Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ20176/00038

 

“Топ Цонх Шил” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/05122 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1610 дугаар магадлалтай,

“Топ Цонх Шил” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Модун” ХХК-д холбогдох,

58.169.700 төгрөг гаргуулах тухай үндсэн,

98.389.900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Модун” ХХК-ийн захирал Д.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Насанбат өмгөөлөгч А.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Осгон, А.Гангаа, нарийн бичгийн дарга И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч “Топ Цонх Шил” ХХК-ийн захирал С.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани нь  “Модун” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 03-нд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Барилга мега стор” худалдааны төвийн В1 давхрын тусгаарлагч шилэн хана бүхий павилоныг 12 мм-ийн зузаантайгаар хийхээр гэрээ байгуулсан. Уг гэрээний нийт үнэ нь 50.779.800 төгрөг бөгөөд урьдчилгаа 10 хувь буюу 5.000.000 төгрөг, явцад 7.000.000 төгрөгийн төлбөр төлсөн ба үлдэгдэл 38.779.800 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй болно. 1 м.кв шилэн хийцтэй хананы үнэ 74.000 төгрөг, 1 м.кв шилэн хийцтэй хаалганы үнэ 185.000 төгрөг байхаар гэрээгээр тохиролцсон болно. 2013 оны 10 дугаар сарын 29-нд дараах ажлуудыг хүлээлцсэн. Үүнд: шилэн хана 519.17 м.кв, шилэн хаалга 66.93 м.кв, 6 сарын баталгаа өгч улмаар үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохирсон хэдий ч элдэв шалтаг тоочсоор өнөөг хүрсэн болно. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 38.779.800 төгрөг, алданги 19.389.900 төгрөг нийт 58.169.700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Модун” ХХК-ийн захирал Д.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээнд шилэн хийцтэй ханын болон хаалганы тоо хэмжээг заалгүй зөвхөн 1 м.кв-ийн үнийг тодорхойлсон болно. Учир нь ажил хүлээлцэх комисс ажлын чанар, тоо хэмжээ болон гэрээний мөнгөн дүнг тооцож гаргах байсан. Гэтэл “Модун” ХХК-ийг төлөөлөх эрхгүй, удирдлагын ямар ч шийдвэргүй мэргэжлийн бус Б.Энхтуяа гэгчээр ажил хүлээлцэх cap өдөргүй, 50 гаруй сая төгрөгийн актанд гарын үсэг зуруулж нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн байх тул актыг хүлээн зөвшөөрөхгүй. 2013 оны 11 дүгээр сарын 01-ний 290 тоот албан бичгийн төгсгөлд ажлын шаардлага хангаагүй учир манай тал тухайн ажлыг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдье” гэж “Toп цонх шил” ХХК-д хүргүүлсэн болно.

Гэрээний 3.3-т заасан ажил бүрэн дуусаж 2 талын комисс актаар хүлээлцсэний дараа гэсэн нөхцөл биелэгдээгүй, үүрэг гүйцэтгэгч “Toп цонх шил” ХХК-д гэрээний 1.1, 5.6-д зааснаар ажлаа чанартай гүйцэтгээгүй талаар удаа дараа амаар болон 2013 оны 11 дүгээр сарын 01-ний 290 тоот албан бичгээр шаардсан боловч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хүлээн аваагүйгээс захиалагч тал хохирсоор байна. Иймд нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Шилийг буцааж өгөхөд бэлэн. Чанарын шаардлага хангаагүй шилэн павилон байгаа юм. Бид хүлээж авахгүй гэдгээ хэлж байсан. Эдгээр шалтгааны үүднээс ажлыг ашиглалтанд хүлээж авах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “Модун” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ажил гүйцэтгэх гэрээний 1.1-т “...ямар нэг гаж нөлөөгүй болон өнгөгүй, зураас, хортон ороогүй цэвэр шилээр чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх...” гэсэн, 5.6-т  “материалын чанар, сонголтод дээд зэргээр анхаарч захиалагчийн саналыг тухай бүр нь авч хэрэгжүүлнэ” гэсэн заалтуудыг хэрэгжүүлсэнгүй. Гэрээний 3.3 дахь заалт “Ажил бүрэн дуусаж 2 талын комисс хүлээлцсэн...” байх тухай заалтыг үүрэг гүйцэтгэгч тал ажлаа чанаргүй гүйцэтгэснээс хэрэгжүүлэх боломж олдоогүй зэрэг нь дараахь зүйлүүдээр нотлогдоно. Үүнд: 2013 онд ажлаа чанаргүй хийсэн, цаашид энэхүү байдал үргэлжилсээр байсан нь “Toп цонх шил” ХХК-иас хавтаст хэрэгт ирүүлсэн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 046 тоот албан бичигт “... “Модун” ХХК-иас тавьсан шаардлагын дагуу их зурагдсан шилийг сольж засварын ажил хийсэн. Гэвч зураастай шилнүүд үлдсэн” гэж өөрсдийнх нь тодорхойлсноор болон фото зургуудаар нотлогдоно. Захиалагч тал удаа дараа амаар болон 2013 оны 11 дүгээр сарын 01-ний болон 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрүүдийн 290, 208 тоот бичгүүдээр шаардсан боловч биелүүлсэнгүй. 2013 оны 11 дүгээр сарын 01-ний 290 тоот албан бичгийн төгсгөлд “...тухайн ажлыг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдье” гэсэн байна. Үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаа нь манай компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлснөөс гадна захиалагч талд зөвхөн 2013 оны 9 дүгээр сарын 21-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 3 cap 10 хоногт 795 м.кв талбайг бусдад түрээслүүлж чадаагүйгээс 1 м.кв талбайг хамгийн доод ханш 20.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж үзвэл 1 сарын түрээсийн төлбөр 795 м.кв х 20.000=15.900.000 төгрөг буюу 3 cap 10 хоногт нийт 53.000.000 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь 2014, 2015 онуудад үргэлжилсээр байсан ба үүрэг гүйцэтгэгч тал захиалагчийн тавьсан шаардлагыг 2015 оны 9 дүгээр cap хүртэл хэрэгжүүлээгүй хохироосоор байсан учир цаашдаа чанаргүй хийсэн павилонуудыг өөрийн хөрөнгөөр буулгахаас аргагүй болж буулгах, бетон шал засварлах зэрэг ажлуудыг гүйцэтгүүлж 20.000.000 төгрөгийн хохирол учирсан болно. “Toп цонх шил” ХХК-д манай компани маш их итгэл хүлээлгэж итгэж байсан боловч ажлын явцад бидний тавьсан хүсэлт шаардлагыг хүлээж аваагүй, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй хохироосонд нэн их гомдолтой байна. Иймд гэрээний 5.7 дахь заалтаар “...захиалагчид гарсан ямар нэг хохирол учирвал хохирлыг нөхөн төлнө” гэж үүрэг гүйцэтгэгч тал үүрэг хүлээсний дагуу болон мөн гэрээний 6.2 дахь заалтаар алдангийг нэхэмжилж байна. Үүнд: 1. “Toп цонх шил” ХХК-ийн буруутай үйлдлээс алдагдсан түрээсийн бодит орлого 53.000.000 төгрөг,

2.Шилэн хийц буулгахад гарсан зардал 20.000.000 төгрөг,

3.Хугацаанд нь ашиглалтанд өгч чадаагүйн алданги 50.779.800 төгрөгийн 50 хувь болох 25.389.900 төгрөг, бүгд 98.389.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Топ Цонх Шил” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 3 удаа засвар хийсэн гэдэг албан тоот өгсөн байгаа. Саналыг авсан учраас 3 удаа засвар хийсэн. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 46 тоот албан бичиг байгаа. Мөн фото зургуудаар нотлогдоно. Засвар хийсэн зургуудыг манайх хавсаргасан. Хамгийн гол нь ажлыг хүлээж авсан байж төлбөр төлөхгүй байх арга хайгаад байгаа. Одоо хүртэл ашиглаад үйл ажиллагаа явуулж байгаа байж хүлээж аваагүй гээд байгаа. Сөрөг нэхэмжлэлд дурдсан  бодит орлого гэдэг тодорхойгүй байна. Шилэн хийц буулгахад гарсан зардал гэж байна. 2015 он хүртэл ажиллаж байсан байгаа юм. Бүхэл бүтэн 2 жил ажиллаагүй байж байгаад гэнэт буулгасан гэж яриад байгаа нь ойлгомжгүй. Хугацаандаа ашиглалтад өгч чадаагүй гэж байна. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан, иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/05122 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Модун” ХХК-иас 58.169.700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Toп цонх шил” ХХК-д олгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Toп цонх шил” ХХК-иас 2.035.200 төгрөг гаргуулж “Модун” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 96.354.700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2.035.200 төгрөг, хариуцагчаас 58.169.700 төгрөг төлөх үүргүүдийг харилцан тооцож, хариуцагч “Модун” ХХК-иас 56.134.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Toп цонх шил” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 448.850 төгрөг, хариуцагчаас төлсөн 649.899 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Модун” ХХК-иас 448.799 төгрөг гаргуулж “Toп Цонх Шил” ХХК-д, нэхэмжлэгч “Toп Цонх Шил” ХХК-иас 47.513 төгрөг гаргуулж “Модун” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1610 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/05122 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “227 дугаар зүйлийн 227.3” гэснийг хасаж, 2 дахь заалтын “227 дугаар зүйлийн 227.3” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 940.748 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Модун” ХХК-ийн захирал Д.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дугаар сарын 21-ний 1610 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгч нотлох баримтуудыг дутуу үнэлэн, хариуцагч талын хуулийн үндэслэлтэй хүсэлтийг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж манай тал үзэж байна.

Б.Энхтуяа 50.779.800 төгрөгийн хөрөнгийг хүлээн авах эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд “Магадлал”-д “Нөгөө талаар актад гарын үсэг зурсан Б.Энхтуяа нь хариуцагч компанид огт ажилладаггүй этгээд бус эд хөрөнгө хариуцсан ажилтан байх бөгөөд уг актыг хуурамч нотлох баримт гэж үзэх үндэслэл нотлогдоогүй байна” гэсэн нь өмчлөгчийн эрхэнд халдаж, тухайн компанид нярав ажилтай Б.Энхтуяагийн дураар загнасан ёс зүйгүй үйлдэл болох нь илт харагдаж байна. Хэрэгт авагдсан баримт нь ИХШХШ тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 42.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно” гэсэн нь Б.Энхтуяа өөрийн гараар бичсэн бичмэл нотлох баримт мөн эсэх талаар талуудын маргаан үүссэн тул үнэлэх ёстой, хэрэгт хамааралтай баримт гэж үзэж байна. Хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой энэхүү нотлох баримтыг үнэлүүлэх үүднээс Б.Энхтуяаг гэрчээр байцааж шүүх хэргийг үнэн зөвөөр эцэслэн шийдвэрлэх байсан гэж үзэж байна. Мөн Б.Энхтуяагаас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт шүүх хурал дээр хариуцагч тал гаргахад шүүгч татгалзсан нь ИХШХШТХуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 38.6-д заасан заалтыг хэрэгжүүлээ байна.

“Ажил гүйцэтгэгч нь шилэн павильонуудыг Иргэний Хуулийн 343-р зүйлийн 343.3-т зааснаар “Модун” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна” гэснийг зөвшөөрөх боломжгүй. Б.Энхтуяа нь захиалагч талын захирлын зүгээс томилогдсон ажил хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд ороогүй болно. Мөн комисс гэдэг нь бүрэлдэхүүнтэй байх ойлголт учир “Топ цонх шил” ХХК ашиглалтанд хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ. Шилэн хийцүүд нь маш эмзэг бүтээгдэхүүн учир ямар нэг зураас, эмтрэлт хортон бүхий доголдолтой бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Шилний үртэс, зураас, эмтрэлт, цууралт, хортон нь нүд гэмтээх, үсэрхийлэх, арчилгаа цэвэрлэгээний үед уг гэмтсэн хэсгээрээ цуурах, цуурсан хэсгээрээ цаашаа хагарал явагдах, ашиглалтын явцад бараа бүтээгдэхүүнийг түрдэг тэрэг, гар ажиллагаагаар зөөвөрлөх, хураалт буулгалт, өрөлтийн үед доргилт үүсч эвдрэл цууралт, хагарал зэрэг нь үргэлжлэн явагддаг учир хүний эрүүл мэнд төдийгүй ажлын байрны аюулгүй орчны нөхцөл зэрэгт онцгой хор нөлөөтэй болно. Тийм учир шилэн хийцэд монголд төдийгүй олон улсад, стандарт, технологийн өндөр шаардлага тавигддаг билээ.

Мөн гэрээний “Нэг”-ийн 1.1-д зааснаар чанар стандартын талаарх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээ “Топ цонх шил” ХХК 2015 оны 08 дугаар сарын 26-ны 046 дугаартай “Модун” ХХК-д хаягласан албан бичгээрээ “... 3 удаагийн явалтаар шинээр сольж засварын ажил хийсэн. Гэвч зураастай шилнүүд үлдсэн” гэж нотолсоор байхад 2013 оны 10 дугаар сарын 29-ны зохиомол актанд үндэслэж, ажил дууссан ажлын үр дүнг хүлээж авсан, дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн болно.

Магадлалын ҮНДЭСЛЭХ нь хэсэгтээ “Модун” ХХК-н 2013 оны 11 дүгээр сарын 01-ний 290 дугаартай шаардлагадаа ...ажлыг 2013 оны 10 дугаар сарын 30-нд дууссан талаар дурджээ” гэжээ. Уг албан бичиг нь павильон тооны хувьд хийгдсэнийг утга логикоор илэрхийлсэн болохоос чанарын шаардлага, гэрээний үүргийн биелэлт зэргийг хангаагүй ашиглалтанд хүлээн авах боломжгүйг Монгол хэлээр төгс ойлгогдохоор мэдэгдэж, 2013 оны 10 дугаар сарын 29-ны “Шилэн павильон хүлээлцсэн акт” гэгчийг үгүйсгэсэн утгыг бүрэн агуулсан болно. Шүүх дүгнэхдээ ажил дууссан гэдэгт дүгнэлт хийж байгааг олгохгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь хэсэг “... Шилэн хана бүхий павильоныг гэрээний 2 тал ажил хүлээлцэх комисс гарган үзэж, шалган хүлээн авсан... “Модун” ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 290 дугаартай албан бичгээр тогтоогдож байна” гэсэн нь үнэнд нийцэхгүй байна. Захиалагч тал ажил хүлээлцэх комисс гаргасан тухай ямар нэг шийдвэр гаргаагүй байхад комисс гарган үзэж, шалгаж хүлээн авсан гэж хүчээр тулган шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй нэг талыг барьсан гэж байна. 2013 оны 11 дүгээр сараас эхлэн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд шилийг шинээр солих, засварлах ажлууд хийгдэж ажил дуусаагүй байсан нь нэхэмжлэгч тал 2015 оны 08 дугаар сарын 26-ны 046 тоот албан бичгээр нотлогдож байгаа болно. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт зүйлүүд нь бодит байдалд нийцэхгүй болоод үндэслэлгүй байхад шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

СӨРӨГ НЭХЭМЖЛЭЛИЙН ТАЛААР

Сөрөг нэхэмжлэлийн 96.354.700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.

1. 1079 м2 талбайтай 33 павильоноос 795 м2 талбай бүхий 23 павильоныг нэхэмжлэгч талын буруутай үйлдлээс ашиглаж чадаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Б.Энхтуяагийн тайлбарыг үнэлээгүй, хуурамч байж болзошгүй ашиглалтанд хүлээлцсэн акт, ямар доголдолтойг үзүүлсэн 27 ширхэг фото зургууд, “Топ цонх шил” ХХК 2015 оны 08 дугаар сарын 26-ны 046 тоот албан бичгээр засварын ажил бүрэн дуусаагүйгээ илэрхийлсэн, одоо болтол доголдолтой шилнүүд байсаар байхад сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүйд гомдолтой байна.

“...бусдад түрээсэлсэн бол 53.000.000 төгрөгийн орлого олох ёстой байсан гэж тайлбарлаж байх боловч энэ нь баримтаар тогтоогдсонгүй” гэжээ. Доголдол бүхий 23 павильон нь ямар доголдолтойг 27 ширхэг зургаар харагдаж байхад тогтоогдсонгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

“Топ цонх шил” ХХК-д итгэж, эхлээд эхний павильонд түрээслэгч оруулж эхэлтэл чанарын доголдол гаргаж эхэлсэн учир засвар бүрэн хийж дуустал 23 павильонд түрээсээр орох газруудыг болиулж, хүлээлтийн байдалд орсон юм.

Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь: “...шилэн хаалгыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримт, хэргийн 14-20 дахь талд авагдсан фото зураг, шилэн хана, хаалганы ажил хүлээлцсэн акт зэргээр хангалттай тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ. “Топ цонх шил “ХХК-ийн 7 ширхэг зургууд нь зөвхөн эхний 10 павильоноос түүвэрлэсэн зураг болохоос чанаргүй хийгдсэнээс түрээслэгч нарт эзэмшүүлэх боломжгүй сөрөг нэхэмжлэл дэхь фото зургууд болон 23 павильонд хамаарахгүй болохыг шүүгч анзаарсангүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь болон 43 дугаар зүйлийн 43.2 дахь зүйлийн хэсгүүдийг шүүх хэрэгжүүлсэнгүй, шүүгч нэхэмжлэгчийн талд хэргийг шийдвэрлэхийн тулд баримттай зүйлийг баримтгүй болгож, баримтгүй зүйлийг баримттай болгож хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/05122 дугаартай шийдвэр, давж заалдах шатны 2016 оны 1610 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Топ цонх шил” ХХК нь хариуцагч “Модун” ХХК-с ажлын хөлс, алдангид 58.169.700 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, учирсан хохирол, алданги 98.389.900 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Гүйцэтгэгч “Топ цонх шил” ХХК нь захиалагч “Модун” ХХК-ийн захиалгын дагуу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Барилга Мега стор худалдааны төвийн В1 давхрын тусгаарлагч шилэн хана бүхий павилоныг 12 мм-ийн зузаантай, ямар нэг гаж нөлөөгүй болон өнгөгүй, зураас, хортон ороогүй, цэвэр шилээр чанарын өндөр түвшинд өнгө үзэмжтэйгээр тогтсон хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч хөлс төлөхөөр харилцан тохиролцож, 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулжээ /хавтаст хэргийн 7-9 дүгээр тал/.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Зохигчид төлбөр тооцоог хэрхэн гүйцэтгэхийг гэрээгээр тохиролцсон ба ажил бүрэн гүйцэтгэсний дараа захиалагч хөлсийг саадгүй төлөх тухай гэрээний 4.4 дэх зохицуулалт нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д заасан “талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэсэнтэй нийцжээ.

Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч ажлыг гүйцэтгэж хариуцагчид хүлээлгэн өгч, 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр акт үйлдсэн нь тогтоогдсон тул “Модун” ХХК ажлыг хүлээн авсан гэж үзнэ.

Шүүх, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ ажил гүйцэтгэх гэрээний харилцаа болон үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг зохицуулсан Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2, 351.2, 352 дугаар зүйлийн 352.2, 353 дугаар зүйлийн 353.3, 232 дугаар зүйлийн 232.6 дах зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Б.Энхтуяаг гэрчээр асуух” хүсэлтийг шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар шийдвэрлэсэн байх тул гэрчийн мэдүүлэг аваагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах” талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1610 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Батбаярын гомдлыг  хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 870.548 төгрөгийг улсын орлогол хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ