Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/1354

 

                                                             

 

 

 

 

 

    2024          12            12                                         2024/ДШМ/1354

 

Э.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Болормаа,

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,

хохирогч Б.С,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2024/ШЦТ/711 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.О-д холбогдох 2410019860941 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Э.О /РД: ...../, ..... тоотод оршин суух хаягтай, урд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1744 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Э.О нь 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдөр .... дүүргийн .... дүгээр хороо, .... хотхоны .... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.С-ыг үл ялих зүйлээр шалтаглан үсдэх, архины шилээр толгойн тус газарт нь цохих, зүүн талын хавирга орчим гараараа 3-5 удаа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь “цээжний хөндийн зүүн талд хий хуралдалт, зүүн уушгины авчилт, зүүн 7,8 дугаар хавирга, сээрний 5 дугаар нугалмын арын сэртэнгийн зөрүүгүй далд хугарал, дагзны хуйханд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.О-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овогт Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Э.О нь өөрт холбогдох хэргийн гэм буруу, зүйлчлэлийн талаар ямар нэг маргаан байхгүй, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрдөг ба шүүхийн шатанд ч гэм буруугийн хувьд маргаагүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байсан юм. Анхан шатны шүүхээс Э.О-д түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд өөртөө дүгнэлт хийж, эхнэрээсээ уучлалт гуйж, хамт эмнэлэгт үзүүлж эмчилгээний зардлыг гарган эмчлүүлсэн. Шүүх хурлын өмнө өөрийн хүсэлтээр архины албадан эмчилгээнд явж засрахыг хичээсэн, цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө амьдрах хүсэлтэй байгаа болно. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгч Э.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эхнэрээсээ уучлалт гуйж, гэм буруугаа хүлээж байна. Эхнэр бид хоёрын харилцаа зүгээр болсон. Миний өмгөөлөгчийн саналыг хүлээж авна уу. ...” гэв.

Хохирогч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад гомдол санал байхгүй. Тухайн үед бид хоёр хоёулаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Нөхөр маань надаас уучлалт гуйж, намайг асарч сувилж байсан. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Манай нөхөр ажил хийж амьдарлаа авч явдаг. Одоо хоёр хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд хэцүү байна. Цаашдаа бид хоёр хамт амьдрах бодолтой байгаа. ...” гэв.  

Прокурор П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Уг хэрэгт хяналт тавьж, анхан шатны шүүх хуралдаанд прокуророор оролцсон Л.Т нь ээлжийн амралттай байгаа тул миний бие уг шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Хэргийн материалтай танилцсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзаад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон чөлөөлж болохоор зохицуулж өгсөн. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан. Энэ нь үүрэг болгосон биш эрх олгосон зохицуулалт байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс дээрх үндэслэлээр шүүгдэгч Э.О-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан байна. Шүүгдэгч Э.О нь гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрдөг. Зүйлчлэл дээр маргадаггүй. Гэвч шүүгдэгчийн хувийн байдлыг харахад өмнө нь мөн эхнэрийгээ зодож хөнгөн гэмтэл учруулж ял шийтгүүлсэн байдаг. Гэтэл дахиад эхнэрээ зодож хүнд гэмтэл учруулсан байна. Шүүгдэгч өмнө гаргасан үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Эмчилгээний төлбөрийг төлсөн гэх боловч төлсөн гэх баримт хэрэгт байдаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Э.О-д холбогдох 2410019860941 дугаартай эрүүгийн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Э.О-ы 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдөр .... дүүргийн .... дүгээр хороо, .... хотхоны .... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.С-ыг үл ялих зүйлээр шалтаглан үсдэх, архины шилээр толгойн тус газарт нь цохих, зүүн талын хавирга орчим гараараа 3-5 удаа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь “цээжний хөндийн зүүн талд хий хуралдалт, зүүн уушгины авчилт, зүүн 7,8 дугаар хавирга, сээрний 5 дугаар нугалмын арын сэртэнгийн зөрүүгүй далд хугарал, дагзны хуйханд шарх” гэсэн хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь:

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт 2024 оны 5 дугаар сарын 9-ний орой 21 цаг 16 минут 06 секундэд ирсэн “нөхөр нь архи уугаад эхнэрээ зодож хавиргыг нь хугалсан” гэсэн дуудлага /хх-ийн 4/,

хохирогч Б.Сын “...2024 оны 5 дугаар сарын 8-ны өдөр би нөхөр О-ы хамт найзууд болох О, Ц нартай хамт .... дүүргийн .... дүгээр хороо, .... хотхоны .... тоот гэртээ архи ууж, ...сууж байхдаа О юунаас болсныг мэдэхгүй, над руу дайраад намайг үсдээд архины шилээр толгой руу нэг удаа цохиод, зүүн талын хавирга орчим гараараа 3-5 удаа цохих шиг болсон. Тэгээд бие өвдөөд дуугарч чадахгүй эвхрэлдээд хэвтээд өгсөн. Тэгэхэд нөгөө 3 үлдээд үлдсэн архиа хувааж уугаад унтацгаасан. Маргааш нь дахиад л нөгөө хоёр найз нь гарч буцаж орж ирэхдээ архи, ундаа авчраад О, О, Ц нар ууцгаасан. Нөхөр О нь намайг өмнө нь хэд хэдэн удаа цохиж зодож байсан. Нэг удаа баривчилгаанд явж, дараагийн удаа нь шүүхээр торгуулж байсан...” /хх-ийн 8/, “...дээрх гэмтлүүдийг О учруулсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй...” /хх-ийн 9/,

гэрч Б.Э-ийн “...хүргэн О манай охин С, найз нь гэх Д гээд хүмүүс байсан. Тэгээд охиноо хартал дээшээ харсан байдалтай, ам нь зуурсан ярьж чадахгүй, хөдөлж чадахгүй “ээжээ би үхэх гээд байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь босгож өндийлгөж суулгаж байгаад юу болсон талаар асуухад шилээр толгой руу цохиод толгой хагарсан байдалтай, баруун талын нүд нь хөхөрсөн, амаа ангайлгаж чадахгүй, хүзүү нь хөдлөхгүй, баруун гараараа зүүн хөхнийхөө доохон дараад миний хавирга хугарчихлаа. Намайг зодож байхад найзууд нь хараад байж байсан. Тэгээд намайг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон гэж хэлж байсан...” /хх-ийн 12-13/,

гэрч Г.О-ын “...О эхнэр С-тай найзыгаа өнгөрсөн талаар ярилцаж байгаад С нь Ц руу жижиг төмөр аяга аваад шидсэн юм. Тэр үед О уурлаж байсан. Тэгээд би ариун цэврийн өрөө ороод гараад иртэл С хоёр гараа зөрүүлээд хавирга өвдөөд байна гэж хэлж байсан. ...” /хх-ийн 15/,

гэрч Д.Ц-ийн “...О эхнэр С-тай маргалдаад, найз нөхдөө яриад байх шиг байсан. Тэгэхээр нь би өндийгөөд харсан чинь О нь С-ын бөөр гэх үү хавирга гэх үү тэр хавьд нь гараа зангидаж байгаад 2 удаа цохисон юм...” /хх-ийн 17/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6889 дугаартай “...Б.С-ын биед цээжний хөндийн зүүн талд хий хуралдалт, зүүн уушгины авчилт, зүүн 7,8 дугаар хавирга, сээрний 5 дугаар нугалмын арын сэртэнгийн зөрүүгүй далд хугарал, дагзны хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-24/,

шинжээч Н.Э-ийн “...Б.С-ын хувьд дээрх хүнд гэмтлийг амь насанд аюултай байдлыг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд арилгаж байгаа тул цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

шүүгдэгч Э.О-ы хувийн байдалтай холбоотой Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1744 дүгээр шийтгэх тогтоол: “Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүлийн харилцаатай хүн болох Б.С-ыг хардалтын улмаас эрүүний доод хэсэгт нь гараараа, өөрийн эзэмшлийн гар утсаараа нүүрэн тус газарт болон баруун хавирга хэсэг, хөл, гар руу нь цохих зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь “...баруун 9-р хавирганы хугарал, эрүүн, баруун зүүн бугалга, суга, нуруу, зүүн дал, баруун зүүн гуя, шилбэ, өвдөгт цус хуралт, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл” гэсэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн байна.  ...” /хх-ийн 58-63/,

Э.О, Б.С нарын гэрлэсэн гэр бүл болох талаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

2. Шүүгдэгч Э.О-ы үл ялих зүйлээр шалтаглан эхнэр Б.С-ыг үсдэх, архины шилээр толгойн тус газарт нь цохих, зүүн талын хавирга орчим гараараа удаа дараалан цохих зэргээр биед нь халдсан санаатай үйлдлийн улмаас Б.С-ын эрүүл мэндэд нь “...цээжний хөндийн зүүн талд хий хуралдалт, зүүн уушгины авчилт, зүүн 7, 8 дугаар хавирга, сээрний 5 дугаар нугалмын арын сэртэнгийн зөрүүгүй далд хугарал, дагзны хуйханд шарх...” гэсэн хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;/...” гэсэн хүндрүүлэх шинжтэй байна.  

Анхан шатны шүүхийн Э.Оы үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. 

3. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангаж байх ёстой.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, түүнд тус зүйл хэсэгт заасан “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хорих ялаас шүүгдэгч Э.О-ы үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, түүний гэр бүлийн хүчирхийллийн гэм хор, хувийн байдал зэргийг харгалзан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байх ба оногдуулсан хорих ялын хэмжээ нь Эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод бүрэн нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэгийн гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу ялыг багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.О нь хувийн байдлын хувьд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” зөрчлийн хэрэгт холбогдож байсан, мөн “2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Сыг зодож хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдэж 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1744 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.О-ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, санаатай хийсэн үйлдлээр Үндсэн хуульд заасан хүний халдашгүй дархан байх, амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эмнэлгийн тусламж авах үндсэн эрхэд халдсан гэм хор зэргийг харгалзан Э.О-д анхан шатны шүүхээс тухайн үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулсан хорих ялын хэмжээний дотор оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Э.Оы хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.  

 Шүүгдэгч Э.О-ы шийтгэх тогтоол гарсан 2024 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс энэ магадлал гарсан өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2024/ШЦТ/711 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ы 2024 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ