| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
| Хэргийн индекс | 120/2026/0042/з |
| Дугаар | 120/ШШ2026/0034 |
| Огноо | 2026-08-03 |
| Маргааны төрөл | Тендер, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 120/ШШ2026/0034
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрдэнэчулууныг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Пи эс си” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******
Хариуцагч: ******* сумын Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Гуравдагч этгээд: “Голденхоул” ХХК
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.Ганпүрэв нарын хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд “Голденхоул” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч Б.Ганпүрэв /цахимаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Пи эс си” ХХК 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ““Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/275 дугаартай мэдэгдлээр "Голденхоул" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ӨМАХБСЗДТГ/20260102026 дугаартай "Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал, гамшгийн үеийн шаардлагатай тоног төхөөрөмж эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх" тендер шалгаруулалтыг дахин зарлахыг Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргад даалгах” гэж тодорхойлсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Өмнөговь аймгийн ******* сумын Засаг дарга болон "Голденхоул" ХХК- ийн хооронд 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан №ӨМАХБСЗДТГ/20260102026 дугаартай “Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал, гамшгийн үед шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх ажил гүйцэтгэх гэрээ"-г хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж ихэсгэсэн болно.
2. ******* сумын Засаг даргаас ӨМАХБСЗДТГ/20260102026 дугаартай "Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал, гамшгийн үеийн шаардлагатай тоног төхөөрөмж эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх" тендерийг зарлаж, Үнэлгээний хороо 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үнэлгээ хийж, зөвлөмж гарган, захиалагч 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/272 дугаар мэдэгдлээр “Голденхоул” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон.
3. Тендерт оролцсон “Пи эс си” ХХК-ийн гомдлыг Сангийн яам хянаад, 2026 оны 04 дүгээр сарын 30-нд гомдолд дурдсан захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Голденхоул” ХХК-ийн ирүүлсэн тендерийн тухайд дүгнэлт хийж, “Пи эс си” ХХК-ийн гаргасан гомдол үндэслэлгүй, тус тендер шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу цааш үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан.
“Голденхоул” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн тухай зөвлөмж хэрэгт авагдсан.
5. Захиалагч Өмнөговь аймгийн ******* сумын Засаг дарга 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Голденхоул” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан.
6. 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШЗ2026/0246 дугаар шүүгчийн захирамжаар Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/272 дугаар мэдэгдлээр “Голденхоул” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиргааны актын биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
7. Нэхэмжлэгч “Пи эс си” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ : “...Захиалагчийн баталсан тендер шалгаруулалтын баримт бичиг болох "Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал, гамшгийн үед шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн ажлын даалгавар"- т буюу техникийн тодорхойлолтын техникийн үзүүлэлт хэсгийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн баллон бүтээгдэхүүнд Drager PSS5000-тай дүйцэхүйц, амьсгалын бие даасан төхөөрөмжийн нурууны тулгуур ба бэхэлгээ Drager бүтээгдэхүүнд Drager PSS5000-Back plate and harness-тай дүйцэхүйц амьсгалын бие даасан төхөөрөмжийн нүүрний маск бүтээгдэхүүнд Drager PSS5000-SCBA-тай дүйцэхүйц гэсэн шаардлагыг тавьсан.
Нэхэмжлэгч "Пи Эс Си" ХХК-иас захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцүүлэн ХБНГУ-ын Draeger Safety брэндийн PSS5000 буюу үйлдвэрлэгчийн шинэчилсэн PSS AirBoss Active загварын амьсгалын бие даасан төхөөрөмж, түүний холбогдох бүрэлдэхүүн хэсгийг нийлүүлэхээр санал болгож, 299,900,000 /хоёр зуун ерэн есөн сая есен зуун мянга/ төгрөгийн үнийн санал ирүүлсэн.
Харин "Голденхоул" ХХК нь 271,150,000 төгрөгийн, "Ламор" ХХК нь 298,040,000 төгрөгийн, "Хурмед" ХХК нь 299,800,000 төгрөгийн үнийн санал тус тус ирүүлсэн. Үнэлгээний хороо "Голденхоул" ХХК-ийн тендерийг шаардлага хангасан гэж үзэж, тус компанийг 1 дүгээрт эрэмбэлэн шалгаруулах зөвлөмж гаргасан байна.
Гэтэл захиалагч Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын баталсан техникийн тодорхойлолтод бүрэн нийцэж, дүйцэхүйц гэсэн шаардлагыг бүрэн хангаж буй тендерт оролцогч нь манай компани байсан тул бид хууль ёсны дагуу гэрээ байгуулах эрх олж болох байсан.
Нэхэмжлэгч "Пи Эс Си" ХХК нь ӨМАХБСЗДТГ/20260102026 дугаартай тендер шалгаруулалтад оролцогчийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1-д заасан худалдан авах ажиллагааны өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд нийцүүлэн тендерийн саналаа үнэлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхолтой.
Улмаар ******* сумын Засаг дарга Үнэлгээний хорооны зөвлөмжид үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №01/275 дугаартай мэдэгдлээр "Голденхоул" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон. Ийнхүү техникийн шаардлага хангаж байгаа эсэх нь бүрэн тогтоолгүйгээр тендерийг шаардлага хангасан гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгосноор нэхэмжлэгчийн тендерийн саналаа хууль ёсоор, тэгш, шударгаар үнэлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.
Тодруулбал "Голденхоул" ХХК-ийн санал болгосон Hancom Lifecare INC /Sancheong/ брэндийн төхөөрөмж нь дээрх Draeger PSS5000 / SCBA-тай бодитойгоор дүйцэх эсэхийг Үнэлгээний хороо дараах үзүүлэлтээр бүрэн шалгаагүй байна.
Манай компани нь Drager Safety брэндийн Монгол улс дахь албан ёсны борлуулагчаар 2008 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа ба Draeger safety брэнд нь олон улсад онцгой байдал, галаас хамгаалах онцгой нөхцөлийн үед хэрэглэгддэг тоног төхөөрөмжүүдээрээ дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгч фирм бөгөөд PSS Airboss (SCBA) амьсгалын бие даасан төхөөрөмж нь бүхий л стандартуудыг хангасан байдаг.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-т "Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ." гэж заасан.
Тодруулбал бусад тендерт оролцогчдоос манай компанийн санал болгосон бүтээгдэхүүн захиалагчаас баталсан техникийн тодорхойлолтод илүү нийцэж тендерт шалгарахаар байхад үүнийг тус тендер шалгаруулалтын захиалагч Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуульд заасан үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.", мөн зүйлийн 26.2-т "Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ", мөн зүйлийн 26.4.2-т "санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх" гэж заасныг ӨМАХБСЗДТГ/20260102026 дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо зөвлөмж гаргахдаа хангалттай сайн хянаж үзэлгүйгээр зөвлөмж гаргасан, захиалагч Өмнөговь аймгийн ******* сумын Засаг дарга нь зөвлөмжийг хуульд нийцсэн эсэх, бүрэн хянаж үзсэн эсэхийг хянаж шалгалгүйгээр шийдвэр гаргаж "Голденхоул" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангаах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасан. Гэтэл захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа нэг талд илт давуу байдлыг олгосон гэж үзэхээр байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно." гэж заасныг хариуцагчид зөрчсөн.
Иймд холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/275 дугаартай мэдэгдлээр "Голденхоул" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож, дахин тендер шалгаруулалт зарлахыг хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргад даалгаж өгнө үү...” гэв.
7.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тендер шалгаруулалтын зааварчилгаа, техникийн тодорхойлолтод Drager PSS5000 болон түүнтэй дүйцэж болно гэж заасан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д техникийн тодорхойлолтыг нарийвчлан тодорхойлох боломжгүй бол энэ тухай үндэслэл бүхий тайлбарыг дурдсаны үндсэн дээр зөвхөн тухайн бараанд холбогдуулан энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д заасан шаардлага, нөхцөлийг тавьж болох бөгөөд энэ тохиолдолд эсхүл түүнтэй дүйцэх гэсэн тодотгол хэрэглэнэ гэж тусгаж өгсөн байна.
Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д заасан утгаар дүйцэх гэдэг ойлголт нь зөвхөн ижил нэр төрөл, ерөнхий зориулалттай байхыг хэлэхгүй. Өөр бүтээгдэхүүн санал болгосон оролцогч нь нэр заасан барааны заавал хангах, техникийн болон аюулгүй ажиллагааны түвшинтэй дүйцэх баримтаар нотолсон тохиолдолд шаардлага хангасанд тооцогдоно. Дүйцэх гэсэн тодотгол нь аюулгүй ажиллагааны тодорхой шаардлагыг сулруулах үндэслэл болохгүй.
Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2-т санал болгосон бараа техникийн тодорхойлолтод нийцсэн байх, 26.9-д тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер гэж үзэхээр заасан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу зөвхөн шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлгээний үндсэн шалгуураар үнэлнэ.
Өөрөөр хэлбэл эхлээд техникийн нийцлийг бүрэн тогтоосны дараа үнэ болон бусад шалгуураар ирүүлэх ёстой. Энэ дарааллыг урвуулж, үнэ багатай боловч заавал хангах стандартын шаардлага хангаагүй тендерийг үнэлгээнд оруулах боломжгүй.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7.1, 26.7.3-д зөрүүг хүлээн зөвшөөрөхдөө барааны хамрах хүрээ, чанар, гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэх эсэх болон худалдан авах зорилгод нийцэх эсэхийг харгалзахаар заасан.
Амь нас хамгаалах төхөөрөмжийн маскны стандарт, хамгаалалтын түвшний зөрүү нь хэлбэрийн эсвэл бага зөрүү биш барааны үндсэн чанар, гүйцэтгэл, аюулгүй ажиллагаанд шууд нөлөөлөх материаллаг зөрүү юм.
Гэтэл “Голденхоул” ХХК-ийн санал болгосон Hancom бүтээгдэхүүний бүтэн нүүрний маск нь EN136 стандартыг хангаж буйг нотолсон хүчин төгөлдөр бүхий гэрчилгээ, эрх бүхий байгууллагын туршилтын тайлан, тохирлын нотолгоо зэргийг шалгасан талаар баримт үнэлгээний хорооны баримтад байхгүй, тогтоогдохгүй байна. Нотлогдоогүй нийцлийг таамгаар хангасан гэж үзэж болохгүй. Нийцлийг нотлох үүрэг өөр бүтээгдэхүүн санал болгосон оролцогчид байсан бөгөөд түүнийг шалгах үүрэг Үнэлгээний хороонд байсан.
Мөн хуулийн 56 дугаар зүйлд үнэлгээний хороо нь тухайн бараа ажил үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн хүнийг томилон ажиллуулж болно гэж заасан.
“Болно” гэсэн томьёолол нь бүх худалдан авалтад заавал томилох эрхтэй гэсэн императив зохицуулалт биш. Гэхдээ тухайн бараа нь хүний амь нас хамгаалах нарийн мэргэжлийн төхөөрөмж, маргаан нь олон улсын стандартын дүйцэлтэй холбоотой байсан нөхцөлд мэргэжлийн мэдлэг зайлшгүй шаардлагатай байсан. Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журмын 2 дугаар зүйлийн 2.12-т захиалагч нь хүний нөөц тухайн салбарт мэргэшсэн хүн байхгүй, эсвэл нэмэлтээр ажиллуулах шаардлагатай бол өөр байгууллагын ажилтан, албан тушаалтныг зөвшилцөн томилж болохоор тусгайлан зохицуулсан.
Ийм боломж байсаар байхад Онцгой байдлын салбарын мэргэжлийн оролцоогүйгээр EN136, EN137 зэрэг өөр өөр стандартын хамрах хүрээ, гэрчилгээний хүчин төгөлдөр байдал, иж бүрдлийн нийцлийг дүгнэсэн бол энэхүү үнэлгээний бодитой, мэргэжлийн шинж байдал нь эргэлзээтэй болно.
Хэрвээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.6-д заасан боломжийг энэ худалдан авалтын онцлогт нийлүүлэн хэрэгжүүлсэн бол үнэлгээний хороо нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А485 дугаар тушаалыг энэхүү үнэлгээ дээр хэрэгжүүлэх, дагах байсан. Мөн стандартуудыг нь тендерийн үнэлгээнд тулган шалгах боломжтой байсан бөгөөд холбогдох хуулийн заалтыг ашиглаагүй явдал нь дангаараа хууль зөрчсөн гэх үндэслэл биш боловч бодит нөхцөлийг мэргэжлийн түвшинд тогтоогоогүйг харуулж байна.
Үнэлгээний хорооны зөвлөмжийг нягтлах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-д захиалагч, үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх дээр хяналт тавих үүрэгтэй гэж тодорхой заасан.
Иймээс Үнэлгээний хороо зөвлөсөн учраас гэрээ байгуулах эрх олгосон гэх тайлбар нь захиалагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Зөвлөмж нь захиалагчийн шийдвэрийг орлохгүй бөгөөд захиалагч нь түүнийг хуульд нийцсэн эсэхийг бие даан нягтлах ёстой. Шалгарсан тендер, техникийн бүх шаардлагыг нэгэн зэргийг хангаж байгаа эсэхийг нотлох, дүйцэх бүтээгдэхүүний нотлох баримт хангалттай эсэх. Онцгой байдлын ерөнхий газрын А485 дугаар тушаал болон холбогдох бусад стандарт, ер нь хамаарал бүхий журмуудыг олж тогтоох ёстой байсан.
Хариуцагч нь эдгээрийг нягтлаагүйгээр зогсохгүй үнэлгээний хорооны дүгнэлтийг шууд дагаж, 2026 оны 04 сарын 09-ний өдрийн 01/275 дугаартай мэдэгдлээр “Голденхоул” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон.
Ингэснээр үнэлгээний хорооны шатанд гарсан зөрчлийг залруулах ёстой хяналтын механизм хэрэгжээгүй, харин уг зөрчил захиргааны актын агуулгад шилжин эцсийн шийдвэрийн хууль бус үндэслэл, хууль бус шийдвэр гаргах үндэслэл болсон.
Маргаан бүхий захиргааны акт буюу мэдэгдлийг хэлж байгаа. Захиргааны акт агуулгын болон хэлбэрийн шаардлага хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим байдаг.
Аюултай орчинд алба хаагчийн амь насыг хамгаалах зориулалттай худалдан авалтын зорилго нь зөвхөн төсөв хэмнэх бус тухайн зориулалтаар аюулгүй, бүрэн ашиглах боломжтой тоног төхөөрөмж авах явдал юм. Заавал хангах стандартыг хангаагүй барааг үнэ багатай гэх үндэслэлээр шалгаруулах нь худалдан авалтын зорилгод үл нийцнэ.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т заасны дагуу захиргааны байгууллага шийдвэрт хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож, шаардлагатай нотлох баримтыг цуглуулан үнэлж, тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй.
Хариуцагч EN136 нийцлийг гэрчилгээ, туршилтын тайлан, үйлдвэрлэгч болон гэрчилгээжүүлэгчийн албан ёсны мэдээллээр нягтлаагүй нь энэ үүргээ биелүүлээгүйг харуулж байна.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д бичгээр гаргасан захиргааны актад бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.3-д акт гаргах эрх олгосон хуулийн зүйл, заалтыг тодорхой дурдах, 40.4-т акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заах шаардлага тавьсан.
Гэтэл 01/275 дугаар бүхий мэдэгдэлд “Голденхоул” ХХК-ийн бүтээгдэхүүнийг яагаад техникийн шаардлагад нийцсэн гэж үзсэн, дүйцэх байдлыг ямар баримтаар тогтоогдсон, мөн EN136 болон бусад стандартын зөрүүг хэрхэн үнэлсэн, ямар тодорхой хуулийн үндэслэлээр гэрээ байгуулах эрх олгосныг бүрэн тайлбарлаагүй.
Иймд маргаан бүхий захиргааны акт нь зөвхөн материаллаг хууль зөрчсөнөөс хязгаарлагдахгүйгээр бодит нөхцөл болон хууль зүйн үндэслэлээ тодорхой илэрхийлээгүй хэлбэрийн зөрчлийг агуулж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг хууль бус захиргааны акт гэж тодорхойлсон тул дээрх ажиллагааны болон хэлбэрийн зөрчилтэй захиргааны акт буюу мэдэгдэл нь хүчингүй болох үндэслэл болж байгаа...” гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Үнэлгээний хороо эрүүл мэндийн байгууллага болон Онцгой байдлын байгууллагатай хамтраад энэ худалдан авах бараа бүтээгдэхүүнийхээ техникийн тодорхойлолтыг боловсруулаад, 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авах ажиллагаа буюу тендерийг зарласан. Энэ тендерт 4 компани буюу “Голденхоул” компани 271,150,000, “Ламор” компани 298,040,000, “Хурмед” ХХК 299,800,000, “Пи Эс Си” ХХК 299,900,000 төгрөгийн үнийн санал тус тус ирүүлсэн. Батлагдсан төсөвт өртөг нь 300,000,000 төгрөгийн төсөвтэй худалдан авах ажиллагаа байсан.
Үнэлгээний хороо нь тендерт материал ирүүлсэн 4 компанийн бүх материалыг шаардлага хангасан гэж үзээд, шаардлага хангасан тендерүүдээс хамгийн бага үнийн дүнтэй тендер нь хамгийн сайн тендер байна, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасны дагуу “Голденхоул” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүргүүлсэн.
Нэхэмжлэгч талын гол үндэслэж маргаад байгаа зүйл нь техникийн тодорхойлолт дотроо Drager PSS5000-тай дүйцэхүйц гэж зааж өгсөн, тэгсэн мөртөө дүйцэхгүй тоног төхөөрөмж, бараа материалыг худалдан авсан гэдэг үндэслэл дээр маргаж байна гэж ойлгож байгаа.
Дүйцэхүйц байж болно гэдэг техникийн тодорхойлолт байгаа. Гэхдээ нийт 14 нэр төрлийн 160 гаруй тооны тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн байгаа. Хавтаст хэргийн 65, 66 дугаар хуудсанд эхний 3 дээр нь л техникийн үзүүлэлт дээр нь Drager PSS5000 гэдэг юмыг дангаар нь оруулаад байгаа.
Давхар техникийн үзүүлэлтүүд буюу ийм, ийм байх ёстой гэсэн үзүүлэлтүүд байна. Үүн дээр нэмээд Drager PSS5000-тай дүйцэхүйц байж болно гэж байгаа, дүйцэхүйц байна гэсэн ойлголт биш.
Тухайн асуудлаар 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч байгууллага Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас заавал үүнтэй дүйцэх шаардлага тавигдаагүй байна, дүйцэхүйц байж болно гэсэн байна, тийм учраас үнэлгээний хорооны шийдвэр хуульд нийцсэн байна, худалдан авах ажиллагаагаа цааш нь үргэлжлүүл гэх хариуг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн.
Мөн анхнаасаа тендер зарлахдаа техникийн тодорхойлолтыг ******* сум дахь Гал унтраах, аврах 66 дугаар ангийн захирагч, ахмад Балжинням боловсруулаад, үүнийг нь сумын Засаг дарга батлаад явсан.
Мөн хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байгаа Үнэлгээний хороо нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн батлагдсан баримт бичигт тусгагдсан шалгуур, техникийн тодорхойлолт болон оролцогчийн ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн үнэлгээ хийх үүрэгтэй.
Энэ эрх үүргийнхээ дагуу үнэлгээгээ хийсэн. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа олон улсын стандартууд яриад байгаа.
EN136, EN137, DAN58610 гэх мэт олон улсын стандартуудыг ямар нэгэн байдлаар тендерийн техникийн тодорхойлолтод ийм стандарт хангасан байх ёстой гэдэг шаардлага тавигдаагүй. Онцгой байдлын байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийн 17.1, 68, 70, 75 дугаар зүйлүүдийг үндэслэж яриад байгаа. Гэтэл энэ заалтууд дотор олон улсын стандартын тухай нэг үг үсэг байхгүй. Эдгээр заалтыг үндэслээд олон улсын стандарт мөрдөх ёстой гэдэг юм ярьж байгаа. Үүнийг мөрддөг байлаа гэхэд энэ нь техникийн тодорхойлолтоо зөв боловсруулсан юм уу, үгүй юм уу гэдэг асуудал руугаа ороод явчхаж байна.
Мөн нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангаж худалдан авах ажиллагааг зохион байгуулсан тохиолдолд “Пи Эс Си” ХХК уг тендерт шалгарч гэрээ байгуулах эрхтэй болно гэсэн хууль эрх зүйн бодит баталгаа байхгүй.
Тэгэхээр нэхэмжлэгч тал маань яг ямар зорилготой энэ гомдлыг гаргаад байна вэ гэдэг нь хариуцагч талын хувьд сонирхолтой асуудал байгаа.
Учир нь тендерийг дахиад зохион байгууллаа гэхэд худалдан авах ажиллагаанд захиалагч тухайн үеийн хууль тогтоомж, бодит хэрэгцээ, техникийн шаардлагад нийцүүлэн техникийн тодорхойлолтыг дахин боловсруулах бүрэн эрхтэй бөгөөд өмнөх техникийн тодорхойлолтыг баримтлах үүрэг байхгүй.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу тендерийг хэрвээ дахин зарлахаар бол 2026 онд энэ худалдан авах ажиллагааг явуулах боломжгүй, энэ ажил жилээр хойшилно гэсэн үг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь нэхэмжлэгчийн эрх ашгийг шууд сэргээх бодит үр дагаврыг бий болгохгүй. Харин гамшиг, онцгой байдлын үед ашиглах шаардлагатай тоног төхөөрөмжийн худалдан авалт, нөөц бүрдүүлэлтийг багадаа нэг жилээр хойшлуулах үр дагаврыг бий болгохоор байна.
Ийм учраас эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
9. Гуравдагч этгээд “Голденхоул” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч Б.Ганпүрэв нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Тендерт оролцохоо илэрхийлээд албан ёсоор тендерийн баримт бичгийн хураамжийг төлөөд, тендерийн баримт бичигтэй танилцсан чинь уг баримт бичиг нь хууль тогтоомжид нийцээгүй, өрсөлдөөнийг хязгаарласан, хэн нэгэн оролцогчид давуу байдал олгосон гэж үзвэл оролцогч болохынхоо хувьд гомдол гаргах эрх нь тендерт оролцохоосоо өмнө байдаг.
Гэтэл техникийн тодорхойлолт нь европын холбооны стандартуудад нийцээгүй байна, техникийн тодорхойлолтод бүрэн дүйцэхүйц байж болно гэчхээд Европын холбооны ийм, ийм стандартад нийцэх ёстой гээд байна.
Энэ нь манай компанийг шалгаруулсан дээр гэхээсээ илүү техникийн тодорхойлолт дээр маргаад байна. Нэгэнт хүлээн зөвшөөрөөд тендерт хамгийн өндөр үнийн санал өгч оролцчихоод, 4 дүгээрт эрэмбэлэгдэж шалгарахгүй болохоороо ганцхан манайх шалгарна, Монгол улсад манайхаас өөр байхгүй гээд тендерийн баримт бичиг рүү орж маргаад байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргахгүй.
Энэ дээр Drager-тай дүйцэхүйц байж болно гэсэн нэр томьёог импратив шинжтэй заалт мэтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д зааснаар зарлагдсан тендер шиг өөрсдийнхөө талд мушгиж тайлбарлаад байгаа нь хуульд нийцэхгүй. Дүйцэхүйц байж болно л гэсэн шүү дээ. Дүйцэхгүй ч байж болно. Хамгийн гол нь захиалагчийн тавьсан техникийн тодорхойлолтод л нийцэх ёстой.
Хэрвээ тендерийн баримт бичиг дээр аль нэг стандарт заачихсан байсан бол энэ асуудал яригдах байсан. Дүйцэхүйц гэж юуг ойлгох юм бэ, эсвэл энэ дээр ямар стандарт шаардах юм бэ гэдэг дээр нэхэмжлэгч нар тодруулга аваад тэгээд тодруулсныхаа дараа оролцоод явах боломжтой. Тэгвэл тендерийн захиалагч, манайд ч тодруулга ирээд, тодруулгатай холбоотой бид нар ч гэсэн нийцүүлээд өгнө.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендерийн баримт бичигт зааснаас өөр шалгуур шаардлага, тендерийн бичиг баримт шаардахыг хориглож байгаа.
Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд байхгүй зүйл яриад, зөвхөн өөрийнхөө өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх гээд байгаа нь тендерийн хэмнэлттэй байх зарчимд нийцэхгүй.
Өөрөөр хэлбэл ганцхан “Пи Эс Си” ХХК-д зориулаад тендер зарладаг юм шиг ойлголттой байгаад байна, энэ үндэслэлгүй..
Яг энэ үндэслэлийг Сангийн яам хянаж үзээд дээрх энэ маргаантай үндэслэлд туйлын тодорхой хариу бичиж өгсөн. Дүйцэхүйц байж болно гэж байна. EN гэх стандартыг тендерийн баримтад тухайлан заагаагүй учраас бид нар энэ стандартыг хангаагүй гэж үзэх боломжгүй.
Мөн Онцгой байдлын газрын журам нь амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах хүмүүсийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам байгаа.
Энэ дээр EN стандартад нийцнэ гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Гэтэл “Пи Эс Си” ХХК-д зориулж Монгол улсын бүх хууль тогтоомж, Сангийн яамны болоод онцгой байдлын дүрэм журам үйлчилнэ гэж ойлгож байгаа нь хэтэрхий субьектив байдлаар, өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг заавал худалдаж авах ёстой гэх хүсэл зорилгоо илэрхийлж байна гэж харж байгаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн гол амин сүнс нь тендерийн баримт бичгийн шаардлагыг нэгэн зэрэг хангасан бөгөөд хамгийн бага үнийн санал өгсөн оролцогч ялна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд бичгээр болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
ослын үед хэрэглэх амьсгалын аппарат" худалдан авах тендерийг зарлаж, уг тендерт нэхэмжлэгч “Пи Эс Си” ХХК, гуравдагч этгээд “Голденхоул” ХХК, мөн “Ламор” ХХК, “Хурмэд” ХХК нар оролцож тус тус саналаа ирүүлсэн байна.
2. Дээрх дөрвөн тендерийн саналаас “Голденхоул” ХХК 271,150,000 төгрөгийн буюу хамгийн бага үнийн саналтай байсан нь нэхэмжлэгч “Пи Эс Си” ХХК-ийн 299,900,000 төгрөгийн саналаас 28,750,000 төгрөгөөр бага байсан нь тогтоогдож байна.
3. Тендерт оролцсон “Пи эс си” ХХК-ийн гомдлоор Сангийн яам тендер шалгаруулалтыг хянаад 2026 оны 04 дүгээр сарын 30-нд гомдолд дурдсан захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Голденхоул” ХХК-ийн ирүүлсэн тендерийн тухайд дүгнэлт хийж, “Пи эс си” ХХК-ийн гаргасан гомдол үндэслэлгүй, тус тендер шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу цааш үргэлжлүүлэх тухай шийдвэрийг гаргажээ.
4. Нэхэмжлэгч “Пи Эс Си” ХХК-ийн зүгээс “Голденхоул” ХХК-ийн санал болгосон бүтээгдэхүүн стандартад бодитоор нийцээгүй гэж маргадаг боловч, энэ талаар шүүхэд ямар нэгэн техникийн шинжилгээний дүгнэлт, эсхүл үнэлгээний хорооны дүгнэлтийг үгүйсгэхүйц бодит нотлох баримт ирүүлээгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид Тендерийн хууль гэх/-ийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Энэ хуулийн 12.5-д зааснаар "эсхүл түүнтэй дүйцэх" гэсэн тодотгол хэрэглэсэн техникийн тодорхойлолтод өөр бараа санал болгосон оролцогч техникийн тодорхойлолтод заасантай дүйцэх болохыг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт бичгээр, эсхүл бусад хэлбэрээр нотолсон бол техникийн тодорхойлолтыг хангасан гэж үзнэ.” гэж зааснаар тендерийн техникийн тодорхойлолтод "Drager PSS5000" загварын амьсгалын аппараттай дүйцэхүйц байхыг (EN136, EN137 стандарт, NIOSH-ийн баталгаажуулалт, DIN58610 стандарт) шаардсан бөгөөд үүнтэй зэрэгцүүлэн "эсхүл түүнтэй дүйцэх" гэж тусгагдсан нь хуулийн дээрх шаардлагыг хангасан, өрсөлдөөнийг хязгаарлаагүй техникийн тодорхойлолт байх тул “дүйцэхүйц” бараа бүтээгдэхүүн санал болгосон “Голденхоул” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
5. Мөн Үнэлгээний хороо ирүүлсэн дөрвөн тендерийн саналыг үнэлэхдээ EN136, EN137 стандарт, NIOSH-ийн баталгаажуулалт, DIN58610 стандартын гэрчилгээ зэрэг техникийн бичиг баримтад тулгуурлан, гуравдагч этгээд “Голденхоул” ХХК-ийн санал болгосон бүтээгдэхүүн дээрх стандартад дүйцэхүйц болохыг хуралдааны тэмдэглэл, харьцуулалтын хүснэгт, гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар баримтжуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
6. Иймд, шаардлагад нийцсэн гэж тогтоогдсон тендерүүдийн дундаас хамгийн бага харьцуулах үнэ бүхий тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн, Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д зааснаар “Голденхоул” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
7. Нэхэмжлэгч “Пи Эс Си” ХХК нь ******* сумын Засаг дарга нь захиалагчийн хувьд Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг болон санал болгож буй бүтээгдэхүүн нь стандартад нийцсэн эсэхийг хянаж, нягтлах ёстой байсан, захиалагчийн хуулиар хүлээсэн хяналтын үүргийг зөрчсөн гэж маргаж байна.
8. Тендерийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:” гээд 48.2.3-д “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих;” гэж хуульчилсан.
9. Захиалагчийн үнэлгээний хорооны шийдвэрт хяналт тавих үүргийн агуулга нь үнэлгээний хорооны гишүүдийн гүйцэтгэсэн мэргэжлийн, техникийн шинжтэй үнэлгээг захиалагч өөрөө дахин бие даан гүйцэтгэх, эсхүл шинээр хийх үүрэг биш бөгөөд хэрэв захиалагчаас үнэлгээний хорооны шийдвэрийг дахин үнэлэх ёстой гэж үзвэл, энэ нь үнэлгээний хороог тусгайлан байгуулж, түүнд бүрэн эрх олгосон хуулийн үндсэн зохион байгуулалтын зарчимтай зөрчилдөх үр дагаварт хүргэнэ.
10. Иймд захиалагч сумын Засаг дарга стандартад нийцээгүй амьсгалын аппаратт нийлүүлэх санал ирүүлсэн тендерт шалгарсан компанийн тендерийг дахин хянах ёстой гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.
11. Өмнөговь аймгийн ******* сумын Засаг дарга болон "Голденхоул" ХХК-ийн хооронд 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан №ӨМАХБСЗДТГ/20260102026 дугаартай “Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал, гамшгийн үед шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх ажил гүйцэтгэх гэрээ" байгуулан гуравдагч этгээд "Голденхоул" ХХК-иас захиалгуудаа хийн, холбогдох төлбөрийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны гүйлгээний баримтуудаар тогтоогдож байна. Улмаар гэрээнд бараа материалыг 2026 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тусгажээ.
12. Дээрх байдлаар "Голденхоул" ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч гэж гэрээ байгуулах эрх олгон, гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй тул гэрээг хүчингүй болгох, дахин зарлахыг хариуцагчид даалгах шаардлага хангагдах хууль зүйн боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан “Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/275 дугаартай мэдэгдлээр "Голденхоул" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ӨМАХБСЗДТГ/20260102026 дугаартай "Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал, гамшгийн үеийн шаардлагатай тоног төхөөрөмж эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх" тендер шалгаруулалтыг дахин зарлахыг Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргад даалгах, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг дарга болон "Голденхоул" ХХК- ийн хооронд 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан №ӨМАХБСЗДТГ/20260102026 дугаартай “Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал, гамшгийн үед шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх ажил гүйцэтгэх гэрээ"-г хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА