Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 428

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: И.Сэлэнгэ,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Хохирогчийн төлөөлөгч: Ц.Т, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг,

            Шүүгдэгч: Р.Н, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Р.Нт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803002290172 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Р.Н, 1976 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт ...тоот регистртэй,

Шүүгдэгч Р.Н нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 39 минутын орчим Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 73 дугаар дунд сургуулийн арын замд өөрийн эзэмшлийн Toyota Alphard маркийн 34-40 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч /89 настай, эрэгтэй/ Д.Цийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ерөнхий боловсролын 73 дугаар сургуульд манай хоёрдугаар ангийн хүүхэд явдаг. 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүүхдээ сургуульд нь оруулж өгчихөөд машинаа унаад ухарч байгаад хохирогч Цийг мөргөсөн. Хохирогч Цийг босгож байхад тэнд байсан ломбардны хүн цагдаа, түргэн дуудсан. Тэгээд түргэн, цагдаа ирсэн. Түргэн хохирогчийг авч явахгүй гэхээр нь би такси бариад хохирогч Цийг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Хохирогчийн эмчилгээнд гарсан зардал болох 661.590 төгрөгийг төлсөн” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Ц.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Миний аав 88 настай, гар нь салганаж, хавагнаж байгаа. Эмч уламжлалт эмчилгээ хийлгэ гэж хэлсэн. Сэтгэл санаагаар унасан, хүнд байдалтай байгаа. Хэрэгт баримтаар авагдсан зардлыг шүүгдэгч нөхөн төлсөн. Цаашид сувилалд хэвтүүлж эмчлүүлэх шаардлагатай байгаа тул шүүгдэгчээс 2.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Д.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 12 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 73 дугаар сургуулийн хойд талын гараашийн хажуугаар зүүн тийш явж байхад нэг машин миний ар нуруунаас мөргөх шиг болоод би ухаан алдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15/,

Гэрч Н.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 37 дугаар байранд “9 хуш” нэртэй хүнсний дэлгүүр ажлуулдаг. 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг 40 минутын үед хог асгах гээд гадаа явж байтал нэг хөгшин настай хүн нуруундаа таягаа үүрээд миний өөдөөс алхаж явж байсан ба би хогоо асгаад эргээд харах үед “пид” гээд машин мөргөх шиг чимээ гарахаар нь харсан чинь хар өнгийн автомашин ухарч байгаад нөгөө хөгшин настай хүнийг мөргөсөн байсан ба настай хүн автомашины хойд буфер доогуур хойд хоёр дугуйны хооронд ороод нүүрээрээ доошоо хараад хэвтсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

Шинжээчийн 3643 тоот дүгнэлтэд: “...Д.Цийн биед зүүн бугалга ясны хугарал, баруун гарын 5-р хурууны угийн шивнүүрийн хугарал, хамар ясны хугарал, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дух, баруун хөмсөг, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 26/,

Техникийн шинжээчийн 18/10034 тоот дүгнэлтэд: “...Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад ажлын тоормос болон зогсоолын тоормос бүрэн, тоормосны систем, явах эд анги эвдрэл гэмтэлгүй, гэрэл дохио, салхины шил, шил арчигч, дугуй бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай байна. Автомашины тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ бага зэрэг алдагдсан, зүүн болон баруун гар талын холын гэрлийн тусгалын хэмжээ стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ алдаатай, урд их гэрлийн холын тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байгаа зэрэг эвдрэл, гэмтэл нь ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн байна. Автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ алдаатай, холын гэрлийн тусгалын хүч стандартын хэмжээнд хүрэхгүй байгаа зэрэг гэмтэл нь зам тээврийн осол хэрэгт нөлөөлөхгүй. Тухайн зам тээврийн осол өдрийн 12 цаг 39 минутын орчимд болсон тул гэрэлтүүлэг асаах шаардлагагүй нөхцөл байдал юм. Уг автомашин нь хий-шингэн дамжуулалт ABS бүхий тоормосны системтэй. Тоормосны ABS систем нь хэвийн ажилгаатай байна. Автомашин нь ухрахын камертай тус камер нь хэвийн ажиллагаатай байна” гэсэн дүгнэлт /хх-н 30-33/,

Яллагдагчаар Р.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг 30 минутын үед би өөрийн эзэмшлийн 34-40 УНМ улсын дугаартай TOYATO ALPHARD маркийн автомашиныг жолоодоод Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 73 дугаар сургуульд хүүхдээ оруулж өгчихөөд машинаа жолоодоод баруунаас зүүн тийш ухарч байтал ард хүн мөргүүлэх чимээ гарсан. Би машинаасаа буугаад харахад ард буферны доор нэг настай хүн машинд мөргүүлээд уначихсан байсан. ...Тэгээд түргэн цагдаа ирж тусламж үзүүлсэн. Би хохирогчийг аваад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 2-4/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-н 5-6/, гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 47-55/, хохирлын баримтууд /хх-н 57-60/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Р.Н нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 39 минутын орчим Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 73 дугаар дунд сургуулийн арын замд өөрийн эзэмшлийн Toyota Alphard маркийн 34-40 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас машины ард явган зорчиж явсан явган зорчигч /89 настай, эрэгтэй/ Д.Цийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Цийн: “... Би 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 12 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 73 дугаар сургуулийн хойд талын гражийн хажуугаар зүүн тийш явж байхад нэг машин миний ар нуруунаас мөргөх шиг болоод би ухаан алдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15/, гэрч Н.Бгийн: “... 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг 40 минутын үед хог асгах гээд гадаа явж байтал нэг хөгшин настай хүн нуруундаа таягаа үүрээд миний өөдөөс алхаж явж байсан ба би хогоо асгаад эргээд харах үед “пид” гээд машин мөргөх шиг чимээ гарахаар нь харсан чинь хар өнгийн автомашин ухарч байгаад нөгөө хөгшин настай хүнийг мөргөсөн байсан ба настай хүн автомашины хойд буфер доогуур хойд хоёр дугуйны хооронд ороод нүүрээрээ доошоо хараад хэвтсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19/, шинжээчийн 3643 тоот дүгнэлт, техникийн шинжээчийн 18/10034 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Р.Нийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Р.Нийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Цийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогчийн төлөөлөгч Ц.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс цаашид байнгын асаргаанд байна, сувилалд явж эмчилгээ хийлгэх шаардлагатай тул 2.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хохирогч Д.Ц нь дээрх эмчилгээ, сувилгааг хийлгээгүй байх бөгөөд уг хор уршиг бодитой учраагүй байх тул хохирогчийн төлөөлөгчийн энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч түүний төлөөлөгч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд гарсан нийт 661.500 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Р.Нийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 1.200 нэгж буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч Р.Нийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ялаас доогуур торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад торгуулийн ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Р.Нт шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Р.Нийн 355323 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Р.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Р.Нийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Р.Нт шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч Р.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, уг нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  5. Хохирогч Д.Ц, хохирогчийн төлөөлөгч Ц.Т нар нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6.   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шүүгдэгч Р.Нийн 355323 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Нт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР