| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2026/0534/З |
| Дугаар | Харах 128/ШШ2026/0680 |
| Огноо | 2026-07-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 20 өдөр
Дугаар Харах 128/ШШ2026/0680
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.А*******
Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий прокурор
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Г*******
Маргааны төрөл: Прокурорын тухай хуулийн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу Прокурорыг албан тушаалд сонгон шалгаруулах, дэвшүүлэх, бууруулан томилох, сэлгүүлэн ажиллуулах журам батлагдсан даруйд Улсын ерөнхий прокурорын баталсан журмыг хуулбарлан өгөхийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт даалгах маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Равжаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Н.А*******оос “Нээлттэй мэдээлэл өгөхөөс татгалзсан Монгол Улсын ерөнхий прокурорын газрын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2/1118 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг хууль бус болохыг тогтоож, Прокурорын тухай хуулийн хуулийн 45.2, 55.4-т заасны дагуу тус тус баталсан Улсын ерөнхий прокурорын баталсан журмыг Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын “prosecutor.mn” цахим хуудаст байнга ил тод байршуулахыг даалгах, Прокурорын тухай хуулийн хуулийн 45.2-т заасны дагуу тус тус баталсан Улсын ерөнхий прокурорын баталсан журмыг хуулбарлан өгөхийг Монгол Улсын ерөнхий прокурорын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс Прокурорын тухай хуулийн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу Прокурорыг албан тушаалд сонгон шалгаруулах, дэвшүүлэх, бууруулан томилох, сэлгүүлэн ажиллуулах журам батлагдсан даруйд Улсын ерөнхий прокурорын баталсан журмыг хуулбарлан өгөхийг Монгол Улсын ерөнхий прокурорын газарт даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
3.Нэхэмжлэгч нь Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т “Прокурорыг мэргэжлийн ёс зүй, мэргэшсэн байдал, ур чадвар, дадлага туршлагыг харгалзан албан тушаалд сонгон шалгаруулах, дэвшүүлэх, эсхүл бууруулан томилох, сэлгүүлэн ажиллуулах журмыг Улсын ерөнхий прокурор батална” гэж заасны дагуу баталсан Улсын ерөнхий прокурорын баталсан журмыг хуулбарлан авах тухай хүсэлтийг гаргажээ.
4.2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2/1118 дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас “...таны хүсэлтэд дурдсан “Прокурорыг мэргэжлийн ёс зүй, мэргэшсэн байдал, ур чадвар, дадлага туршлагыг харгалзан албан тушаалд сонгон шалгаруулах, дэвшүүлэх, эсхүл бууруулан томилох, сэлгүүлэн ажиллуулах журам”-ын мэдээллийг дараах нөхцөл байдлын улмаас танд өгөх боломжгүй байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 62-т Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, прокурорын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар хараат бус байдлыг бэхжүүлэх, түүнчлэн томилгоо, сахилга, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх тогтолцоог шинэчлэх талаар тусгасан. Мөн уг чиглэлийн 36-д хуульд журмаар батлах эрх олгосон зохицуулалтаас татгалзах, хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг дүрэм, журмаар зохицуулахгүй байх бодлогыг баримтлахаар заасан. Иймд Прокурорын байгууллагаас гадаад улсын прокурорын байгууллагын туршлагыг харьцуулан судлах, шүүгч, хуульчдын хараат бус байдлын талаарх олон улсын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, уг харилцааг журмаар бус хуулиар зохицуулах чиглэлээр холбогдох судалгааны ажлууд хийгдэж байгаа болно.” гэх хариуг нэхэмжлэгчид өгчээ.
5.Нэхэмжлэгч нь дээрх хариуг эс зөвшөөрч 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
6.Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 7/2907 дугаар албан бичгээр “... Прокурорыг албан тушаалд сонгон шалгаруулах, дэвшүүлэх, бууруулан томилох, сэлгүүлэн ажиллуулах журмын төслийг боловсруулах бэлтгэл шатны ажил явагдаж байгаатай холбоотойгоор нотлох баримт хүргүүлэх боломжгүй байна” гэх хариуг хүргүүлжээ.
7.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нэг. Иргэн Н.А******* миний бие Монгол Улсын Үндсэн хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан нээлттэй мэдээлэл хайх, хүлээн авах эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хандан “Прокурорын тухай хуулийн хуулийн 45.2, 55.4-т заасны дагуу тус тус баталсан Улсын ерөнхий прокурорын баталсан журмыг Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын “prosecutor.mn” цахим хуудаст байнга ил тод байршуулна уу. Хоёр. Прокурорын тухай хуулийн хуулийн 45.2, 55.4-т заасны дагуу тус тус баталсан Улсын ерөнхий прокурорын баталсан журмыг хуулбарлан өгнө үү.” хүсэлт гаргасан.
Харин тэндээс 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2/1118 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар Прокурорын тухай хуулийн хуулийн 45.2-т заасны дагуу Улсын ерөнхий прокурорын баталсан журмыг өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн.
Хоёр. Харин иргэний зүгээс нээлттэй мэдээлэл өгөхөөс татгалзсан хариу шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 14.1.6-д заасан эрхийн хүрээнд гомдол гаргаж байна.
Гурав. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор... хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгана.” гэж заасан. Тэрчлэн мөн мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана: 8.3.2. албан хаагч, ажилтныг хуулийн 8.3-т “Мэдээлэл хариуцагч өөрийн хүний нөөцийн талаарх дараах шалгаруулах журам;” гэж заасан.
Өөрөөр хэлбэл прокурорыг сонгон шалгаруулах журам нууц, хаалттай. хязгаарлалттай мэдээлэл биш юм.
Дөрөв.Иймд хуулиар нууц, хаалттай, хязгаарлалттай гэж заагаагүй мэдээллийг өгөхөөс татгалзсан Монгол Улсын ерөнхий прокурорын газрын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2/1118 дугаартай дугаартай хариу нь иргэний нээлттэй мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тул Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 14.1-д “Хүсэлт гаргагч мэдээлэл авах талаар дараах эрх эдэлнэ:... 14.1.6. мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн гэж үзвэл мэдээлэл хариуцагчийн дээд шатны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол шүүхэд гомдол гаргах...” гэсэн эрхийн дагуу уг маргаан нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн гэж үзэн гомдлыг Захиргааны хэргийн дагнасан шүүхэд гаргаж байна.
Тав.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан.
Эрх зүйн үр дагавар гэдэг нь эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болохыг хэлдэг. Нийтийн мэдээлэл хайх, хүлээн авах эрх зүйн хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас нээлттэй мэдээлэл авах хүсэлт гаргасан боловч тэндээс тухайн мэдээллийг “өгөхгүй” гэсэн агуулгатай хариуг өгснөөр иргэн нээлттэй мэдээлэл хайх, хүлээн авах харилцаа шууд дуусгавар болсон буюу шууд үр дагавар үүссэн. Нээлттэй мэдээлэл өгөхөөс татгалзсан албан тоот нь гадагш буюу мэдээлэл хайж байгаа иргэнд хандаж шууд чиглэсэн, нийтийн мэдээллийн ил тод байдлын эрх зүйн хүрээнд үүссэн нь захиргааны актын шинжийг бүрэн агуулсан гэж үзсэн учир захиргааны хэргийн шүүхэд хандсан болно.
Зургаа. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж заасан. Мэдээлэл өгөхгүй гэсэн албан тоот хариу нь татгалзсан шинжийг өөртөө агуулсан.
Долоо. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “... бүх шатны..., прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно.” гэж заасан.
Өөрөөр хэлбэл нийтийн мэдээллийн ил тод байдал, нийтийн мэдээлэл хариуцах, мэдээлэл хайх, хүлээн авах, нийтийн мэдээлэл хариуцагч мэдээлэл өгөх харилцаа нь прокурорын гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхэд хамаарахгүй учир Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу захиргааны байгууллагад тооцон Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан болно.
Найм. Гомдлын шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т "захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр... нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах..." гэж заасанд хамаарч байгаа болно. Учир нь Монгол Улсын ерөнхий прокурорын газрын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2/1118 дугаартай хариу мэдэгдэх хуудас нь нээлттэй мэдээлэл өгөхөөс татгалзсан буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэрт хамаарч байгаа ба үүнийг хууль бус болохыг шүүхээс тогтоосны дараа шаардагдах захиргааны акт гаргах /нээлттэй мэдээлэл иргэнд өгөх/-ыг шүүхээс даалгах эрх зүйн боломж нээгдэнэ гэж үзэж байна.Иймд дараах гомдлыг шаардлагыг гаргаж байна.” гэв.
8.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хууль тогтоомжид зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилдог хуультай. Прокурорын тухай хуульд сонгон шалгаруулалтгүй томилно гэсэн зохицуулалт байхгүй.Сонгон шалгаруулах журмыг Улсын Ерөнхий прокурор баталж, томилно гэж зохицуулдаг. Тийм учир энэ журмыг нь үзье гэж шаардаж байгаа. Журам байгаа эсэх талаар хариуг өгөхгүй байсан, журам байхгүй гэж сая хэллээ. Энэ журмыг хэзээ ч батлагдахыг мэдэхгүй. Прокурорын тухай хууль 2017 онд батлагдсан хэдий ч одоо ч журам нь байхгүй байгаа. Хэрвээ байхгүй бол батлагдсаных нь дараа хуулбарлаж өгнө үү гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Батлагдах байх гэж хүлээгээд эвлэрч болно. Гэхдээ батлахгүй дахиад 10 жил өнгөрч магадгүй учир батлагдсаных нь дараа хуулбарлаж авъя гэдэг шаардлага гаргаж байна. Мэдээлэл хайх, хүлээн авах эрх бол Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх. Сонгон шалгаруулалтын журам нээлттэй, ил тод байх ёстой. Гэтэл Прокурорын тухай хууль батлагдсанаас хойш 9 жилийн хугацаанд сонгон шалгаруулалтын журамгүйгээр прокуроруудыг томилж байна. Энэ журам нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэзээ батлагдаж хэрэгжих, байх ёстой эсэх асуудлаар ярьж байгаад харамсаж байна. Журмаа батлаагүй байж прокурорыг томилж болохгүй. Хүний үндсэн эрхтэй холбоотой асуудал байгаа учир энэ журмыг батлах үүрэгтэй. Хэзээ батлагдах эсэх нь хариуцагч байгууллагын асуудал. Журмыг батлагдсан үед иргэндээ хуулбарлаж өгнө үү. Сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалтныг томилж байгаа үйлдэл бол хууль бус үйлдэл гэж харж байна. Сонгон шалгаруулалтын журам нь иргэдэд нээлттэй байх ёстой мэдээлэл гэж үзэж байна. Журам батлахгүй байгаа хариуцлагагүй үйлдэл нь иргэний мэдэх эрхийг хязгаарлаж байна гэж үзэж байна” гэв.
9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Н.А*******оос 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын ерөнхий прокурорын газарт хандаж гаргасан хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан хүлээн авч танилцаад 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2/1118 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “... Монгол Улсын ерөнхий прокурорын 2022 оны А/19 дугаартай тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын захиргааны албаны Удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам”-ыг хуулбарлан, үүгээр хүргүүлж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу мэдээлэл хариуцагчийн зүгээс 2022 онд “prosecutor.mn” цахим хуудасны “Иргэн танд” цэсийн “хууль, эрх зүй" гэсэн дэд цэсэд дээрх журмыг байршуулж, ил тод байдлыг ханган ажиллаж байна. Харин таны хүсэлтэд дурдсан “Прокурорыг мэргэжлийн ёс зүй, мэргэшсэн байдал, ур чадвар, дадлага туршлагыг харгалзан албан тушаалд сонгон шалгаруулах, дэвшүүлэх, эсхүл бууруулан томилох, сэлгүүлэн ажиллуулах журам”-ын мэдээллийг тодорхой нөхцөл байдлын улмаас танд өгөх боломжгүй байна.” гэсэн агуулга бүхий хариу шийдвэр нь иргэний мэдээлэл авах эрхийг зөрчөөгүй болохыг дараах хууль зүйн үндэслэлээр тайлбарлаж байна.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу мэдээлэл хариуцагчийн зүгээс мэдээлэл авах хүсэлтийг хүлээн авч 15 дугаар прокурорын 2022 оны А/19 дугаартай тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам”-ыг хуулбарлан өгч мэдээллээр хангаж шийдвэрлэсэн.
Мөн нэхэмжлэгчийн мэдээлэл авахыг хүссэн нээлттэй өгөгдлийг мэдээлэл хариуцагч болох Улсын ерөнхий прокурорын газар нь “prosecutor.mn цахим хуудасны “Иргэн танд” цэсийн “хууль, эрх зүй” гэсэн дэд цэсэд 2022 онд дээрх журмыг байршуулж, ил тод байдлыг ханган ажиллаж байгаа” талаар хариу мэдэгдсэн шийдвэрт дурдсан.
Харин “Прокурорыг мэргэжлийн ёс зүй, мэргэшсэн байдал, ур чадвар, дадлага туршлагыг харгалзан албан тушаалд сонгон шалгаруулах, дэвшүүлэх, эсхүл бууруулан томилох, сэлгүүлэн ажиллуулах журам”-ын төслийг өгөх боломжгүй талаар хариу мэдэгдсэн. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 62-т Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, прокурорын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар хараат бус байдлыг бэхжүүлэх, түүнчлэн томилгоо, сахилга, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх тогтолцоог шинэчлэх талаар тусгасан.
Мөн уг чиглэлийн 36-д хуульд журмаар батлах эрх олгосон зохицуулалтаас татгалзах, хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг дүрэм, журмаар зохицуулахгүй байх бодлогыг баримтлахаар заасан.
Иймд Прокурорын байгууллагаас гадаад улсын прокурорын байгууллагын туршлагыг харьцуулан судлах, шүүгч, хуульчдын хараат бус байдлын талаарх олон улсын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, уг харилцааг журмаар бус хуулиар зохицуулах чиглэлээр холбогдох судалгааны ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан журмын төслийг өгөх боломжгүй талаар хариу өгсөн.
Мэдээлэл хариуцагчийн зүгээс Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу мэдээлэл хүсэгчид мэдээллийг хэсэгчлэн өгч, гаргасан шийдвэртээ үндэслэлээ тодорхой дурдсан нь иргэний мэдээлэл авах эрхийг зөрчөөгүй үндэслэл бүхий шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс хариу тайлбартаа тодорхой дурдсан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс шаардсан, хуульд тусгагдсан захиргааны ажилтныг сонгон шалгаруулах журмыг тухай бүрд нь батлагдсан даруйд prosecutor.mn сайтад байршуулсан. Үүнийгээ хэрхэн байршуулсан талаар хариуцагч тодорхой хариуг өгсөн. 2017 онд Прокурорын тухай хууль батлагдсантай холбогдуулан тухайн журмыг боловсруулах, шүүхийн сонгон шалгаруулах журам болон бусад байгууллагуудын хуучин сонгон шалгаруулах журам гэх мэт болон олон улсын жишгийг судалж байгаа. Шаардлагад нийцсэн журам батлахаар төслийг нь боловсруулаад явж байна. Гэвч Монгол улсын Засгийн газрын 2024 онд Монгол улсын хууль тогтоомжийг 2028 онд боловсронгуй болгох үндсэн жил болгох тухай тогтоол гарсан. Тус тогтоолд прокурорын байгууллагатай холбоотой сонгон шалгаруулах, сэлгэн томилох зэрэг журмуудыг хуульд тодорхой тусгасан нь зүйтэй гэдэг агуулга тогтоол дээр тусгагдсан. Мөн олон улсын гэрээ конвенц, факт гэх зэрэг Нэгдсэн үндэсний байгууллагын гэрээ, конвенц, Истанбулын гэрээ, олон улсын байгууллагаас Монгол улсад өгч буй зөвлөмж зэргээр холбогдох хуульчдыг сонгон шалгаруулах, ажилд эргүүлэн томилох, тэр тусмаа прокурор, шүүгчийг томилох зохицуулалтыг журмаар зохицуулж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ нь хуульд тусгагдсан байх нь зүйтэй гэдэг нэмэлт шалгуурыг олон улсын байгууллагуудаас тавьж эхэлсэн. Монгол улс нэгдэн орсон байдаг учир гэрээ, конвенцыг биелүүлэх шаардлагатай болсон. Үүний дагуу Прокурорын тухай хуульд холбогдох асуудлуудыг тусгахаар холбогдох саналыг боловсруулж байгаа. Энэ талаарх холбогдох газруудад саналыг хүргүүлсэн. Энэ байдлаар ажиллагаа хийгдэж байгаа учир журмыг өгөх боломжгүй гэдэг хариуг нэхэмжлэгчид тодорхой өгсөн. Энэ тухайгаа шүүхийн албан бичгийн хариудаа тодорхой тусгаж өгсөн. Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, хуульчийн мэргэжлээр 3-аас доошгүй жил, эсхүл прокурорын туслахаар 2-оос доошгүй жил ажилласан, гэмт хэрэг үйлдэж, гэм буруугүйд тооцогдож байгаагүй, мэргэжлийн шаардлага хангасан 25 насанд хүрсэн Монгол улсын иргэнийг прокуророос томилно гэсэн заалттай. Энэ заалтынхаа хүрээнд хуулийн шаардлагыг хангасан иргэнийг прокуророор томилж байгаа. Мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт журмыг батална гэж заасан боловч хэзээ, хэдний дотор батлах талаар тодорхой тусгаагүй. Тийм учир олон улсын гэрээ, конвенц, фактад тохируулан хэм хэмжээг өөрчлөх, улам боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцсэн байдлаар судалж байгаа. Олон улсын гэрээ, конвенцод заасны дагуу хуульд тусгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Үүний дагуу тус асуудлыг хуульд тусгуулахаар холбогдох саналуудыг хүргүүлсэн байгаа. Мөн тус журмын төслийг боловсруулсан байгаа. Хэрвээ хуульд тусгагдвал энэ журам батлах шаардлагагүй болно. Хэрвээ хуульд ямар нэг өөрчлөлт орохгүй, журам батлагдвал Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу олон нийтэд мэдээлж, мэдээллийн сайт дээрээ байршуулах нь бидний үүрэг. Прокурорын байгууллага 2017 оноос хойш тодорхой судалгаануудыг хийсэн. Сэлгүүлэн ажиллах, бууруулан томилох, дэвшүүлэн томилох гэсэн тус тусдаа байгаа журмуудыг боловсруулж, хүчингүй болгож нэмэлт өөрчлөлт оруулаад явж байгаа. Одоогийн байдлаар сэлгүүлэх ажиллах, дэвшүүлэн томилох журмыг дахин сайжруулж боловсруулаад байж байгаа. Бид бүхэн шат дараатай ажиллагаануудыг хийж байгаа. Нэхэмжлэгчийн хэлсний дагуу мэдээж хуульд заасны дагуу журам батлагдсан даруйд нь нийтэд мэдээлнэ. Байхгүй байгаа журмыг мэдээлэх, хүргүүлэх боломжгүй. Бусад нэхэмжлэгчийн хүссэн, хандсан журмуудыг хүргүүлсэн. Сайт дээрээ байршуулсан байгаа.” гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч нь анх Монгол улсын Ерөнхий прокурорын газарт холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т “Прокурорыг мэргэжлийн ёс зүй, мэргэшсэн байдал, ур чадвар, дадлага туршлагыг харгалзан албан тушаалд сонгон шалгаруулах, дэвшүүлэх, эсхүл бууруулан томилох, сэлгүүлэн ажиллуулах журмыг Улсын ерөнхий прокурор батална” гэж заасны дагуу баталсан Улсын ерөнхий прокурорын баталсан журмыг хуулбарлан авах тухай хүсэлтийг гаргажээ.
2.Монгол улсын ерөнхий прокурорын ахлах, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбатаас 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2/1118 дугаар албан бичгээр дээрх хүсэлтийн дагуу “...таны хүсэлтэд дурдсан “Прокурорыг мэргэжлийн ёс зүй, мэргэшсэн байдал, ур чадвар, дадлага туршлагыг харгалзан албан тушаалд сонгон шалгаруулах, дэвшүүлэх, эсхүл бууруулан томилох, сэлгүүлэн ажиллуулах журам”-ын мэдээллийг дараах нөхцөл байдлын улмаас танд өгөх боломжгүй байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 62-т Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, прокурорын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар хараат бус байдлыг бэхжүүлэх, түүнчлэн томилгоо, сахилга, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх тогтолцоог шинэчлэх талаар тусгасан. Мөн уг чиглэлийн 36-д хуульд журмаар батлах эрх олгосон зохицуулалтаас татгалзах, хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг дүрэм, журмаар зохицуулахгүй байх бодлогыг баримтлахаар заасан. Иймд Прокурорын байгууллагаас гадаад улсын прокурорын байгууллагын туршлагыг харьцуулан судлах, шүүгч, хуульчдын хараат бус байдлын талаарх олон улсын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, уг харилцааг журмаар бус хуулиар зохицуулах чиглэлээр холбогдох судалгааны ажлууд хийгдэж байгаа болно.” гэх хариуг нэхэмжлэгчид өгчээ.
3.Нэхэмжлэгчээс “Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасан Прокурорыг мэргэжлийн ёс зүй, мэргэшсэн байдал, ур чадвар, дадлага туршлагыг харгалзан албан тушаалд сонгон шалгаруулах, дэвшүүлэх, эсхүл бууруулан томилох, сэлгүүлэн ажиллуулах журмыг Улсын ерөнхий прокурор баталж, хуулбарлаж өгөх” үүрэгтэй, хариуцагчаас “Прокурорыг албан тушаалд сонгон шалгаруулах, дэвшүүлэх, бууруулан томилох, сэлгүүлэн ажиллуулах журмын төслийг боловсруулах бэлтгэл шатны ажил явагдаж байгаатай холбогдуулан журмын төслийг нэхэмжлэгчид өгөх боломжгүй” гэж тус тус маргажээ.
4.Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т “Прокурорыг мэргэжлийн ёс зүй, мэргэшсэн байдал, ур чадвар, дадлага туршлагыг харгалзан албан тушаалд сонгон шалгаруулах, дэвшүүлэх, эсхүл бууруулан томилох, сэлгүүлэн ажиллуулах журмыг Улсын ерөнхий прокурор батална” гэж заасны дагуу маргаан бүхий журмыг Монгол улсын Ерөнхий прокурор батлахаар байна.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...: Манайд Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасан Прокурорыг мэргэжлийн ёс зүй, мэргэшсэн байдал, ур чадвар, дадлага туршлагыг харгалзан албан тушаалд сонгон шалгаруулах, дэвшүүлэх, эсхүл бууруулан томилох, сэлгүүлэн ажиллуулах журам байхгүй. Төсөл боловсруулагдаж байгаа.” гэх тайлбарыг өгсөн.
6.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, эсхүл урд өмнө нь хариу өгсөн асуудлаар дахин хандсан, эсхүл хүсэлтэд дурдсан мэдээлэл байхгүй бөгөөд хүсэлтийг холбогдох байгууллагад шилжүүлэх боломжгүй бол уг хүсэлтийг буцааж болох ба үндэслэлийг тодорхой заана”, 15.4-д “Мэдээлэл хариуцагч тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, хуулиар нээлттэй, ил тод байлгах мэдээллийг хүн, хуулийн этгээдэд тэдгээрийн хүсэлтийг үндэслэн бүрэн гүйцэд, үнэн зөв, тодорхой өгнө.” гэж тус тус заажээ
7.Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан Прокурорыг мэргэжлийн ёс зүй, мэргэшсэн байдал, ур чадвар, дадлага туршлагыг харгалзан албан тушаалд сонгон шалгаруулах, дэвшүүлэх, эсхүл бууруулан томилох, сэлгүүлэн ажиллуулах журам нь батлагдаагүй буюу төсөл нь боловсруулагдаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
8.Өөрөөр хэлбэл, маргаан бүхий журмыг хариуцагч хэзээ батлах нь тодорхойгүй, бөгөөд бодит нөхцөлд батлагдаагүй байгаа энэ тохиолдолд тус журмыг батлагдсаных дараа нэхэмжлэгчид хуулбарлан өгөхийг даалгах буюу ирээдүйд болох үйл баримтыг дүгнэж, даалгах шийдвэр гаргах боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг тус тус баримтлан Н.А*******оос Монгол Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан гаргасан “Прокурорын тухай хуулийн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу Прокурорыг албан тушаалд сонгон шалгаруулах, дэвшүүлэх, бууруулан томилох, сэлгүүлэн ажиллуулах журам батлагдсан даруйд Улсын ерөнхий прокурорын баталсан журмыг хуулбарлан өгөхийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ