Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 436

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: И.Сэлэнгэ,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

            Шүүгдэгч: И.Бөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805022060465 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, И.Б,  1996 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, халх, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Үндэсний Их сургууль, Уул уурхайн инженерийн сургуулийн 5 дугаар курсийн оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ... тоот регистртэй,

Шүүгдэгч И.Бнь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын үндэсний их сургуулийн 704 тоот хичээлийн танхимын ширээн дээр байсан хохирогч Ц.Бий эзэмшлийн “Sony i5” маркийн нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч И.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэв.

Хохирогч Ц.Бий мөрдөн байцаалтад өгсөн: “...Би энэ өдөр Монгол Үндэсний их сургууль дээр дипломын урьдчилсан хамгаалалт өгч байсан. 704 тоот өрөөнд 12 цагийн орчим шалгалтандаа бэлдэх гээд Sony i5 маркийн нөүтбүүкээ аваад орсон. Өрөөнөөс 12 цаг 50 минут болж байхад гараад 13 цаг 20 минутын үед нөүтбүүкээ мартсанаа мэдээд 704 тоот өрөөнд ороход нөүтбүүк байхгүй байсан. Өрөөний гадна талын хяналтын камер шүүхэд намайг 704 тоот өрөөнөөс гарсны дараа манай сургуулийн оюутан Б гэх залуу уг өрөөнд ороод удалгүй буцаж гарах үедээ миний цүнхтэй нөүтбүүкийг аваад гараад явж байгаа бичлэг байсан. Би тэгээд цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

Сэжигтнээр И.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Үндэсний Их сургууль дотор диплом хамгаалалтад орохоор ирчихсэн байсан. 12 цагийн орчимд 1 давхрын 704 тоот хичээлийн танхимд хичээл давтахаар ороод сууж байсан чинь миний сууж байсан ширээний хажуу талын ширээн дээр SONY VAIO нэртэй саарал өнгийн нөүтбүүк байсан. Би хичээлийн танхимд хүн байхгүй болохоор тэр нөүтбүүкийг цүнхэнд нь хийгээд аваад гараад гэртээ харьсан....Би цагдаад баригдаад эзэнд нь хүлээлгэн өгчихсөн. ...Би зараад мөнгө болгочихъё гэсэн санаатай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-н 4/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 5/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 14-15/, хохирогчийн хүсэлт /хх-н 18/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 37-44/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч И.Бнь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн  орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын үндэсний их сургуулийн 704 тоот хичээлийн танхимын ширээн дээр байсан хохирогч Ц.Бий эзэмшлийн “Sony i5” маркийн нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Бий: “...Өөрийн Sony i5 маркийн нөүтбүүкээ аваад уг өрөөнд орсон. Өрөөнөөс 12 цаг 50 минут болж байхад гараад 13 цаг 20 минутын үед нөүтбүүкээ мартсанаа мэдээд 704 тоот өрөөнд ороход нөүтбүүк байхгүй байсан. Өрөөний гадна талын хяналтын камер шүүхэд намайг 704 тоот өрөөнөөс гарсны дараа манай сургуулийн оюутан Б гэх залуу уг өрөөнд ороод удалгүй буцаж гарах үедээ миний цүнхтэй нөүтбүүкийг аваад гараад явж байгаа бичлэг байсан. Би тэгээд цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-н 4/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 5/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч И.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч И.Бнь бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөрт нь мөнгө хэрэгтэй байсан тул эд зүйлийг эзэнд нь мэдэгдэхгүйгээр авч явсан нь хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг хангаж байна.

Хэдийгээр хохирогч Ц.Б нь эд зүйлийг сургуулийн танхимд мартаж явсан хэдий ч түүний эд хөрөнгийг гээгдэл эд зүйл гэж үзэх үндэслэлгүй байна. Хохирогч нь ямар нэгэн эзэнгүй, хараа хяналтгүй газарт өөрийн эд зүйлийг мартсан, гээгдүүлсэн үйл баримт тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч И.Бнь Монголын үндэсний их сургуулийн 704 тоот хичээлийн танхимын ширээн дээр байсан хохирогч Ц.Бий эзэмшлийн “Sony i5” маркийн нөүтбүүкийг авч 510.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд нөүтбүүкээ хүлээн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 18/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч И.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч И.Бгийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч И.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу төгсөх курсийн оюутан, хохирогчийн эд зүйлийг буцаан өгсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч И.Бд ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч И.Бд оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч И.Бнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч И.Бг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бг хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бнь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч И.Бд оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР