Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/61

 

 

 

 

   2025            01          08                                         2025/ДШМ/61                                                                                                             

Г.Бд холбогдох                                                                                                                 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан  даргалж, шүүгч С.Болортуяа, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Түмэнжаргал,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/1088 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Бд холбогдох 1908000001688 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч Г.Б нь бусадтай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “………” хүнсний дэлгүүрт худалдагч Б.Хийн эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, мөн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “….” хүнсний дэлгүүрт Б.М, М.Х, М.А нарын гарыг скочоор хүлж, М.Хгийн хоолойн тус газарт хутга тулган амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Бий үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Б-г бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан, бүлэглэж зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд эд хөрөнгө хураахгүйгээр 05 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бий цагдан хоригдсон нийт 293 хоногийг эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 төгрөгөөс шүүгдэгч Г.Бд ногдох 500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Г.Бээс 660.000 төгрөгийг гаргуулан Цагдаагийн ерөнхий газарт олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2019 оны 6 дугаар сар хүртэл хэргийн байдлыг яаж шийдвэрлэх нь ойлгомжгүй байх хугацаанд Турк улсад ээж дээрээ байсан бөгөөд эхнэрийн бие муудсаны улмаа Турк улсад байсан. Эхнэр эмчийн хяналтад байх хугацаанд миний шалгагдаж байсан хэрэг буюу Батбилэг нарт холбогдох хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн хүрээнд 5 жилийн хорих ялыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж, миний хэрэг тусгаарлагдсан байдаг.

2024 оны 10 дугаар 04-ний өдрийн шийтгэх тогтоолоор намайг өөрийн санаачилгаар хохирлыг барагдуулаагүй нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарахгүй нэг үндэслэл болсон. Гэтэл би хохирлыг барагдуулах талаар өөрийн биеэр болон өмгөөлөгчөөр дамжуулан удаа дараа шүүгчийн туслахаас ямар дансанд, хэрхэн барагдуулах талаар асуухад “шүүхийн байгууллагад хүлээн авах данс байхгүй, шийдвэр гүйцэтгэлийн журмаар барагдуулах ёстой” гэж тайлбар өгч байсан. Харин прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 660.000 төгрөгийн баримтыг гэм буруу хэлэлцэх хурал дээр анх гаргаж нэхэмжилсэн энэхүү баримтын хүрээнд гарсан төлбөрийг төлөх завсарлага авах хүсэлтэй байсан боловч шүүх хуралдаанд даргалагч энэ хэрэгт хохирогчдод төлөх төлбөргүй харин прокурорын нэхэмжлэл бол хор уршиг тул завсарлага авах шаардлагагүй гэж дүгнэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Миний бие өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлд чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулах чин хүсэлтэй байсныг минь харгалзан үзэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь миний эрх зүйн байдалд нөлөөлсөн.

Би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд зураач мэргэжилтэй, Монгол Улсынхаа урлагийн салбарт хувь нэмэр оруулах зорилготой, бэлдсэн бүтээлүүд олон байгаа. Эхэнр маань бүтэн өнчин, ах нь хөдөө мал дээр ганц бие амьдардаг, хүү маань 2 настай, эхнэр хүүхдээ хараад ажил хийхэд хүндрэлтэй байна. Би өөрийнхөө энэ байдалд маш их харамсаж байгаа бөгөөд гэр бүлдээ туслах туйлын хүсэлтэй байна. Анх хэрэгт холбогдсон цагаас эхлэн өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг минь харгалзан хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Бий өмгөөлөгч Г.Оюунцэцэг давж заалдах гомдолдоо: “...Бидний зүгээс тус хэргийн зүйлчлэл болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаан байхгүй. Харин шүүгдэгч Г.Бий хэрэгт авагдсан хувийн байдал болон бусад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Түмэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/1088 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны хийгээд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Г.Б нь давтан үйлдлээр, бүлэглэж бусдын амь биед аюултай аргаар хүч хэрэглэн, дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн. Анхан шатын шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1  дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

         Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Б нь бусадтай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” хүнсний дэлгүүрт худалдагч Б.Хийн эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, мөн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “............” хүнсний дэлгүүрт Б.М, М.Х, М.А нарын гарыг скочоор хүлж, М.Хгийн хоолойн тус газарт хутга тулган амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

          хохирогч Б.Мийн өгсөн “...2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн орчимд дэлгүүрийнхээ арын амрах хоёр өрөөний наад талын өрөөнд өөрийн охин Хгийн хамтаар сууж байгаад дэлгүүрээ хаая гэж бодоод дөнгөж бостол миний урд явж байсан Х “ээжээ олон хүмүүс ороод ирлээ” гэхээр нь камераа хартал бараан хувцастай залуучууд ороод ирсэн. ...Тэгтэл хажуугаар нь өндөр халимаг урагшаа унжсан үстэй туранхай 180 см орчим өндөртэй залуу камер салгасан. Тэгээд намхан ногоон куртиктэй залуу скочоор миний гарыг урд нь хүлээд дараа нь охины гарыг хүлсэн. Охиныг хүлж байхад би тэр ногоон куртиктэй залуугийн өмд ар хэсэгт хутга байсныг харсан. Тэгээд бүдүүн залуу “та мөнгөө гаргаад өгчих, надад мөнгө хэрэгтэй болоод ингээд явж байна” гэхээр нь миний мөнгө дэлгүүрт байгаа гэж хэлсэн. Тэгтэл бүдүүн залуу та “сейфний түлхүүрээ өгөөдөх” гэхээр нь “би сейф байхгүй шүү дээ” гэтэл бүдүүн залуу “эвээр ярьж байхад өгөхгүй бол ална шүү” гэж надад хэлсэн. ...Манай нөхөр өөдөөс “нэгийг нь бариад авчихлаа тайвшир цагдаа дуудчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би арын өрөөнд ороход шалан дээр хар иштэй том хутга, хар өнгийн саравчтай малгай шалны мод зэрэг байсан. ...” /1хх 13-14, 45-47/,

          хохирогч М.Хгийн “...Би арын өрөөнөөс дэлгүүр рүү орж ирсэн чинь нэг том биетэй залуу хар иштэй хутга барьчихсан шууд миний хоолойд тулгасан. Тэгснээ намайг арын өрөө рүү оруулсан. Дэлгүүрийн камерыг араас нь хүмүүс орж ирээд салгаж байгаа харагдсан. Тэгээд миний гар хөлийг скочоор хүлсэн. ...Миний хоолойд хутга тулгасан залуу ээж дээр оччихсон скочоор хүлээд зогсож байсан. Манай эрэгтэй дүү А том өрөөнд байсан бас хүлээд зогсож байсан. Тэгээд байж байх хугацаанд аав М гаднаас орж ирэхэд дэлгүүр дотор байсан хүмүүс зугтаад гараад гүйсэн. Манай том өрөөнд дүүг хүлж байсан залуу явж чадалгүй баригдсан. Тухайн баригдсан залуу нь манай аав руу хутга далайж байгааг нь харсан. ...” /1хх 15-16, 3хх 60/,

          хохирогч Б.Хийн “...Дэлгүүрээ дээрээ ганцаараа байж байхад оройны 23 цаг 10 минутын орчимд эхлээд хоёр хүн орж ирсэн. Тэр хоёр хүн бусдаасаа нэлээн өндөр нэг нь махлаг нэг нь туранхайвтар байсан. Араас нь хоёр жижиг биетэй туранхай хүн хаалга хааж орж ирсэн. Нийт 4 хүн орж ирсэн. ...Тэд нар дэлгүүрийн зааланд байхдаа нэгнээ “Б” гэж дуудаад утсаар яриад байсныг сонссон юм. ...” /2хх 198-199/,

          насанд хүрээгүй хохирогч М.А “...2017 оны 05-р сарын 05-ны өдрийн 23 цагийн орчимд гэрийнхээ том өрөөнд орон дээр бага дүүгээ хараад хэвтэж байтал ээж, эгч хоёр хашхираад эрэгтэй хүний хоолой дуугараад байхаар нь аав руу шууд манай дэлгүүрт хүмүүс орж ирээд ээжийг дээрэмдээд байна гэж хэлсэн. Тэгээд би айгаад тэр өрөөнд ороогүй. Тэгтэл эгчийг цаад өрөөнөөс нэг намхан ногоон цамцтай залуу чирээд орж ирэхдээ намайг харчхаад нөгөө хүмүүстээ “энд хүүхэд байна” гэж хэлсэн. Тэгтэл цаанаас ногоон куртиктэй залуу орж ирээд миний гарыг ард скочдоод хөлийг бас скочдоод газар хэвтүүлсэн. Орон дээр миний гар утсыг ногоон нацист куртиктэй залуу авсан. Тэгээд удалгүй аав хашхираад ороод ирсэн. ...” /1хх 49/ гэх мэдүүлэг

          гэрч Р.Мгийн “...2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 21 цаг өнгөрөөд ажлаасаа буугаад Г гэрт очоод сууж байтал хүү А залгаад аажуухнаар шивнэж “ааваа ээжийг хүмүүс дээрэмдээд байна” гэж хэлсэн. Шууд тэднийхээс хөдөлсөн. Г ах машин дотор орж ирээд суучихсан байсан. Тэгээд маш хурдтай гэртээ ирэхэд дэлгүүр дотор хар масктай нэг хүн харагдсан. ...Дэлгүүрээс 3 хүн гарч гүйсэн, би буцаад эргэхэд том өрөөнөөс масктай хутгатай хүн гараад ирсэн. Миний урдаас нэг дайрсан ба шалны модоор эрүү хавьцаа 1 удаа цохиход хутга нь газар унасан. Тэгэхэд найз Г араас орж ирээд бид хоёр тус залууг дэлгүүрээс авч гараад хоёр гарыг хойно нь уясан. Тухайн залуу миний урдаас дайрсан. Би хэд хэдэн удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд цагдаа дуудаж тухайн залууг хүлээлгэж өгсөн. Би тухайн залуучуудыг танихгүй, гэрт ороход эхнэр М, охин Х нарын гарыг урд талд нь скочоор хүлчихсэн байсан. ...” /2хх 111-112/ гэх мэдүүлэг,

          Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 6179 дугаартай “...М.Хгийн биед хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” /1хх 55/ гэсэн дүгнэлт,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-3-5, 6-12/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 17, 18-22, 3хх 53-54/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 40-44, 216-218/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 219-225/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.Б нь бусдыг эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан, бүлэглэж зэвсэг хэрэглэж үйлдсэн хэмээн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нар “Бидний зүгээс тус хэргийн зүйлчлэл болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар” хуульчилсан байна.

Анхан шатны шүүх дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгосны үндсэн дээр анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг мөн тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.  

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрт 500.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 660.000 төгрөгийн хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг 4 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Г.Бий шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 96 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/1088 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтыг “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд эд хөрөнгө хураагүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2.  Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 96 /ерэн зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                               С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ