| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/10594/И |
| Дугаар | 197/ШШ2025/15187 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/15187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, *******, *******од оршин суух Баргачин овогт *******ий ******* /рд:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, 4 гудамж, *******од оршин суух ******* овогт *******ий ******* /рд:/-д холбогдох,
3,701,880 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
1.Нэхэмжлэгч 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зээлсэн үндсэн зээлийн төлбөр 2,373,000 төгрөг, хүү 237,300 төгрөг, алданги 1,091,580 төгрөг, нийт 3,701,880 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийг гардан авсан, шүүхээс хуульд заасан хариуцагчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
2. Б.******* нь Е.*******д 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг зээлдүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан хаан банкны дипозит дансны хуулгаар тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсжээ.
3. Дээрх 2,000,000 төгрөгийг 15 хоногийн хугацаанд 10 хувийн хүүтэй зээлсэн гэх боловч Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан.
4. Зохигчийн хооронд 2025 оны 03 дугаар сарын 15-ний өдөр байгуулсан сунгалт гэх баримтад 2,373,000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, 15 хоногийн хугацаатай, өдрийн 174,000 төгрөг хийхээр тохиролцож зээлэв, өдөр өнжвөл 1 хувь алданги тооцно.... гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...өмнөх 2,000,000 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэлд 373,000 төгрөг тооцож нийт 2,373,000 төгрөг гээд энэ дүнгээс хүү, алданги тооцсон, харин 2,373,000 төгрөг дахин зээлээгүй хэмээн тайлбар гаргаснаас үзэхэд уг баримтыг үндэслэн талууд нэмж зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй.
Зээл буюу мөнгийг хариуцагчид бодитоор шилжүүлээгүй учир гэрээ байгуулагдаагүй, 2025 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн гэрээг үндэслэн зээл, хүү алданги авах эрхгүй.
5. Хариуцагч Е.******* нийт 441,000 төгрөг /147,000 төгрөгөөр 3 удаа/ төлснийг нэхэмжлэгч Б.******* хүлээн зөвшөөрсөн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэх 1,559,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.
Хариуцагч зээлийн төлбөрийг төлсөн болохоо баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.
6. Иймд хариуцагч Е.*******гаас 1,559,000 төгрөг гаргуулж Б.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,142,880 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
7.Хариуцагчид шүүх хуралдааны товийг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
8.Шүүхийн зардал: Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч Е.*******гаас 1,559,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,142,880 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,180 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 39.894 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН