| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0425/э |
| Дугаар | 451 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 451
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч П.Нямцэцэг,
өсвөр насны шүүгдэгч О.Г/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Йөншөөбү овгийн Одгэрэлийн Гэрэлзаяад холбогдох эрүүгийн 1711016520371 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Й овгийн О.Г, 2000 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх уулын 6 дугаар гудамжны 660/б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ТА00291504.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч О.Г 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 4-22Б тоотод иргэн Д.Азжаргалын толгойн тус газарт аягаар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч О.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, маш их гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйсан...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Д.Азжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 4-22б тоотод байх гэртээ найз Од, Одгэрэл ах, Одгэрэл ахын найз Нараа нартай архи уусан. Тэгээд Одгэрэл ах Нараа нар гэрээс гараад явсны дараа охин Гэрэлзаяа гэрт ирээд над руу аяга шидээд толгой хагалахаар нь би цагдаа дуудсан. Би Одгэрэл ахыг цохиж зодоогүй, шатнаас унагаагүй. Өөрөө гэрээс гараад явсан. Би Гэрэлзаяатай маргалдсан зүйл байхгүй. Гарыг Гэрэлзаяа зүсэж гэмтээгээгүй. Би өөрөө согтуу байхдаа юманд хөндчихсөн... Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Одгэрэл ахтай хуурай ах дүүсийн холбоотой тийм болохоор гомдол санал байхгүй.” гэжээ /хх-26-28/.
Гэрч П.Одонбаатар мэдүүлэхдээ: “...Нэг хэсэг манараад согтсон байсан. Нэг сэрсэн чинь Азаагийн толгойноос цус гараад шалан дээр нилээн их цус болчихсон байсан. Гэрэлзаяа намайг цохьчихлоо Азаа хэлсэн...” гэжээ /хх-33/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №402 дугаар дүгнэлтэд:
“1.2 Д.Азжаргалын биед зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун сарвуунд өнгөц шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
3.5.6. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4.7. Дээрхи гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
8.9. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
10. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-38/.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-14-17/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-23/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-49-50/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Г 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 4-22Б тоотод иргэн Д.Азжаргалын толгойн тус газарт аягаар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Азжаргал нь “...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Одгэрэл ахтай хуурай ах дүүсийн холбоотой тийм болохоор гомдол санал байхгүй…” гэж мэдүүлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч О.Гэрэлзаяаг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүх өсвөр насны шүүгдэгч О.Г-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ түүний хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал болон түүний хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинзаяагийн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай арга хэмжээг авч шийдвэрлэв.
Хэрэгт хураагдан ирсэн хөх өнгийн будаатай шаазангийн 3 ширхэг хагархайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Й овгийн О.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Г 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай арга хэмжээг авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч О.Г-г хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинзаяад даалгасугай.
4. Шүүгдэгч О.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн будаатай шаазангийн 3 ширхэг хагархайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Гэрэлзаяад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН