| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0259/э |
| Дугаар | 452 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч,
улсын яллагч П.Нямцэцэг,
шүүгдэгч Д.О,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наран эх овгийн Давгасүрэнгийн Ойгонд холбогдох эрүүгийн 1811006500182 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Н овгийн Д,О, 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 35 дугаар гудамж, 428 тоотод оршин суух,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 164 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, регистрийн дугаар ДЭ74111818.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.О нь 2018 оны 3 дүгээр сарын 1-ний өдөр 13:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 20-285 тоотод байх авга ах Н.Гончигсүрэнгийн байшингийн цонхийг хагалан орж Распутин нэртэй архи 1 шил, 0.75 граммын ARKHI бичигтэй архи 1 шил, HANKEY BANNESTER гэсэн 1 шил виски, SUTTER HOME гэсэн 0.75 граммын вино 1 шил, Чонын элэг гэсэн бичигтэй0.35 граммын зэрлэг жимсний шүүс 1 ширхэг, их гарын чүнчигноров хөөрөг 1 ширхэг, ногоон өнгийн дайлан 1 ширхэг, эмэгтэй хүний бор өнгийн бүс 1 ширхэг, цагаан өнгийн anycall маркийн гар утас, бэлэн 25.000 төгрөг зэргийг хулгайлан авч нийт 1.784.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, маш их гэмшиж байна…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Н.Гончигсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед ажилдаа явахаар эхнэр хүүхдийн хамтаар байшингийнхаа хаалгыг цоожлоод Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 20-285 тоотоос гарч явсан. Орой 20 цагийн үед гэртээ иртэл манай 1 давхар тоосгон байшингийн урд талд байрлах унтлагын өрөөний модон цонхны шилийг хагалж хулгайч орж унтлагын өрөөнд байсан. Төмөр ногоон өнгийн сейфнээс хөөрөг, хөөрөгний даалин, мөнгөн тоногтой эмэгтэй хүний суран бүс, цагаан өнгийн марк тодорхойгүй солонгос гар утас, 2 шил архи, 1 шил виски, 1 вино, бэлэн 25.000 төгрөг алдагдсан байсныг миний төрсөн ахын том хүү Ойгон хулгайлан авсан гэж үзэн цагдаа нарын хамтаар олж тогтоон эд зүйлээ хүлээн авсан...” гэжээ /хх-21/.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх5-10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-14/, эд зүйлийн үнэлгээ /хх-52/.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн шинжээчийн 2018 оны 3 дугаарс сарын 15-ны өдрийн №1786 дугаар дүгнэлт:
“1. Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан гутлын зүүн өмсгөлийн шинжилж буй мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн хар гутлын улны зүүн өмсгөлийн мөртэй хээний ерөнхий шинжээрээ хоорондоо тохирч байна.” гэжээ /хх-46-49/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-71/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-67-68/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.О нь 2018 оны 3 дүгээр сарын 1-ний өдөр 13:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 20-285 тоотод байх авга ах Н.Гончигсүрэнгийн байшингийн цонхийг хагалан орж Распутин нэртэй архи 1 шил, 0.75 граммын ARKHI бичигтэй архи 1 шил, HANKEY BANNESTER гэсэн 1 шил виски, SUTTER HOME гэсэн 0.75 граммын вино 1 шил, Чонын элэг гэсэн бичигтэй0.35 граммын зэрлэг жимсний шүүс 1 ширхэг, их гарын чүнчигноров хөөрөг 1 ширхэг, ногоон өнгийн дайлан 1 ширхэг, эмэгтэй хүний бор өнгийн бүс 1 ширхэг, цагаан өнгийн anycall маркийн гар утас, бэлэн 25.000 төгрөг зэргийг хулгайлан авч нийт 1.784.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Гончигсүрэнгийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №1786 дугаар дүгнэлт зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.О-ыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хорих ялын доод хэмжээг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, биечлэн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Н.Гончигсүрэн нь “...алдагдсан эд зүйлээ буцаан авсан. Надад гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.О-ы энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 20 хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцох, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хагас түрүүтэй гутлыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овгийн Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.О-т 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.О-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.О-ы энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 20 хоногийг түүнийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хагас түрүүтэй гутлыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн тамгын газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН