| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2026/0640/З |
| Дугаар | 128/ШШ2026/0692 |
| Огноо | 2026-07-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2026/0692
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүгнэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.М*******,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Ү*******,
Гуравдагч этгээд: “Ж Д Э С” ХХК,
Маргааны төрөл: Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд илгээгээгүй орхигдуулсан зөрчилд шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлт хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү******* /цахимаар/, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Д******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.М*******гоос, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Ү*******д холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Ү*******гийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 001******* дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох гэсэн өөрчлөлт оруулах” тухай дүгнэлт гаргасан.
2.Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Ү******* нь 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 001******* дугаар шийтгэлийн хуудсаар “Ж Д Э С” ХХК-ийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 21 дүгээр зүйлийн 1 дэх заалтуудыг зөрчсөн гэж Зөрчлийн тухай 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
3.“Ж Д Э С” ХХК нь 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шийтгэлийн хуудастай танилцан, улмаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн 250,000 төгрөгийг төлжээ.
4.Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.М*******гоос 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай дүгнэлтдээ улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 001******* дугаартай шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн 1 дах заалтад “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох” гэсэн өөрчлөлт оруулах” гэжээ.
5.Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь шүүхэд гаргасан дүгнэлтийн үндэслэлдээ:
... Материалд холбогдогч Г.Д*******ын “... Манай байгууллага барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нягтлан бодогч маань ажлын байран дээр тогтмол байрлаж ажилладаггүй болохоор нийгмийн даатгалын тайлангаа хоцроосон байна...” гэсэн мэдүүлэг, “Ж Д Э С” ХХК-ийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ, 2026 оны 01, 02 дугаар сарын цалингийн хүснэгт, Б.Д*******, Г.Б*******, Б.Ч******* нарыг ажилд томилсон тушаал, Хаан банкны 2026 оны 01 дүгээр сарын 31, 2026 оны 01 дүгээр сарын 15, 16-ны өдөр, 02 дугаар сарын 14-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл эрх бүхий албан тушаалтны магадалгаа, нийгмийн даатгалын шимтгэлийн оногдуулалт, төлөлтөд хийсэн шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалт зэрэг нотлох баримтууд цугларсан байна.
Дээр дурдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд "Ж Д Э С" ХХК нь ажилтан Б.Д*******, Г.Б*******, Б.Ч******* нарын нийгмийн Даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй үйл баримт тогтоогдсон байхад эрх бүхий албан тушаалтан Ц.Ү******* Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсний дагуу шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан Ц.Ү******* нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн 44.1.2 дахь хэсэгт “төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна" гэснийг баримтлан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл 4,756,307.54 төгрөг, алданги 1,198,918.50 төгрөг, нийт 5,955,226,04 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр магадалгаа болон шийтгэлийн хуудсандаа тусгасан атлаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж заасан байхад хохирол, нөхөн төлбөр гаргуулах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсгээр зүйлчилж, хүний эрхийг зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд бүхий албан тушаалтан Ц.Ү*******гийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 001******* дугаартай шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох” гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хяналтын прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж Д Э С” ХХК нь нэр бүхий 3 ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөөгүй үйл баримт тогтоогдсон байдаг. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ажилтны цалин хөлснөөс нь нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцоод тухайн сардаа багтааж төлөх ёстой байдаг. Тэгтэл тухайн сардаа багтааж төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон. Энэ эрх бүхий албан тушаалтан нь нийгмийн даатгалын тайланг хоцроосон гэдэг үндэслэлээр торгоод байгаа нь буруу. Нийгмийн даатгалын шимтгэл төлснийхөө дараа дараа сарын 5-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа ирүүлдэг. Гэтэл энэ байдалтай хольж хутгаад 2 өөр зохицуулалтыг буруу хэрэглэсэн. Нийгмийн шимтгэлийн тайланг ирүүлээгүй гэдэг үндэслэлээр торгоод байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Д.М******* прокурорын бичсэн дүгнэлтийг дэмжиж байна. Иймд дүгнэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.
6.Хариуцагч шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.М******* Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Ү*******гийн “Ж Д Э С” ХХК-ыг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 001******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалыг хянаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон "Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох” гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт гаргажээ.
Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч аж ахуй нэгж, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан (НД-7), даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан (НД-8) тайланг илгээх, түүнд тавигдах шаардлага, болон аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газар (байцаагч, ажилтан) хүлээн авах, хянах баталгаажуулах, мэдээллийн санд бүртгэх, хугацаа хоцроосон тайлан хүлээн авах, шимтгэл нөхөн төлүүлэх, шимтгэлийн өр барагдуулах, тайланд залруулга хийх, даатгуулагчийн үндсэн мэдээллийг засах, хариуцлага тооцох зэрэг нарийвчилсан харилцааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам"-ийн дагуу зохицуулж ажилдаг.
Дээрх журмын хугацаа хоцроосон тайлан хүлээн авах буюу 4.1 дэх хэсэгт Ажил олгогч нь энэ журмын 2.1-д заасан хугацаанд тайлангаа ирүүлээгүй тохиолдолд нийгмийн даатгалын байгууллага холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэсний дараа хугацаа хоцроосон тайланг хүлээн авна гэж заасан байдаг. "Ж Д Э С" ХХК нь тайлангаа тус журмын 2.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцү******* бэлтгэж ирүүлээгүй 4 ажилтныг хугацаа хоцроож тайлагнасан нь материалд авагдсан 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа болон холбогдох санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдож байна.
Мөн тус журмын 6 дахь хэсэгт заасны дагуу Нийгмийн даатгалын байгууллага нь шимтгэл, алданги, торгуулийн өрийн хэмжээг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 30 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлсон бөгөөд үүнд улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийн хэмжээгээр буюу шимтгэлийн өр үүсгэсэн аж ахуй нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зөрчил үүсгэж шийдвэрлэдэг болно.
Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.М*******гийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай Прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
7.Гуравдагч этгээд “Ж Д Э С” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тайлбар байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Хариуцагчаас 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон захиргааны хэргийн шүүх хуралдаанд миний бие болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ээлжийн амралттай байгаа тул оролцох боломжгүй болсон байна. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 зүйлийн 91.1д заасныг баримтлан эзгүйд шүүх хуралдааныг хийж, хэргийн хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж зааснаар хариуцагчийн хүсэлтээр хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлү******* хэргийг шийдвэрлэсэн болно.
2.Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Ажил олгогч болон энэ хуулийн 7.2, 7.3, 7.4, 7.5-д заасан даатгуулагч дараах хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө” гэж заасан.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ийн Хоёр.“Тайлан илгээх, тайланд тавигдах шаардлага” гээд 2.1-д “Ажил олгогч тайланг энэ журмын 2.2 заасан шаардлагад нийцү******* бэлтгэж, Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хугацаанд харьяалах нийгмийн даатгалын байгууллагад цахимаар илгээнэ”, 2.2-т “Ажил олгогч нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр тооцож, дараах шаардлагыг хангасан тайланг гаргаж баталгаажуулан ирүүлнэ”. Дөрөв. “Хугацаа хоцроосон тайлан хүлээн авах” гээд 4.1-д “Ажил олгогч нь энэ журмын 2.1-д заасан хугацаанд тайлангаа ирүүлээгүй тохиолдолд нийгмийн даатгалын байгууллага холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэсний дараа хугацаа хоцроосон тайланг хүлээн авна” гэжээ.
3. Гуравдагч этгээд болох “Ж Д Э С” ХХК-иас 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2622 дугаар албан бичгээр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандан “...Манай компани 2026 оны 01, 02 сарын үйл ажиллагаа явуулсан боловч нягтлан бодогчгүй, захирал нь нийгмийн даатгалын тайлангаа илгээдэг байсан юм. Дүрэм, журмыг нь мэдэхгүйн улмаас хоцроосон байгаа юм..., бидний нөхцөл байдлыг харгалзан үзэж нөхөж тайлан илгээх хүсэлтэй байгааг хүлээн авна уу” гэх хүсэлтийг гаргажээ.
4.Улмаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Ү******* нь 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 001******* дугаар шийтгэлийн хуудсаар “Ж Д Э С” ХХК-ийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 21 дүгээр зүйлийн 1 дэх заалтуудыг зөрчсөн, “Ж Д Э С” ХХК нь даатгуулагч иргэн Г.Б*******, Г.Д*******, Б.Д*******, Б.Ч******* нарын 2026 оны 01, 02 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа хугацаанд илгээж тайлагнаагүй орхигдуулсан гэж Зөрчлийн тухай 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
5.Дүгнэлт гаргагчаас “...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах...” гэж, хариуцагчаас “...улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоогдсон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийн хэмжээгээр шимтгэлийн өр үүсгэсэн аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зөрчил үүсгэж шийдвэрлэдэг...” гэж тус тус маргажээ
6.Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ийн 6.1-д “Нийгмийн даатгалын байгууллага нь шимтгэл, алданги, торгуулийн өрийн хэмжээг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 30 дугаар зүйлд заасны дагуу дараах байдлаар тодорхойлно” гээд 6.1.1-д “тайлан (НД-7)-д тусгагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдлийн хэмжээгээр; 6.1.2-т “улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийн хэмжээгээр” гэж тус тус заасан.
7.Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзэхэд нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын шийдвэр, улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг төлөөгүй тохиолдолд хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор байна.
8.Уг маргааны тухайд гуравдагч этгээд “Ж Д Э С” ХХК нь 2026 оны 01, 02 саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу тайлангаа хугацаандаа илгээгүй орхигдуулсан зөрчилд улсын байцаагч шийтгэлийн хуудас оногдуулсан болохоос тус хугацааны тайланг эрх бүхий байгууллага, улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг төлөөгүй тайлагнаагүй гэх үндэслэлээр шийтгэлийн хуудас ногдуулаагүй.
9.Дээрх нөхцөл байдлаас үзэхэд “Ж Д Э С” ХХК-ийн гаргасан зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.
10.Учир нь Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэргийн материалаас үзвэл “Ж Д Э С” ХХК нь ажилчид /даатгуулагч/-ын 2026 оны 01, 02 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа илгээж тайлагнаагүй орхигдуулсанд нь улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон ба дээрх хуулийн этгээд нь даатгуулагч болох Г.Б*******, Г.Д*******, Б.Д*******, Б.Ч******* нарын 01, 02 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд тайлагнаагүй үйлдлийг зөрчилд тооцож шийтгэлийн хуудас оногдуулсан нь хуульд нийцжээ.
11.Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна” гээд 1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн”, 1.3-т “зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “3өрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ...” гэж заасан бөгөөд “Ж Д Э С” ХХК нь 2026 оны 01, 02 саруудын нийгмийн даатгалын тайлангаа тайлагнаагүй, хоцроосноо хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн холбогдогчоос авсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь мөн үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр дүгнэлт гаргагчийн дүгнэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.М*******гийн дүгнэлттэй, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Ү*******д холбогдох “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Ү*******гийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 001******* дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох гэсэн өөрчлөлт оруулах”-ыг хүссэн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор дүгнэлт бичихдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ.