгүй болсон болохоор би Өмнөд бүсийн цахилгаанчинд мэдэгдээд хаана гэмтэл гарсан талаар тогтооход тухайн хэсэгт байрлах дп-6 гэх хэсэгт цагийн соронзон пускател нь шатсан байсан болохоор Өмнөд бүсийн цахилгаанчнаар Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах төв газар руу нь эвдэрсэн сэлбэг болох соронзон пускателийг захиалуулсан. Тэгээд тухайн сэлбэг нь 2024 оны 01 дүгээр сард ирсэн. Сэлбэг ирэх хооронд тухайн замын гэрэлтүүлэг ажиллаагүй юм” гэсэн мэдүүлэг өгсөн байх ба шүүх нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг  шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан хуулийн агуулгад нийцнэ.

 

 Иймд хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, О.*******т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлж, яллагдагч О.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/316 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, О.*******т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

 

2. Яллагдагч О.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ГЭРЭЛМАА

 

                                  ШҮҮГЧИД                                     Т.ДЭЛГЭРМАА

 

                                                                                         Л.УГТАХБАЯР