| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2211000002040 |
| Дугаар | 2024/ДШМ/1352 |
| Огноо | 2024-12-12 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2024/ДШМ/1352
2024 12 12 2024/ДШМ/1352
Х.Т-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,
хохирогч Л.Т-гийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/672 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Х.Т-т холбогдох 2211000002040 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овгийн Х.Т /РД: /, ....... тоотод оршин суух хаягтай боловч ........ тоотод түр оршин суудаг гэх,урьд:
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 806 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 863 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 441 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан;
Шүүгдэгч X.Т нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд хохирогч Л.Т-г түүний төрсөн эцэг Д.Л-ийн ходоодны хорт хавдар өвчний 4 дүгээр үе шатанд орж эмнэлгийн байгууллагаас цаашид эмчилгээгүй гэх оноштой өвчнийг засал хийж, 6 удаагийн бариагаар бүрэн эдгээж өгнө гэж сэтгэл зүйн хямралтай байдлыг ашиглан сүсэг бишрэлийг далимдуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 20 удаагийн гүйлгээгээр нийт 301,500,000 төгрөг шилжүүлэн авсан хохирогч Л.Т-д их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Х.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овгийн Х.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, сүсэг бишрэлийг далимдуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар цагдан хоригдсон 82 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэггт зааснаар 301,500,000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Т-д олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Миний бие хохирогч Л.Т гэх хүнтэй 2022 оны намар Х гэх хүнээр дамжуулан танилцсан. Л.Т аавдаа бариа хийлгэх хүсэлтэй байсан. Уг хүсэлтэд нь миний бие хэд хэдэн удаа татгалзаж байсан. Удаа дараа гуйсаны эцэст уг хүнээр буяны зүйлс тараалгахаар болж, мөн ямар нэгэн асуудал үүсгэхгүй гэсэн бичиг хийлгэж авсаны үндсэн дээр аавд нь зургаан удаагийн бариа, засал хийхээр тохиролцсон байдаг. Гэсэн хэдийч хоёр удаагийн барианы дараа уг хүмүүс дахин ирэхгүй, намайг залилах гэмт хэрэг үйлдсэн хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Л.Т гэх хүн нь буяны зүйлд зарцуулахаар 200 сая орчим төгрөг миний дансанд хийж, бэлнээр 29 сая төгрөг өгч, хамтдаа хүнсний болон ахуйн эд зүйлс цуглуулан Дэнжийн мянга, Улаанчулуут, Их наран гэх мэт газруудад очин айлуудад тараад өгсөн. Энэ нь миний гар утсан дээрх бичлэгээр нотлогдоно.
Гэсэн хэдий ч үүнийгээ намайг залилсан гэх боловч тухайн үеийн бидний хооронд болсон яриа, бичвэр миний гар утсанд үлдсэн байдаг. Миний бие анхан шатны шүүхэд утсанд үзлэг хийж өгнө үү хэмээн хүсэлт тавьж байсан боловч уг хүсэлтийг хүлээн аваагүй. Мөн хохирогчийг шүүх хуралд биечлэн оролцуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Түүнчлэн, шүүгч, прокурор сэтгэцээ шалгуул хэмээсэн нь миний хувийн болон эрх зүйн байдлыг дордуулж байна. Миний бие уг хэргийг залилах санаа сэдэлтэйгээр үйлдээгүй бөгөөд үүнийг нотлох гэрчүүд, бусад нотлох баримтууд байгаа юм.
Мөн хохирогч Л.Т нь надад өгсөн мөнгөн дүнг 301 сая гэх боловч үүнд бас үнийн дүнгийн зөрүү байгаа билээ.
2. Х.Т миний бие гурван охин, зээгийн хамт ам бүл тавуул амьдардаг ба хоёр охин болон зээн маань насанд хүрээгүй нялх балчир байна. Мөн миний бие улаан хоолой, бүдүүн, шулуун гэдсэнд ургацагтай, ходоодны шархтай билээ.
Миний бие бусдад туслах гэсэн сайхан сэтгэлийн үүднээс гэмт хэрэгт холбогдсон, надад холбогдох хэрэгт ээдрээ төвөгтэй байдлууд их, нотолбол зохих зүйлс байгаа учир хэргийг нягтлахаар мөрдөн шалгах ажиллагаа дахин явуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэж байгаа Х, Т, Ч нарыг гэрчээр асуулгаж, хохирогчоос яг хэдэн төгрөгийг бэлнээр шүүгдэгчид өгсөн болохыг хөдөлбөргүй тогтоолгох шаардлагатай. Хохирогчийн мэдүүлэгт 50 сая төгрөгийг бэлнээр өгсөн тухай дурдсан боловч шүүгдэгч няцаан мэдүүлдэг, энэ байдлыг мэдэх гэрчүүдийг асууж мухарлан шалгаагүй учир шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг хийсвэрээр тогтоон дүгнэхэд хүргэсэн.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т сэтгэцийн өвчний оношоор СЭМҮТ-д 2 удаа хэвтэн эмчлүүлсэн тухай мэдүүлсэн. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийн хувийн байдал түүний дотор эрүүл мэндийн байдлыг шалгалгүй орхигдуулсан байх тул нөхөн хийлгүүлэх шаардлагатай.
Хүний хувийн нууцыг хамгаалах хууль тогтоомж шинэчлэгдэн мөрдөгдөж байгаа одоогийн нөхцөлд цагдан хоригдсон хүний өмгөөлөгч холбогдох баримт бичгийг шаардан авах хууль зүйн боломжгүй. Гагцхүү эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр цуглуулж хэрэгт бэхжүүлэх бололцоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар заавал шинжилгээ хийлгэх тохиолдол энэ хэрэгт бодитоор үүссэн гэж үзэж байна. Нэмж тайлбарлана.
3. Хохирогч Л.Т-гаас “Х.Т-тай харьцсан мэссэнжэр” гэх агуулгатай хэвлэсэн баримт гарган өгснийг мөрдөгч хэрэгт хавсаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т энэ тухайд “...бидний хооронд бичсэн зарим чухал мэссэжүүд ороогүй, Т өөрт ашигтай, намайг буруутгасан хэсгийг зориуд сонгож өгсөн байна, би өөрийн утсаа шалгуулмаар байна” гэж мэдүүлсэн.
Мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг үндэсгүйгээр барьж явуулах нь шүүхийн хэлэлцүүлэгт саадтай нөхцөл байдал бий болгодгийн тод жишээ энэ юм.
Иймд Х.Т-ийн гар утсанд үзлэг хийлгүүлж, хохирогч Л.Т-тай харьцсан мэссэжийг хэргийн үйл баримтын бүх хугацааг хамруулан бүрэн бүтэн гаргуулж хэрэгт хавсаргах хүсэлтэй.
4. Мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд Х.Т-т хууль зүйн туслалцаа, өмгөөлөл үзүүлж байсан нэр бүхий өмгөөлөгч нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх хүсэлтээсээ тодорхой бус шалтаг заан татгалзсан учир шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлжээ.
Түүнчлэн, уг өмгөөлөгчийн зөвлөснөөр шүүхээс оргон зайлж яваад баривчлагдан цагдан хоригджээ.
Цагдан хоригдсон хугацаанд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч н.Д (утас: 9811хххх) нь Х.Т-т холбогдуулж Б, Н, А нарын гомдлоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Х.Т-ийг яллагдагчаар татах үндэстэй гэж мэдээлсэн боловч уг ажиллагааг хийлгүй цааргалж байгаа зэрэг нөхцөл байдлыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувьд шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн гэмт хэрэг нь илэрсэн, тэртусам шалгаж байгаа тохиолдолд тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг нэгтгэн шүүхээр шийдвэрлүүлэх нь хууль, зарчимд нийцнэ гэж үзэж байна.
Мөн мөрдөн байцаалтын шатанд Х.Т болон түүний өмгөөлөгчөөс удаа дараа гаргасан хүсэлт, гомдлыг хуулийн тодорхой үндэслэл заалгүйгээр тухай бүр хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж байсан баримтууд хэрэгт авагдсаныг анхаарч үзэхийг хүсье.
Эцэст нь, давж заалдах шатны шүүхээс хүсэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гомдолд дурдсан асуудлыг нэг мөр шалгуулсны дараа хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх зайлшгүй үндэслэл, шаардлага байгааг тогтоож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Л.Т-гийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч талаас 50 сая төгрөгийн хохирол дээр маргадаг. Мөн Х, Т, Ч нараас мэдүүлэг аваагүй гэдэг боловч 50 сая төгрөгийг хүлээлгэж өгөхөд хохирогч Т болон түүний эх М нар хамт байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Х, Т, Ч гэх хүмүүс мөнгө өгөх үед байгаагүй буюу эдгээр хүмүүс 50 сая төгрөгийг авсан болохыг гэрчлэх этгээдүүд биш болох нь тодорхой харагддаг. 1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан Б-ийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 20, 16, 14 дүгээр хуудсанд авагдсан М, У, Н нарын мэдүүлэг болон 1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар хуудаст авагдсан У, Б нарын дансны хуулгаар 50 сая төгрөг байсан болох нь тодорхой харагддаг. Иймд Х, Т, Ч нараас мэдүүлэг авах шаардлага байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн. Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр Х.Т-т холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар ярьдаг. Гэвч шүүгдэгч Х.Т-ийг яллагдагчаар татсан болон дуудаж гэрчээр асуусан гэх баримт байдаггүй. Иймд Х.Т-т холбогдуулж хэрэг үүсгээгүй байхад хэргийг нэгтгүүлэхээр буцаах боломжгүй. Хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгчийн зөвөлсөнөөр шүүхийн шатнаас оргон зайлсан гэдэг, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөөгүй гэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд Х.Т- мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан явуулах хүсэлтээсээ татгалзсан. Мессенжер чат гэдэг зүйлийг хохирогч өөрөө анх цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа гомдолдоо хавсаргаж өгсөн байсан. Үүнийг прокуророос яллах дүгнэлтийнхээ үндэслэл болгоогүй. Бусад нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирол төлбөрийг барагдуулаагүй болно. ...” гэв.
Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...50 сая төгрөг болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Хохирогч Т, гэрч М нар засал хийлгэх нэрийдлээр 50 сая төгрөгийг шүүгдэгч Х.Т-т өгсөн болох нь хангалттай нотлогдсон. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т-аас сэтгэцийн өвчтэй талаараа мэдүүлсэн байдаг боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Мөрдөгч, прокуророос сэтгэцийн өвчтэй байх магадлалтай гэсэн эргэлзээ төрөх юм бол шинжээч томилох байсан. Эргэлзээ төрөөгүй тул шинжээч томилоогүй. Хохирогч Тгаас мессенжер чаттай холбоотой баримтыг гаргаж өгсөн. Прокурорын зүгээс уг баримтыг яллах дүгнэлтдээ дурдаагүй буюу уг баримтыг яллах үндэслэл болгоогүй. Шүүгдэгч Х.Т-ийг өөр хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т-аас энэ талаар тодруулахад очиж мэдүүлэг өгөөгүй, дуудаагүй гэсэн байдаг. Хэрэг үүсгэсэн болох нь нотлогдоогүй байхад хэргийг нэгтгэж шалгана гэсэн ойлголт байхгүй. Хэрвээ үнэхээр тийм хэрэг байгаа бол гэм буруугийн асуудлыг хэд хэдэн шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Х.Т-т холбогдох 2211000002040 дугаартай эрүүгийн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;
шүүгдэгч X.Т нь “...төрсөн эцэг Д.Л-ийн ходоодны хорт хавдар өвчний 4 дүгээр үе шатанд орж эмнэлгийн байгууллагаас цаашид эмчилгээгүй гэх оноштой болсон” өвчнөөс болж хохирогч Л.Т-гийн сэтгэл зүйн хямралтай байгаа байдлыг ашиглан “...Д.Л-д засал хийж, 6 удаагийн бариагаар ходоодны хорт хавдар өвчнийг нь бүрэн эдгээж өгнө” гэж сүсэг бишрэлийг далимдуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Г.Т-г төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд 20 удаагийн гүйлгээгээр нийт 301,500,000 төгрөг шилжүүлэн авч, хохирогч Л.Т-д их хэмжээний хохирол учруулан залилсан болох нь:
хохирогч Л.Т-гийн “...2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр манай аавын бие нь өвдөөд байсан болохоор Улаанбаатар хот руу Хавдар судлалын үндэсний төв руу ирж шинжилгээ өгүүлсэн чинь ходоодны хорт хавдар гэсэн онош тогтоогдсон. ...2022 оны 10 дугаар сарын дундуур бүтэн биеийн MRI оношилгоонд оруулсан чинь бараг бүх биед нь хавдар үсэрхийлсэн байна гэж мэдээд эмчилгээ бүх юмаа зогсоосон.
Тэрнээс хойш аавынхаа амьдрах хугацааг нэг хоногоор ч гэсэн уртасгах юмсан гэж янз бүрийн хүмүүстэй уулзаж явж байгаад одоогийн энэ М гэх эмэгтэйн талаар сонсоод хүнээс утасны дугаарыг нь олж очиж уулзсан. Бид нар тэр эмэгтэйд өөрсдийнхөө байгаа байдлаа хэлсэн. Аав хажуугаар нь ахдаа туслаач гээд гуйсан юм, очиж уулзахад “би тэр баргийн хүн хүлээж авдаггүй” гээд өөрийгөө их л сүрхий гэж харагдуулаад байсан юм, бид ч тэрэнд нь итгээд ашгүй мундаг хүнтэй таарлаа гэж бодоод хамаг байдаг үнэнгээ хэлсэн. Тэр эмэгтэй аавыг барьж үзээд “өө та чинь болоогүй байна, зүгээр ээ, таны насны тоо гүйцээгүй, би таныг 6 удаа бариад л та зүв зүгээр болно, эмэгтэй хүний айхавтар хараал хүрсэн байна, хавдар гэдэг чинь угаасаа хараалын өвчин шүү дээ” гэж хэлсэн чинь аав, ээж бид гурав гурвуулаа тэгж хэлснийг нь сонсоод маш их сэтгэл хөдлөөд уйлсан. Аав минь энэ жил дөнгөж 64-хөн настай, залуухнаараа байгаа шүү дээ. Тэгж хэлэхээр үнэхээр л хүний сэтгэл хөдөлдөг юм билээ. “Би таныг хүлээж авлаа, та бол үхэхгүй, зүгээрээ, танд хамаатнуудын чинь хэл ам бас их хүрсэн байна шүү” гэж хэлсэн. Тэгснээ одоо та нар яв, би эргээд холбогдоно гэж хэлээд бид нарыг гаргасан. Маргааш нь ...ээж очоод уулзсан, би захиргааны хэргийн шүүх хуралд орчихоод гараад ирсэн чинь гадаа хүлээж байсан нөхөр маань их сандарчихсан “ээж сая ярилаа, 88 сая төгрөг ч гэнэ үү 88 бод ч гэнэ үү 14 цагаас өмнө нөгөө үзмэрч нь авчир гэсэн гэнэ” гэж хэлсэн. 15 цагаас өмнө авчрахгүй бол хүлээж авахгүй гэж хэллээ гэхээр нь ах дүү нар руугаа яриад 15 цагаас өмнө манай хүргэн У 50 сая төгрөг олсон, үлдсэн 38 сая төгрөгийн манай үеэл Э бэлнээр 11,000 ам.доллар авчирч өгсөн. …авчирсан бэлэн 50 сая төгрөгөө энэ хадганд боо гэж хэлээд би боож байсан чинь өөрөө хажуугаар нь орж ирээд боолцсон, дуусчихаад цаашаагаа тавиад би одоо энийг бурхандаа өргөнө гэж хэлээд, ууттай ганга өгөөд энийг аваад аавыгаа ариутгаарай, харин эргэж харахгүйгээр одоо явцгаа гэж хэлсэн. Гараад явах гэтэл аан үлдсэн мөнгөө яах билээ гэж асуухаар нь нөхрөөрөө явуулчих уу гэж хэлсэн чинь “үгүй ээ болохгүй, би энэ асуудлыг хэнд ч хэлж болохгүй, хэрвээ хэлэх л юм бол энэ засал үр дүнгүй болно гэж хэлсэн биз дээ, би өөр хүнтэй уулзахгүй” гэж хэлснээ за за одоо дансаар л авахаас гэж хэлээд манай охины данс байгаа юм шилжүүлчих гэж хэлээд Хаан банкны 5039хххххх дугаартай Н.А гэх хүний дансны дугаарыг өгсөн. Тэндээс гараад иртэл нөгөө үеэл Э ах ирчихсэн, бид нарыг загнаад …нөгөө өгсөн данс руу нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ахын авчирсан 11,000 ам.долларыг солиулж нөхөр Б-ийн Хаан банкны 5030ххххх дугаарын данснаас мобайл банк болон бэлэн мөнгөний машин ашиглан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Найман шарга төвийн орчим байхаа 18,000,000 төгрөгөөр нэг удаа, 20,000,000 төгрөгөөр нэг удаа тус тус шилжүүлсэн. Гэхдээ хүргэн У-аас авсан 50 сая төгрөг, Э ахаас авсан 38 сая төгрөгийг би сүүлд өөрөө төлсөн юм. Гарахдаа өгч явуулсан гангаар маргааш нь аавыгаа утсан, зургийг нь дараад явуулаарай гэж хэлсэн болохоор утаж байгаа байдлын зургийг аваад нөгөө эмэгтэйн “Т Т” гэсэн фейсбүүк хаяг руу нь явуулсан. Нөгөө эмэгтэй энэ өдрөөс яг 3 хоногийн турш хоорондоо уулзаж болохгүй, би засал хийнэ гэж хэлсэн. Тэгснээ маргааш нь 09 цагт уулзъя гэж …хэлсэн. Тэгснээ би чамд нэг сонин юм үзүүлье гэж хэлээд миний нөгөө урьд орой нь өөр рүү илгээсэн зургийг харуулаад …энэ гал дээр нэг тоо харагдаж байна уу гэж асуухаар нь нэг тоо байгаа биздээ гэж хэлэхээр нь харсан чинь 108 гэсэн тоо харагдсан, 108 гэсэн тоо байгаа биз гэхээр нь хүүе нээрээ тийм байна гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бодийн тоо гүйцээгүй байна гэсэн үг, энэ 108 гэсэн тоог гүйцээж байж л болох юм байна гэж хэлсэн. Одоо 88 дээрээ 20 бод буюу 20 сая төгрөгийг өнөөдөртөө багтааж авчир гэж хэлэхээр нь би 2022.11.02-ны 18:49 цагт өөрийн Хаан банкны 5890хххххх дугаарын данснаас 20,000,000 төгрөгийг нөгөө А гэх хүний данс руу шилжүүлсэн. Ингээд 108,000,000 төгрөг өгсөн. …би ингээд хэлчихсэн юм, миний аав бол хоёр охиныхоо амьдралын баталгааг бий болгоод өгчихсөн хүн, бидэнд танд өгсөн 108 сая төгрөг бол нэг их чухал биш гол нь аавын маань эрүүл мэнд чухал гээд хэлсэн маань их буруу болсон юм билээ, тэр үгийг сонсоод л энэ эмэгтэй манай гэрийнхнээс хэнтэй ч харьцахгүй зөвхөн надтай л харьцаад бүр надаас салахаа байсан. …та нарт хамгийн гол юм чинь хүнд хэлж болохгүй шүү гээд хэлээд байхад задруулсан байна, хийсэн үйл задруулсан учраас одоо цаанаас бодоо нэм гээд байна гэж хэлээд надаас удаа дараа мөнгө нэхэж авсан. Би … гэх мэтээр нийт 251,500,000 төгрөгийг М гэх хүний өгсөн данс руу шилжүүлсэн. …Энэ мөнгөө шилжүүлчихвэл бариа засал амжилттай болно, үгүй бол засал үр дүнгээ өгөхгүй гэж хэлэхээр нь бариа нь үр дүнтэй байгаасай гэж л хэлснийх нь дагуу шилжүүлдэг байсан 6 удаа л барина, тэгээд ямар ч асуудалгүй болно гэж хэлсэн, өчигдөр 6 дахь удаагаа барьчихсан, гэтэл ямар ч үр дүн гараагүй. Аавын бие улам л муудаад байна. ...” /1-р хх-ийн 5-9/, “...Т өөрөө мөнгө шилжүүлэхдээ утга хэсэг дээр нь “буянд” гэж бичээрэй гэхээр нь ганц нэг удаа тэгж бичиж байсан, ихэнх нь Л-ээс гээд аавынхаа нэрийг бичсэн. …Т надтай аль болох утсаар ярихаас татгалздаг байсан, залгахаар л би уулын оройд явж байна, ном уншиж байна, сүлжээ тасраад байна гэдэг байсан, ...” /хх-ийн 11/ гэх мэдүүлгүүд,
хохирогчийн мэдүүлгийн нотлон мэдүүлсэн гэрч Б.У-ын “...Манай хадам аав Д.Л одоо 64 настай, 2020 оны 8 дугаар сард ходоодны хорт хавдартай гэсэн онош тогтоогдоод, түүнээс өдий хүртэл эмчилгээ хийлгэж байгаа, энэ хугацаанд 15 удаа химийн тариа хийлгүүлсэн. …Хавдар судлалын үндэсний төвийн химийн эмч Н гэдэг эмч одоогоос 1 сар орчмын өмнө анагаах ухааны үүднээс бол ямар нэгэн эмчилгээ боллоо, цаашид химийн эмчилгээ хийлгээд дийлэхгүй учраас тариа хийхгүй гэж хэлсэн. Тэгээд ар гэрийнхэн бид нар хадам аавыг аль болох ганц нэг хоног ч гэсэн торгоогоод хажуудаа байлгах ямар арга саам байна гэж хайж эхэлсэн юм. Тэгтэл М гэдэг үзмэрч байдаг гэж хүн амьтнаас сонсоод утасны дугаарыг нь олж аваад уулзсан. Тэр эмэгтэй манайх нялх хүүхэдтэй учраас энд хүнээ хүлээж авч үзэж байгаа юм гэж хэлсэн байсан. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тэр М гэх эмэгтэй манай хадам ээжид 15 цагаас өмнө 88 сая төгрөг авч ир гэж хэлсэн байсан. Ээж сандраад эхнэр бид хоёр руу яриад би өөрийн төрсөн эх Ц-аас 50 сая төгрөгийг хадам эгч Т-гийн нөхөр Б-ийн Хаан банкны данс руу ээжийн данснаас шууд шилжүүлүүлсэн. Үлдсэн 38 сая төгрөгийг Т эгч хүнээс зээлж олсон байсан. …Миний мэдэх зүйл бол 15 цагаас өмнө 88 сая төгрөг олохгүй бол энэ бариач эмэгтэй дахиж хэзээ ч барихгүй гээд байна гэж өөрөө сандраад байхаар нь бид нар ч гэсэн дагаж сандраад бушуухан мөнгө олж өгсөн...” /1-р хх-ийн 14/, гэрч Б.М-гийн “...2020 оны 8 дугаар сард анх нөхөр маань ходоодны хорт хавдартай гэсэн онош тогтоогдсон. Сэтгэл санаагаар унаад яах уу гээд эмнэлэгт хэсэг химийн эмчилгээнд яваад нэлээд гайгүй болсон ч ковид өвчин хүнд тусаад тэрнээс хойш өвчин нь сэдрээд улам хүндэрч эхэлсэн. …бид нар яаж ийж байгаад амьдрах хугацааг нь уртасгая гээд элдэв янзын арга саам хайж явж байгаад М гэдэг мундаг үзмэрч хүүхэн байдаг гэж хүн амьтнаас сонсоод, утасны дугаарыг нь олж аваад нөхөр Л, охин Т нартай хамт очсон. Тэгээд манай нөхөр шууд за алив ах нь чамайг л зорьж ирлээ, чи ахдаа л тусал гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй алив таныг үзээдэхье гэж хэлээд толгой, хүзүү, мөр, нуруу, бүсэлхий хэсэгт нь гараа хүргэж үзсэнээ “өө та бол зүгээр болох хүн байна, танд олон жилийн өмнө нэг эмэгтэй хүний хараал жатга хүрсэн байна, тэрийг л аргалчихад болчих юм байна” гэж хэлсэн. Та нар засал номоо хийлгэх бол маргаашнаас хийе гэж хэлэхээр нь бид нар юу бэлтгэх ирэх үү гэж хэлсэн чинь тэрийг танай охинд хэлчихье, маргааш л хэлье одоо та нар явж бай гэж хэлсэн. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өглөө миний байгаа зочид буудалд хүрээд ир гэж хэлээд дуудсан гэсэн. Охин гадуур ажилтай амжаагүй учраас би очиж уулзсан. Тэр эмэгтэй лаа асааж байгаад тэрийгээ нэг юман дээр дусаагаад янз бүрийн юм хийсэн, би чимээгүй хараад сууж байтал та нэг тоо хэлээдэхээч гэж хэлсэн. 1-ээс 99-ийн хооронд нэг тоо гэж хэлсэн, тэгэхээр нь би санаандгүй “88” гээд хэлчихсэн чинь хэсэг чимээгүй сууж байснаа “танай гэр бүлд айхавтар хараал жатга хүрсэн байна, танайхаас ар араасаа гурван хүн үхэхээр байна, одоо ч нэг гишүүн нь өвдчихсөн л байгаа юм байна” гэж хэлсэн. Тэгснээ 88 бодоор л танай энэ лай ланчигийг зайлуулах юм байна, одоо ямар мал хунар тууж ирэх биш дээ, мөнгөөр л тооцно шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгчид нь одоо мөнгө байхгүй шүү дээ, тэгээд хэзээ тэр мөнгийг олж ирэх ёстой юм бэ гэж хэлсэн чинь 11 цаг өнгөрч байхад 15 цаг гэхэд авчирсан байх шаардлагатай гэж хэлсэн. Эгчид нь одоо ямар нэгэн мөнгө төгрөг алга, 3 цагаас өмнө гэвэл яагаад ч амжихгүй юм байна, чи ядаж эгчдээ 3 хоногийн хугацаа өгөөч гэж хэлсэн чинь “үгүй ээ өнөөдөр л хийвэл хийнэ, үгүй бол хэзээ ч хийхгүй, ер нь мөнгө бол юу юм бэ, танай гурвын гурван хүний амь насны асуудал яригдаж байна шүү дээ, хүний амь насны хажууд мөнгө юу юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би бүр гурван хүний амь нас гэж сонсоод бүр их айчихсан. …88 бод гэсэн тоог би хэлээгүй, цаанаасаа тэгж хэлээд байна гэхээр нь тэгвэл манай нутагт нэг бод 500,000 төгрөг орчим байдаг, тэгэхээр 44 сая байвал болох юм бишүү гэж хэлсэн чинь “хувсхийж уурласан царай нь илт мэдэгдээд за би мэдэхгүй ээ, цаанаас л тэгж хэлээд байгаа юм чинь би яаж мэдэх юм” гэж хэлсэн. Тэгээд хүүхдүүд хоорондоо утсаар ярилцаад мөнгө төгрөг хайж эхэлсэн. Харин би нөгөө бэлтгээд ир гэж хэлсэн юмыг нь авахаар Гандантэгчилэн хийд ороод юмнуудаа авсан. Тогооны хөө, босгоны шороо нэмж авчир гэж хэлэхээр нь тэрийг нь бас аваад 50,000,000 төгрөг бэлэн аваад том охин Т-тай хамт орсон. Э руу залгаад эгчдээ 38 сая төгрөг өгөөч гэж хэлсэн чинь дүү уурлаад бөөн асуудал болж байгаад 38 сая төгрөгийг ам.доллар аваад ирсэн. …Найман шарга төв дээр очиж дүүгийн авчирсан 11,000 ам.долларыг солиулж нөгөө эмэгтэйн өгсөн данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш нийтдээ 300,000,000 орчим төгрөг авчхаад байгаа юм. ...” /1-р хх-ийн 16-18/, гэрч Б.Б-ийн “...Тэгээд би 88 бодыг яг яаж өгөх талаар бодоод эхнэр хурлаас гарч ирэхээр нь ээжийн хэлсэнийг хэлээд 15 цагаас өмнө гэж байна гээд хот руу орж ирээд 88 бод одоогийн ханшаар 40 гаран сая төгрөг болох байх гэж тооцоолоод хүн амьтнаас асууж эхнэрийн дүүгийн нөхөр У миний Хаан банкны 5030ххххх данс руу 50.000.000 төгрөг хийгээд би бэлнээр гаргуулаад нөгөө 15 цаг нь болох гээд байсан болохоор Пламинго зочид буудал дээр очоод эхнэр хадам ээж хоёр мөнгө болон засал хийх зүйлсээ аваад орсон.
Тэгээд хадам ээжийг хүргэж ирсэн дүү Б бид хоёр гадаа байж байтал Б рүү эхнэр залгаад “Нөгөө мөнгө нь дутчихлаа. 88 бод нь 88.000.000 төгрөг болдог гэнээ. Дутуу бол засал хийхгүй гээд байна. Э ахаас очоод мөнгө аваад ир” гэхээр нь Б бид хоёр хамт явж Э ах “Тийм юм гэж юу байдаг юм. Наад хүн чинь засал ном хийдэг хүн байсан бол гэр орон байхгүй энд буудалд байж байдаг юм уу? 88 сая төгрөгөөр Тайланд явж эмчлүүл” гэхэд ээж “Тэр мөнгөөр эмчлүүлж хүрэх үү. Ах нь ч эгч нь ч гэсэн их итгэлтэй байгаа” гэхэд Э ах бэлнээр 11,000 америк доллар хадам ээжид өгөөд гэртээ буусан. Эхнэр ээж бид гурав 8 шарга дээр ирж доллароо солиулахад 37,000,000 гаран төгрөг болсон. Тэр мөнгийг нөгөө засал хийгээд байгаа хүний явуулсан, А гэх хүний Хаан банкны 5039хххххх дугаартай данс руу наадам центрийн төв Хаан банкны киоск машинаас 20,000,000 төгрөгөөр 18,000,000 төгрөгөөр хоёр хувааж 2022 оны 10 сарын 31-ний 17 цаг 23 минутанд “Л-ээс” гэсэн утгаар шилжүүлсэн. …зураг дээр 108 гэсэн тоо харагдаж байна гэж хэлсэн чинь 108 болгож гүйцээ гээд бид хоёр 20,000,000 төгрөг олж А гэх хүний Хаан банкны 5039хххххх данс руу хийсэн. …анай гэрийн орж ирсэн орлого нь нөгөө хүний данс руу хийгдсээр байсан. …Ер нь авсан мөнгө нь үйлэнд хэрэглэх нөгөө бодны мөнгө нь бөгөөд заасан хугацаанд бодыг нь өгөхгүй бол цаг тутамд нэг бодын алданги бодоод мөнгө нэхээд тэр болгоныг нь өгөх гэж эхнэр бид хоёр хамаг л дансаа улайлгасан. …нэмж авсаар энэ хүн 301,500,000 төгрөгийг одоогоор биднээс аваад байна. ...” /1-р хх-ийн 23-24/, гэрч Д.Л-ийн “...нийт 6 удаа бариа хийж өгсөн. Сүү, шар тос түрхэж байгаад илдэг байсан. Эхний барианы дараа миний бие өвдөж эхлэхэд үйл лай чинь хэр их байна, төдий чинээ өвдөж байгаад өвчин нь гарна гэж хэлдэг байсан. Бариануудын дараа миний бие эдгэж байгаа мэт мэдрэмж төрөөгүй. Харин ч илүү өвдөж өмнөх хууч өвчнүүд сэдэрч байгаа. Би хувиасаа мөнгө төлөөгүй ба манай эхнэрт тэр эмэгтэй 2 цагийн дотор 88 сая төгрөг олж ир гэж хэлсэн байсан. Мөнгийг тухайн эмэгтэйд олон удаагийн үйлдлээр өгсөн, манай гэр бүлээс нийт 301.000.000 төгрөгийг авсан сураг байсан. ...” /1-р хх-ийн 30-31/ гэх мэдүүлгүүд,
гэрч Д.Н-ийн “...Өвчтөн Л нь 2020 оны 8 дугаар сард ходоодны хорт хавдар өвчинтэй гэж оношлогдож манай эмнэлэгт хандсан ... Сүүлийн шинжилгээгээр ходоодны хорт хавдар нь олон эрхтэнд үсэрхийлсэн, хүзүүний булчирхайд хүртэл үсэрхийлсэн байгаа юм. Ийм хүнд өвчтэй хүнийг бариа засал хийгээд эмчилнэ гэдэг боломжгүй зүйл. ...” /1-р хх-ийн 26-27/ гэх мэдүүлэг,
гэрч Н.Х-гийн “...Би 2021 оны 01 сард төрөөд хүүхдээ 10 сартай байхад нь 2021 оны 12 сарын 14-ний өдөр санамсаргүй ходоодны хорт хавдартай гэдгээ мэдсэн. Тэгээд 2022 оны 01 сарын 10-ны өдөр Хавдар судлалын үндэсний төвд хавдар авахуулах мэс засалд орсон. …Монголд ямар нэг эмчилгээ хийгээд арга чарга байхгүй эдгэрэх боломж байхгүй гэж хэлсэн. …М гээд бариа хийдэг сайн хүн байдаг гэсэн утасны дугаараар залгаад нийт 105,000,000 төгрөг надаас авсан. Би энэ хүнд бариулаад эдгээд байгаа талаар манай ах дүү нарын дунд яриа гарсан байсан. ...” /1-р хх-ийн 33-34/, гэрч М.С-ийн “...Х өөрөө Хавдар судлалын эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж яваад энэ Т гэх эмэгтэйн талаар хүнээс сонссон юм билээ. Хэнээс сонссон эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгээд Т гэдэг бариач эмэгтэй дээр хэд хэдэн удаа очиж бариулсан. Тэр хооронд химийн тариа нь хийгдэж байсан, мөн гадаад улсаас эм тариа ч авч хэрэглэж байсан, дараахан эмнэлэгт очоод үзүүлсэн чинь хавдрын хэмжээ нь жижгэрсэн байна гэхээр нь Х өөрөө ч бид нар ч тэр бариач л их мундаг сайн юм байна гэж бодсон. Хавдрын хэмжээ нь жижгэрэхэд химийн тариа нөлөөлсөн үү, эсхүл тэр гадаад улсаас захиалж авч уусан эм нь нөлөөлсөн үү эсхүл бариач нь нөлөөлсөн үү ёстой хэлж мэдэхгүй байна. Тэгээд Т-д энэ талаар хэлсэн. ...” /1-р хх-ийн 35-37/ гэх мэдүүлгүүд,
хохирогч Г.Т-гаас 251,500,000 төгрөгийг Х.Т дансаар авсанг нотолж буй Хаан банк дахь Л.Т-гийн 5890хххххх тоот дансны, түүний нөхөр Б.Б-ийн 5030ххххх тоот дансны хуулгууд /1-р хх-ийн 45-50,52-53/,
хохирогч Г.Т-гийн 50 сая төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүргэн Б.У-аас авч, бэлнээр Х.Т-т өгсөн гэсэн мэдүүлгийг нотолж буй Б.Б /Г.Тгийн нөхөр/-ийн 5030ххххх тоот дансанд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөг “У-аас” гэсэн утгаар орлого болон орж, 50,000,000 төгрөг тухайн өдрөө гарсан дансны хуулга /1-р хх 52 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч X.Т-ийн хохирогч Л.Т-гийн аавынхаа өвчнийг эдгээх гэсэн сэтгэл зүйг ашиглан “4 дүгээр үе шатанд орж, эмнэлгийн байгууллагаас цаашид эмчилгээгүй гэх оноштой өвчнийг засал хийж, 6 удаагийн бариагаар бүрэн эдгээж өгнө” гэж сүсэг бишрэлийг нь далимдуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, түүнээс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хугацаанд бэлнээр 50,000,000 төгрөг, банкны дансаар удаа дараагийн гүйлгээгээр нийт 251,500,000 төгрөгийг тус тус, нийт 301,500,000 төгрөгийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан “...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Т-ийн үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Х.Т-ийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хугацаанд Г.Т-гаас нийт 21 удаагийн үйлдлээр 301,500,000 төгрөгийг залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд, хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан “Залилах” гэмт хэргээр зүйлчилж хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх үйлдсэн гэмт хэргийнх нь хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхуйц ялыг тухайн шүүгдэгчид оногдуулдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял”-уудаас шүүгдэгч Х.Т-ийн хувийн байдал, үйлдсэн залилах гэмт хэргийнх нь хэр хэмжээ, хохирол нөхөн төлөгдөөгүй зэргийг харгалзан түүнд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Хохирогч Л.Т-гийн 301,500,000 төгрөгийг Х.Т-т хууртагдан өгсөн талаар үйл баримт нотлогдсон тул Х.Т-аас 301,500,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Т-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан “хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Х.Т-ийн шийтгэх тогтоолоос хойш давж заалдах шатны шүүх хуралдаан болтол цагдан хоригдсон 78 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-ийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ