Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/1353

 

                                            

 

 

 

 

    2024          12            12                                           2024/ДШМ/1353

 

М.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/2485 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Төмөртулга 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 85 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн М.С-т холбогдох 2408001080752 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

М.С ..... тоотод оршин суух хаягтай,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тус ажил хийлгэх ял шийтгэгдсэн;

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.С нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ... дүүргийн .... дүгээр хороо, .... хорооллын .... дугаар сургуулийн орчим байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч М.Э-ийн эзэмшлийн iPhone 12 загварын гар утсыг “утсаа өгчих, хоёр хоногийн дараа буцаагаад өгчихье” гэж залилан авч, бусдад 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хавтаст хэрэгт “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Д.А-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ц-1070 дугаартай “...Нийт хохирлын дүн нь 1,100,000 (нэг сая нэг зуун мянган төгрөг)-өөр тогтоож байна...” гэсэн дүгнэлт зэрэг /хх-ийн 20-21/ авагдсан.

Яллагдагч М.С-т шинжээч томилсон тогтоолыг танилцуулсан, шинжээчийн дүгнэлт хуульд заасан шаардлага хангасан эсэх, 10-аас доошгүй жил ажилласан талаарх шинжээчийн мэдээлэл, зах зээлийн хандлагын аргаар шинжилгээ хийлгэж, харьцуулсан мэдээлэл авагдсан эсэхийг тодруулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой юм.

...Хавтаст хэрэгт тухайн шинжилгээ хийсэн этгээдийн хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг зэрэг баримт авагдаагүйн зэрэгцээ Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/264, А/154 дугаартай тушаалаар “Хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4 дэх хэсэгт тус тус зааснаар шинжээчийн ажилласан жил буюу мэргэшсэн байдал тодорхойгүй байна.

Хэргийн үйл баримтыг тогтоох ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлэх процесс бөгөөд яллагдагчид шинжээч томилсон /хөрөнгийн үнэлгээ/ тогтоолыг танилцуулах нь шинжээчээс татгалзах хүсэлт гаргах, шинжээчид асуулт тавих /жишээлбэл, хөрөнгийн үнэлгээ хийгдсэн гар утас нь ...цуурсан...”, шинжилгээтэй холбоотой нэмэлт тайлбар, баримт гаргах, шинжилгээ хийлгэхэд байлцах эрхийг хязгаарласан байна.

Түүнчлэн, шинжээчийн дүгнэлтэд “...зах зээлийн хандлага...” гэж дурдсан бөгөөд зах зээлийн хандлагаар үнэлж байгаа тохиолдолд харьцуулан жиших, өртгийн, шууд жиших аргуудын алиныг ашигласан, харьцуулсан тохиолдолд ижил төрлийн ямар гар утастай харьцуулсан /эх сурвалж гэх хүснэгтэд тодорхойгүй, хоосон/, үнэлгээний объект болох гар утас нь “...цуурсан...” элэгдэл, гэмтэлтэй байдал нь гар утасны үнэ цэнэ буурсан эсэх, эсхүл үнэлгээнд нөлөөлсөн эсэхийг дүгнэлтэд дурдаагүй нь шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий эргэлзээгүй байх шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар тогтоосон шинжилгээ хийлгэх журмыг зөрчөөгүй бөгөөд тухайн асуудлаар мэргэшсэн хувийн сонирхолгүй этгээд шинжилгээ хийсэн байх нь дүгнэлтийн хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлыг илэрхийлдэг тул үүнд онцгой анхаарвал зохино.

Цаашилбал, шинжилгээнд хэрэглэсэн арга зүй, гарсан үр дүн нь тухайн салбарын орчин үеийн чиг хандлага, хөгжлийн түвшинд тохирсон болон учир зүй, логикийн дараалалд нийцсэн төдийгүй хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн болон өртгийн, хандлагын үнэлгээний аль аргыг ашигласан, хөрөнгийн чанар, тоон үзүүлэлт зэргийг харгалзсан талаар мэдээлэл байхгүй, тусгай мэдлэг ашигласан эсэх нь тодорхойгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогч М.Э-ийн эзэмшлийн iPhone 12 маркийн гар утсыг дахин шинжилгээ хийлгэх нь зүйтэй. Дээр дурдсан ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаанд нэмж хийлгэх нь хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоох, тогтоогдсон нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт яллагдагч гэм буруутай эсэх, яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг хөдөлбөргүй тогтоохын зэрэгцээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журам шаардлагын хүрээнд явуулахад чухал ач холбогдолтой тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Захирамжид дурдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан, прокурор хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, бэхжүүлэх, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь гээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Төмөртулга бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Д.А-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ц-1070 дугаартай дүгнэлт нь хуульд нийцэж гараагүй тул дахин шинжээч томилох ажиллагаа явуулах шаардпагатай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн, мөн шүүгчийн захирамжийн удирдлага болгож баримталж байгаа заалт нь яллагдагчийн хэргийг түдгэлзүүлсэн, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн зэрэг шийдвэрийнхээ үндэслэлээс өөр өөр агуулга бүхий хуулийн зүйл заалтыг баримталсан нь анхан шатны шүүх эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ц-1070 дугаартай “гар утасны дүн 1,100,000 төгрөг” гэх дүгнэлтийг Сангийн яамны хөрөнгийн үнэлгээ хийх эрхийн 15060082 тоот тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллагын мэргэшсэн үнэлгээчин үнэлж гаргасан бөгөөд мэргэшил эзэмшиж албан ёсны үнэмлэх олгогдсон үнэлгээчин Д.Амгалан мөрдөгчийн тогтоолын дагуу iPhone 12 загварын гар утсыг үнэлэхдээ харьцуулан зэрэгцүүлэх арга хэрэглэж гаргасан байна.

Мэргэшсэн үнэлгээчин Д.А гар утасны үнэлгээг тогтоосон талаар тайлан гаргасан байх ба уг тайлангаас үзвэл шүүгчийн захирамжид дурдсан эх сурвалж тодорхойгүй байдлаар үнэлгээ гаргасан гэх нөхцөл байдлыг үгүйсгэх нөхцөл байдлууд тусгагдсан байна. Тухайлбал үнэлгээчин үнэлгээний ажилтай холбогдох баримт бичгүүд, захиалагчийн гар утасны мэдээлэл мөн өөрсдийн олж тогтоосон мэдээлэл цаашид ашиглагдах болон өнөөгийн зах зээлийн үнийн дундаж мэдээлэл зэргийг ашиглаж, харьцуулан зэрэгцүүлэх арга хэлбэрээр үнэлгээг хийдэг талаараа дэлгэрэнгүй тусгасан байна.

Мөн үнэлгээчид мэдээллийн бааз буюу эзэмшигчийн эрхийн болон түүний хүчин чадал, материаллаг баазтай холбоотой нууцыг задруулахгүй байх үүрэгтэй байдаг.

Хэрэгт авагдсан нэгэнтээ албан ёсны эрхтэй мэргэшсэн үнэлгээчний гаргасан эд зүйлийн үнэлгээ нь хууль зөрчөөгүй, дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.

Яллагдагч М.С-т мөрдөгчөөс шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй байх боловч яллагдагч шинжээчийн дүгнэлттэй танилцаад мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол хүсэлт гаргах байдлаар оролцогч эрхээ эдлэх боломжтой бөгөөд хэргийн тухайд яллагдагч М.С нь хэргийг шалгах явцад шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс гадна, шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлттэй холбоотой хүсэлт, гомдол огт гаргаагүй байна.

Шүүх захирамждаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “хэргийг прокурорт буцаах” гэх заалтыг баримталж бичсэн хэдий ч мөн хуулийн 1.3-т заасан “хэргийг түдгэлзүүлэх”, 33.2 дугаар зүйлд заасан “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” гэх заалтуудыг давхар баримталж шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй, шүүх ямар шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Мөн 2024/ШЗ/2485 дугаар шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарыг дурдаагүй зэрэг нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэр бүхэлдээ алдаатай шийдвэр болжээ гэж үзэхээр байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ. 

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх эд зүйлийн үнэлгээ гаргасан “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэлгүй, эргэлзээтэй гарсан гэж үзэж хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж, дахин шинжээч томилох шаардлагатай гэсэн. Гэтэл “Тэнцвэр эстимэйт” ХХК нь Сангийн яамнаас хөрөнгийн үнэлгээ хийх эрхийн 150хххх тоот тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллага байгаа. Албан ёсны эрхтэй, тусгай зөвшөөрөлтэй компаниар мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. Шинжээч Амгалан харьцуулан, зэрэгцүүлэх аргыг хэрэглэж, зах зээлийн дундаж ханшаар үнэлгээг гаргасан талаараа дүгнэлт, тайландаа дэлгэрэнгүй тусгасан байдаг.  Мөн шүүгч буруу заалтыг удирдлага болгосон байсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа атлаа хэргийг түдгэлзүүлэх буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлж байгаа мэтээр удирдлага болгосон заалтуудыг үндэслэлгүй барьсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэл давхар яригдаж байгаа. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Тэнцвэр эстимэйт” ХХК үнэлгээг ганцаараа гаргадаг. Тухайн дүүрэгт ганц л байдаг компани байгаа. Өөр хэргүүд дээр ч дүгнэлт гаргаад явсан. Энэ хэргийн хувьд шүүгчээс эх сурвалжийнхаа баазыг бичээгүй байна гэдэг. Гэхдээ шинжээчээс эх сурвалжийг заавал заахгүй, нууцлах үүрэгтэй гэж тайлбарладаг. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

1. Прокуророос яллагдагч М.С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн объект буюу iPhone 12 загварын гар утасны үнэлгээг дахин хийлгэхээр хийлгэхээр хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байна.   

1.1. Гар утсанд хөрөнгийн үнэлгээ гаргасан хөрөнгийн үнэлгээчин Д.А-ийн мэргэшсэн байдал нь “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-д бэхжүүлэгдсэн “Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Д.А” гэсэн хувийн дугаар бүхий тамгаар /хх 20/ тогтоогдож байна.

1.2. Хөрөнгийн үнэлгээчин Д.А нь “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ц-1070 дугаартай “...гар утасны дүн 1,100,000 төгрөг...” гэх дүгнэлтийг гаргахдаа өөрийн мэргэшлийн байдлын талаар дурдаж, хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээчний тэмдэг, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн тамга зэргийг дарж баталгаажуулжээ. Яллагдагч М.С үнэлгээг хүлээн зөвшөөрч 1,100,000 төгрөгийг төлсөн байна /хх 59, 67, 89 тал/.

1.3. Хохирогч М.Э  өөрийн iPhone 12 загварын гар утсыг 1,200,000 төгрөгөөр үнэлсэн /хх 13 тал/, шүүгдэгч М.С “ломбардад 500,000 төгрөг зээлсний барьцаанд тус утсыг тавьсан” /хх 16-17 тал/ талаар мэдүүлжээ.

Иймд шүүх хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл байхгүй байх ба харин шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тус шинжээчийн дүгнэлтийг баримтлахгүй, өөр үндэслэл гарган хохирлыг дүгнэх боломжтой. Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй бөгөөд харин яагаад зөвшөөрөөгүй үндэслэлээ өөрийн шийдвэрт заах ёстой талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арванзургаадугаар бүлгийн зарим зүйл хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар”-аар тодорхой тайлбарласан.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг түүн дотроо анхан шатны шүүхийн өмнөх “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийн үндэслэлийг харьцуулах, уялдаа холбоотойгоор шинжлэх, дүгнэлт хийх аргуудаар магадлан хянаад:

- 2408001080752 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаануудыг бүрэн хийсэн ба мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил байхгүй байна.

- шүүхээс хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд прокурор Т.Төмөртулгын бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, М.С-т холбогдох 2408001080752 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгч “Хэргийг прокурорт буцаах” захирамждаа хууль зүйн үндэслэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хэргийг түдгэлзүүлэх” заалтыг, 33.2 дугаар зүйлд заасан “...Ерөнхий шүүгчийн захирамжаар хэргийн хугацаа сангах...” заалтыг тус тус Захирамжлах хэсэгтээ удирдлага болгосон байгааг энэхүү магадлалаар анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор Т.Төмөртулгын бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 85 дугаар прокурорын эсэргүүцлийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/2485 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.  

2. Яллагдагч М.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ