Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2026/0715

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Д******* Ж*******” ХХК

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар

Гуравдагч этгээд: Б.Э*******, Ч.Б*******

Маргааны төрөл: Үндсэн гэрээ болох 2013 оны “Худалдах, худалдан авах гэрээ” болон 2014 оны нэмэлт өөрчлөлтүүд нь “Д******* Ж*******”-ийн бүх гишүүдийн хурлын холбогдох тогтоолуудаар цуцлагдсан, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Д******* Ж*******”-ийн эрх шилжүүлэх бүртгэл нь Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 22.3.4 дэх бичиг баримтын бүрдүүлбэр хангуулах заалтыг ноцтой зөрчсөн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2022 оны 5/1******* тоот албан хариугаар нотлогдож байгаа зэргийг үндэслэн энэхүү 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Д******* Ж*******”-ийн эрх шилжүүлэх илт хууль бус бүртгэлийг хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Д******* Ж*******”-аас “Үндсэн гэрээ болох 2013 оны “Худалдах, худалдан авах гэрээ” болон 2014 оны нэмэлт өөрчлөлтүүд нь “Д******* Ж*******”-ийн бүх гишүүдийн хурлын холбогдох тогтоолуудаар цуцлагдсан, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Д******* Ж*******”-ийн эрх шилжүүлэх бүртгэл нь Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 22.3.4 дэх бичиг баримтын бүрдүүлбэр хангуулах заалтыг ноцтой зөрчсөн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2022 оны 5/1******* тоот албан хариугаар нотлогдож байгаа зэргийг үндэслэн энэхүү 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Д******* Ж*******”-ийн эрх шилжүүлэх илт хууль бус бүртгэлийг хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 5/617 тоот албан хариугаар нотлогдож байгаа 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Д******* Ж*******” ХХК-ийн эрх шилжүүлэх бүртгэл хууль бус тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах”  гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

3.Нэхэмжлэгч “Д******* Ж*******” ХХК-ийн төлөөлөгч Ө.С******* нь анх 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гуравдагч этгээд Ч.Б*******, Б.Э******* нартай “Худалдан худалдан авах гэрээ” байгуулж “Д******* Ж*******” ХХК-ийн нийт хувийн 5 хувьтай тэнцэх хувийг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байна.

4.2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Д******* Ж*******” ХХК-ийн төлөөлөгч Ө.С******* болон гуравдагч этгээд Ч.Б*******, Б.Э******* нар нь дээрх “Худалдан худалдан авах гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулжээ.

5.Улмаар 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Худалдан авах нөхцөлөөр хувьцаа шилжүүлэх гэрээ”-г байгуулж, “Д******* Ж*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээс гуравдагч этгээд Б.Э*******т тус тус хувьцааг шилжүүлсэн байна.

6.“Д******* Ж*******” ХХК-ийн төлөөлөгч Ө.С******* нь гуравдагч этгээд нарт компанийн хувьцааг шилжүүлсэнтэй холбогду 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Д******* Ж*******” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд өөрчлөлт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандсан байна.

7.Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу “Д******* Ж*******” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгэжээ.

8.Гуравдагч этгээд нар нь 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан “Худалдан худалдан авах гэрээ”-нд заасан хувьцааны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр “Д******* Ж*******” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн бүх гишүүдийн хурлын №1 тогтоолоор дээрх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү гэрээний нэг тал болох Ө.С*******гийн санаачилгаар цуцлагдсан тус гэрээнд оруулсан 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

9.“Д******* Ж*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрч, “Д******* Ж*******” ХХК-ийн 46 хувийг бусдад шилжүүлэхээр хийгдсэн хийгдсэн илт хууль бус бүртгэл мөн болохыг эрх бүхий байгууллагад хандан холбогдох хуулийн дагуу тогтоолгож хүчингүй болгохыг захирал Ө.С*******д даалгаж шийдвэрлэжээ.

10.Дээрх шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.С******* нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар 2025 оны 11 дүгээр сарын сарын 04, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан байна.

11.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5/13, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/14684 дугаар албан бичгээр “... “Д******* Ж*******” ХХК-ийн хувьцаа 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр шилжээгүй бөгөөд гэрээг цуцалж хүчингүй болгосон 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоолыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасныг баримтлан улсын бүртгэлд бүртгэхээс хуулийн этгээдийн улсын бүртгэгч татгалзаж шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцсэн шийдвэр байна. Мөн гомдлын шаардлагад дурдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.Аийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5/13 дугаартай албан бичгээр өгсөн хариу нь үндэслэлтэй болохыг дээрх бүртгэлүүдээр тогтоогдож байна. Иймд таны гомдолд дурдсан “Д******* Ж*******” ХХК нь ... 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Ч.Б*******, Б.Э******* нартай байгуулсан үндсэн гэрээ...” улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Гэрээтэй холбоотой хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, хүсэлт огт ирээгүй болох нь улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээлэл, архивын эх нотлох баримт, тус компанийн бүртгэлд үүсгэсэн хувийн хэрэгт авагдсан баримт бичгээр тогтоогдож байна” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.

12.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын  2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/14684 тоот албан бичгийг хүлээн авснаар маргаан бүхий нөхцөл байдлыг мэдсэн эсэхийг тодруулах талаар: Уг албан бичигт “2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр маргаан бүхий “Д******* Ж*******” ХХК-ийн эрх шилжүүлэх бүртгэл хийгдсэн болон энэхүү бүртгэл нь 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн үндсэн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг үндэслэж хийгдсэн талаар огт дурдаагүй болно.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01/6902 дугаартай “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах, хугацаа тогтоох тухай” захирамжийн дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. “Д******* Ж*******”-н төлөөлөгч миний бие эдгээр нотлох баримтуудтай танилцахад манай компанийн хувьцааг худалдах, худалдан авах талаар хийгдсэн “Үндсэн гэрээ” нь байхгүй, зөвхөн үндсэн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт байсныг мэдсэн болно. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 221/ШТ2025/0970 дугаартай тогтоол гарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсноор маргаан бүхий бүртгэл нь үндсэн гэрээ нь байхгүй байхад зөвхөн нэмэлт өөрчлөлтийг нь үндэслэн хийгдсэн болох нь хууль зүйн хувьд тодорхой болсон бөгөөд энэ бүртгэлийн талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт Захиргааны ерөнхий хуулийн дагуу гомдол гаргах хууль зүйн үндэслэл бүрдсэн болно. Энэ дагуу гомдол гаргаснаар эдгээр газруудаас 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5/135, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/14684 тоот албан хариунууд ирсэн бөгөөд эдгээр албан бичгүүд нь маргаан бүхий бүртгэл нь “Үндсэн гэрээ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт байхгүй байхад зөвхөн үндсэн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг үндэслэн хийгдсэн” болохыг дахин баталж өгсөн байдаг. Ийнхүү манай компани Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл бүрдсэн болно.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн энэхүү 220/ШТ/2026/0215 дугаартай тогтоолын хянах хэсэгт “...тус шүүхээр өөр хэрэг маргаан шийдвэрлүүлэхээр уг маргаан бүхий нөхцөл байдлыг мэдсэн эсэхийг тодруулах шаардлагатай” гэжээ. 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн бүртгэлтэй холбогдох өөр хэрэг маргаан тус шүүхэд огт хэлэлцэгдэж шийдэгдээгүй болно.

Мөн энэхүү тогтоолын хянах хэсэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 221/ШТ2025/0317 дугаартай тогтоолын үр дагавраар нэхэмжлэл гаргаж буй эсэхийг тогтоох шаардлагатай гэжээ. Энэхүү тогтоолын хянах хэсгийн 6-д заасан Нэхэмжлэл гаргагч “Д******* Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулсан талаар, мөн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийгдээгүй, ийм ажиллагаа хийгдэх бололцоо гаралгүй хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан болно.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 220/ШТ/2026/0215 дугаартай тогтоолын хянах хэсэгт заахдаа “...нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол, хэрхэн зөрчигдөж байгааг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 53 дугаар зүйлд тус тус заасны дагуу ...тодруулах шаардлагатай.” гэжээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хуулийн этгээдийн эрх барих байгууллагын тогтоол, шийдвэр нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэнээр эцсийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилдэг тул “Д******* Ж*******” -н бүх гишүүдийн хурлын 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоолууд өнөөдрийг хүртэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгэгдэхгүй, хувьцаа эзэмшигчид нь бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирч байгаагийн улмаас “Д******* Ж*******” нь хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж чадахгүйд хүрч мөн адил хохирч байна.” гэв. 

13.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.4-д заасан Иргэний хуульд заасан холбогдох гэрээнд үндэслэн хуулийн этгээдийг эрх шилжүүлэх бүртгэлд бүртгэх тухай заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Ингэж бүртгэхдээ үндсэн гэрээ болох 2013 оны худалдах, худалдан авах гэрээ байхгүй байхад “Д******* Ж*******” ХХК-ийн 46 хувийн хувьцааг бусдад шилжүүлэх илтэд хууль бус бүртгэлийг хийсэн байдаг. Энэхүү илт хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулахаар 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга н.А, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга н.Д******* нарт гомдол гаргасан боловч татгалзсан хариу авсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн гэрээ болох 2013 оны худалдах, худалдан авах гэрээ болон 2014 оны нэмэлт өөрчлөлтүүд нь Д******* Ж******* ХХК-ийн бүх гишүүдийн хурлын холбогдох тогтоолуудаар цуцлагдсан. 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Д******* Ж*******” ХХК-ийн эрх шилжүүлэх бүртгэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.4 дэх хэсэгт заасан бичиг баримтын бүрдүүлбэр хангах заалтыг ноцтой зөрчсөн байдаг. Ингэж зөрчсөнөөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2022 оны 5/617 дугаар албан хариугаар батлагддаг. Эдгээрийг үндэслээд энэхүү илт хууль бус бүртгэлийг хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

14.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “1.Үндсэн гэрээ болох 2013 оны худалдах, худалдан авах гэрээ болон 2014 оны нэмэлт өөрчлөлтүүд нь “Д******* Ж*******” ХХК-ийн бүх гишүүдийн хурлын холбогдох тогтоолуудаар цуцлагдсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №01 дугаар “Д******* Ж*******” ХХК-ийн бүх гишүүдийн хурлын тогтоолд бүх гишүүд оролцоогүй, мөн хуулийн этгээдийн хувийн хэрэгт хувьцаа эзэмшигч Ч.Б*******гийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хүсэлтэд хувьцаа эзэмшигчийн тогтоолд өөр этгээдэд төлөөлөх эрх олгоогүй байхад тогтоол дээр өөр хүний гарын үсэг зурсан байсан гэх хүсэлтүүд хавсаргасан байгаа нь бүх гишүүдийн хурлын холбогдох тогтоолоор цуцлагдсан гэж үзэх үндэслэл болохгүй байна. Мөн үндсэн гэрээ гэх 2013 оны Ч.Б*******, Б.Э******* нартай байгуулсан гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй, гэрээтэй холбоотой хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, хүсэлт огт ирээгүй болох нь улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээлэл, хувийн хэрэгт авагдсан архивын нотлох баримтаар тогтоогдож байна.

2.“Д******* Ж*******” ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн эрх шилжүүлэх бүртгэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.4 дэх бичиг баримтын бүрдүүлбэр хангуулах заалтыг ноцтой зөрчсөн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2022 оны 5/1******* дугаар албан хариугаар нотлогдож байна гэсэн нь үндэслэлгүй байна.

2.1. “Д******* Ж*******” ХХК-ийн маргаан бүхий 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн эрх шилжүүлэх бүртгэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлэн бүртгүүлсэн байна.

22.1. Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ:

22.1.1. баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

22.1.2. үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр;

22.1.3. үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;

22.1.4. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт гэж заасан.

              Үүний дагуу “Д******* Ж*******” ХХК-ийн захирал Ө.С******* нь хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гаргаж “Д******* Ж*******” ХХК-ийн бүх гишүүдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02/14 дугаар хурлын тогтоол, хурлын тэмдэглэл 01/14, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нотариатаар гэрчлүүлсэн Ө.С*******гээс Б.Э*******т, Ө.С*******, Ө.Д, Р.Э, Ц.Д, Ч.Т, Ч.Б, С.П, Э.Б, Ч.Х нараас Ч.Б*******д худалдах худалдан авах нөхцөлөөр хувьцаа шилжүүлэх гэрээ, компанийн дүрэм, татварын тодорхойлолт зэрэг хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэжээ. Гэтэл “Д******* Ж*******” ХХК-ийн нэхэмжлэгч Ө.С******* нь хууль буцаан хэрэглэхгүй байх зарчмыг зөрчин 2003 онд батлагдсан 2014 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулсан харилцаанд 2018 онд батлагдсан 2019 оноос мөрдөж буй Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн заалтыг ашиглан нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй нь үндэслэлгүй юм.

2.2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.4 дэх бичиг баримтын бүрдүүлбэр хангуулах заалтыг ноцтой зөрчсөн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2022 оны 5/1******* дугаар албан хариугаар нотлогдож байна гэх албан бичиг нь тухайн 2013 оны худалдах, худалдан авах гэрээний дагуу “Д******* Ж*******” ХХК-ийн хувьцаа шилжээгүй байна. Маргаан бүхий 2014 оны 05 дугаар сарын 19-ний бүртгэл нь 2014 оны худалдах худалдан авах нөхцөлөөр хувьцаа шилжүүлэх гэрээний үндсэн дээр хийгдсэн, хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт бүртгүүлэх бол Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасан баримтыг бүрдүүлж хандах зохицуулалттай гэж одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн зохицуулалтыг л дурдсан болохоос бичиг баримтын бүрдүүлбэр хангуулах заалтыг зөрчсөн гэсэн агуулга дурдаагүй байхад нэхэмжлэгч илт гуйву тайлбарласан.

Мөн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22.3. Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

22.3.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

22.3.2.эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл;

22.3.3.дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт;

22.3.4. Иргэний хуульд заасан холбогдох гэрээ эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ;

22.3.5. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

22.3.6. улсын бүртгэлийн гэрчилгээ.

              Одоо мөрдөгдөж буй Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар ч тухайн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийн бүртгэл нь холбогдох гэрээний дагуу бүртгэгдсэн байна.

Иймд    “Д******* Ж*******”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Д******* Ж*******” ХХК-ийн эрх шилжүүлэх илт хууль бус бүртгэлийг хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

15.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн худалдан авах гэрээ байхгүй гэх тайлбартай холбоотой тайлбар гаргая. 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн бүртгэл хийгдэж хувийн хэрэгт авагдсан материалд худалдан авах нөхцөлөөр хувьцаа шилжүүлэх гэрээ байгаа. Энэ нь хэрэгт авагдчихсан байгаа. 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн бүртгэл тухайн үед мөрдөгдөж байсан буюу 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг баримталж байсан. Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтад үүсгэн байгуулах бичиг баримтад оруулах маягтын дагуу гаргасан өргөдөл, өөрчлөлт оруулах шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, дүрмийн өөрчлөлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт гэх заалтаар бүрдүүлдэг байсан. Энэ заалтын дагуу өөрчилсөн баримт дээр нь худалдах, худалдан авах нөхцөлтэй хувьцаа шилжүүлэх гэрээ нь авагдсан байгаа. Мөн нэхэмжлэгч нь одоо мөрдөгдөж байгаа 2018 онд батлагдсан Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.4-д заасныг баримталж гомдол гаргаж байгаа боловч иргэний хуульд заасан холбогдох бусад гэрээ гэх заалт нэмэлтээр 2018 онд орж ирсэн. Магадгүй 2018 онд батлагдсан хуулийг баримтлах байлаа ч худалдах, худалдан авах нөхцөлөөр хийсэн гэрээ байсаар байхад байхгүй гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байна.” гэв.

16.Гуравдагч этгээд Б.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Б.Э******* нь хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр “Д******* Ж*******”-ийн 17 хувийн хувьцааг худалдан авч тус компанийн хувьцаа эзэмшигч болсон. Дээрх гэрээнд 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний хугацааг талууд “Шүүхийн журмаар маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаа”-нд сунгах талаар тусгасан байдаг. /Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн сан дах 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл/. Гэвч дээрх хувьцаа худалдах худалдан авах гэрээний төлбөрийг Б.Э******* нь бүрэн төлж дуусгасан

Ингээд “Д******* Ж*******”-ийн захирал Ө.С******* нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлж хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргаж “Д******* Ж*******” ХХК-ийн бүх гишүүдийн 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 02/14 дугаар хурлын тогтоол, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/14 дүгээр хурлын тэмдэглэл, нотариатчаар гэрчлүүлсэн хувьцаа худалдах худалдан авах гэрээ зэргийг бүрдүүлэн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн эрх шилжүүлэх бүртгэлээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигч Б.Э******* өөрийн эзэмшлийн 17 хувийн хувьцааг С.Энхтайванд шилжүүлж компанийн гишүүнээс гарсан хэдий ч “Д******* Ж*******”-ийн бүх гишүүдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02/14 Дугаар хурлын тогтоол, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/14 дүгээр хурлын тэмдэглэл, нотариатчаар гэрчлүүлсэн хувьцаа худалдах худалдан авах гэрээ зэрэг нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байсан болохоор 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн үйлдсэн эрх зүйн бичиг баримтуудад өөрчлөлт орж, улмаар эрх бүхий байгууллага нь улсын бүртгэлд бүртгэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч “Д******* Ж*******” ХХК-ийн захирал Ө.С*******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

17.Гуравдагч этгээд Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ч.Б******* нь хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр “Д******* Ж*******” ХХК-ийн 29 хувийн хувьцааг худалдан авч тус компанийн хувьцаа эзэмшигч болсон. Дээрх гэрээнд 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний хугацааг талууд “Шүүхийн журмаар маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаа”-нд сунгах талаар тусгасан байдаг. /Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн сан дах 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл/. Өөрөөр хэлбэл Ч.Б******* нь өөрийн худалдан авсан хувьцааны үнийг бэлэн болон бэлэн бус, эд хөрөнгөөр /үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүд, бэлэн мөнгөнөөс бүрдсэн нийт 2 тэрбум гаран төгрөг/ бүрэн төлж дуусгасан боловч Ө.С******* нь үүнийг үндэслэлгүйгээр хүлээн зөвшөөрдөггүй хэрнээ хувьцааны төлбөрийг бүрэн төлөөгүй, эсвэл төлбөрийн үлдэгдэл байгаа эсэх талаар өдий олон жил болж байхад нэг ч удаа иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй нь хувьцаа эзэмшигч Ч.Б******* нь өөрийн худалдан авсан хувьцааны үнийг бүрэн төлснийг гэрчилнэ.

Ингээд “Д******* Ж*******”-ийн захирал Ө.С******* нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлж хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гаргаж “Д******* Ж*******” ХХК-ийн бүх гишүүдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны Өдрийн 02/14 дугаар хурлын тогтоол, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/14 дүгээр хурлын тэмдэглэл, нотариатчаар гэрчлүүлсэн хувьцаа худалдах худалдан авах гэрээ зэргийг бүрдүүлэн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн эрх шилжүүлэх бүртгэлээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

Харин 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар “Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор” Ч.Б******* нь өөрийн эзэмшлийн хувьцаанаас 13 хувийг ч мэдээгүй, өөрийн биеэр очоогүй, архиваас гаргуулсан баримт бичигт итгэмжлэлээр шилжүүлсэн гэх боловч тухайн үед Ч.Б******* нь хувьцаа эзэмшигчдийн хурал болсныг П.С гэх хүнд өөрийн өмнөөс үйлдэл хийх, төлөөлөх эрхийн итгэмжлэл олгоогүй, Ч.Б*******г П.С төлөөлж гарын үсэг зурсан байдаг боловч Ч.Б******* нь хууль зүйн үндэслэлгүй баримтаар Ч.Б*******гийн хувьцаанаас 13 хувийг шилжүүлсэн нь тогтоогдоно.

Мөн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Д******* Ж*******” ХХК-ийн 37.87 хувийн хувьцаа эзэмшигчээр “Х хорн” ХХК бүртгэгдэж, “Д******* Ж*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Гэтэл компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дах хэсэгт “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг энэ хуулийн 5.3 дах хэсэгт заасны дагуу тэргүүн элжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлэх, эсвэл энэ эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь бусад хувьцаа эзэмшигчид шилжүүлэх эрхтэй” гэж заасныг зөрчин бусад хувьцаа эзэмшигчдэдээ мэдэгдэлгүйгээр, байлцуулахгүйгээр компанийн 37.87 хувийн хувьцааг “Х х” ХХК-д шилжүүлсэн байна. Энэ талаар бид 2022 оны 8 дугаар сард л мэдсэн.

Энэ бүх үйл баримтыг харахад “Д******* Ж*******” ХХК-ийн захирал Ө.С******* нь компанийн хувьцаа эзэмшигчдийг байлцуулахгүйгээр, эзгүйд нь эсвэл төлөөлөх эрхгүй хүнээр бусдын өмнөөс гарын үсэг зуруулж хувьцаа эзэмшигчдийн хувьцааг дур мэдэн өөрчилдөг, шилжүүлдэг, компанийн хувьцаа эзэмшигчээс хасдаг, цаашлаад энэ хууль бүс үйлдэл, хууль бус эрх зүйн акт баримт бичгүүдээ төр захиргааны эрх бүхий байгууллагыг бүртгэхийг шаарддаг нь хэрээс хэтэрч байна.

Мөн тус компанийн хувьцаа эзэмшигч Ч.Б*******гийн хувьцааны эрхийг хууль бусаар шилжүүлсэн нь гарын үсгийн зөрүүтэй байдал болон төлөөлөх эрхгүй хүнээр төлөөлүүлж гарын үсэг зуруулсан зэргийг Иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх болно.

Иймд нэхэмжлэгч “Д******* Ж*******”-ийн захирал Ө.С*******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

18.Гуравдагч этгээдийг итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж оролцож байна. 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн бүртгэл хийгдсэн гэрээ байхгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл талуудын хооронд хийгдсэн хувьцаа, худалдаа худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байдаг. Хувьцаа худалдан авч байгаа тал болон худалдаж байгаа талуудын хооронд 1 тэрбум гаруй төгрөгийн олон жил үргэлжилсэн маргаан байдаг. Мөнгөөр, эдийн болон эдийн бус хөрөнгөөр өгч, гарын үсэг зурсан баримт ч өөрт нь байдаг. Гэрээ хийсэн болохоор Улсын бүртгэлийг байгууллага бүртгэсэн байгаа. Хувьцаа гэдэг бол хөрөнгө. Хөрөнгө шилжүүлэх гэрээ хийгдээгүй бол улсын бүртгэл хийгдэхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгч “Д******* Ж*******” ХХК-ийн төлөөлөгч Ө.С******* нь анх 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гуравдагч этгээд Ч.Б*******, Б.Э******* нартай “Худалдан худалдан авах гэрээ” байгуулж “Д******* Ж*******” ХХК-ийн нийт хувийн 5 хувьтай тэнцэх хувийг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байна.

2.2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Д******* Ж*******” ХХК-ийн төлөөлөгч Ө.С******* болон гуравдагч этгээд Ч.Б*******, Б.Э******* нар нь дээрх “Худалдан худалдан авах гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулжээ.

3.Тус гэрээгээр “1.“Д******* Ж*******” ХХК болон гуравдагч этгээд Ч.Б*******, Б.Э******* нарын хооронд 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-нд заасан хугацаанаас бусад бүх заалтууд цаашид хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ. 2. Д******* Ж*******” ХХК болон гуравдагч этгээд Ч.Б*******, Б.Э******* нарын хооронд 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-нд заагдсан бүх хугацааг шүүхийн маргаан эцэслэн дууссаны дараа дахин тохиролцож тогтооно. 3. Ч.Б*******, Б.Э******* нар нь “Д******* Ж*******” ХХК-ийн 46 хувийн хувьцааны үнийг нь дараа төлөх болзолтойгоор худалдан авахыг энэхүү гэрээгээр харилцан тохиролцож зөвшөөрөв.” гэж нэмэлт өөрчлөлт оруулжээ.

4.Дээрх гэрээний дагуу тус өдөр “Д******* Ж*******” ХХК-ийн бүх гишүүдийн хурлын 02/14 дугаар тогтоолоор “Д******* Ж*******” ХХК-ийн нийт хувьцаанаас 46 хувийн хувьцааг гуравдагч этгээд Ч.Б*******, Б.Э******* нар худалдахыг зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

5.Улмаар 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Худалдан авах нөхцөлөөр хувьцаа шилжүүлэх гэрээ”-г байгуулж, “Д******* Ж*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Ө.С*******, Ө.Д, Ц.Д, Р.Э, Э.Б, С.П, Ч.Т, Ч.Х, Ч.Б нараас гуравдагч этгээд Ч.Б*******д, Ө.С*******гээс гуравдагч этгээд Б.Э*******т тус тус хувьцааг шилжүүлсэн байна.

6.“Д******* Ж*******” ХХК-ийн төлөөлөгч Ө.С******* нь гуравдагч этгээд нарт компанийн хувьцааг шилжүүлсэнтэй холбогду 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Д******* Ж*******” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд өөрчлөлт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандсан байна.

7.Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу “Д******* Ж*******” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгэжээ.

8.Маргаан бүхий “Д******* Ж*******” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн хугацаа нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байх тул шүүх тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөж байсан 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг хэрэглэхээр байна.

9.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 22 дугаар зүйлийн 22.1-т “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ:” гээд мөн зүйлийн 22.1.1-т “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 22.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр”, 22.1.3-т “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт”; 22.1.4-т “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж тус тус заажээ.

10.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл нэхэмжлэгчийн маргаж буй Үндсэн гэрээ болох 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 22 дугаар зүйлийн 22.1-т заасан баримт бичгийн бүрдэлд хамаарахгүй байна.

11.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд, “Д******* Ж*******” ХХК-ийн төлөөлөгч Ө.С******* нь өөрөө 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “баталсан маягтын дагуу гаргасан хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд өөрчлөлт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Д******* Ж*******” ХХК-ийн бүх гишүүдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02/14 дугаар хурлын тогтоол, тус өдрийн 01/14 дугаартай бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, нотариатаар гэрчлүүлсэн Худалдах худалдан авах нөхцөлөөр хувьцаа шилжүүлэх гэрээ, компанийн дүрэм, татварын тодорхойлолт” зэрэг дээрх хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж өгсний дагуу Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр маргаан бүхий бүртгэлийг хийсэн байна.

12.Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/14684 дугаартай албан бичгээр “... “Д******* Ж*******” ХХК-ийн хувьцаа 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр шилжээгүй, ... 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Ч.Б*******, Б.Э******* нартай байгуулсан үндсэн гэрээ...” улсын бүртгэлд бүртгэгдээгүй” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.

Иймд нэхэмжлэгч нь өөрөө хүсэл зоргоо илэрхийлж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 22 дугаар зүйлийн 22.1-т заасан баримт бичгийн бүрдлийг хангаж маргаан бүхий бүртгэлийг хийлгэсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг баримтлан “Д******* Ж*******” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогду гаргасан улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 5/617 тоот албан хариугаар нотлогдож байгаа 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Д******* Ж*******” ХХК-ийн эрх шилжүүлэх бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ