Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 405

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: Н.Ням-Очир /томилолтоор/,

            Шүүгдэгч: Т.Аөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805008540369 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Т.А, 1996 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, компьютер дизайны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт ...тоот регистртэй,

Шүүгдэгч Т.Ань 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ өөрийн төрүүлсэн 01 хоногтой эрэгтэй хүйсийн нярайг алахаар завдаж хогийн цэг дээр уутанд хийж орхисон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 09 цаг 30 минутын үед Эх нялхаст амаржсан. Манай эцэг, эх хоёр зөвшөөрөөгүй учраас хүүхдээ өөр дээрээ авах боломжгүй байсан. Би хүүхдээ яахаа мэдэхгүй сэтгэл санааны гүн хямралтай байсан болохоор ийм үйлдэл хийсэн.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Д.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын хуулийн албаны дарга Энхбаатар манай мэргэжилтэн Отэй холбогдож танай нутаг дэвсгэрт 2 хоногтой нярай олдсон гэж байна, мэдээлэл өгөөч гэж хэлэхээр нь би Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нийгмийн ажилтан /нэрийг нь сайн санахгүй байна/ утсаар холбогдоход нярай хүүхдийг хүүхдийн төв сувилалд шилжүүлсэн гэж байсан. Тэгээд намайг энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,

Гэрч Г.Ргийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн орчимд ажлын найз Амгалангийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хог хаягдлыг хаяхаар хогийн цэг дээр очиход нярай хүүхэд уйлж байгаа нь сонсогдсон. Тэгэхээр нь бид хоёр өвлийн хүйтэнд юу байдаг байна гэж бодоод уйлж байгаа чимээ гарч байгаа газар очиход хогийн цэг дээр хогийн уутанд хийсэн өлгийтэй нярай хүүхэд уйлж байхаар нь аваад хүүхдийн яаралтай тусламжийн төвд очоод хүүхдийг өгөхөд эмч нар тухайн нярай хүүхдэд үзлэг хийгээд эрүүл хүү гэж хэлсэн....Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. ...Тухайн үед гадаа маш их хүйтэн байсан. Их бүрхэг цасаар шуурч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Гэрч Э.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 16 цаг өнгөрч байх үед намайг ажил дээрээ ажлаа хийж байх үед эцэг, эх нь тодорхой бус, олдмол нярай хүүхэд өвчтөний түүх нээгдэж хүлээн авах тасгаас манай нярайн тасагт ирсэн. Тэгээд би уг хүүхдийг хүлээн авч хүүхдийн биеийн байдлыг үзээд тусламж үзүүлж шаардлагатай эмчилгээг хийсэн. Одоо нярайн биеийн байдал сайн байгаа.... Тухайн үед нярайн биеийн байдал хүнд, их уйлагнасан, даарсан байдалтай байсан. Тэгээд нэн яаралтай эмчилгээ хийж, шаардлагатай шинжилгээнүүдийг авсан....Уг хүүхдийн эх А гэх эмэгтэйтэй холбогдоход өөрөө энэ хүүхдийг авах хүсэлгүй, эцэг, эх нь зөвшөөрөхгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд бас авч амьдрах боломжгүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Гэрч Д.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн үед өөрийн ажилладаг газар болох Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий мэс заслын тасаг дээр ирээд ажлаа хийж байсан. Тэгээд би хамт ажилладаг Ргийн хамт 18 цагийн үед хог хаях гэж хогийн цэг дээр очоод хогоо хаячихаад явах гэхэд хүүхэд уйлах чимээ гарах шиг болохоор нь бид хоёр хогийн савыг тойроод харахад хуучин аптек байсан байшингийн арын хогийн цэг дээр шар өнгийн эмнэлгийн хогийн уутанд хийчихсэн, дотроо хэрээд оёсон цагаан өнгийн өлгий, ногоон бүтээлэгт ороогоод /хүүхэд/ хаячихсан байсан. Өлгийний гадуур цан цохиод их л хүйтэн байсан. Тэгээд Р намайг өргөж өгөөд би хогон дундаас нөгөө шар ууттай хүүхдийг авсан. Хүүхдийг авахад их уйлж байсан....Гадаа цас шуурч байсан, их хүйтэн, хүүхэд их даарсан байсан. Тухайн үед хүүхдийг авахад их хэцүү байсан, миний нуруу хүрэхгүй, яаж тэр хамгийн дээр нь хаясан гэдгийг мэдэхгүй юм. Магадгүй шидчихсэн байх, хүний гар хүрэхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

Гэрч Т.Гагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн төрсөн дүү Атэй хамт амьдардаг юм. Тэгсэн чинь өнөөдөр над руу Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс залгаад танай дүү эмнэлэгт төрөөд хүүхдээ орхиод гарсан байна, үдээс хойш эмчид үзүүлээд гарах ёстой байсан гэсэн. Тэгээд удалгүй цагдаагийн газраас залгаад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 15/,

Яллагдагчаар Т.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би анх 2017 оны 4 дүгээр сард Дорноговь аймгийн газрын тосны газарт ажилладаг Т гэх залуутай танилцаад үерхэж байгаад 2017 оны 6 дугаар сард хүүхэдтэй болсон гэдгээ мэдээд Тд хэлэхэд хүүхдээ төрүүлье гэж ярьсан. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын сүүлээр утас нь холбогдохгүй болсон, тэгээд бүр таг болоод алга болсон. Хүүхдээ авахуулах санаатай 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хатанбаатар нэртэй эмнэлэгт очиж үзүүлэхэд танай хүүхэд 3 сар гарантай болсон байна, авахуулахад их хүндрэлтэй байдаг гэж хэлэхээр нь би төрүүлэхээр шийдсэн. Тэгээд 2018 оны 2 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн үед өвдөөд Эх хүүхдийн эрүүл мэндийн газарт ирэхэд эмч нар намайг хүлээж аваад төрөх тасагт шилжүүлсэн. Тэгээд би удалгүй 3.400 грамм хүү төрүүлсэн. ...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед эмч нар эмнэлгээс гараад гэртэй хариад хяналтанд ороорой гэж хэлэхээр нь би эмнэлгээс гарсан юм. Надад энэ хүүхдийг өсгөх маш хэцүү санагдсан юм, манай эцэг, эх хоёр эцэггүй хүүхэд гаргавал гэртээ битгий ирээрэй, наад хүүхдийг чинь хүлээж авч чадахгүй, хэрэв гэрт ирвэл аав амиа хорлоно гэж хэлж байсан болохоор надад үнэхээр хэцүү санагдаж байсан. Тэгээд би өөрийн төрсөн хүүгээ цагаан өнгийн өлгий, цагаан ногоон өнгийн өлгийтэй нь хамт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний хогийн савны гадна үлдээгээд Хархорин зах дээр өөрийн 1 танил дээрээ очсон....Би энэ хүүхдийг хүүхдийн байгууллагад өгөх саналтай байна....Хийсэн бүхэндээ гэмшиж байна, дахин ийм зүйл хийхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 31, 63/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-5/, хохирогчийн өргөдөл /хх-н 6/, яаралтай тусламжийн үйлчилгээний хуудас /хх-н 3/, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, асран хамгаалагч нь тодорхойгүй хүүхдийн бүртгэл /хх-н 38/, төрөлтийн түүх /хх-н 40-41/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 42, 54, 69, 73, 81-84/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-н 65-66/, Цаг уур, орчны шинжилгээний газрын албан 6/343 дугаар албан бичиг зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Т.Ань 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ өөрийн төрүүлсэн 01 хоногтой эрэгтэй хүйсийн нярайг алахаар завдаж хогийн цэг дээр уутанд хийж орхисон гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Аын: “...Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нийгмийн ажилтан /нэрийг нь сайн санахгүй байна/ утсаар холбогдоход нярай хүүхдийг хүүхдийн төв сувилалд шилжүүлсэн гэж байсан. Тэгээд намайг энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/, гэрч Г.Ргийн: “...найз Амгалангийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хог хаягдлыг хаяхаар хогийн цэг дээр очиход нярай хүүхэд уйлж байгаа нь сонсогдсон. Тэгэхээр нь бид хоёр өвлийн хүйтэнд юу байдаг байна гэж бодоод уйлж байгаа чимээ гарч байгаа газар очиход хогийн цэг дээр хогийн уутанд хийсэн өлгийтэй нярай хүүхэд уйлж байхаар нь аваад хүүхдийн яаралтай тусламжийн төвд очоод хүүхдийг өгөхөд эмч нар тухайн нярай хүүхдэд үзлэг хийгээд эрүүл хүү гэж хэлсэн. ...Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. ...Тухайн үед гадаа маш их хүйтэн байсан. Их бүрхэг цасаар шуурч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, гэрч Э.Бийн: “... 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 16 цаг өнгөрч байх үед намайг ажил дээрээ ажлаа хийж байх үед эцэг, эх нь тодорхой бус, олдмол нярай хүүхэд өвчтөний түүх нээгдэж хүлээн авах тасгаас манай нярайн тасагт ирсэн. Тэгээд би уг хүүхдийг хүлээн авч хүүхдийн биеийн байдлыг үзээд тусламж үзүүлж шаардлагатай эмчилгээг хийсэн. Одоо нярайн биеийн байдал сайн байгаа. ... Тухайн үед нярайн биеийн байдал хүнд, их уйлагнасан, даарсан байдалтай байсан. Тэгээд нэн яаралтай эмчилгээ хийж, шаардлагатай шинжилгээнүүдийг авсан” /хх-н 19-20/, гэрч Д.Агийн: “... би хамт ажилладаг Ргийн хамт 18 цагийн үед хогоо хаях гэж хогийн цэг дээр очоод хогоо хаячихаад явах гэхэд хүүхэд уйлах чимээ гарах шиг болохоор нь бид хоёр хогийн савыг тойроод харахад хуучин аптека байсан байшингийн арын хогон дээр шар өнгийн эмнэлгийн хогийн уутанд хийчихсэн, дотроо хэрээд оёсон цагаан өнгийн өлгий, ногоон бүтээлэгт ороогоод /хүүхэд/ хаячихсан байсан. Өлгийний гадуур цан цохиод их л хүйтэн байсан. Тэгээд Р намайг өргөж өгөөд би хогон дундаас нөгөө шар ууттай хүүхдийг авсан. Хүүхдийг авахад их уйлж байсан. ...Гадаа цас шуурч байсан, их хүйтэн, хүүхэд их даарсан байсан. Тухайн үед хүүхдийг авахад их хэцүү байсан, миний нуруу хүрэхгүй, яаж тэр хамгийн дээр нь хаясан гэдгийг мэдэхгүй юм. Магадгүй шидчихсэн байх, хүний гар хүрэхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цаг уур, орчны шинжилгээний газрын албан 6/343 дугаар албан бичиг  болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь өөрийн төрсөн аав, ээж нь эцэггүй хүүхдийг хүлээн авахгүй, гэртээ оруулахгүй, хүүхдээ авч ирвэл амиа хорлоно гэж хэлсэн, түүнчлэн өөрөө хүүхдээ асрах боломжгүй зэргээс сэтгэл санааны гүнзгий хямралд орсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь өөрийн төрсөн хүүхэд 1 хоногтой нярайг 02 дугаар сарын 09-ний өдөр буюу Цаг уур, орчны шинжилгээний газрын тодорхойлолтоор -21.5 хэмийн хүйтэн үед хогийн саванд орхиж явсан нь нярай хүүхдээ алах зорилготой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Тухайн цаг агаарын нөхцөлд 1 хоногтой нярай хүүхдийг тус эмнэлгийн асрагч нар олоогүй бол амьдрах ямар нэгэн боломжгүй байсан нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь нярай хүүхдээ алахад шууд чиглэсэн санаатай үйлдэл хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алахыг завдсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Ань сэтгэл санааны гүнзгий хямралтай үедээ нярай хүүхдээ алахыг завдсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогчийн төлөөлөгч нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Т.Агийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч Т.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Ань цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүгдэгч Т.Агийн төрүүлсэн нярай хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр  Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэсийн ахлах мэргэжилтэн Д.Аь томилогдсон байх ба хүүхдийг Баянгол дүүргийн Хүүхдийн төв сувилалд асрамжиндаа авч асруулахаар хүлээлгэн өгсөн байна.

          Иймд Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Баянгол дүүргийн Хүүхдийн төв сувилалд байгаа 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүүхдийн /Мухлай гэх нэр өгсөн гэх/ асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Аг “Эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Баянгол дүүргийн Хүүхдийн төв сувилалд байгаа 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүүхдийн /Мухлай гэх нэр өгсөн гэх/ асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад үүрэг болгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР