Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 443

 

 

        

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Урангуа,  

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар /томилолтоор/,

Хохирогч: Г.Ч,

Шүүгдэгч: С.М, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Мд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705011000272 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, С.М, 1983 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ Идэр суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Петровис ХХК-д хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ....тоот регистртэй,

Шүүгдэгч С.М нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 17 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор” нэртэй караокед Г.Чийг түлхэж унагаан зүүн талын чамархайн суурь хэсгээс зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хашаа байшингаа зараад найзынхаа гэрт байдаг байсан. Шөнө нь найзтайгаа маргалдаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ч хороололын Дүүхээ төвд булган малгай хийдэг өглөө ажил дээр нь очоод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би тухайн үед нилээн согтсон байсан дүү Тийг дуудсан. Тухайн караокед өмнө нь надтай цуг ажилладаг байсан Наранхүүтэй таарсан. Караокены өрөөнөөс гараад хажуу талын өрөөний залуучуудтай Наранхүү маргалдаж байсан. Би зохицуулсан. Зөөгч залуутай маргалдаж байхад, Ч ирээд салгах гэж намайг татаж зуурсан. Би Чийг байж бай гээд түлхсэн. Чийг бэртсэнийг мэдээгүй гэрт нь хүргэж өгсөн. Маргааш өглөө нь Чийнд очиход Ч хэвийн биш байсан. Тэгээд түргэн дуудахад харвалт өгсөн байна гэж хэлсэн. Гэмтэл дээр очиж зураг авахуулахад тархины зүүн талд цус харвалттай яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн. Би Чийг гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна, гэхдээ санаатай гэмтэл учруулаагүй” гэв.  

Хохирогч Г.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би ажлаа хийж байсан. Тэгээд Мтай уулзаж хоолонд орж согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн. Нэг сэрэхэд караокений өрөөнд ганцаараа байсан. Өрөөнөөс гарахад маргаан болж байсан. Би Мг явъя гээд татсан. Тэгсэн М байж бай гээд гараа хойшоо савахад нь би газар унасан. Би цагдаад гомдол саналгүй, миний буруу гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр цагдаа бид ажлаа хийх ёстой та шалгаж өгнө үү гээд гарын үсэг зурчих гэхээр нь манай эхнэр гарын үсэг зурсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Г.Чийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр С.М найзтайгаа гадуур архи пиво ууж байгаад Шонхор караокед орсон. Караокед байхад бид хоёр маргалдаж муудалцсан зүйл огт болоогүй. Миний хувьд өрөөнд согтоод унтаж байгаад сэрэхэд өрөөнд хүн байхгүй би ганцаараа байсан бөгөөд намайг гарахад М коридорт текний хажууд хүмүүстэй зогсож байсан. Би очоод Мг явъя гэж хэлээд хувцаснаас нь татахад М өөрийн гараа угзарч авахад нь би хойшоо саваад унасан. Коридорт байсан хүмүүс юу хийж байсныг мэдэхгүй, бөөнөөрөө тойроод зогсож байсан. Тухайн үед архи бага зэрэг гарсан өөрийн хийж байгаа үйлдлээ бүрэн хянах чадвартай байсан. ...би ухаан алдсан байсан....Миний бодлоор би өөрөө савж унаснаас болж хатуу плитан шалан дээр толгойгоороо унаж гэмтэл авсан гэж бодож байна. Миний толгойн зүүн талд учирсан цус хуралт гэмтэл нь өөрөө савж унаснаас болсон байх. Миний нүүр рүү 4-5 удаа алгадсан залуугаас болж үүссэн гэмтэл гэж үзэхгүй байна. Миний найз М эмчилгээнд хэрэглээрэй гэж 2.000.000 төгрөг өгсөн.... Миний биеийн байдал одоогоор хэвийн байна. Миний хувьд зодолдсон зүйл огт байхгүй. Харин багын найзтайгаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Ингээд нэлээн согтоод караокенаас гарах гэж байхад манай найз М хүчтэй намайг тавь гэж угз татсан би тэр үед чулуун шалан дээр толгойгоороо саваад унасан. Би ухаан алдаж нэг мэдэхэд таксинд сууж байгаа бололтой сэрсэн. Намайг М таксинд суулгаж өгсөн ба гэрт хүргэж өгсөн. Тэгээд би гэртээ очиж амарч нэмж архи согтууруулах ундаа хэрэглээгүй ба өглөө нь М манай гэрт ирсэн би согтуу байна, бие өвдөөд байна, толгой өвдөөд байна гэж хэлсэн. Миний бие нэг л биш байна гэж Мд хэлэхэд М түргэн дуудаж, ингэж шартана гэж байхгүй дээ гэж байсан. Тэр үед миний биеийн байдал хөдөлж чадахгүй, толгойгоор өвдөж байсан. Ингээд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан....Намайг толгойны мэс засалд орсны дараа миний найз М надад найз нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, чи ч гэсэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, найз нь санаандгүй түлхээд чи газарт унасан учраас эмчилгээндээ зарцуул гэж 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Би эмчилгээгээ сайтар хийлгэсэн учраас миний биеийн байдал хэвийн байна” гэсэн мэдүүлэг /хх-н 69-70 120-121/,

Гэрч Э.Бат-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Шонхор караокед оройн ээлжтэй байсан учраас 17 цагт ажил дээрээ ирсэн. Тэр үед 10 тоот өрөөнд 4-5 залуу үйлчлүүлж байсан. Тэгсэн тэр залуучууд яг юунаас болж муудалцсаныг нь мэдэхгүй 9 тоот өрөөний 2-3 залуучуудтай муудалцсан. Тэгэхээр нь би хувцсаа солиод очиж салгасан. Тэгтэл нөгөө 4-5 залуучууд үүдэнд ирээд цэнхэр өнгийн бомбер куртик өмссөн залуу намайг ямар муухай харцтай юм бэ гэж доромжлоод уучлалт гуйя гээд гар бариад базаад, нүүр хоёр гараараа шахаад цохих гээд байсан. Тэгсэн нэг өндөр туранхай биетэй цагаан өнгийн ханцуйтай цамц өмссөн залуу миний зүүн хацар руу гараараа нэг удаа цохиод “ахынхаа муухай занг хармаар байна уу” гээд байхаар нь тайвшруулаад учраа олоод байж байтал над руу дайраад байсан бомбер куртиктэй залуу зүүн нүд рүү гараараа 1 удаа цохьсон. Тэгээд манай ажлынхан салгаад байж байтал нөгөө залуутай хамт явж байсан эрээн шоотой цамц өмссөн жижиг биетэй залуу нөгөө намайг сүүлд цохьдог бомбер куртиктэй залуугаа “чи одоо боль” гэх шиг болтол үгийн зөрүүгүй нүүр рүү нь гараараа цохиж унагаасан. Жижиг биетэй залуу хойшоо савж унахдаа шал юм уу, хөргөгч дагзаараа хүчтэй цохиод ямарч хөдөлгөөнгүй болчихсон. Тэгээд нөгөө хэд нь сэргээх гэж бараг цохиод, хүчтэй алгадаад байсан. Нөгөө залуугаа сэргээх гэж бараг 10 орчим минут болж байгаад хальт сэргэх шиг болохоор нь сугадаад, өргөөд аваад гарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

Гэрч Т.Тийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр би найз Ттай халамцуу хорооллын эцэс хавьцаа явж байсан чинь М ах залгаж хаана байна гэхээр нь хорооллын эцэст явж байна гэхэд би Шонхор караокед сууж байна, олоод хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Ттай хамт яваад очсон. Шонхор караокег олоод очиход М ах, Ч гэх залуу, бас нэг өндөр найзтайгаа гурвуулаа нилээн согтолттой харагдаж байсан. Ороод суухад Т бид хоёрт Ч архи хийж өгөөд тухайн архийг ууж дуусаад дахиад нэг шил 0.75 литрийн Соёрхол архи захиалаад тавуулаа хувааж уусан. Ч гэх залуу Ттай муудалцаад, хэрэлдээд эхэлсэн ба юунаас болсон гэдгийг бол би ойлгоогүй. Харин тэр нэг өндөр залуу нь Чийг өмөөрч Ттай маргалдаж байгаад М ах ч гэсэн маргалдах гээд байхаар нь больцгоо гээд Тааг аваад явах гэхэд М ах байж бай, нэг мөсөн уучихаад яв, уулзаагүй удсан юм байж гэхээр нь хамт архи ууж суусан. Тэгээд архи ууж дуусаад яг өрөөнөөс гарсан чинь ойролцоо явж байсан 2 залуутай зөрөхөд нөгөө М ахын найз өндөр залуу нь нэг залууг нь барьж аваад нэг цохиод, тонгороод шидчихээр нь бид нар салгаад, зөөгч нар ирж бас салгасан. Тэгээд тэр залуучууд бид нартай гар бариад уучлалт гуйгаад гараад явсан. Энэ үед нэг зөөгч нь М ахыг юу ч гэж хэлсэн юм нэг зөөгч рүү М ах дайрч эхэлсэн. Тэгтэл нөгөө өндөр залуу нь М ахтай нийлээд тэр зөөгч рүү дайраад байхаар нь би тэр хоёрыг салгаж дийлэхгүй болохоороо орхичихсон чинь М ах нөгөө өндөр залуутайгаа хамт зөөгч рүү дайраад байсан ба Ч гэх залуу М ахыг хойноос нь салгах гэж татаж зулгаахад М ах гараараа цээж рүү нь түлхчихсэн чинь Ч нилээн согтуу байсан учир хойшоогоо тек мөргөж унасан. Уначихаад ухаан алдчих шиг болоод босч ирэхгүй байсан. Тэгсэн манай найз Т очоод хүүе сэрээрээ, яасан бэ гээд хацар руу нь баруун, зүүн гараараа алгадсан. Яг энэ үед М ах өндөр залуу хоёр зөөгчтэй хэрэлдэхээ болиод ухаан алдсан Чийг дамжилж авч гараад М ах, өндөр залуу, Ч гурвыг таксинд суулгаж өгөөд Т бид хоёр цаашаа явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 123-124/,

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл: “...3 дугаар дискэний 17 цаг 32 минут 12 секундэд 5-6 залуучууд өрөөнөөс гарч караокены ресепшний текний хажууд ирэв. 17 цаг 32 минут 53 секундед М цагаан өнгийн цамцтай халзан толгойтой хүнтэй маргалдаж байгаа ба дундуур нь зөөгч салгаж байв. 17 цаг 34 минут 40 секундээс 17 цаг 34 минут 50 секунт хүртэл М зөөгчтэй маргалдаж караокенээс гарч явсан. 17 цаг 35 минут 46 секунтэд эргэж орж ирж зөөгчтэй маргалдсан ба 17 цаг 40 минут 21 секундэд хохирогч Ч цагаан малгайгаа барьчихсан М дээр ирж 17 цаг 40 минут 29 секунтэд газарт унаж байх бөгөөд 40 секундэд бараан өнгийн куртиктэй залуу босгож байв. 17 цаг 41 минут 26 секундэд бараан өнгийн куртиктэй залуу очив. 42 минут 00 секунтэд бараан өнгийн хувцастай залуу сэрээх гэж алгадаж байв. 17 цаг 42 минут 00 секундэд хохирогч Чийг авч гарах гэж сугадаж явж байгаад өрөөний голд хэвтүүлэв. 17 цаг 42 минут 56 секунтэд Чийг авч гарав” гэсэн тэмдэглэл /хх-н 60-64/, 

Шинжээчийн 13237 тоот дүгнэлтэд: “...Г.Чийн биед зүүн талын чамархайн суурь хэсгээс зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 29/,

Шинжээч Ц.Бадралын мөрдөн байцаалтад өгсөн: “...Толгойн зүүн хэсгээр хатуу мохоо гадаргуутай зүйл дээр унах, савах үед үүсэх боломжтой. Энэ гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хатуу мохоо зүйлд унах , цохигдох үед шугаман хугарал үүсдэг. Энэ гэмтэл 1 удаа унахад үүсдэг. ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хатуу гадаргуутай зүйл /мохоо/ дээр унахад үүснэ. Нэг ёсондоо тэгш хатуу гадаргуутай зүйл дээр толгойн зүүн хэсгээр унахад үүсэх боломжтой. Гараар цохих үед бол дээрх гавлын ясны шугаман хугарал үүсэх боломжгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 55-56, 125/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 22/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 34-43, 59/, Дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 60-64/, толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /хх-н 72/, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-н 73-84/ зэрэг болно. 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч С.М нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 17 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор” нэртэй караокед бусадтай маргалдан ноцолдож байх үед түүний найз Г.Ч нь салгахаар очих үед түүнийг түлхэж унагаан зүүн талын чамархайн суурь хэсгээс зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Чийн: “...Би очоод Мг явъя гэж хэлээд хувцаснаас нь татахад М өөрийн гараа угзарч авахад нь би хойшоо саваад унасан....би ухаан алдсан байсан. ...Миний бодлоор би өөрөө савж унаснаас болж хатуу плитан шалан дээр толгойгоороо унаж гэмтэл авсан гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-н 69-70 120-121/, гэрч Э.Бат-Оргилын: “...Тэгээд манай ажлынхан салгаад байж байтал нөгөө залуутай хамт явж байсан эрээн шоотой цамц өмссөн жижиг биетэй залуу нөгөө намайг сүүлд цохьдог бомбер куртиктэй залуугаа “чи одоо боль” гэх шиг болтол үгийн зөрүүгүй нүүр рүү нь гараараа цохиж унагаасан. Жижиг биетэй залуу хойшоо савж унахдаа шал юм уу, хөргөгч дагзаараа хүчтэй цохиод ямарч хөдөлгөөнгүй болчихсон” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/, гэрч Т.Тийн: “...Тэгтэл нөгөө өндөр залуу нь М ахтай нийлээд тэр зөөгч рүү дайраад байхаар нь би тэр хоёрыг салгаж дийлэхгүй болохоороо орхичихсон чинь М ах нөгөө өндөр залуутайгаа хамт зөөгч рүү дайраад байсан ба Ч гэх залуу М ахыг хойноос нь салгах гэж татаж зулгаахад М ах гараараа цээж рүү нь түлхчихсэн чинь Ч нилээн согтуу байсан учир хойшоогоо тек мөргөж унасан. Уначихаад ухаан алдчих шиг болоод босч ирэхгүй байсан. Тэгсэн манай найз Т очоод хүүе сэрээрээ, яасан бэ гээд хацар руу нь баруун, зүүн гараараа алгадсан” гэсэн мэдүүлэг /хх-н 123-124/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл: “... 17 цаг 40 минут 21 секунтэд хохирогч Ч цагаан малгайгаа барьчихсан М дээр ирж 17 цаг 40 минут 29 секунтэд газарт унаж байх бөгөөд 40 секунтэд бараан өнгийн куртиктэй залуу босгож байв” гэсэн тэмдэглэл /хх-н 60-64/, шинжээчийн 13237 тоот дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан тухайн үйл баримтыг баримтжуулсан бичлэг бүхий Сиди болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийг өмгөөлөгчийн шүүгдэгч С.М нь хохирогчид санаатайгаар гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй байх тул болгоомжгүйгээр гэмтэл учруулснаар зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан уг хэрэгт хамааралгүй хөндлөнгийн гэрч Э.Бат-Оргилын “...эрээн шоотой цамц өмссөн жижиг биетэй залуу... бомбер куртиктэй залуугаа “чи одоо боль” гэх шиг болтол үгийн зөрүүгүй нүүр рүү нь гараараа цохиж унагаасан” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Тийн “...Ч гэх залуу М ахыг хойноос нь салгах гэж татаж зулгаахад М ах гараараа цээж рүү нь түлхчихсэн чинь Ч нилээн согтуу байсан учир хойшоогоо тек мөргөж унасан” гэсэн мэдүүлэг, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгээр шүүгдэгч нь хохирогчийг салгах гэхэд нь гараа угзарч татсанаас хохирогч өөрөө унасан үйл баримт тогтоогдохгүй байна.

Уг бичлэгт бичигдсэнээс үзэхэд хохирогч нь шүүгдэгч рүү очоод өөрөө угзарч татсанаас хойшоо унаж байгаа бус цохигдох эсхүл хүчтэй түлхэгдэн унаж байгаа үйл баримт хангалттай нотлогдож байгаа учир шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” гэж үзэх үндэслэлгүй болно.

Шүүгдэгч С.Мгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.М нь хохирогч Г.Чийг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийг гэм буруутай гэсэн улсын яллагчийн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Чийн биед хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Г.Ч нь мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч С.Мг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 15.000 нэгж буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч тус ялыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч С.Мгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн, хувийн байдал, хохирогч гомдолгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулийн ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч С.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 4 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэрч Т.Тийн мэдүүлгийн агуулгыг бичихдээ гэрч Э.Бат-Оргилын мэдүүлэгтэй хольж бичсэн нь ойлгомжгүй бөгөөд алдаатай болсныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Мг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч С.Мд шүүхээс оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР