Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/12

 

 

 

 

 

 

    2024          12            24                                         2025/ДШМ/12

 

Д.Б, Л.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, Д.Амаржаргал,

шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч О.Даваажаргал, Д.Энхцэцэг, С.Батнасан,   

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,   

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/724 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, Н.Болортуул, Д.Амаржаргал, шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч О.Даваажаргал нар давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Д.Б, Л.Тнарт холбогдох эрүүгийн 2301000400471 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д.Б .......... тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2. Л.Т ...........  тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЗ/1490 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Шүүгдэгч Д.Б нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3 дахь заалтад тус тус зааснаар “М” ТӨХК-ийн ЭЗХО-ын Г-ын даргаар томилогдон ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 6.5 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж “М” ТӨХК-аас зарласан “СКD4В серийн 4 зүтгүүрт засвар үйлчилгээ хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерт оролцсон БНХАУ-д бүртгэлтэй хуулийн этгээд болох “И М Д” компанийн төлөөлөгч, мөн “М” ТӨХК-аас хариуцан хэрэгжүүлж байгаа “Монгол Таньжины хамтарсан Дунзян тээвэр логистикийн төв төсөл болон З дэх бүс нутгийн ложистикийн төвийг өргөжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр хүсэлт өгсөн “Ш И Э Б” технологи группийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Л.Т-ын өөрийн төлөөлж байгаа компаниудыг “М” ТӨХК-аас хэрэгжүүлж байгаа тендер, төсөлд шалгаруулах, улмаар өөртөө эдийн засгийн ашигтай байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн буюу тухайн төсөл, тендертэй холбоотой мэдээллийг дамжуулсны хариуд 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр өөрийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна хамгаалалтын хуулганы төлбөрт 6,800,000 төгрөгийг төлүүлэх замаар хахууль авсан, мөн 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр У.Т болон өөрийн эхнэр Ж.Д-гээр дамжуулан 15,000,000 төгрөгийн хахууль бэлнээр авсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Л.Т нь өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор “М” ТӨХК-аас зарласан тендер, төслүүдэд шалгарах зорилгоор тус байгууллагын Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр өөрийн найз У.Т болон Д.Б-ийн эхнэр Ж.Д-гээр дамжуулан бэлнээр 15,000,000 төгрөгийн хахууль өгсөн, мөн 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна хамгаалалтын хуулга хийлгэсэн ажлын хөлсний төлбөрийг төлөх замаар 6,800,000 төгрөгийн төлбөргүй үйлчилгээ үзүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Б-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Л.Т-т тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийг тус тус журамлан шүүгдэгч Д.Б-ийн цагдан хоригдсон нийт 27 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Б-аас 21,800,000 төгрөгийг гаргуулж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг тус тус баримтлан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 59,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

шүүгдэгч Л.Т-ыг үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6  сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг тус тус баримтлан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 59,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бэхжүүлсэн банкны хуулга бүхий 2 ширхэг сиди, нэгжлэгийн явцад бэхжүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди, гэрч Ч.Д-гаас гаргаж өгсөн бичлэг бүхий 1 ширхэг сиди, нууц мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн 1 ширхэг сиди зэргийг хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би төрийн албаны ёс зүй, Авлигын эсрэг хууль зэргийг зөрчиж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийжээ гэдгээ 461 дүгээр ангид хоригдож байх хугацаандаа шүүхийн тогтоолыг дахин дахин уншиж танилцан бодит нөхцөл байдлыг ойлгон ухаарч, чин сэтгэлээсээ харамсаж, гэмшиж байгаагаа илэрхийлж байна. Хууль зүйн мэдлэг дутуу байсан учир нөхцөл байдлыг гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мэдэхгүй анхан шатны шүүхэд хүлээн зөвшөөрөхгүй марган орж байсандаа харамсаж байна. Д.Б миний бие төрийн албанд 16 жил ажиллахдаа Монгол Улсын батлан хамгаалах салбар, Онцгой байдлын алба, төмөр замын бүтээн байгуулалт зэрэг ажлуудад анхан, дунд, удирдах албан тушаалд ажиллаж байсан.  Сүүлд “ЗБТЗ” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж өмнийн говьд их бүтээн байгуулалТ-ыг удирдан зохион байгуулж амжилттай дуусган улсдаа хүлээлгэн өгч улс орныхоо эдийн засагт өөрийн хувь нэмрийг бага ч атугай оруулсан гэж боддог. Миний бие эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Ч.Д төрийн байгууллагад тасралтгүй 15 жил ажиллажээ. Хоёр том охин ихэр, одоо 16 настай 12 дугаар ангийн сурагч, их сургуульд элсэн орох он цаг. Мөн эдгээр шилжилтийн үе зэрэг нь миний үйлдсэн гэмт хэргээс шалтгаалан сэтгэл зүйн хувьд хүнд байдалд орсон байдалтай, ангийн хүүхдүүд гэмт хэрэгтний хүүхэд гэж шоглож сэтгэл зүйн гүн зочрол өгөх вий гэхээс, мөн бага охин хямралд орсон намайг эрж хайсан байдалтай байгаа нь миний сэтгэлийг маш их шаналгаж байгааг дурдмаар байна. Ийм хариуцлагатай амьдралын чухал үед нь дэргэд нь байж эцэг хүний үүргийг биелүүлэх боломжоор хангаж, ялыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн хүсэж байна. Би 21,800,000 төгрөг, 59,000 төгрөг тус бүрийг бүрэн төлж барагдуулсан болно. Эхнэр Ч.Д 2 сартай жирэмсэн гэдгийг хоригдож байх хугацаандаа мэдлээ. Миний эхнэр, хүүхдүүд болон улсад хийсэн бүтээсэн ажил, чин сэтгэлээсээ гэмшиж, хийсэн үйлдлээ бүрэн ухаарч, бусдад ойлгуулж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү. Би гэмт хэрэг үйлдсэнээ бүрэн ойлгож, гэмшиж байгаагаа дахин илэрхийлмээр байна. ...” гэв.  

Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Ганпүрэв давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие давж заалдах гомдолоо гэм буруугийн талаар маргасан байр сууринаас гаргасан боловч миний үйлчлүүлэгч Д.Б нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул өмгөөлөгчийн зүгээс өмнө нь гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах” талаар гаргасан гомдлын үндэслэлээ өөрчилж, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилсан.

Анхан шатны шүүхээс Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн. Д.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшсэн, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгосон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бага насны хүүхэдтэй зэрэг түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан  хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Н.Болортуул, Д.Амаржаргал нар нь хамтран гаргасан гомдолдоо болон өмгөөлөгч Д.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Д.Б нь Албан үүргийн хувьд саналын эрхтэй оролцож байсан “М Т хамтарсан Д т лийн төсөл”, “З дэх бүс нутгийн ложистикийн төвийг өргөжүүлэх төсөл” гэсэн хоёр төслийн хувьд ямар нэг мэдээллийг Л.Т-т дамжуулсан, Л.Т тухайн мэдээллийг ашигласан байдал байхгүй. Зохих журмын дагуу “Ш И Э Б” технологи групп хүсэлт гаргаж, цахим хуралд нь Д.Б-ийг албаны үүргийнх нь дагуу оролцуулсан байдаг.

Харин Л.Т тус төсөлд оролцохоор саналаа өгсөн “Ш И Э Б” технологи группийн төлөөлөгч байсан ба Л.Т-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан нь энэ төслийн үйл ажиллагаанд албаны чиг үүргийн дагуу оролцсон Д.Б-ийг буруутгах үндэслэл болохгүй. Түүнчлэн, Д.Б 15 сая төгрөг авсан 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш тус төслийн цахим уулзалт хуралд оролцсон. Гэтэл Л.Т-ын “Ш И Э Б” технологи группийн төлөөлөгч байгааг нь зохих албаны дагуу шууд ажлаа гүйцэтгэж цахим хуралд оролцсон, төслийн талаар ямар ч асуудал шийдвэрлээгүй, зөвхөн харилцан уулзсан цахим хуралдаанд оролцсоноор нь Д.Б-тэй холбож, тогтоогдоогүй 2 төслийн мэдээллийг дамжуулсан гэж тааварлан буруутгаж “яллах дүгнэлт үйлдсэн, шүүх дүгнэсэн (шийтгэх тогтоолын 12 дугаар тал) байгаад давж заалдах шатны шүүх “үйл баримтын болон хууль зүйн дүгнэлт”-ийг хийж тус 2 төсөлтэй холбогдуулж Д.Б-ийг буруутгах үндэслэл байгаа эсэхийг хянаж өгнө үү.

Дээрх “М Т хамтарсан Д т лийн төсөл”, “З дэх бүс нутгийн ложистикийн төвийг өргөжүүлэх төсөл” гэсэн хоёр төслийн хувьд ямар нэг мэдээллийг миний үйлчлүүлэгч Д.Б огт дамжуулаагүй гэсэн зөв үйл баримтыг тогтоолгох нь миний үйлчлүүлэгч Д.Б-ийг буруутгаж буй үйл баримтуудаас хасагдаж, түүний “эрх зүйн байдлыг дээрдүүлэх” тул өмгөөлөгчийн хувьд хууль зүйн үндэслэл гаргаж үйл баримтад анхаарал хандуулан давж заалдах гомдлын үндэслэл болгосон байгааг маань давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарахыг хүсэж байна.

Хоёр. Д.Б нь шийтгэх тогтоолоор төлүүлэхээр заасан 21,800,000 төгрөгийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 59,000 төгрөгийг тус тус төлсөн.

Д.Б нь 6-16 насны 3 охинтой, бага охин Б овогтой Э нь аавыгаа санаад орондоо шээдэг болсон, сэтгэл санааны гутралтай болсон байх ба ээж Ц нь 82 настай, бөөрний дутагдал өвчинтэй, байнгын асаргаанд байдаг ба Д.Б-ийг хоригдсонг мэдээгүй байгаа, байнга асууж байна. Биеийн байдлыг нь муутгахгүйн тулд хэлэхгүй гадаадад ажлаар явсан гэж өдөр хоногийг аргацааж байна.

Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэн мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхээс хүсэж байна.

Мөн цагдан хоригдсон хоног дээр 27 хоног гээд байгаа. Миний үйлчлүүлэгчийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй 1 хоног баривчилсан. Үүнийг шийтгэх тогтоолд дурдаагүй байна. ...” гэв.

Шүүгдэгч Л.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Л.Т-ын өмгөөлөгч О.Даваажаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Юун түрүүнд шүүгдэгч Л.Т нь өөрийн үйлдсэн гэм бурууг ухамсарлан чин сэтгэлээсээ гэмшиж, маш ихээр харамсаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн, шүүхийн шатанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Т-ын хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн тогтвортой, үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн бусдад төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хамруулан үзэж болохын зэрэгцээ мөн зүйлийн 3 дах хэсэгт зааснаас үзвэл энэ зүйлд заагаагүй боловч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болох боломжтой.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд гэмт хэргийн ангиллыг хүнд, хөнгөн гэж 2 ангилсан байх агаад мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан тул хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид ... хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” онцгой эрхийг шүүхэд хууль тогтоогчоос олгосон тул хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжтой байжээ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 

Иймд шүүгдэгч Л.Т-ын хувийн байдал болоод өсвөр насны болон бага насны 4 хүүхэдтэй, түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Л.Т-т оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Т-ын өмгөөлөгч С.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Л.Т-ын өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд өмгөөлөгч О.Даваажаргалын гаргасан давж заалдах гомдлыг дэмжих байр суурьтай оролцож байна. Миний үйлчлэгчийн хувийн байдлын тухайд 3 охин, 1 хүүтэй. Том охин Т.У нь 2006 онд төрсөн 18 настай. Өмгөөлөгч О.Даваажаргалын дурдсан баримтуудад охиных нь төрсний гэрчилгээ хавсаргагдсан байгаа. 2024 оны 6 дугаар сард ЕБС-ийн 12 дугаар анги төгссөн. Одоо БНСУ-д их сургуульд суралцахаар явах гэж байсан боловч 10 дугаар сард эцэг нь хорих ялаар шийтгүүлснээс болоод охин сурах хугацаагаа хойшлуулж, сэтгэл санааны гүн хямралтай нөхцөл байдалд байна. Дараагийн хүү 10 настай Т.Т, 8 настай Т.Ц нар Нийслэлийн ерөнхий боловсролын ..... дугаар дунд сургуульд 6, 3 дугаар ангиудад суралцдаг. Эдгээр хүүхдүүдийг хичээл сургуульд зөөх нь тухайн гэр бүлийн хувьд хүндрэлтэй асуудал болоод байна. Бага охин Т.Н 4 настай, цэцэрлэгт хүмүүждэг. Түүний хувьд сонсгол алдагдахад хүргэсэн чихний төрөлхийн гажиг гэх төрөлхийн бүрэн сонсголгүй, сонсголын аппараттай гадагш харьцдаг. 2, 2 жилийн хугацаагаар байнгын асаргаа тогтоосон хугацааг тогтоодог. Хамгийн сүүлд 2023 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүртэл байнгын асаргаа шаардлагатай байгааг эмнэлгийн халамжийн байгууллагаас тогтоосон. Л.Т-ын гэр бүл түрээсийн байранд амьдардаг. Түүний эх н.Т нь 1951 онд төрсөн өндөр настан байдаг. Л.Т-ын хувьд айлын 4 дэх хүүхэд бөгөөд хамгийн том нь ах өвчнөөр нас барсан, 2 ах нь Увс аймагт ажиллаж амьдардаг. Эх нь Улаанбаатар хотын Налайх дүүрэгт амьдардаг. Учир нь, эх нь зүрхний хэм алдагдах оноштойгоор байнгын агаарт гарах шаардлагатай. Л.Т-ын хувьд өндөр настай эхийгээ асран хамгаалдаг. Өмгөөлөгч О.Даваажаргалын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эсхүл тэнсэж үүрэг хүлээлгэхээр хөнгөн гэмт хэрэгт гэм буруугаа хүлээсэнд хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг дурдсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Л.Т-ын үйлдэлд байна гэж үзэж байгаа. Тухайлбал, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал түүний үйлдэлд байхгүй байна. Иймд түүнд оногдуулсан хорих ялыг торгох ял болгож өөрчлөх өмгөөлөгч О.Даваажаргалын гаргасан гомдлыг дэмжиж байна. Боломжгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг нэмэлтээр гаргаж байна. ...” гэв. 

Шүүгдэгч Л.Т-ын өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч С.Батнасангийн байр суурийг дэмжиж байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй. ...” гэв. 

Прокурор Ө.Мөнхнавч тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудад үндэслэн шийтгэх тогтоол гарсан. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас гомдлууд гаргасан. Өмгөөлөгч О.Даваажаргалын гаргасан гомдолд Л.Т-т торгох ял оногдуулахад түүнийг биелүүлэх нөхцөл байдал хангагдсан гэх асуудлын талаар ярьж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Л.Тдээр их хэмжээний буюу 9.3 тэрбум төгрөгийн төлбөр байсан байх, би тоог нь буруу хэлсэн байж магадгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гүйцэтгэх хуудас ийм баримт байгаад байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан баримтуудаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэгт шалгагдаж байгаа нөхцөл байдлуудын талаар баримт авагдсан. Мөн өмгөөлөгч нарын дурдсан ар гэр нь түрээсийн байранд амьдардаг, өөр өрхийн орлоготой гишүүн байхгүй зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд түүнд оногдуулсан ялыг өөрчилж, торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нарын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Энэ асуудлын хүрээнд шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн өмгөөлөгч болон шүүгдэгч нараас тайлбар хэлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудал дээр маргахгүй оролцсон, учруулсан хохирол, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг шүүхээс харгалзан үзэж хэрэглэж болох шүүхэд эрх болгосон хэм хэмжээ байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын оролцсон байр суурийг харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх хууль зүйн боломж байхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгчийн өмгөөллийн тайлбарт дурдагдсан Л.Т-ын 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоног, Д.Б-ийн 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг тус тус шийтгэх тогтоолд дурдаагүй шийдвэрлэж, үүнд прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй орхигдуулсан байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын зохих хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Д.Б, Л.Т нарт холбогдох эрүүгийн 2301000400471 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророоос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.Б, Л.Т нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

1. Тус эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс “М” ТӨХК-ийн ЭЗХО-ын Г-ын даргаар томилогдон ажиллаж байсан /4 хх-ийн 22 тал/ байх ба “М” ТӨХК-ийн ЭЗХО-ын Г-ын дарга нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “...“нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3 дахь заалтад “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж тус тус зааснаар нийтийн албан тушаалтан байна.

 “М” ТӨХК-ийн ЭЗХО-ын Г-ын дарга П.Б-ийн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4 дэх хэсэгт “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5 дахь хэсэгт “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэж заасныг зөрчиж

Л.Т-ын өөрийн төлөөлж байгаа “М” ТӨХК-аас зарласан “СКD4В серийн 4 зүтгүүрт засвар үйлчилгээ хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерт оролцсон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад бүртгэлтэй хуулийн этгээд болох “И М Д” компани, мөн “Ш И Э Б” технологи группийг тус тус “М” ТӨХК-аас хэрэгжүүлж байгаа тендер, төсөлд шалгаруулах, улмаар өөртөө эдийн засгийн ашигтай байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн буюу “М” ТӨХК-аас явуулах төсөл, тендертэй холбоотой мэдээллийг дамжуулсны хариуд

2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр У.Т болон өөрийн эхнэр Ж.Д-гээр дамжуулан 15,000,000 төгрөгийн хахууль бэлнээр авсан, 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр өөрийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна хамгаалалтын хуулганы төлбөрт 6,800,000 төгрөгийг төлүүлэх замаар хахууль авсан,

шүүгдэгч Л.Т нь эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор “М” ТӨХК-аас зарласан тендер, төслүүдэд оролцох, шалгарах зорилгоор тус байгууллагын Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Д.Б-ийн эхнэр Ж.Д-гээр дамжуулан бэлнээр 15,000,000 төгрөгийн хахууль өгсөн, мөн 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна хамгаалалтын хуулга хийлгэсэн ажлын хөлсний төлбөр 6,800,000 төгрөгийг төлөх замаар төлбөргүй үйлчилгээ үзүүлж хахууль өгсөн болох нь:

шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Т нь 2023 оны 7 сарын үед энэ Т гэх хүнтэй намайг танилцуулсан. Т нь Т-ыг өөрийнхөө сайн найз, итгэж болох асуудалгүй хүн гэж танилцуулсан. ...би хүүхдүүдтэйгээ 2023 оны 11 сарын дундуур Солонгос явсан юм. Тэр үед “Т М” ХХК-аас мөнгөө шилжүүлээрэй гэж мессеж ирсэн байсан болохоор Т руу яриад 41 урьдчилгаан дээр дэмжинэ гэсэн хэвээрээ биздээ, би чамд боломжтой болохоороо эргүүлээд төлнө гэж ярьсан ш дээ. Чамд 10 сая төгрөг байна уу, “Т М” ХХК руу шилжүүлэх гээд байна гэсэн. Ингээд Т “би эгч рүү ярьчихна, санаа зоволтгүй” гэж хэлсэн. ...Энэ мөнгийг бол би Ттай ярилцаж боломжтой үедээ эргүүлж төлнө гэж өгсөн мөнгө байгаа юмаа. Харин 6,800,000 төгрөг нь Т-ын сайн найз Т бид 3 хамт уулзах үед Т нь ах шинэ машинтай болж байгаа юм чинь юм бэлэглэе гэхээр нь би уг нь хэрэггүй гэж хэлсэн. Тэгсэн би мялаамаар байна, юу хийлгэх үү, шинэ дээр нь хуулга наалгаад өгье гэхээр нь би татгалзсан. Тэгээд зүгээрээ гээд байхаар нь наалгасан.  ...” /3-р хх-ийн 191-192/,

шүүгдэгч Л.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би энэ Б гэх хүнтэй М-тай холбоотой мэдээ мэдээлэл солилцох зорилгоор анх танилцаж байсан юм аа. Ингээд илүү ойр дотно болох зорилгоор мөнгө өгсөн асуудал байгаа. Би энэ хүнээс М-ын бетон нийлүүлэх ажил 2024 он гаргаад эхлэх гэж байгаа талаар мэдсэн. Мөн манай Хятад талын харилцагч Л над руу 2023 оны 11 сард М ТӨХК-аас 4-н вагоны засварын тендер зарлагдах гэж байгаа юм байна. Чи энэ талаар сайн мэдээлэл олоодохооч гэсний дагуу Б ахаас тендерийн талаар тодруулсан бөгөөд өөрөө бол энэ талаар мэдэхгүй байсан. Мөн Л нь өмнө нь Маас 2 вагон засварлах тендер аваад ажлыг нь гүйцэтгэсэн боловч үлдэгдэл мөнгөө авч чадаагүй асуудал байгаа юм байна лээ. Тэгээд Л нь өмнөх тендер дээр вагоноо Хятад руу авч явж зассан болохоор өртөг өндөр байсан. Одоо засварлах тендерт Монголд нь засварлах боломжтой эсэхийг асуугаад өгөөч гэхээр нь мөн Б ахаас асуусан. Тэгсэн Б ах би юу ч байсан асууя, албан бичиг бас өгчихгүй юу гэж хэлэхээр нь албан бичиг хийж хүргэж өгсөн. Ингээд 2, 3 хоногийн дараа М-А гэж хүн холбогдоод Цогтцэций өртөө дээр байгаа Вагоныг очоод үзчих, ямар засвар хийхийг нь очоод харчих гэж хэлсэн.

Ингээд Ли-н явуулсан 2, 3 хятад вагон зүтгүүрийг очиж хараад Л над руу тендерт оролцох үнийн саналаа явуулсан. Ингээд тендер нээгдээд удаагүй байхад Л-тэй өмнө нь хамтарч тендер авч байсан Б гэх хүн тендерт ялсан байна баяр хүргэе гэж Л-д хэлсэн байсан. Тэгэхээр нь би Б ахад тендер юу болсон, мэдсэн үү гэж асуусан чинь мэдээгүй байна гэсэн. Ингээд 2 хоногийн дараа тендер цуцлагдсан гэж байна. Танайх руу албан бичиг өгч байгаа гэнэ. Тэрнийх нь дагуу материалаа бүрдүүлээд өгчихгүй юу гэж байсан. ...Миний одоо санаж байгаагаар Б ахад машины төлбөрөөс өмнө нь хэд хэдэн удаа мөнгө өгч байсан. ...2023 оны 11 сарын 3-ны өдөр Б ах над руу залгаад “ах нь машины урьдчилгаа мөнгө байршуулахгүй бол болохгүй байна. Чи 15 сая төгрөг өгчихөөч гэхээр нь зөвшөөрөөд Б ахын эхнэр рүү яриад яаж авах юм гэсэн чинь бэлнээр аваад ир гэсэн санаж байна. Би тухайн үед ажил ихтэй байсан болохоор очиж өгч чадалгүй Сүхбаатар аймаг явчихсан юм. Ингээд маргааш нь Сүхбаатар аймагт байхдаа интернет банкаар Т-д 15 сая төгрөг шилжүүлээд Т эхнэрт нь өгсөн байх...” /3-р хх-ийн 211-212/,

гэрч Э.Н-ийн: “...Монгол Таньжины хамтарсан Дунзян тээвэр логистикийн төв төсөл, З дэх бүс нутгийн логистикийн төв төсөл ...явагдаж байгаа. Ямар нэгэн байдлаар төсөлтэй холбоотой сонгон шалгаруулах асуудал одоогоор хөндөгдөөгүй. Харин 2023 оны 11 сарын 16-ны өдөр БНХАУ-н “Ш И Э Б технологи групп” компаниас М ТӨХК-аас хэрэгжүүлж байгаа дээрх 2 төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж манай компанийн төлөөлөгчдийг Шаньси мужид айлчилж төслийн хамтын ажиллагааны талаар уулзалт хийхийг урьсан албан бичгийг 11 цаг 50 минутад манай компанийн угтах ажилтанд хүлээлгэж өгсөн байсан. Дээрх “Ш И Э Б технологи групп” компанийн хамтран ажиллах албан бичгийг манайд У гэх хүн үлдээсэн байсан бөгөөд ар талд нь 9907хххх дугаар тавьсан байсан. Тус дугаарынх нь дагуу холбогдсон бөгөөд эрэгтэй хүн байсан. Ингээд энэ хүнд манай талаас очиж уулзалгүйгээр цахимаар уулзаж хамтран ажиллах саналыг сонсох хүсэлтэй байгааг хэлсний дагуу дээрх уулзалт зохион байгуулагдсан. ...Гүйцэтгэх захирал О-ээс өгсөн чиглэлийн дагуу тус уулзалтыг ерөнхий инженерийн түвшинд зохион байгуулах чиглэл өгсний дагуу тус компаниас ирүүлсэн мэдээллийг ерөнхий инженер Х.Б-т танилцуулсан. Х.Б нь тус уулзалтад Зийн бүс нутгийн ложистик төвийг хуурай боомт болгон өргөжүүлэх компанийн дотоод ажлын хэсгийн гишүүдийг оролцуулахаас гадна Тяньжины төслийг голлож хариуцаж байгаа нэгж болох ЭЗХО-ын Г-ын дарга Б-ийг уулзалтад нэрийг нь нэмж оруулах чиглэл өгсөн. Үүний дагуу оруулсан байгаа...” /3-р хх-ийн 138/, “...ерөнхий инженерийн зүгээс “дахин сайн судалсны үндсэн дээр хамтын ажиллагааны саналаа нарийвчилж албан бичиг хэлбэрээр албан ёсоор ирүүлсэн тохиолдолд түүнийг чинь судалж үзээд эргэн хариу өгье гэсэн зүйл яригдсан. Тус хурал дээр ЭЗХО-ын Г-ын дарга Б нь Таньжины төсөл дээр эдийн засгийн тооцооллыг анхаарч дахин сайн судлаарай гэдэг зүйлийг нэмж ярьж байсан. Хурлаас ямар нэгэн эцсийн шийдвэр бол гараагүй бөгөөд тухайн компанийг дахин саналаа тодорхой тавьсны дараа шийдвэрлэх эсэх асуудлыг ярьсан. ...” /35-р хх-ийн 152/,

гэрч Т.Б-ийн: “...Б дарга надтай ажил дээр уулзах үедээ тус тендерийн талаар тодруулж байсан. Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Би бол тус тендерийн үнэлгээний хороонд ороогүй. Тус тендер нь анх 2023 оны 11 сарын эхээр зарласан. Б нь тухайн үед надаас эхлээд тендер хэзээ зарлах гэж байгаа талаар тодруулж байсан санаж байна. Харин дараа нь тендер шалгаруулалтын талаар ямар компани шалгарсан талаар тодруулж асууж байсан. Өөр ямар нэгэн зүйл асууж байгаагүй. ...Манай “М” ТӨХК-д дээрх компани нь гадаад харилцааны хэлтсээр дамжуулан албан ёсны уулзалт хийх санал хүргүүлсэн байсан. Ингээд тус хүсэлтийн дагуу өнгөрсөн 7 хоногт холбогдох хүмүүсийг байлцуулан цахимаар уулзалт хийж тэдний саналыг сонссон. Б-ийг оролцуулсан шалтгаан нь энэ хүн төслийн хэлтсийг шууд удирддаг бөгөөд төслийн хэлтсийн дарга нь байхгүй байсан учраас Бийг оруулах саналыг би гадаад харилцааны хэлтсийн даргад хэлсэн. ...” /3-р хх-ийн 141/,

гэрч П.М-ын: “...У.Т нь 2023 оны 11 дүгээр сарын 3-ны орой 18 цагийн үед ажил тарж байхад Хаан банкны данс байна уу, мөнгө хийчхээд эргүүлээд өгье гэж надаас асуусан, би хариуд нь байгаа гээд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5037ххххх дугаартай дансны виза картаа өгөөд 4-өөс 5 хоногийн дараа картаа авсан... Хаан банкны 5037ххххх дугаартай дансны мэдээлэл нь миний эзэмшлийн Юнителийн 860ххххх дугаарын утсанд ирдэг, У.Т-ад картаа өгөөд удаагүй байхад 10 минуТ-ын дараа миний Хаан банкны 5037ххххх дугаартай дансанд 15,000,000 төгрөг орсон байсан. У.Таас картаа эргүүлэн авахад 15,000,000 төгрөг бүгд гүйлгээ хийгдээд гарсан байсан...” /3-р хх-ийн 148-149/,

гэрч Ц.М-ын: “...“М” ТӨХК-ийн ерөнхий инженер Т.Б- надаас “зүтгүүрийн их засвар”-ын ажлын тендер сонгон шалгаруулалтын техникийн тодорхойлолтыг явуул гэж 2023 оны 11 сарын дундуур хэлсэн. Би хэлснийх нь дагуу “зүтгүүрийн их засвар”-ын ажлын тендер сонгон шалгаруулалтын техникийн тодорхойлолтыг өөрийнх нь telegram, viber чат хоёрын аль нэгээр нь явуулсан. “М” ТӨХК-ийн ерөнхий инженер Т.Б- нь албан тушаалын хувьд миний шууд удирдах дарга тул би хэлснийх нь дагуу тендерийн техникийн тодорхойлолтыг явуулсан. Би Т.Б-т “зүтгүүрийн их засвар”-ын ажлын тендер сонгон шалгаруулалтад 2 компани оролцсон, хоёулаа шаардлага хангаагүй техникийн тодорхойлолтод нь өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж хэлсэн...” /3-р хх-ийн 160-161/,

гэрч Ч.Д-гийн: “...Манай нөхөр Д.Б 2023 оны 11 дүгээр сарын дундуур “Т motors” авто худалдааны газраас Land-300 загварын тээврийн хэрэгсэл худалдаж авахаар болоод урьдчилгаа 10,000,000 төгрөгийг “Т motors” авто худалдааны төвийн Хас банкны данс руу шилжүүлэх шаардлагатай болсон. Д.Б намайг У.Т-аас 10.000.000 төгрөг очиж аваад “Т motors” авто худалдааны төвд өгөөрэй гэж хэлсэн. Би 10 сая төгрөг У.Т-аас авсан гэж тодорхой санахгүй байна, 15 сая төгрөг ч байж магадгүй...” /3-р хх-ийн 163-164/,

гэрч Х.Б-ийн: “...2023 оны 11 сард над руу 888ххххх дугаараас нэг эрэгтэй хүн холбогдоод хамгаалалтын хуулга хийлгэх хүсэлтэй байгаагаа хэлээд үнийн мэдээлэл авсан. Ингээд машин нь ирэхээр холбогдоё гээд хэсэг холбоогүй алга болчихсон. Ингээд 2023 оны 12 сард машин нь ирлээ гээд над руу холбогдоод манай граж дээр ирсэн. 2-3 хоногийн хугацаанд хуулга наасан бөгөөд 2023 оны 12 сарын 5-нд машиных нь хуулгыг нааж дуусгаж хүлээлгэж өгсөн. Би яг өөрөө хүлээлгэж өгөөгүй. Харин манай граж дээр байсан ажилчид төлбөрийг нь миний данс руу хийлгэсэн бөгөөд миний хаан банкны 5059ххххх гэсэн дугаартай данс руу 5015хххххх дугаартай С гэх хүний данснаас 6,800,000 төгрөг шилжүүлсэн байсан...” /3-р хх-ийн 166/,

гэрч Б.У-ын: “...Би захирлын тушаалын дагуу тус үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон. Техникийн тодорхойлолтын тендерийн баримт бичигт тусгаж тендерийг цахимаар, нээлттэй байдлаар 2023 оны 10 сарын 28-ны өдөр зарласан. Ингээд тус тендер сонгон шалгаруулалтад тендерийг цахимаар нээхэд 2 компани үнийн санал ирүүлсэн байсан. Үүнд БНХАУ-ын ХММТТ компани, i M D e компаниас үнийн санал ирүүлсэн...” /3-р хх-ийн 177/ гэх мэдүүлгүүд,

Д.Б, Л.Т нарын хоорондын харилцааг бэхжүүлсэн нууц мөрдөн шалгах ажиллагааны баримтууд /хэрэгт хавсарган ирүүлсэн/,

Хаан банкны 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн №Н-29/601 албан бичиг, иргэн Ж.С /Л.Т-ын эхнэр/-ын дансны хуулга /1-р хх-ийн 21-64/,

Ж.С-гийн Хаан банк дахь 5015хххххх дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл: “...Д.Б-ийн 5020ххххх дугаартай дансанд нийт 50,000,000 төгрөг орсон байна. Харин У.Т-ын хамт ажилладаг Д.М-ын дансанд 15,000,000 төгрөг /Д.Б-ийн эхнэр Ж.Д-д өгсөн/, Х.Батцоожид 6,800,000 төгрөг /Д.Б-ийн машинд хуулга наасан хүн/...” /1-р хх-ийн 127-128/,

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 48-58 тоот иргэн Л.Т-ын орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 174-175/,

МТЗ “СКD4В серийн 4 зүтгүүрт засвар, үйлчилгээ” хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримтууд /1-р хх-ийн 209-250, 2-р хх-ийн 1-250, 3-р хх-ийн 1-133/,

М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 6/339 дугаартай тушаалаар “Д.Б-ийг 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга, албан тушаалд томилсон” /4-р хх-ийн 22/,

М ТӨХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 01/377 дугаартай албан бичгээр БНХАУ-ын “Ш И Э Б технологи групп”-ээс ирүүлсэн урилга, холбогдох баримтууд /5-р хх-ийн 80-104/,

М ТӨХК-ийн ерөнхий инженер тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын “Ш И Э Б Т г” ХХК-ийн төлөөлөгчидтэй хийсэн цахим уулзалТ-ын ярианы тэмдэглэл /5-р хх-ийн 163-167/,

Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

2. Шүүгдэгч Д.Б-ийн “М” ТӨХК-ийн ЭЗХО-ын Г-ын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн буюу “М” ТӨХК-аас явуулж буй төсөл, тендертэй холбоотой мэдээллийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “И М Д” компани, “Ш И Э Б” технологи группийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Л.Т-т дамжуулсны хариуд 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 15,000,000 төгрөгийн хахууль бэлнээр авсан /өөрийн эхнэр Ж.Д-гээр дамжуулан авсан/, 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр өөрийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна хамгаалалтын хуулганы төлбөрт 6,800,000 төгрөгийг төлүүлэх замаар хахууль авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан...” гэсэн шинжийг,  

шүүгдэгч Л.Т-ын эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор “М” ТӨХК-аас зарласан тендер, төслүүдэд шалгарах зорилгоор тус байгууллагын Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Б-ид түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Д.Б-ийн эхнэр Ж.Д-гээр дамжуулан Д.Б-ид бэлнээр 15,000,000 төгрөгийн хахууль өгсөн, 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна хамгаалалтын хуулга хийлгэсэн ажлын хөлсний төлбөрийг төлөх замаар 6,800,000 төгрөгийн төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн...” гэсэн шинжийг тус тус бүрэн агуулсан байна.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасныг үндэслэн Д.Б, Л.Т нарын үйлдлүүдийг тус хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

            Д.Б-ийн Л.Т-т дамжуулсан мэдээллийг ашиглан

            “СКD4В серийн 4 зүтгүүрт засвар үйлчилгээ хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерт оролцож байсан БНХАУ-д бүртгэлтэй хуулийн этгээд болох “И М Д” компани нь “М” ТӨХК-аас 2023 оны 11 сард зарласан “Зүтгүүрийн их засвар”-ын ажлын сонгон шалгаруулалтад оролцсон,  

            “М” ТӨХК-аас хариуцан хэрэгжүүлж байгаа “Монгол Таньжины хамтарсан Дунзян тээвэр логистикийн төв” төсөл болон З дэх бүс нутгийн ложистикийн төвийг өргөжүүлэх төсөлд “Ш И Э Б” технологи групп оролцохоор хүсэлт өгсөн үйл баримтууд нь хэрэгт цугларсан нууц мөрдөн шалгах ажиллагааны баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, Д.Б-ид хахууль өгсөн цаг хугацаа зэргээр хангалттай нотлогдсон байна.

3. Шүүх шүүгдэгч Д.Б-ид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан хугацаа болон хорих ялын хугацаа, Л.Т-т хорих ялыг сонгон оногдуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор хуульд нийцсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

4. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдсэн “Хахууль авах” гэм хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хахуульд авсан 21,800,000 төгрөгөө улсын орлогод оруулсан, Л.Тнь өөрийн үйлдсэн “Хахууль өгөх” гэм хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч тус тус ял хөнгөрүүлэх талаар давж заалдах гомдол гаргажээ.

Шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 118,000 төгрөгийг хувь тэнцүүлэн 59,000 төгрөгийг, шүүгдэгч Д.Б 21,800,000 төгрөгийг тус тус давж заалдах шүүх хуралдаанаас өмнө Төрийн сангийн 100900005406 тоот дансанд шилжүүлэн байршуулсан буюу нөхөн төлсөн /6-р хх-ийн 171, 172, 207/ байна.

Шүүгдэгч нарын гэм буруугаа ухамсарлан ойлгож, гэмшиж байгаагаа илэрхийлсэн, төлбөрөө төлсөн зэргийг харгалзан ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, Н.Болортуул, Д.Амаржаргал нар, шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч О.Даваажаргал нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалтыг хэрэглэн анхан шатны шүүхээс Д.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нэг жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэхээр, Л.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.   

5. Шүүгдэгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед нийт 28 хоног цагдан хоригдсоныг анхан шатны шүүх 27 хоног гэж буруу тооцсоныг зөвтгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-ын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон 1,065,000 төгрөгийг түүнд оногдуулсан 5,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж, түүний эдлэх торгох ялын хэмжээг гурван мянга есөн зуун гучин таван нэгж буюу 3,935,000 төгрөгөөр тогтоож, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Иймд дээр дурдсан өөрчлөлтүүдийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулж, шүүгдэгч Л.Т-ыг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

6. Шүүгдэгч Д.Б нь шийтгэх тогтоол гарсан 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/724 дүгээр шийтгэх тогтоолын:

1.1. Тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ид нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.” гэж, 

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-т нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалТ-ыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан шүүгдэгч Д.Б-ийн цагдан хоригдсон нийт 28 /хорин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

1.2. Тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Т-ын цагдан хоригдсон 71 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1,065,000 төгрөгийг эдлэх ялаас нь хасаж, түүний эдлэх торгох ялын хэмжээг гурван мянга есөн зуун гучин таван нэгж буюу 3,935,000 /гурван сая есөн зуун гучин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.”,

тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-ын эдлэх 3,935,000 /гурван сая есөн зуун гучин таван мянга/ төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.”,

 тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг Л.Т-т мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалтуудыг оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Т-ыг нэн даруй сулласугай.

3. Төрийн сангийн 100900005406 тоот дансанд шүүгдэгч Д.Б-аас хийсэн 21,800,000 төгрөг, 59,000 төгрөг, Л.Т-аас хийсэн 59,000 төгрөг буюу нийт 21,918,000 төгрөгийг улсын төсөвт оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналТ-ын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ