| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/01304/И |
| Дугаар | 309/ШШ2025/01190 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 309/ШШ2025/01190
| 2025 оны 10 сарын 27 өдөр | Дугаар 309/ШШ2025/01190 | Дорнод аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “4 750 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.*******
Хариуцагч: И.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 8 сард хуучин танил И.******* утасдаж хадлан хадна өвсний урьдчилгаа өгөх хүн байна уу гэхэд нь итгээд нутгийн хүмүүст хэлж мөнгө олж шилжүүлсэн. Миний хувьд 1 боодол өвсийг 5500 төгрөгт бодож 1000 боодол өвс авъя гэж 5 500 000 төгрөгөө түүний гэр бүл *******ын ******* Хаан банкны дансанд хийчих гэхэд нь шилжүүлсэн. 2023 оны 09 сард 500 боодол өвсийг тохирсон ёсоороо И.******* хүргэж өгсөн. Үлдсэн өвсийг өгнө гэсэн боловч одоо болтол өгөөгүй. Тиймээс оронд нь өвсөө нэхнэ. Мөн яг тэр үед эхнэртэйгээ хоёулаа очоод соёолон насны бух авч явсан ба оронд нь 2024 оны хавар тугалтай үнээ өгнө гэсэн. Түүнийгээ өгөөгүй тул тугалтай үнээгээ 2 000 000 төгрөгөөр үнэлнэ. Нийт 4 750 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч И.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* аймгийн сумын иргэн *******тай 1000 боодол өвсний мөнгө авсан нь үнэн. Тэр өвсийг өгөөд тус гэх жолооч 500 боодол аваад явсан. 500 боодлыг нь гэж жолооч аваад явсан. Соёолон бух авсан нь үнэн. ******* надаас 2 бярууны мөнгө аваад одоо болтол өгөөгүй байна. Тэр хоёр бяруугаа өгвөл бухны тугалтай үнээг өгнө. 4 750 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэв.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 750 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг хариуцагч И.*******т бухны өртгөнд тооцож нэхэмжлэхгүй, үлдэгдэл 2 750 000 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 11 сарын 10-ны дотор төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч И.*******т холбогдуулан 4 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
Талууд шүүх хуралдааны явцад эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 2 750 000 төгрөгийг хариуцагч И.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.
Талуудын хооронд байгуулсан эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.4-т зааснаар Зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нийт 90 950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ба хариуцагчаас 58 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 4 750 000 төгрөгийн 2 000 000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 750 000 төгрөгийг хариуцагч И.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Эрдэнэбилгээс 58 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх боломжтой болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ