Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 309/ШШ2025/01146

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 309/ШШ2025/01146

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол, 24 дүгээр байрны 2-36 тоотод оршин суух, ******* ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, Матад сум, 3 дугаар багт байрлах, “*******” ХХК-д холбогдох,

 “Зээлийн гэрээний үүрэгт 192,000,000 төгрөг гаргуулах туха й” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

          Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 192,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* овогтой ******* миний бие 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр "*******" ХХК түүний гүйцэтгэх захирал Т.*******тэй “Зээлийн гэрээ" байгуулсан бөгөөд тус гэрээгээр 120,000,000 төгрөгийг нэг сарын арван хувийн хүүтэй, нэг сарын хугацаатайгаар, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцохоор харилцан тохиролцсон. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч тал болох "*******" ХХК нь төлбөрийг Дорнод аймгийн Матад суманд байрлах 5,000 га газар эзэмших эрхээр барагдуулах бөгөөд шилжүүлэн эзэмшүүлэх газрыг " Фактори" ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, зээлдэгч нь " Фактори" ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх 5000 га газрын асуудлыг орон нутгийн удирдлагад танилцуулан 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор шилжүүлэх үүргийн тус тус хүлээсэн.

Гэвч гэрээнд дурдсан эзэмших эрхтэй газар нь өнөөдрийн байдлаар цуцлагдаж, сэргэх боломжгүй болсон тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тодруулбал "*******" ХХК-аас Матад сумын Засаг даргад холбогдуулан Дорнод аймгийн Матад суманд байрлах 15000 га газрыг эзэмшүүлэхээр хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын шүүхэд гаргаж, тус захиргааны хэрэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 09-ний өдрийн магадлал гарч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний үүрэг  биелэх боломжгүй нөхцөлд хүрч байх буюу гэрээнд заасан газрыг "*******" ХХК нь эзэмших эрхгүй, шилжүүлж өгөх боломжгүй болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Т.*******, түүний хүү В.той удаа дараа уулзалт зохион байгуулж байсан бөгөөд хамгийн сүүлд 2023 оны 08 сард уулзсан бөгөөд дахин Дорнод аймгийн Халхгол суманд газар авахаар хөөцөлдөж байгаа бөгөөд газраа авчихвал шилжүүлж өгнө гэсэн. Ингээд Ч.******* миний бие Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан боловч өнөөдрийг хүртэл 5 сар гаран хугацаанд шийдвэрлэгдээгүй, эвлэрэх боломжгүй хэвээр байна.

 Иймээс гэрээнд заасны дагуу талуудын үл шалтгаалах шалтгаанаар газар эзэмших эрхийг гэрээнд заасан хугацаанд " " ХХК-д шилжүүлэх боломжгүй болсон тохиолдолд зээлийн гэрээний эргэн төлөлтийг мөнгөн хөрөнгөөр зээлдүүлэгчийн Хаан банкин дахь дансанд төлж барагдуулах гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д заасан шаардлагыг хангасан байх тул гэрээний үндсэн төлбөрт 120,000,000 төгрөг, зээлийн хүүд 12,000,000 төгрөг, алданги 60,000,000 төгрөг, нийт 192,000,000 төгрөгийг "*******" ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******ын зүгээс шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 120 000 000 төгрөг, алданги 12 000 000 төгрөг, хүүд 60 000 000 төгрөг гаргуулах саналыг гаргасан. ******* болон ******* нарын хувьд хүүтэй мөнгө зээлдүүлэх гэрээ байгуулагдсан байдаг. Зээлийн төлбөрийг төлөгдөхгүй байгаа тохиолдолд Дорнод аймагт байрлах 5000га газраар барагдуулахаар тохирсон. Зээлдэгчийн эзэмшлийн компани буюу “Халх Өрнөл” ХХК-ийн данс руу мөнгийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байдаг. Эзэмших эрхтэй газрыг шилжүүлснээр магадгүй гэрээнд заасан хамтын ажиллагааг явуулаад гэрээнд заасан 120 000 000 төгрөгийг төлөхгүй байх боломжтой талаар тохирсон байсан. Ингэхдээ тухайн газар нь ямарваа нэгэн байдлаар ашиглах боломжгүй болсон тохиолдолд мөнгөн хэлбэрээр төлөхөөр гэрээнд тодорхой заасан. Гэтэл “Халх Өрнөл” ХХК-ийн хувьд тухайн гэрээнд заасан газрын эзэмших эрх цуцлагдсан байна. ******* нь энэ асуудлаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч энэ эрхийг сэргээхгүйгээр шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээр ч гэсэн хянагдсан байгаа. Өнөөдрийн байдлаар шийдвэр нь хүчин төгөлдөр болсон. Shuukh.mn сайтад хүртэл бүрэн байршсан байгаа. Ингээд энэ хугацаанд компанитай удаа дараа уулзалт зохион байгуулсан. Энэ үед ямар нэгэн татгалзал илэрхийлдэггүй байсан. Харин ямар нэгэн шалтаг тоочиж аль болох хугацааг хойшлуулж ирсэн. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хүсэлт гаргасан. Гэвч ажиллагаанд нэг л оролцохгүй байсаар хугацаа алдсан. Тиймээс мөнгөн төлбөрийг шилжүүлэх боломжгүй болсон гэж үзээд анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байгаа. Иймд нийт 192 000 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч “*******” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хариу тайлбартаа: Ч.*******ын нэхэмжлэлийг хүлээж аваад хариу тайлбар гаргаж байна.

1. Ч.*******тай 2020-5-21-нд байгуулсан Зээлийн гэрээ нь хоёр нөхцөлтэй байхаар харилцан тохиролцож байгуулагдсан юм.

Эхний нөхцөл нь: Ч.*******ын гаргасан нэхэмжлэлд дурдагдсан 5000 га газрыг Матад сумын удирдлагад танилцуулан " мийт " ХХК-д Газрын тухай хуулийн дагуу эзэмшүүлэхээр шилжүүлэх асуудлыг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор шийдвэрлэх үүргийг "*******" ХХК гэрээний 3.1.5-д заасны дагуу хүлээх, хэрэв 5000 га газрыг эзэмших эрхийг " мийт " ХХК-д шилжүүлэх боломжгүй болсон тохиолдолд мөн гэрээний 5.3-д заасны дагуу 120 сая төгрөгийн зээлийг олгогдсон өдрөөс нь хойш 1 сарын дотор эргүүлэн төлж уг ажиллагааг дуусгавар болгох

Дараагийн нөхцөл нь: Дээрх зээлийн гэрээний 5.4-т зээлдүүлэгчээс авсан 120 сая төгрөгийн зээлийн хөрөнгийг " мийт " ХХК-ийн 40 хувийг эзэмшигч В.ын ноогдол ашгаас төлж барагдуулна гэж заан харилцан тохиролцож баталгаажуулсан юм Энэ дагуу буюу Зээлийн гэрээний 5.4-д заасан В.ын ноогдол ашгаас суутган авах нөхцөлийг 2020 оны 6 сараас хойш хоёр тал баримтлан өнгөрсөн хугацаанд тасралтгүй ажиллаж ирсэн билээ. Энэ тухай Ч.******* нэхэмжлэлдээ тодорхой дурдаад... В.той ...хамгийн сүүлд 2023 оны 8 сард уулзсан бөгөөд дахин Дорнод аймгийн Халхгол суманд газар эзэмших асуудлаа хөөцөлдөж байна асуудал шийдэгдэхээр Газрын тухай хуулийн дагуу шилжүүлж өгнө... гэсэн ...гэжээ. Тус "*******" ХХК нь уг асуудлыг эхний ээлжинд шийдвэрлүүлж өгөхөөр В.той хамтран ажиллаж байна.

2. Мөн нэхэмжлэлд: Гэрээнд дурдсан "*******" ХХК-ийн Матад суманд эзэмших эрхтэй газар нь өнөөдрийн байдлаар цуцлагдаж сэргэх боломжгүй болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ ...үүнтэй саналгүй байна Матад сумын удирдлагын Үндсэн хууль зөрчсөн хууль бус үйлдлийг холбогдох газраар нь шалгуулж байгаа бөгөөд үүний зэрэгцээ "*******” ХХК нь Ч.*******, В. нарын эзэмшиж буй тус " мийт " ХХК болон бусад аж ахуй нэгж байгууллагатай хамтран Халхгол, Чойбалсан зэрэг сумдад хөрөнгө оруулж хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр Монгол Улсын Засгийн газарт хандан зохих дэмжлэг аван ажиллаж байна. Үүнээс үзэхэд бидний ажиллагаа ямар нэгэн мухардалд орж шүүхээр шийдвэрлүүлэх хэмжээнд хүрээгүй болох нь тодорхой байна.

3. Хэдийгээр бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний 2.1.2-д зээлийн зориулалт: зээлийг махны чиглэлийн үхэр, өсгөж үржүүлэх зориулалтаар олгоно ... гэж заасан нь уг гэрээг хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах үндсэн зорилготой болохыг тодорхойлж байна. Үүнээс үзэхэд Ч.******* бид хоёрын хооронд хийгдсэн дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.9-ийн хуулийн этгээдийн үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэх заалтад хамаарахын зэрэгцээ мөн хуулийн 56.1.1, 56.1.2 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэхүү байдал нь биднийг үл ойлголцолд хүргэж шүүхэд хандахад хүргэсэн байна. Иймд гэрээгээ Иргэний хуулийн 57.3-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гарган цуцлуулж цаашид хуульд нийцүүлэн гэрээгээ засварлан байгуулж хамтран ажиллах хүсэлтийг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гарагасан тайлбартаа: *******ын нэхэмжлэлтэй холбоотой асуудал дээр 3 зүйл дээр төвлөрч тайлбар гаргана. Өнөөдөр хэлэлцэж байгаа зээлийн гэрээ гэдэг асуудал нь их буруу замаар явж байна. Энэ бол зээлийн гэрээ огт биш юм. Зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд байгаа мөнгөн төлбөрийн шинжтэй зүйлсийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээдэг. Гэтэл *******ын санаачилж төлөвлөсөн энэ зээлийн гэрээ гэгчид гол агуулга нь махны чиглэлийн үхэр өсгөх, фермерийн аж ахуй өрнүүлэхэд оршино гэж байгаа. Хэрэв зээлийн гэрээ байгуулсан бол талуудын хэн аль нь зөвшөөрсөн байх ёстой. Гэтэл энэ хэргийн материалаас хараад үзэхээр “зээлдэгч, зээлдүүлэгч” нарын дунд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн зүйл байхгүй. *******гийн хувьд гэрээ гэгчийн төслийг авах үед л энэ талаар мэдсэн. Урьд нь огт хөрөнгө оруулалтын талаар мэдээлэлгүй явсан. Гэрээ хийх тухай ******* огт ярьж байгаагүй. “Ааваараа гарын үсэг зуруулаад авч ир” гэж хэлсэн байсан. *******гийн хүсэл зориг энэ гэрээнд огт тусгагдаагүй болох нь бүрэн харагдаж байгаа. од ******* нь хөрөнгө оруулах гэж байсныг ******* огт мэдээгүй. Матад суманд уулзах үедээ гэрээ байгуулах талаар огт яриагүй. Гэрээ байгуулахдаа ******* болон нараас огт санал аваагүй. Ер нь ийм гэрээ хийгдэж байгаа гэдгийг ч мэдээгүй. Хүү нь *******г маш их ятгаж гарын үсэг зуруулсан. Хөрөнгө оруулж байна гэж ойлгож л гарын үсэг зурсан. 120 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Гэхдээ ******* нь нэг ч төгрөгийг авч ашиглаагүй. Тэр чигээр нь од шилжүүлсэн байгаа. Тиймээс энэ гэрээ нь хоёр талын хүсэл зоригоос хамааралтай бус гэрээ болсон. Дараагийн дугаарт энэ гэрээ нь зээлийн гэрээ биш гэдгийг хэлсэн. Тиймээс ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээлгэх боломжгүй юм. *******, нар нь тухайн компанийг хамтран байгуулсан. 60/40 хувиар эзэмшдэг. Энэ компани нь одоо ч өөрсдөө үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ нэхэмжлэл гаргасан талаар ******* нь од огт хэлээгүй. Нэхэмжлэл гаргасны дараа хоорондоо огт уулзаагүй. Нэг компанийн үүсгэн байгуулагч хоёр хүний үл ойлголцлыг хөндлөнгөөс нэг өмгөөлөгч орж ирээд тайлбарлаад байх боломжгүй юм. Шүүх энэ хэргийг авч хэлэлцэх шаардлагагүй. ******* нь ядаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа гэдгээ од мэдэгдээгүй. Хоёулаа нийлж компани байгуулсан бол нүүр нүүрээ харж ярилцаж яагаад болдоггүй юм. Ер нь бол 120 000 000 төгрөгийг аваад фермерийн аж ахуйг эрхлэх гэж хичээсэн. Худаг, хашаа гаргасан. Ажилчдыг авч ажиллуулж эхэлсэн байдаг. Ер нь бол энэ нь компанийн дотоод асуудал л гэж харж байгаа. *******гийн хувьд хариуцлага хүлээх ямар ч боломжгүй. Огт оролцоо байхгүй. Хүсэл зориг байхгүй юм. Өөрийн компанийнхаа дотоод асуудлыг өөрсдөө дотроо шийдвэрлэх ёстой гэв.  

3. Нэхэмжлэгч нэхэмжлэл, түүний үнийн дүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2020.05.21-ний өдрийн зээлийн гэрээ, “*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, шүүх.мн сайтаас татсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.09-ний өдрийн 221/МА2022/0174 дугаартай магадлал, Дорнод аймгийн Матад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдааны 2014.04.14-ний өдрийн 06 дугаартай тогтоолын хуулбар, “*******” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зурагны хуулбар, 2025.02.07-ны өдөр *******д эрх олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Хариуцагч “*******” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариу тайлбараас гадна 2025.09.25-ны өдөр В.од төлөөлөгчийн эрх олгосон 1119 дугаартай итгэмжлэл, 2025.10.08-ны өдөр *******ид төлөөлөгчийн эрх олгосон 0641 дугаартай итгэмжлэлүүдийг гаргаж өгсөн. Нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

5. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр В.ыг гэрчээр асуусан, нэхэмжлэгч талын хүсэлтээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 174 дугаартай магадлалыг нотлох баримтаар гаргуулах ажиллагааг тус тус хийсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ч.******* нь тус шүүхэд хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 120,000,000 төгрөг, хүүд 12,000,000 төгрөг, алданги 60,000,000 төгрөг нийт 192,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон.

Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байгаа үндэслэлээ “...*******гийн хүсэл зориг энэ гэрээнд огт тусгагдаагүй болох нь бүрэн харагдаж байгаа. од ******* нь хөрөнгө оруулах гэж байсныг ******* огт мэдээгүй. Матад суманд уулзах үедээ гэрээ байгуулах талаар огт яриагүй. Гэрээ байгуулахдаа ******* болон нараас огт санал аваагүй. ...Хөрөнгө оруулж байна гэж ойлгож л гарын үсэг зурсан. 120 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Гэхдээ ******* нь нэг ч төгрөгийг авч ашиглаагүй. Тэр чигээр нь од шилжүүлсэн байгаа. Тиймээс энэ гэрээ нь хоёр талын хүсэл зоригоос хамааралтай бус гэрээ болсон. Дараагийн дугаарт энэ гэрээ нь зээлийн гэрээ биш гэдгийг хэлсэн. Тиймээс ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээлгэх боломжгүй юм. *******, нар нь тухайн компанийг хамтран байгуулсан. 60/40 хувиар эзэмшдэг. Энэ компани нь одоо ч өөрсдөө үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ нэхэмжлэл гаргасан талаар ******* нь од огт хэлээгүй...” гэж тайлбарласан.

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1. Нэг талаас Ч.*******, нөгөө талаас зээлдэгч “*******” ХХК-ийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдсан. Уг зээлийн гэрээгээр талууд дараах байдлаар тохиролцжээ. Үүнд:

- 120,000,000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор,

- Зээлийн гэрээний 3.1.5, 3.1.6-д зааснаар зээлдэгч “*******” ХХК нь зээлийн төлбөрийг Дорнод аймгийн Матад суманд байрлах 5000 га газрыг эзэмших эрхээр барагдуулах бөгөөд шилжүүлэн эзэмших газрыг “Монгилиан ” ХХК-ийн нэр дээр 2020 оны 06 дугаар сарын 20-ны дотор шилжүүлэхээр,

- Зээлийн гэрээний 5.3-т зээлдэгч нь энэхүү гэрээний эргэн төлөлтийг Дорнод аймгийн Матад суман дахь 5000 га газраар төлөх ба энэхүү газрын эзэмших эрхийг “Монгол ” ХХК-ийн нэр дээр 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор шилжүүлснээр зээлийг эргэн төлөгдсөнд тооцно. Талуудаас үл шалтгаалах шалтгаанаар газар эзэмших эрхийг гэрээнд заасан хугацаанд “Монгилиан мийт ” ХХК-д шилжүүлэх боломжгүй болсон тохиолдолд зээлийн эргэн төлөлтийг мөнгөн хөрөнгөөр зээлдүүлэгчийн ХААН банк дахь 5023305557 тоот дансанд төлж барагдуулахаар,

 

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 174 дугаартай магадлалд:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, Тариалангийн тухай хууль /2004 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.2.1, 7.2.2, 7.2.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч "*******" ХХК-ийн “ "*******" ХХК-д нөхөн сэргээлт хийж тарималжуулсан газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар 15000 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Матад сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 476 дугаар тогтоолыг үндэслэж Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 53 дугаар зүйлийн 53.5 дахь заалтын дагуу хэрэгжүүлж ажиллахыг Матад сумын Засаг даргад даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ө.Цэвээнсүрэнгийн давж заалдах гомдлыг хангасугай гэжээ.

Талууд дээрх гэрээг байгуулахаар хүсэл зоригоо харилцан илэрхийлэн бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т тус тус заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна. Дээрх гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч тал дээрх гэрээг “Зээлийн гэрээ биш хөрөнгө оруулалтын гэрээ, энэ 120,000,000 төгрөгөөс Т.******* нэг ч төгрөг хэрэглээгүй, түүний хүсэл зориг илэрхийлэгдээгүй” гэж маргадаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Талууд зээлийн гэрээг байгуулахдаа эргэн төлөгдөх нөхцөлийг Дорнод аймгийн Матад суман дахь 5000 га газрын эзэмших эрхийг “ ” ХХК-ийн нэр дээр 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор шилжүүлснээр зээлийг эргэн төлөгдсөнд тооцно. Талуудаас үл шалтгаалах шалтгаанаар газар эзэмших эрхийг гэрээнд заасан хугацаанд “ ” ХХК-д шилжүүлэх боломжгүй болсон тохиолдолд зээлийн эргэн төлөлтийг мөнгөн хөрөнгөөр зээлдүүлэгчид төлнө гэж тохиролцсон ба хариуцагч “*******” ХХК-ийн Дорнод аймгийн Матад сумын нутагт байрлах 15,000 га газрыг эзэмших, ашиглах маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 174 дугаартай магадлалаар эцэслэн шийдвэрлэж, энэхүү зээлийн гэрээг тухайн маргаан бүхий газраар буюу эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болжээ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч “*******” ХХК-аас зээлийн гэрээний үүргийг мөнгөн хөрөнгөөр шаардах нь гэрээний дагуу болно.

          Иймд хариуцагч “*******” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 120,000,000 төгрөг, хүү 12,000,000 төгрөг, алданги 60,000,000 төгрөг, нийт 192,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******ад олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч Ч.*******аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,117,950 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,117,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******ад олгож шийдвэрлэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 зааснаар зээлийн гэрээний үүрэгт 192,000,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Ч.*******ад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.*******ын төлсөн 1,117,950 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,117,950 төгрөгийг нэхэмжлэгч Ч.*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ПАГМА