Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 25

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан

татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би Б.М “ Увс аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 28-ны өдрийн Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж өгөх тухай“ шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Б.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 276 дугаар тушаалаар “ Дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа”-ны захирлаар томилогдон ажиллах болсон.Ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ хуулийн дагуу гүйцэтгэж ажиллаж байсан бөгөөд алдаа зөрчил гаргаж сахилгын шийтгэл авч байгаагүй болно.Гэтэл Увс аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 28-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар захирлын үүрэгт ажлаас маань чөлөөлсөн. Увс аймгийн Засаг даргын Б/01 дугаар захирамжийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн гэрээг маань цуцалсан.Би ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил болон хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгохоор заасан ноцтой зөрчил гаргаж байгаагүй тул миний хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, үүрэгт ажлаас маань чөлөөлсөн гэж үзэж байна. Б.М  миний бие нь  Увс аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 28-ны өдрийн Б/01 дугаар захирамжийг  2016 оны 04 сарын 21-ний өдөр албан ёсоор гардаж аваад шүүхэд хандаж байна. Иймд Б.М  миний биеийг “ Дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа”-ны захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн Увс аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 28-ны өдрийн Б/01 дугаар захирамжийг  хүчингүй болгож, үүрэгт ажилд маань эгүүлэн томилж өгнө үү " гэжээ.

          Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Дулааны 2-р станц Дулааны шугам сүлжээ “ ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаанд 2016.01.05-ны өдрийн А/25 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан шалгалт хийхэд захирал Б.М холбоотой зөрчлүүд илэрч шалгалтын дүнг аймгийн Засагдаргад танилцуулан, ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэн тус зөвлөл шийдвэрээ гарган Б.М г  ажлаас нь халах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэжээ.

           Нэхэмжлэгч Б.М 2016 оны 07 сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие нь тус шүүхэд Увс аймгийн Засаг даргад холбогдуулан захирамж хүчингүй болгуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие Увс аймгийн Засаг даргатай тохиролцсон тул хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй боллоо. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна “ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Б.М шүүхэд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 28-ны өдрийн Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан “ Дулааны 2-р станц, дулааны шугам сүлжээ” ОНӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн томилж өгөх тухай“ нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

    Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

     Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

      1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Ч овогт Б М Увс аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 28-ны өдрийн Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан “ Дулааны 2-р станц, дулааны шугам сүлжээ” ОНӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн томилж өгөх тухай“ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 , 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                                Д.АЛТАНЦЭЦЭГ