Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 124/ШШ2026/0025

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Төрийн албаны зөвлөл;

            Хариуцагч: Ч.Ч нарын хооронд үүссэн төрд учруулсан хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж хариуцагч Ч.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл шүүхэд “Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Чийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол нийт 93,814,876 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргажээ.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            2.1. Хариуцагч Ч.Ч нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/108 дугаар захирамжаар аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Гыг, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар захирамжаар аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга М.Уг тус тус ажлаас халах, 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар Увс аймгийн музейн захирал Ш.Ц, 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар Ойрад хөгжимт жүжгийн театрын дарга Б.Л нарыг тус тус ажлаас чөлөөлөх шийдвэр гаргажээ.

            2.2. Дээрх захирамжуудыг эс зөвшөөрч Б.Г, М.У, Ш.Ц, Б.Л нар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/108 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаартай, 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/28 дугаартай, 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн Б/30 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хуульд заасан журмын дагуу олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

            2.3. Төрийн албаны зөвлөлөөс Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Чэд төрд учруулсан хохирлыг төлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд нөхөн төлөөгүй, түүний гаргасан шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэл нь урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байх тул захиргааны хэрэг үүсгэсэн.

            2.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл түүний үндэслэл, маргааны үйл баримт, нэхэмжлэгч болон хариуцагч нэг байх тул маргааныг нэг мөр, шуурхай шийдвэрлэх үүднээс Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 124/ШЗ2026/0076 дугаартай “Хүсэлт хянан шийдвэрлэж, хэргийг нэгтгэх тухай” захирамжаар Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Чэд холбогдох, хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 66,455,384 төгрөг гаргуулах тухай 124/2026/0004/з индекстэй захиргааны хэргийг Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Чэд холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 27,359,492 төгрөг гаргуулах тухай 124/2025/0051/з индекстэй захиргааны хэрэгт нэгтгэн хянан шийдвэрлэсэн болно.

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Төрийн албаны зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Чээс түүний хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол нийт 93,814,876 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн 100900021501 тоот дансанд нөхөн төвлөрүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

            1. Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Гыг төрийн албанаас халсантай холбоотой нэхэмжлэлийн тухайд: Ч.Ч нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/108 дугаар захирамжаараа тус аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Гыг төрийн албанаас халсан байна. Иргэн Б.Г нь дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2021/0337 дугаар магадлалаар Увс аймгийн Засаг даргын 2020 оны Б/108 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Гыг Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ. Түүнчлэн иргэн Б.Гыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил албан тушаалд томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарыг дуусах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр дахин шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 152/ШШ2022/00486 дугаар шийдвэрээр Б.Год ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 798,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 1,820,556 төгрөг, тус аймгийн Биеийн тамир, спортын газраас 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 20,945,206 төгрөг, нийт 23,563,762 төгрөгийг Б.Г-д ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэлд тооцож олгосон байна.

            2. Увс аймгийн Музейн захирал Ш.Цыг төрийн албанаас чөлөөлсөнтэй холбоотой нэхэмжлэлийн тухайд: Ч.Ч нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/28 дугаар захирамжаараа тус аймгийн Музейн захирал Ш.Цыг төрийн албанаас чөлөөлсөн байна. Иргэн Ш.Ц нь дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 49 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 221/МА2021/0655 дугаар магадлалаар Увс аймгийн Засаг даргын 2021 оны Б/28 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ш.Цыг тус аймгийн Музейн захирлаар эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Иргэн Ш.Ц нь шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил албан тушаалдаа 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар томилогдож, улмаар 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарыг дуусах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр дахин шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 152/ШШ2022/00333 дугаар шийдвэрээр Ш.Цд ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 11,000,000 төгрөг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/82 дугаар тушаалыг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 2,522,949 төгрөг, нийт 13,522,949 төгрөгийг Ш.Цд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд олгосон.

            3. Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын дарга Б.Лг төрийн албанаас чөлөөлсөнтэй холбоотой нэхэмжлэлийн тухайд: Ч.Ч нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар тус аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын дарга Б.Лг төрийн албанаас чөлөөлсөн. Иргэн Б.Л нь дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 125/ШШ2022/0004 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2022/0339 дүгээр магадлалаар Увс аймгийн Засаг даргын 2021 оны Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Лг тус аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ. Түүнчлэн иргэн Б.Л нь шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил албан тушаалдаа 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Увс аймгийн Засаг даргын Б/28 дугаар захирамжаар томилогдсон бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 152/ШШ2023/00016 дугаартай шийдвэрээр Б.Лд ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан. Шүүхийн шийдвэрийн дагуу Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, тус аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театраас 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн өдөр 3,263,186 төгрөг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/82 дугаар тушаалыг үндэслэн 6,105,487 төгрөг, нийт 29,368,673 төгрөгийг Б.Лд ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож олгосон байна.

            4. Ч.Ч нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар захирамжаараа тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга М.Уг төрийн албанаас халсан. Иргэн М.У нь дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 118/ШШ2022/0014 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 638 дугаар магадлалаар Увс аймгийн Засаг даргын 2020 оны Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгож, М.Уг тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгохыг хариуцагч Увс аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/36 дугаар тушаалаар 27,359,492 төгрөгийг М.Угийн цалинд тооцож олгосон. Төрийн албаны зөвлөлөөс төрд учирсан дээрх хохирлыг сайн дураар нөхөн төлүүлэх зорилгоор хариуцагч Ч.Чэд 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 04/685, 04/686, 04/687 дугаартай болон 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 04/2068 дугаартай мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн боловч хариуцагч хохирлыг нөхөн төлөөгүй” гэж тайлбарлав.

              3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Чээс нийт 93,814,876 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу төрийн албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар чөлөөлөх, томилох, халсныг илрүүлж, буруутайг нь шүүх тогтоосноор төрийн төлөөлж буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас төрийг хохиролгүй болгох эрх олгогдсон. Энэ хүрээнд Иргэний хуулийн 498.5-д заасан шууд болон илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хорын хохирол учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж заасны дагуу Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Чийн буруутай шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Улсын дээд шүүхээс 2024 онд “Албан тушаалтнаар ажиллаж байхдаа төрд хохирол учруулсан бол Захиргааны хэргийн шүүхэд хандана. Ямар нэгэн байдлаар гэм хорын хохирол учруулсан бол иргэний хэргийн шүүхэд хандана” гэж 25 дугаар тогтоолоор хууль тайлбарласан. Үүний дагуу Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Ч нь Б.Л, Б.Г, Ш.Ц, М.У нарыг төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн захирамж гаргасныг Захиргааны хэргийн шүүх тогтоож, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нь гаргаж олгохыг даалгасны дагуу Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, мөн Ойрад хөгжимт жүжгийн театр, аймгийн музей, Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас цалин хөлс нөхөн гаргаснаар төрд шууд санаатай гэм хорын хохирол учруулсан. Тийм учраас төрд учирсан гэм хорын хохирлыг буруутай шийдвэр гаргасан этгээдээс төрийг хохиролгүй болгох үүднээс эдгээр хүмүүст олгосон ажилгүй хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн нийт 93,814,876 төгрөгийг гаргуулахаар Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуульд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

            3.4. Хариуцагч Ч.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд: “...Би улсад 38 жил, үүнээс төрийн албанд 28 жил ажилласан ба төрийн албанд ажиллахдаа хуулийн хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан ажиллаж ирсэн. Өнөөдрийн хурлаар хэлэлцэж байгаа төрийн албаны нэхэмжлэлтэй маргаан нь Төрийн албаны тухай хуулийн хүрээнд хамаарах ганц заалтын хүрээний асуудал биш. Төрийн албан хаагч байсан Ч.Ч миний хувьд ч гэсэн хууль ёсны эрхийн асуудал гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөл ганц заалтаар намайг буруутгах биш төрийн албан хаагч байсан миний эрхийг хуулийн хүрээнд хэрхэн авч үзэж, асуудалд зөвхөн нэг талыг барихгүйгээр хэрхэн хандаж ажилласан бэ гэдгийг энэ хурлаар нухацтай авч хэлэлцэнэ гэдэгт итгэж байна. Бид адилхан л төрийн албан хаагч. Бид нар төрийн ажлыг хуулийн дагуу хийж ирсэн. Төрийн ажлыг зөвхөн төрийн албаны хуулиар хийдэггүй. Нэхэмжлэгчийн гаргасан дарааллын дагуу хүн бүхэнд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Биеийн тамир, спортын хорооны даргаар ажиллаж байсан Б.Г, Ойрад хөгжимт драмын театрын даргаар ажиллаж байсан Б.Л, Музейн даргаар ажиллаж байсан Ш.Ц бүгд төрийн үйлчилгээний албан хаагчид. Увс аймгийн дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоол буюу хүчин төгөлдөр болсон шийдвэрийн 1.б-н 2 заалт, бусад холбогдох заалтыг үндэслэн Б.Гыг ажлаас чөлөөлсөн дотоод аудитын хорооны тогтоол Монгол Улсад хэрэгжиж байгаа хуультай адилхан хариуцлага тооц гэсэн үүрэг өгсний дагуу чөлөөлсөн. Би өөрийн санаачилгаар чөлөөлөөгүй. Хорооны хурлын 6 дугаар тэмдэглэлд М.Уг Л.Ч, Д.Знар “Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоол зөрчин худалдан авалт хийсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан нээлттэй тендер явуулахаас зайлсхийх заалтыг зөрчин худалдан авалт хийсэн, орлого зарлагаа бүртгээгүй, төрийн хөрөнгийг бүртгэлд оруулаагүй, ашигласан, дуудлага худалдаагаар зарах авто машиныг орон нутгийн өмчийн газарт өгөхгүй, сольж хувьдаа ашиглаж, худалдан авсан 399,000,000 төгрөгийн хөрөнгийг гэрээгээр шаардаж аваагүй” гэх мэт олон зөрчлүүдийг 33 дугаар тогтоолоор улсын байцаагч тогтоосон. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Гыг 33 дугаар тогтоолыг үндэслэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэм буруутайд тооцож, 5,400,000 төгрөгөөр торгож, төрийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 486 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин 27,000,000 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргахыг даалгасан. Дээрх шийдвэрийг Засаг дарга биш Тамгын газарт даалгасан гэж үзэж байна. Б.Гыг чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн хүрээнд хамгийн ойр байх албан тушаалтан Х.Бнь хавсран гүйцэтгэж байсан. Үүнд хэн нэгэнд ажил олгож, цалин хөлс төлсөн зүйл байхгүй, Б.Гын цалин орон нутгийн төсөвт төвлөрсөн байсан. Энэ тухай хавтаст хэрэгт нотлох баримтууд авагдсан. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 04/687 гэсэн албан бичиг надад ирүүлсний дагуу аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/725 тоот албан бичгээр цалин хэмнэгдсэн талаар Засаг даргын Тамгын газрын тайлбарыг Төрийн албаны зөвлөлд буцааж хүргүүлсэн. Б.Гын хувьд цалинг өгөх боломжгүй байсан ч өвчний шалтгаан болон хохирсон аж ахуй нэгж шинжилгээ хийлгэх асуудал яригдсан учраас цалинг олгосон. Увс аймгийн музейн захирлаар ажиллаж байсан Ш.Ц нь Увс аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/28 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдөхдөө тухайн албан тушаалын боловсрол, мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэж заасан үндэслэл нь Соёлын сайдын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар тушаалаар батлагдсан Орон нутгийн өмчит музейн захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжил нь таараагүй, төрийн албаны мэргэшсэн гэрээгээ зөрчсөн. Тус ажлын байрны тодорхойлолтод магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, Урлаг-уран зураг, /021301/, түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт /021304/, Урлаг судлал /021801/, гар урлал /021401/, хүмүүнлэг түүх /022201/, Шашин судлал /021304/, Археологи /022202/, Социологи, соёл судлал /031401/ Антропологи /031403/, менежмент ба удирдахуй менежмент /041302/, нийтийн удирдлага /041303/, чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх шаардлагатай. Ш.Ц нь нягтлан бодох бүртгэлийн /341400/ тоот мэргэшлийн гэрчилгээтэй байсан. Ш.Ц, Төсвийн тухай хуулийг зөрчиж байсан талаар түүний ажлыг авсан н.А нь Санхүүгийн хяналт, дотоод аудитын газарт 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай гомдол гаргаж байсан. Энэ талаар гарсан дотоод аудитын газрын тогтоол болон улсын байцаагчийн актад гомдол гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн болон давж заалдах шатны шүүх түүнийг ажиллаж байсан хугацаандаа зөрчил гаргасныг тогтоосон. Ш.Цыг ажлаас чөлөөлж, түүний ажлыг н.Ааар хавсран гүйцэтгүүлсэн нь төрийг хохироогоогүй, нэмж шинээр хүн томилсон ямар нэгэн тушаал, шийдвэр гараагүй. Увс аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 24/84 тоот албан бичгийн дагуу Ш.Цын цалинг хэмнэгдсэн зардлаас олгосон тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Бийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3/1826 тоот тооцооны хавсралт хэрэгт авагдсан. Төрийн албаны зөвлөл 2026 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 04/685 дугаартай “Төрийн албаны хохирол төлөхийг шаардсан” албан бичиг надад ирүүлсэн. Тус аймгийн Засаг дарга би 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/785 тоот албан бичгээр Засаг даргын Тамгын газраас олгох тухай тайлбарыг Төрийн албан зөвлөлд хүргүүлсэн. Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 05 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон шийдвэрийн 1 дүгээр заалтыг баримтлан Б.Лг ажлаас чөлөөлсөн. Би өөрийн санаачилгаар бус дотоод аудитын хорооны шийдвэрээр ажлаас чөлөөлсөн. 2026 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 02 тоот тэмдэглэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, 8.5, Төсвийн тухай хуулийн 16.5.3, “Бүтэц орон тоог батлах тухай” аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн А01 дугаар захирамжийг үндэслэн, илүүдэл орон тоо бий болгож, бусдад давуу байдал олгосон. Энэ нь Эрүүгийн хуулиар хориглосон заалт. Улсын байцаагчдын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 340433 дугаар акт зэргийг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Дотоод аудитын тогтоол нь заавал гүйцэтгэх биелүүлэх шаардлагатай байсан, эс биелүүлбэл хариуцлага хүлээлгэдэг. Хүний эрхийн үндэсний комиссын 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2/04, 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 01/13 дугаартай албан бичгээр ашиг сонирхлын зөрчил гаргаж байсан зэрэг нөхцөл байдал болоод ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, ажилтнаа чагнах камер суурилуулсан гэх ноцтой зөрчлүүдэд нь “хариуцлага тооцох тухай” гэж ирүүлсэн, мөн хариуцлага тооцож үүргээ биелүүлэх тухай албан бичгийг 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр надад ирүүлсэн. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин 26,000,000 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас олгох тухай шийдвэр гарсан. Тухайн хүн нь орон нутгийн төсвөөс 3 сая төгрөг давхардуулаад авчихсан асуудал байгаа ч өнөөдрийг хүртэл төлүүлж аваагүй байна. Түүнийг ажлаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хамгийн ойр байх албан тушаалтнаар нь хавсран гүйцэтгүүлсэн. Ямар нэгэн байдлаар төрөөс нэмэлт цалин гаргаагүй. Б.Лгийн цалин нь орон нутгийн төсөвт цугларсан. Энэ тухай хавтаст хэрэгт холбогдох баримтуудад тодорхой байгаа. Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 04/784 дүгээр албан бичгийг хүлээн авч, Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинг олгож, буцааж ажилд томилсон. Дээрх 3 албан хаагчийн цалин нь өөр зүйлд зарцуулагдаагүй, тухайн цалингаас нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон, төрд хохирол учраагүй. М.У нь Орон нутгийн өмчийн газрын дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны албаны дарга ажилтай байсан. Түүнийг Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын 1 дүгээр заалт болон бусад холбогдох хуулийг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Дотоод аудитын баримт бичиг нь заавал биелэгдэх эрх зүйн баримт байдаг. Биелүүлэхгүй тохиолдолд би хариуцлага хүлээх байсан. Улсын байцаагчаас 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хөрөнгө актлах тухай саналыг орон нутгийн өмчийн газарт хүргэсэн. Үүний хариуг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд Биеийн тамир, спортын газарт хүргүүлж байсан боловч биелүүлээгүй, дуудлага худалдаа явуулах нөхцөл боломжоор хангаж ажиллаагүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэрээр М.Уг ажилд нь буцааж авах тухай шийдвэр гарсан. Үүнийг давж заалдаад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 85 дугаар магадлал гарсан. Магадлалд “хэдийгээр маргаан бүхий актын үндэслэлд дурдсан Увс аймгийн дотоод аудитын 33 дугаар тогтоолыг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг баталсан захирамжид Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга нарыг бүрэлдэхүүнд заагаагүй, иргэдийн төлөөлөгч Ч.Ч-О-ыг томилсон шийдвэр байхгүй байхад Дотоод аудитын хороонд оролцож тогтоолд гарын үсэг зурсан нь хууль бус болсон байна хэмээн хүчин төгөлдөр ирцтэй хуралдаагүй үндэслэлээр хүчингүй болгосон байх боловч уг тогтоолыг хүчингүй болгосноор маргаан бүхий актын үндэслэл болсон үйл баримтыг үгүйсгэхгүй тул анхан шатны шүүх актын үндэслэлд дурдсан Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг болон төрийн албан хаагчийн хориглох үйл ажиллагааг нэхэмжлэгч М.У зөрчсөн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлтийг өгөх шаардлагатай” гэж дүгнэсэн. Дотоод аудитын хорооны 7 хүний бүрэлдэхүүнийг би томилоогүй бөгөөд өмнөх аймгийн Засаг дарга бүрэлдэхүүнийг томилсон байсан. Би өмнө нь ажиллаж байсан хүмүүсээр нь уг шалгалтыг хийлгэсэн. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Б.Гтой холбоотой авлигын хэрэг нь Ч.Чийн захирамж гарахаас сүүлд болсон үйл явдал учир дүгнэх боломжгүй гээд хаасан. Миний захирамж гарч байхад 33 дугаар тогтоол хүчинтэй байсан. Надад санаатайгаар Б.Г-ын оронд хүн авах бодол байгаагүй. Төрийн үйлчилгээний албан хаагч ажлаас халагдаад гомдол гаргахад Төрийн албаны зөвлөл хүлээж авдаггүй, манайх төрийн захиргааны албан хаагчийг хариуцдаг, төрийн үйлчилгээний албан хаагчийг хариуцдаггүй, шүүхээрээ яв гэх хариу өгдөг байсан. Маш олон төрийн үйлчилгээний албан хаагч энэ зарчмаар явж байсан. Томилсон, чөлөөлсөн хоёр чинь зэрэг явна. Хүн чөлөөлөхгүй бол яаж томилогддог юм. Эдгээр хүмүүс өөртөө ашигтай байдлаар тайлбарлаж байгаад нь үнэхээр харамсаж байна. Би Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.О гэдэг хүний төлөвлөж өгсөн процессын дагуу ажилласан. Төрийн албаны зөвлөл үүнийг надтай хамтарч хийсэн. Ийм учраас би болгоомжгүй үйлдэл хийгээгүй тул хариуцахгүй. М.У гэдэг хүн надаас мөнгө нэхээгүй байхад 27 сая төгрөгийг хаанаас гаргаж нэхээд байгаа юм бэ, үүнийг тогтоосон зүйл байхгүй, шүүхээс өөр мөнгө тогтоодог газар байдаг юм уу, Биеийн тамир спортын газар намайг орж байхад төрийн үйлчилгээний ажилтан байсан. Агентлаг руугаа шилжихэд шинэ ажлын байрны тодорхойлолт гараад миний томилдог эрх, үүрэг хаагдсан. Х.Бгэдэг хүнийг үүрэг гүйцэтгэж байх үед захиргааны алба руу Төрийн албаны зөвлөлийн тогтоол ирж, албажсан. Б.Гыг чөлөөлж байх үед төрийн үйлчилгээний албан хаагч байсан юм. Энэ Төрийн албаны зөвлөл намайг 90 гаруй сая төгрөгийг хаанаас гаргаж төлнө гэж бодож байгаа юм бол. Миний эрх ашгийг яагаад бодоогүй юм. Үнэхээр илтэд санаандгүй, болгоомжгүй үйлдэл байна уу, санаатай үйлдэл үү гэдгийг яагаад бусад хуультайгаа харьцуулж үзэж болдоггүй юм бэ. Төрийн алба 28 жил хашиж, улс орныхоо төлөө зүтгэчхээд өнөөдөр би тэтгэврээ ч авч чадахгүй төрийн албан хаагчдаас болоод жил хохирч байна. Тийм учраас эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргаж байна.

            3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч тухайн шийдвэрүүдийг гаргаснаар Ч.Ч төрд шууд хохирол учруулсан гэм буруутай гэж үзэх үндэслэл байхгүй гэдгийг хэлмээр байна. Төрийн албаны нэхэмжлэлтэй төрд учирсан хохирол нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай маргааныг маш олноор шийдэж байгаа. Улсын дээд шүүхээс энэ төрлийн маргааныг шийдвэрлэх тодорхой жишиг тогтоосон. Үүнтэй холбоотой “тухайн этгээдүүдийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр нь тухайн акт гаргасан этгээдийг төрд шууд хохирол учруулсан гэм буруутайг тодорхойлох хэмжээний шийдвэр биш гэдгийг” Улсын Дээд шүүх 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор тайлбарласан. Хариуцагчийн 4 хүнийг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой шийдвэр гарсан нь түүнийг шууд гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй. Жишээлбэл, М.Утэй холбоотой шийдвэрийн 14-18 дугаар талд хийсэн дүгнэлтээр “...түүнийг чанаргүй барилга хүлээж авсан, стандартад нийцээгүй машин хүлээж авсан, жилийн тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй, тайландаа гарын үсгээ зураагүй, төрийн албаны шаардлага хангаагүй” гэдгийг шүүх хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ ганц М.Угийн буруу биш, тухайн үед ажиллаж байсан Засаг дарга нь хяналтаа хэрэгжүүлээгүй, мөн үнэлгээний хороо, худалдан авах ажиллагааны газрын бусад ажилтнууд хамт байсан учир зөвхөн түүнийг ажлаас халах нь буруу байна гэж дүгнэсэн. Үүнээс үзэхэд, зөв зүгээр ажлаа хийгээд явж байсан, ямар ч буруутай шийдвэр гаргаагүй хүнийг ажлаас нь чөлөөлөөгүй, тодорхой хэмжээнд буруутай үйлдэл хийсэн хүнд хариуцлага тооцсон гэдгийг хэлмээр байна. Бусад Ш.Ц, Б.Г, Б.Л нарын хувьд ч мөн ялгаагүй энэ зүйл болсон. Жишээ нь Б.Г гэх хүн акталсан тээврийн хэрэгслийг хувьдаа завшсан үйлдэл гаргаж, эрүүгийн хуулийг зөрчиж, ял шийтгэл авсан. Гэвч тухайн үйлдэл нь хариуцагч Ч.Ч ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаснаас хойш болсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид өөрсдийн төлөөлөх эрхийнхээ хүрээнд төлөөлж нэхэмжлэл гаргаж оролцож байна гэж тайлбарлаж байна. Тухайн эрх нь төрийн албаны зөвлөлд яг байсан уу, Иргэний хуулийн 498.5-д заасан шууд болон болгоомжгүй үйлдлээр гэм хорын хохирол учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна. Төрийн албаны зөвлөлд өнөөдөр ямар бодитой хохирол учирсан юм бэ, Тухайн 4 хүнд төрийн албаны зөвлөл ямар хохирол барагдуулах юм бэ, тухайн байгууллагаас нэг ч төгрөг гараагүй, хохирол учраагүй. Үүнийг төрийн албаны зөвлөл хүлээн зөвшөөрч байгаа, тухайн хохирлыг тус тус байгууллагууд болоод аймгийн тамгын газраас барагдуулсан. Тэгвэл тухайн барагдуулсан байгууллагууд нь нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэ талаар Улсын дээд шүүх 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 246 дугаар тогтоолоор дүгнэлт хийж, тодорхой тайлбарласан. Тийм учраас дээрх нотлох баримтуудаас үзэхэд төрийн албаны зөвлөл үүнд нэхэмжлэл гаргах эрх, хэмжээ байхгүй. Мөн төрд хохирол учирсан эсэхийг зайлшгүй дүгнэх ёстой. Сая хариуцагч Ч.Ч мөн хэлж байна, тухайн хүнийг ажлаас нь чөлөөлөөд оронд нь шинээр хүн авч ажиллуулаагүй, хамгийн ойр албан тушаалтай хүнээр нь ажил үүргийг нь хавсран гүйцэтгүүлсэн, дараа нь түүнд олгох ёстой байсан цалин хөлсийг төсвийн хэмнэсэн зардлаас гаргаж олгосон гэдгийг тайлбарласан. Тийм учраас төрд бодитоор ямар нэгэн учирсан хохирол байхгүй. Дараагаар нь гэм буруугийн хэлбэрийг заавал тайлбарлах шаардлагатай байна. Иргэний хуулийн 498.5-т заасан шууд болон илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хорын хохирол учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж заасан. Үүнд санаатай үйлдлээр хохирол учруулсан байхыг шаардаж байна. Харин болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан бол гэм буруугийн талаар яригдахгүй байхаар зохицуулсан. Илтэд болгоомжгүй үйлдэл гэдэг нь аймгийн Засаг дарга нь газрын даргыг төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй гэх үндэслэлээр ажлаас халсны дараагаар яг тухайн чөлөөлсөн үндэслэлтэй хүнийг ажилд авч байгаа нь илтэд болгоомжгүй үйлдэл гэдгийг улсын дээд шүүхийн тогтоолоор тайлбарласан. Мөн тухайн шийдвэрүүдийг Ч.Ч дангаараа гаргаж байгаагүй, Дотоод аудитын хорооны дарга, улсын байцаагч нарын актуудыг үндэслэж, 7 хүний бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж байсан. Харин тухайн актуудаар хариуцлага тооц гэсээр байхад хариуцагч нь чөлөөлөөгүй байсан бол бусдад давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нөхцөл байдалд орохоор байсан. Хариуцагч маань дотоод аудитын хорооны заавал биелүүлэх шинжтэй актуудыг биелүүлснийхээ хариуд өнөөдөр 93 сая төгрөгийн хариуцагчаар татагдсанд гомдолтой байна. Төрийн албаны тухай хуульд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа заалтад өөрчлөлт орсон. Өмнө нь “төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж байсан бол тус өөрчлөлтөөр “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж өөрчилсөн. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд төрийн үйлчилгээний албан хаагч гэж хэн юм бэ гэдгийг тодорхойлсон. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалд хамаарна” гэж заасан. Дээрх нэр бүхий 4 хүн нь бүгд төрийн үйлчилгээний байгууллагын дарга нар буюу төрийн үйлчилгээний албан хаагч нар байсан. Төрийн жинхэнэ албан хаагч нар биш байсан учраас нэхэмжлэгчийн шаардаж буй Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан үндэслэл ерөөсөө хамааралгүй. 3 дугаар хавтас хэргийн 141 дүгээр талд Ш.Цыг ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгосон шийдвэрт Ш.Ц буюу музейн захирлын албан тушаалыг төрийн үйлчилгээний албан тушаал гэж дүгнэсэн. 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн өөрчлөлтөөр төрийн жинхэнэ албан хаагчийг л хууль бусаар чөлөөлсөн тохиолдол хамаарахаар зохицуулсан. Гэтэл яагаад төрийн жинхэнэ албан хаагч биш үйлчилгээний албан хаагч нарыг хууль бус байдлаас сэргийлэх замаар чөлөөлсний төлөө хохирол нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.  Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч талаас “...Холбогдох албан тушаалтнуудыг төрийн албанаас хууль бусаар халсан, чөлөөлснийг 3 шатны шүүх тогтоож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу М.У, Б.Г, Ш.Ц, Б.Л нарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг улсын төсвөөс олгосны улмаас буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан болох Ч.Чээр нөхөн төлүүлж төрийг хохиролгүй болгох үндэстэй. Төрийн албаны зөвлөлөөс хариуцагчид төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд нөхөн төлөөгүй” гэж тайлбарлаж байна.

            3. Хариуцагч “...Холбогдох албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг өөрийн санаачилгаар бус, Увс аймгийн Дотоод аудитын хорооны тогтоол болон бусад эрх бүхий байгууллагын баримтад үндэслэн гаргасан. ...Төрд хохирол учруулах зорилгоор санаатай шийдвэр гаргаагүй бөгөөд харин эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлсэн. Ажлаас чөлөөлөгдсөн хүний оронд шинээр хүн авч, давхар цалин олгоогүй, харин төрийн байгууллагад ажиллаж байсан ажилтнаар хавсран гүйцэтгүүлсэн тул төрд бодит хохирол учраагүй. Түүнчлэн тухайн албан тушаалтнууд нь төрийн үйлчилгээний албан хаагч байсан бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өмнө үүссэн харилцаанд хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй” гэж маргасан.

            4. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл, хариуцагч Ч.Чэд холбогдуулан Орон нутгийн өмчийн газрын дарга М.У, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Г, Увс аймгийн музейн захирал Ш.Ц, Ойрад хөгжимт жүжгийн театрын дарга Б.Л нарыг хууль бусаар албан тушаалаас халах, чөлөөлөх агуулга бүхий шийдвэр гаргаснаас төрд хохирол учруулсныг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хохирол тус бүрээр дүгнэвэл;

Нэг. Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга М.Уд ажилгүй байсан хугацааны цалин олговрыг төлж барагдуулсны улмаас төрд учирсан хохирлын тухайд:

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хариуцагч Ч.Ч нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/112 дугаар захирамжаар 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Увс аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны 33 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга М.Уг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

5.1. Дээрх захирамж болон Увс аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны 33 дугаар тогтоолыг М.У эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан бөгөөд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 118/ШШ2022/0014 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч М.Угийн “Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоол хүчингүй болгосон” гэх үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлан хэргийг хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгож, түүнийг Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцон олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 638 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. (3 дахь хавтаст хэргийн 5-31 дүгээр хуудас)

5.2. Шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/36 дугаар тушаалын дагуу М.Уд 27,359,492 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин олговорт нөхөн төлснийг 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр түүний Хаан банк дахь 5800555526 дугаартай дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлт, М.Угийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.

6. Ийнхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэн М.Уд ажилгүй байсан хугацааны цалин олговорт олгосон 27,359,492 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын “Ажлаас халах тухай” захирамж гаргасны улмаас хариуцагч Ч.Чийн төрд учруулсан хохирол гэж үзэх эсэх талаар хэргийн оролцогч маргасан.

7. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх”-ээр зохицуулсан.

8. Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн зөрчил буюу иргэний эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалагдвал зохих эрх, хууль ёсны ашиг сонирхлын төрлийг тодорхойлсноороо нийтлэг зохицуулалт болох хэдий ч зөрчил гаргасан этгээд зайлшгүй гэм буруутай байхыг шаарддагаараа энэ шаардлагыг тавьдаггүй тусгай зөрчлүүдээс ялгаатай. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж зааснаас үзвэл энэ зүйлд хамаарах зөрчлийн бүрэлдэхүүнд гэм буруугийн аль нэг хэлбэрийг заавал шаардаж байгаагаараа нийтлэг бус, нарийвчилсан зохицуулалт болдог онцлогтой. Иргэний хуулийн 498 дугаар зүйл нь төрийн албан хаагч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтнуудын бусдад учруулсан хохирлыг хэрхэн арилгахтай холбоотой харилцааг зохицуулсан тусгай хэм хэмжээ бөгөөд мөн зүйлийн 498.5 дахь хэсэг нь ажилтны бусдад учруулсан хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах харилцаанд үйлчилнэ.

8.1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт ийнхүү ажилтнаас шаардах эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг бус, тодорхой хэлбэрийг дурдан “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан байна. 

8.2. Иймд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зөрчил гаргасан этгээд уг зөрчилд гэм буруутай байхыг шаардсаныг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгтэй уялдуулан тайлбарлах нь зүйтэй бөгөөд төрийн албан хаагч гаргасан зөрчилдөө шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй гэм буруутай бол тус хуульд заасан хариуцлага хүлээнэ.

9. Хариуцагч Ч.Ч нь Увс аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга М.Уг дотоод аудитын хорооны гаргасан дүгнэлтээр зөрчил гаргасныг тогтоосон уг шийдвэр нь заавал биелүүлэх шинжтэй тул хариуцлага тооцсонд тул төрд хохирол учруулсан гэм буруугүй гэж тайлбарлаж байна.

10. Хариуцагч Ч.Чийн аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга М.Уг ажлаас халах тухай захирамжийн талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт “...хариуцагч нь хууль, журмаар тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах зохицуулалтыг зөрчиж, ажлаас үндэслэлгүйгээр халсан. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасан ажиллагаануудыг гүйцэтгээгүй, М.Угийн гаргасан гэх сахилгын зөрчлүүдийг нэг бүрчлэн бүрэн дүүрэн шалгаж, баримтаар тогтоолгүйгээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус” гэж дүгнэснээс үзвэл Увс аймгийн Засаг дарга нь өөрөөс гарч буй захирамжийн төслийг хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, урьдчилан хянах, мэргэжил арга зүйн зөвлөгөө авах чиг үүрэг бүхий ажлын албатай боловч төрийн удирдах, мэргэшсэн албан тушаалтан бүр мэдвэл зохих, захиргааны акт гаргах хуулиар тогтоож хэвшүүлсэн процессын шаардлагыг эс биелүүлсэн үйлдэлдээ илтэд болгоомжгүй хандсан.

10.1. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ч.Ч нь М.Уг төрийн албанаас халах шийдвэр гаргаснаар төрд 27,359,492 төгрөгийн гэм хорыг шууд санаатай учруулсан гэх нөхцөл тогтоогдоогүй, харин хариуцагч төрийн эрх бүхий албан тушаалтан бүр мэдэх, сахин биелүүлэх боломжтой анхан шатны шинжтэй буюу захиргааны акт гаргахын өмнө эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийн байр суурийг сонсох, өөрийгөө хамгаалах, буруугүй болохоо тайлбарлах боломж олгох зэрэг шийдвэр гаргах ажиллагааны хэм хэмжээний хэрэглээний асуудалд илтэд хайхрамжгүй хандан хууль зөрчиж захиргааны акт гаргасан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан “илтэд болгоомжгүй” хэлбэрийн гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

            11. Нөгөө талаас, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах”-аар тус тус зааж, харин уг гэм хорыг төрийн байгууллага буюу төр хариуцан арилгасан бол тухайн буруутай албан хаагчаас буцаан шаардаж гаргуулахаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т зохицуулжээ.

            11.1. Ийнхүү төрийг төлөөлөн гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргах эрхийг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар Төрийн албаны зөвлөлд олгосон байх тул аль нэг этгээдийн хүсэлт, итгэмжлэл шаардахгүйгээр шүүхэд шууд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна. Энэ талаар маргасан хариуцагчийн “Төрийн албаны зөвлөл шууд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэх тайлбар үндэслэлгүй.

12. Иймд Увс аймгийн Засаг дарга Ч.Ч нь Орон нутгийн өмчийн газрын дарга М.Уг төрийн албанаас халах шийдвэр гаргахдаа төрийн албан хаагчийн, ялангуяа удирдах албан тушаалтны мэдэх ёстой, шийдвэр гаргах хуулиар тогтоосон шаардлагыг эс биелүүлж илтэд болгоомжгүй хандсан үйлдлийн улмаас төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнөөр төрд 27,359,492 төгрөгийн хохирол учруулсан, хохирлыг төр хариуцан арилгасан байх тул хариуцагч нь төрд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх үзлээ.

Хоёр. Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Г-д ажилгүй байсан хугацааны цалин олговрыг төлж барагдуулсны улмаас төрд учирсан хохирлын тухайд:

13. Хариуцагч Ч.Ч нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/108 дугаар захирамжаар 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Увс аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны 33 дугаар тогтоолоор санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Гыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халжээ.

13.1. Дээрх захирамж болон Увс аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны 33 дугаар тогтоолыг Б.Г эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2 сар 13 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцон олгохыг хариуцагчид даалгасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 337 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. (1 дэх хавтаст хэргийн 156-175 дугаар хуудас)

13.2. Улмаар, Б.Г хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын дуустал хугацааны цалин олговорт 27,563,756 төгрөг, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 152/ШШ2022/00486 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

13.3. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай” Б/39 дүгээр тушаалаар Б.Год Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын төсвөөс 20,945,206 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин олговор, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс 2,618,556.82 төгрөгийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн болох нь тушаалын хуулбар, төлбөрийн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 241-244 дүгээр хуудас)

14. Хариуцагч Ч.Ч аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Гыг ажлаас халах тухай захирамжийн талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт “...Увс аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хариуцагч нь Б.Гын гаргасан гэх санхүүгийн зөрчлүүдийг нэг бүрчлэн бүрэн дүүрэн шалгаж, баримтаар тогтоолгүйгээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан, ...захиргааны акт гаргахын өмнө урьдчилан мэдэгдэхгүй, оролцоог хангах ажиллагаа хийгээгүй, ...ажлаас халах шийдвэр гаргахдаа Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д зааснаар Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөөгүй” гэж дүгнэснээс үзвэл дээр дүгнэснээр Засаг даргаас гарч буй захирамжийн төслийг хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, урьдчилан хянах, мэргэжил арга зүйн зөвлөгөө авах чиг үүрэг бүхий ажлын албатай атлаа захиргааны акт гаргах хуулиар тогтоож хэвшүүлсэн процессын шаардлагыг эс биелүүлсэн үйлдэлдээ илтэд болгоомжгүй хандсан байна.

14.1. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ч.Ч нь Б.Гыг төрийн албанаас халах шийдвэр гаргаснаар төрд 23,563,762 төгрөгийн гэм хорыг шууд санаатайгаар учруулаагүй боловч хариуцагч нь төрийн эрх бүхий албан тушаалтан бүр мэдэх, сахин биелүүлэх боломжтой анхан шатны шинжтэй захиргааны акт гаргахын өмнө эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийн байр суурийг сонсох, өөрийгөө хамгаалах, буруугүй болохоо тайлбарлах боломж олгох, эрх бүхий байгууллагатай зөвшилцөх зэрэг шийдвэр гаргах хуулиар тогтоосон шаардлагыг эс биелүүлж илтэд хайхрамжгүй хандан хууль зөрчиж захиргааны акт гаргасан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан “илтэд болгоомжгүй” хэлбэрийн гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

15. Хариуцагч Ч.Ч нь аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Гыг ажлаас халсан нь хууль бус болохыг шүүхийн шийдвэрээр тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны олговор болон нийгмийн даатгалын шимтгэлд төрөөс нийт 23,563,762 төгрөгийг олгож, улмаар Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг үндэслэн төр өөрт учирсан хохирлыг нэхэмжилсэн нь ...албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-д заасныг хэрэглэх үндэслэл болно.

15.1. Дээрх дурдсанчлан, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д ажилтнаас шаардах эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг бус тодорхой хэлбэрийг дурдан “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан.

16. Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч нь Б.Гыг ажлаас буруу халсан илтэд болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас төрөөс уг албан хаагчид ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн төлсөн байх боловч гэм хорын хохирлын хэмжээ нэмэгдэхэд хариуцагчийн шууд санаатай буруутай үйлдлээс шалтгаалаагүй зарим нөхцөл байдал тогтоогдож байна.

16.1. Тодруулбал, хариуцагч нь аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Гыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халсан нь буруу болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон ба энэ хугацаанд Б.Г нь Увс аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна. (3 дахь хавтаст хэргийн 173-195 дугаар хуудас)

16.2. Өөрөөр хэлбэл, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Ч.Чээс шалтгаалахгүйгээр Б.Гыг ажилд эгүүлэн томилох боломжгүй нөхцөл байдал үүссэн тул энэ хугацаанд олгосон ажилгүй байсан хугацааны олговор нь хариуцагчийн хууль бус шийдвэрийн шууд үр дагавар гэж үзэх боломжгүй бөгөөд уг хугацаанд төрд учирсан хохирол нь түүний илтэд болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна.

17. Иймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно”, 1.5-д “Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй”, 1.6-д “Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно” гэж зааснаар Б.Гын ажлаас халагдсан өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс Увс аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцож, мөн энэ мөнгөн дүн дээр ажил олгогчоос 12.5 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дүнг нэмж оруулж хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

17.1. Б.Г нь үндсэн цалин 1,088,657 төгрөг, нэмэгдэл урамшуулал 326,597 төгрөг авч байсан ба ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 1,415,254 /4,245,762 төгрөг : 3 сар = 1,415,254/ төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 67,393 /1,415,254 төгрөг : 21 хоног = 67,393/ төгрөг болох нь хэрэгт авагдсан цалингийн хүснэгтээр тогтоогдож байна. (3 дахь хавтаст хэргийн 168 дугаар хуудас)

17.2. Өөрөөр хэлбэл, Б.Гын нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,415,254 төгрөг, нэг ажлын өдрийн дундаж цалин хөлс 67,393 төгрөг, ажилгүй байсан хугацаа 10 сар, 2 хоногоор тооцвол ажилгүй байсан хугацааны олговорт 14,287,327 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 12,5 хувиар тооцож төлөх дүн 1,785,915 төгрөг, нийт 16,073,242 төгрөгийн хохирол хариуцагч нь Б.Гыг ажлаас буруу халсан илтэд болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэж үзэхээр байна.

18. Иймд нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс Б.Гыг төрийн албанаас халах шийдвэр гаргасан хариуцагч Ч.Чийн үйлдлийн улмаас төрд 23,563,762 төгрөгийн хохирол учруулсан гэж маргаж байх боловч гэм хорын хохирлын хэмжээ нэмэгдэхэд хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй 7,490,520 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцох үндэслэлтэй.

19. Харин хариуцагч “...2020 онд аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байсан” гэж маргаж байгаа боловч Төрийн албаны тухай хуулийн 12 дүгээр зүйлийн 12.1-д “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна” гээд, 12.1.8-д “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолд зааснаар Биеийн тамир, спортын газар нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг болох нь тогтоогдож байна.

19.1. Үүнээс гадна, хариуцагч 2020 оны 12 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/108 дугаар захирамжаар аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Гыг ажлаас халах тухай шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулсан зэргээс үзэхэд Б.Гын эрхэлж байсан албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарах тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

Гурав. Увс аймгийн музейн захирал Ш.Ц, Ойрад хөгжимт жүжгийн театрын дарга Б.Л нарын ажилгүй байсан хугацааны цалин олговрыг төлж барагдуулсны улмаас төрд учирсан хохирлын тухайд:

20. Хэргийн баримтаар, хариуцагч Ч.Ч нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар Увс аймгийн музейн захирал Ш.Ц, 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар Ойрад хөгжимт жүжгийн театрын дарга Б.Л нарыг төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

20.1. Ш.Ц нь дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 49 дүгээр шийдвэрээр Увс аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/28 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ш.Цыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсний дагуу хариуцагч 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар түүнийг Увс аймгийн музейн захирлын албан тушаалд эгүүлэн томилжээ.

20.2. Мөн дээрх захирамжийг Б.Л эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр Увс аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Лг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг  хариуцагч 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Б/28 дугаартай захирамжаар түүнийг Ойрад хөгжимт жүжгийн театрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон байна.

20.3. Шийдвэр гаргасан албан тушаалтан буюу хариуцагч Ч.Чийн шийдвэрүүдийг хүчингүй болгосны үр дагаврыг арилгаж Ш.Цд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 11,000,000 төгрөг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/82 дугаар тушаалаар 2,522,949 төгрөг, нийт 13,522,949 төгрөгийг, Б.Лд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 20,000,000 төгрөг, Ойрад хөгжимт жүжгийн театраас 3,263,186 төгрөг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/82 дугаар тушаалаар 6,105,487 төгрөг, нийт 29,368,673 төгрөгийг тус тус олгосон ба энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй.

21. Увс аймгийн музейн захирал Ш.Ц, Ойрад хөгжимт жүжгийн театрын дарга Б.Л нар нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна” гээд, 14.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарч байна.

22. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Ч.Чээс Увс аймгийн музейн захирал Ш.Ц, Ойрад хөгжимт жүжгийн театрын дарга Б.Л нарыг хууль бусаар ажлаас чөлөөлснөөс үүдэн төрд хохирол учирсан гэж үзэж, тэдгээрт ажилгүй байсан хугацааны олговорт олгосон нийт 42,891,622 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шаардахдаа Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэхүү хуулийн зохицуулалтыг үндэслэн хариуцагч Ч.Чээс гэм хорын хохирол шаардах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.

22.1. Тухайлбал, Шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хууль 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр батлагдаж, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтад “төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж зохицуулсан байсныг 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж өөрчилсөн байна.

22.2. Хариуцагч Ч.Ч нь Увс аймгийн музейн захирал Ш.Цыг 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар, Ойрад хөгжимт жүжгийн театрын дарга Б.Лг 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар тус тус ажлаас чөлөөлсөн байх бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтаар зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан нь тогтоогдсон тохиолдолд төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр хуульчилсан бөгөөд тухайн зохицуулалтаар төрийн үйлчилгээний албан хаагчийг хууль бусаар чөлөөлсөн буруутай шийдвэрийн үр дагавар буюу төрд учирсан хохирлыг буцаан шаардах эрх зүйн үндэслэлийг хуульчлаагүй байсан байна.

22.3. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж зохицуулсан ба Төрийн албаны тухай хуулийн тухайн заалтад 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр өөрчлөлт орсон, тус заалтыг буцаан хэрэглэхээр хуульд заагаагүй, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т заасан хууль буцаан хэрэглэх нөхцөл үүсээгүй тул хуулийн дээрх заалт хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд уг өөрчлөлтийг буцаан хэрэглэж төрд учирсан хохирлыг шаардах хууль зүйн үндэслэлгүй.

22.4. Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2026/00013 дугаартай тогтоолд энэхүү зохицуулалтын хууль зүйн агуулгыг ижил төрлийн маргааны үйл баримтад холбогдуулан дээрх байдлаар тайлбарлаж хэрэглэсэн нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд мөн адил хэрэглэгдэхээр байна.

23. Иймээс энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ч.Ч нь Увс аймгийн музейн захирал Ш.Ц, Ойрад хөгжимт жүжгийн театрын дарга Б.Л нарыг төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасны үр дагавар төрд учирсан хохиролд 42,891,622 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

24. Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд, нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн Ч.Чэд холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Чийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол нийт 93,814,876 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаас төрд учруулсан хохиролд 43,432,734 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,382,142 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.7, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ч.Чээс төрд учруулсан хохиролд 43,432,734 төгрөгийг гаргуулан Төрийн албаны зөвлөлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,382,142 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.БАТДОРЖ