Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 438

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: И.Сэлэнгэ,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

            Шүүгдэгч: М.Т, С.И, тэдгээрийн өмгөөлөгч Б.Отгончимэг, Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Т, С.Инарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705015280191 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Т, 1994 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ... тоот регистртэй,

            2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Оорцог овогт Сүхбаатарын Идэр, 1998 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Их сургуулийн Ой үйлдвэрийн техник технологийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ... тоот регистртэй,

Шүүгдэгч М.Т, С.И нар нь бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ки ЭФ Си” хоолны газрын орчим Б.Гийн утсыг яриулаач гэж хэлээд авч зугтаан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Тгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв. 

Шүүгдэгч С.Иийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн үед найз Төрхуягтай 25 дугаар эмийн сангийн орчим уулзаад тэр хавьд байдаг найзынх нь гэрт очсон....Тэр 3 залуугийн саравчтай малгайтай, нүдний шилтэй залуу нь ахаа утсаар яриулаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн “Samsung galaxy S-6” маркийн гар утсаа халааснаасаа гаргаад хэд гэсэн дугаар юм гэж хэлсэн. Тэгсэн тэр нүдний шилтэй залуу 88 тай утасны дугаар хэлсэн. Би тэр хэлсэн дугаарыг нь хийгээд залгаж өгсөн. Тэгсэн тэр нүдний шилтэй залуу гар утсаар ярьж байгаа дүр үзүүлээд 4-5 секунд болоод зугтаасан. Би араас нь хөөгөөд гүйцэхгүй байхад цагдаагийн машин явж байхаар нь очиж хэлсэн. Цагдаа нар нөгөө залуучуудын суусан машинд очиход Х гэх хар куртиктэй залуу нь машинаас буугаад зугтаасан....Тэгээд тэр хоёр залууг дагуулаад Х гэх залуугийн гэрт очиход Х гэх залуу гэртээ ирчихсэн, миний гар утас Х гэх залууд байсан....Саравчтай малгайтай нүдний шилтэй залуу нь эхлээд утас авч зугтаасан, харин дараа нь нэг дэлдэн чихтэй залуу нь таксинаас миний гар утсыг авч зугтаасан. Харин 3 дахь нь ямар нэгэн үйлдэл бол хийгээгүй.... Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13, 21/,

Гэрч Л.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тулга хүний гар утас булааж зугтаасан нь үнэн. Тулгыг хэн ч гар утас булааж зугтаа гэж хэлээгүй. Яагаад хүний гар утас булааж зугтаасан талаар мэдэхгүй байна. Гэхдээ Тулга мөнгө хэрэгтэй байна гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 14/,

Яллагдагчаар М.Тгын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд би дугаарыг нь хийгээд залгахад нөгөө хүнийх нь утас дуудаж байсан. Надад мөнгөний хэрэг их байсан болохоор гэнэт толгойд утсыг нь авч зугтаах бодол орж ирээд би шууд зам уруудан утсыг нь авч зугтаахад нөгөө утасны эзэн нь араас хөөе гээд орилоод гүйгээд байсан. Тэгээд би зам дагаж доошоо гүйгээд Петровисын ШТС-н хажуугаар гараад буцаж дээшээ өгсөж гүйх үед манай хоёр найз болох Идэр, Гантулга нар Кристалын урдаас такси бариад зогсож байхаар нь нөгөө таксиных нь арын суудал дээр орж суусан, хурдан гүйсэн болохоор амьсгаадаад юм ярьж чадахгүй, уушигаа дараад, нөгөө хүний утсыг Идэрт өгөхөд чи хаашаа гүйгээд байгаа, энэ юун утас вэ гэж асуухтай зэрэгцэн цагдаа ирээд хаалга онгойлгосон. Тэр үед Идэр цагдаа нараас айсандаа нөгөө гар утсыг аваад, зугтаачихсан. Тэгсэн чинь нөгөө цагдаа нар Идэрийн араас хөөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 37-38/,

Яллагдагчаар С.Иийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Яг тэр үед нөгөө таксины урдуур нь цагдаагийн машин зогсохоор нь Тулгаагийн шидсэн гар утсыг нь аваад уг таксинаас гарч гүйгээд зугтаах үед цагдаа нар араас хөөгөөд байхаар нь айсандаа тэр чигтээ гэр рүүгээ гүйсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирогчийн өргөдөл /хх-н 4/, Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-н 6/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 7/, шүүгдэгч С.Иийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 47, 63-67/, шүүгдэгч М.Тгын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 48, 50-62/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 75/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч М.Т, С.И нар нь бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ки ЭФ Си” хоолны газрын орчим М.Т нь иргэн Б.Гийг утсаараа яриулаач гэж хэлээд утсыг нь авч зугтаан С.Иийг таксинд суусан байхад нь уг утсыг авчирч өгөх үед С.И нь уг утсыг авч цагдаа нараас зугтаан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Гийн: “...Тэр 3 залуугийн саравчтай малгайтай, нүдний шилтэй залуу нь ахаа утсаар яриулаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн “Samsung galaxy S-6” маркийн гар утсаа халааснаасаа гаргаад хэд гэсэн дугаар юм гэж хэлсэн. Тэгсэн тэр нүдний шилтэй залуу 88 тай утасны дугаар хэлсэн. Би тэр хэлсэн дугаарыг нь хийгээд залгаж өгсөн. Тэгсэн тэр нүдний шилтэй залуу гар утсаар ярьж байгаа дүр үзүүлээд 4-5 секунд болоод зугтаасан. Би араас нь хөөгөөд гүйцэхгүй байхад цагдаагийн машин явж байхаар нь очиж хэлсэн. Цагдаа нар нөгөө залуучуудын суусан машинд очиход Х гэх хар куртиктэй залуу нь машинаас буугаад зугтаасан....Тэгээд тэр хоёр залууг дагуулаад Х гэх залуугийн гэрт очиход Х гэх залуу гэртээ ирчихсэн, миний гар утас Х гэх залууд байсан....Саравчтай малгайтай нүдний шилтэй залуу нь эхлээд утас авч зугтаасан, харин дараа нь нэг дэлдэн чихтэй залуу нь таксинаас миний гар утсыг авч зугтаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13, 21/, гэрч Л.Гантулгын: “...Тулгаа хүний гар утас булааж зугтаасан нь үнэн. Тулгыг хэн ч гар утас булааж зугтаа гэж хэлээгүй. Яагаад хүний гар утас булааж зугтаасан талаар мэдэхгүй байна. Гэхдээ Тулга мөнгө хэрэгтэй байна гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 14/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-н 6/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 7/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Т, С.И нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Т нь иргэн Б.Гийг утсаараа яриулаач гэж хэлээд утсыг нь авч зугтаан С.Иийг таксинд суусан байхад нь уг утсыг авчирч өгөх үед С.И нь уг утсыг авч цагдаа нараас зугтаасан нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Т, С.И нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Т, С.И нар нь бүлэглэж хохирогч Б.Гийн утсыг “яриулаач” гэж хэлээд авч зугтаасан нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гар утсаа буцаан авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч М.Т, С.И нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл нь ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх зохицуулалтыг илүү нарийвчлан зохицуулсан тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч М.Т, С.И нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 Иймд шүүхээс шүүгдэгч М.Т, С.И нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, оюутан, хохирогчийн эд зүйлийг буцаан өгсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч М.Т, С.И нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Т, С.И нарыг ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Т, С.И нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Т, С.Инарыг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, С.И нарыг хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг тус тус хүлээлгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, С.И нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Т, С.И нарыг ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т, С.И нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР