Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2018/0201

 

Р.З-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, А.Бр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0014 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базарын гаргасан давж заалдах гомдлоор, Р.З-н нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн сайдад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0014 дүгээр шийдвэрээр: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Нэхэмжлэгч “ХҮТ” ХХК-ийн захирал Р.З-с Монгол Улсын Сангийн сайдад холбогдуулан “Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр тушаалын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн захирал Р.Зоригтынхөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацааг хугацаанд нь сунгаагүй Сангийн сайдын эс үйлдэхүйхууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Сангийн сайдад даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Өмгөөлөгч А.Б би иргэн Р.З-н нэхэмжлэлтэй Монгол Улсын Сангийн сайдадд холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож буйн хувьд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатнышүүхийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0014 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Р.З нь хариуцагч Монгол Улсын Сангийн сайдад холбогдуулж Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр тушаалын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Р.З-н хөрөнгийн үнэлгээ хийх тусгай өвшөөрлийн хугацааг хугацаанд нь сунгаагүй Сангийн сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Сангийн сайдад даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 01 сарын 05-ны өдөр хэлэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож 128/ШШ2018/0014 дугаар шийдвэрийг гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийг зөрчсөн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал, шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Монголын мэргэшсэн институтийн мэргэжлийн зөвлөлийн 2017 оны дугаар сарын 06-ны өдрийн 01/17 дугаартай тогтоол, МХҮХолбооны удирдах зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар шийдвэрүүд захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хүчин төгөлдөр байна” гэж дүгнэсэн байна. Хэдийгээр нэхэмжлэгчээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эдгээр актуудыг үндэслэлгүй гэж тайлбарлах боловч нэхэмжлэлийн шаардлагад тэдгээрийг цуцлах, хүчингүй болгох талаар дурдаагүй байх тул шүүхээс энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.” гэсэн нь учир дутагдалтай, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал гэж үзэхээр байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжшсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. Гэвч, дээрх албан бичиг нь захиргааны байгууллагын шийдвэр биш бөгөөд зохицуулалт агуулсан шинжгүй тул захиргааны акт биш юм. Иймд тус саналыг хүчингүй болгуулахаар бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй юм. Мэргэшсэн үнэлгээчдийн институт болон хохирол үнэлгээчдийн холбоо гэх ТББ-ууд өөрсдийн гаргасан шийдвэрээ мэдэгдээгүй гомдол гарах талаар юу ч заагдаагүй тул гомдол гаргах боломжгүй гэх тайлбарыг шүүх анхаарч үзсэнгүй.

“... дээрх иргэд болон төрийн бус байгууллагын өргөдөл гомдлыг Мэргэшсэн үнэлгээчдийн нститутийн мэргэжлийн зөвлөлөөс томилогдсон шинжээч нар хянаад 2017 оны 03 дугаар сарын 06-ныөдрийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэн 01/17 дугаартай тогтоол гаргаж “Хөрөнгийн үнэлгээчин Р.З-н хийсэн тайлангууд нь бодитой бус хийгдсэн “гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Сангийн сайдын 144 дүгээр тушаалын 2 дахь хэсгээр “Р.З-н хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасантай нийцсэн” гэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь тушаалын үндэслэл хэсэгт үндэслэл болгосон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан тохиолдлын зөрчлийн алийг нь ч Р.З-т гаргаагүй, дүгнэлт Монголын мэргэжшсэн институдид гишүүнчлэлгүй атал иргэд болон төрийн бус байгууллагын Р.З-д холбогдуулан гаргасан өргөдөл гомдлыг тус байгууллагаар хянуулсан нь ойлгомжгүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлнэ” гэж хуульчилсан бөгөөд Монголын мэргэшсэн институтийн мэргэжлийн зөвлөлөөс томилогдсон гэх нэр бүхий этгээдүүдийн дүгнэлтийг шинжээчийн дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн, дээрх нэр бүхий иргэдээс “ХҮТ” ХХК-ийн захирал Р.З-н хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үнэлгээ бодитой болсны илрэл юм.

Энэ талаар хангалттай нотлох баримт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хэдий ч шүүхээс дүгнэлт хийсэнгүй орхигдууллаа.

Шүүгч шийдвэртээ Сангийн сайдын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа талаарх эсүйлдэхүй нь хууль бус болох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “нэхэмжлэгчийн эрх, ашиг зөрчигдөөгүй” гэж үзээд дүгнэлтээ гаргажээ.

Тусгай зөвшөөрөлд үндэслэл бүхий үйл ажиллагаа явуулдаг субьектын зөвшөөрлийн хугацааг хууль зүйн үндэслэлгүйгээр сунгахгүй байгаа нь миний эрх ашгийг ноцтой хөндөж буй явдал болно.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0014 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад маргаан бүхий тушаалын холбогдох заалтыг дахин шинэ акт гаргах хүртэл тодорхой хугацаагаар түдгэлзүүлж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Р.З-с “Сангийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах, “Хөрөнгийн үнэлгээний төв”-ийн захирал Р.З-н хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацааг хугацаанд нь сунгаагүй Сангийн сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Монголын хохирол үнэлгээчдийн холбооны удирдах зөвлөлийн шийдвэрийг надад мэдэгдээгүй, уг шийдвэрт дурдсан зөрчлүүдийг би гаргаагүй, асуудлыг ул суурьтай шалгахын оронд хэтэрхий хийсвэр, өрөөсгөл байдлаар асуудалд хандаж, хуумгай нотолгооны үндэслэлгүй шийдвэр гаргасны улмаас миний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх зөрчигдөөд байна. Нэр дурдсан төрийн бус байгууллагуудын хууль зөрчсөн үйл ажиллагаанаас болж Сангийн сайдын тушаалаар тусгай зөвшөөрөл хүчингүй болоод байна” хэмээн тайлбарлан маргасан байна. 

Сангийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр тушаалын 2 дахь заалтаар нэхэмжлэгч Р.З-н хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба хариуцагчаас гаргасан шийдвэрийн үндэслэлээ “Р.З-г үнэлгээчний ёс зүйн дүрэм болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хөрөнгийн үнэлгээг бодитой бус хийсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн түүний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон” гэжээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь тохиолдолд хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:”, 24.1.1 /тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;/, 24.1.2 /тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;/, 24.1.3 /үнэлгээчний ёс зүйн дүрэм болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;/, 24.1.4 /тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;/, 24.1.5 /хөрөнгийн үнэлгээг бодитой бус хийсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон;/, 24.1.6 /энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй;/, 24.1.7 /үнэлгээчин гэмт хэрэг үйлдсэн тухай шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон./ гэж заасан байна.

Харин хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага гэж мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага нь үнэлгээчдийг эгнээндээ нэгтгэсэн, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байна”, 25.2 дахь хэсэгт “Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын дэргэд үнэлгээчний мэргэжлийн алдаа гаргасан тухай маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөл, үнэлгээчин ёс зүйн алдаа гаргасан тухай холбогдох этгээдээс ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Ёс зүйн зөвлөл тус тус ажиллана”, 25.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.2-т заасан Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг мөн хуулийн 8.2-т заасан байгууллага батална”, 25.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 25.2-т заасан Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага батална”, 25.5 дахь хэсэгт “Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагатай холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулна” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч болох Сангийн сайд хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор заасан, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага гэсэн статустай төрийн бус байгууллагын дэргэд үнэлгээчдийн мэргэжлийн болон ёс зүйн алдааг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Мэргэжлийн болон Ёс зүйн зөвлөл ажиллаж, уг зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Сангийн сайдын тушаалаар батлахаар хуульчилсан байна.

Хуулийн дээрх заалтын дагуу Сангийн сайдын 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 112 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар “Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам”-ыг баталсан байх бөгөөд уг журмын Гурав-т Мэргэжлийн зөвлөлийн бүрэн эрхийг тодорхойлж, 3.1.6-д “хөрөнгийн үнэлгээний тайлан үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй нь тогтоогдвол түүнийг гаргасан үнэлгээчний тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд өргөн мэдүүлнэ” гэж зааснаас үзэхэд Монголын хохирол үнэлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Сангийн яаманд хүргүүлсэн нь дээрх журамд заасантай нийцэж байгаа эсэх, мөн журмын 5.3-т “Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг хуралдаанд оролцогчдод уншиж сонсгоно. Ингэхдээ тухайн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхийг нь маргааны оролцогч талуудад тайлбарлана” гэж заасан эрхийг нэхэмжлэгч буюу тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж буй этгээдэд олгосон эсэх, 6.2.3-т “Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд өөрийн биеэр оролцох буюу өөрийн төлөөлөгчийг оролцуулах;” 6.3.1-т “Ирүүлсэн гомдол, түүний үндэслэл, магадлагчийн гаргасан дүгнэлт болон мэргэжлийн зөвлөлийн шийдвэртэй танилцах;” 6.3.2-т “Маргаантай холбоотой өөрийн байр суурь, тайлбар, нотлох баримтыг Мэргэжлийн зөвлөлд гаргаж өгөх;” 6.3.3-т “Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд оролцох буюу өөрийн төлөөлөгчийг оролцуулах”-аар тус тус заасан гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд маргааны оролцогч талуудыг оролцох, тайлбар, баримт гаргах боломж олгосон, шийдвэрийг гардуулсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх ба энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “шийдвэрийг мэдээгүй, надад мэдэгдээгүй, Сангийн яамны тушаал, мэдэгдлийн хамт хавсаргаж ирүүлсэн баримтууд дундаас олж үзсэн” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын дэргэд үнэлгээчин ёс зүйн алдаа гаргасан тухай холбогдох этгээдээс ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Ёс зүйн зөвлөл ажиллаж, үнэлгээчин ёс зүйн алдаа гаргасан эсэхийг шийдвэрлэх чиг үүргийг Ёс зүйн зөвлөл хэрэгжүүлэхээр заасан байхад ёс зүй зөрчсөн талаарх дүгнэлтийг Мэргэжлийн хариуцлагын хороо гаргасан нь хуулийн заалтад хэрхэн нийцэж байгаа, түүнчлэн хөрөнгийн үнэлгээ бодитой бус болохыг шинжээч тогтоосны үндсэн дээр Мэргэжлийн байгууллага санал гаргах эсэх, Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг шинжээчийн дүгнэлт гэж үзсэн нь журмын холбогдох заалттай нийцсэн эсэх, Мэргэжлийн хариуцлагын хороо шинжээч томилох эрхтэй субъект мөн эсэхийг шалгаж тогтоосноор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үнэлгээчний ёс зүйн дүрэм болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор заасан байхад нэхэмжлэгч нь удаа дараа зөрчсөн зүйл байхгүй, энэ асуудлыг шалгаж тогтоогоогүй, нэхэмжлэгчийн оролцуулаагүй гэсэн гомдол үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. 

Дүгнэхэд шүүх маргаж буй актын үндэслэл болсон холбогдох байгууллагын шийдвэрүүдийг хянаж шийдвэрлэх боломжгүй тул хариуцагч Сангийн сайд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн эсэх, үнэлгээг бодитой хийгдсэн эсэх, ёс зүйн зөрчил гаргасан эсэх, гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулж, тайлбар нотлох баримт гаргах эрхийг олгосон эсэх, гомдлыг хянан хэлэлцэж гаргасан шийдвэрт гомдол гаргах эрхийг тайлбарласан зэргийг хянан шалгаж тодруулсны дараа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэх асуудлыг дахин шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, захиргааны байгууллагаас шинэ акт гартал маргаж буй актын холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0014 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.3, 24.1.5, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 25.3, 25.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сангийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр тушаалын 2 дахь заалтыгхэргийн нөхцөл байдлыг тодруулж, хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж өөрчилж, Тогтоох хэсэгт 3 дахь заалт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хүчингүй болсонд тооцохыг хариуцагчид мэдэгдсүгэй.” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ