| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2403 00222 0309 |
| Дугаар | 2025/ДШМ/16 |
| Огноо | 2024-12-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/16
2024 12 24 2025/ДШМ/16
С.С-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.С-, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.С-т холбогдох эрүүгийн 2403 00222 0309 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
С.С .... тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 104 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан;
Шүүгдэгч С.С- нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 13 цаг 35 минутын үед, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарны зам, Миний дэлгүүрийн урд замд Honda Fit маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-т заасан “Дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно: а/ уулзвар, гарц дээр болон уулзварт 20 м, гарцад 10 м-ээс ойр зайд (тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэгт зогсохоос бусад тохиолдолд); 14.11-т заасан “Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчин, түр зогсохыг хориглосон газар зогсолт хийж, аюулгүй байдлыг хангаж зорчигчийг буулгаагүйгээс, тус тээврийн хэрэгслийн зорчигч нь тухайн тээврийн хэрэгслийн зүүн урд хаалгыг нээснээр, унадаг дугуйтай зорчигч болох Г.Э /РД: ХХХХХХ, 15 настай/ нь уг хаалганд цохигдож унан, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: С.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс 1,595,360 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгуулж, хохирогч Г.Э, түүний хууль ёсны төлөөлөгч М.Г нар нь хохирогчийн энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.С-, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нар нь хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. С.С- нь Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-д “дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно: а/ гарцанд 10м-с ойр зайд нэг эгнээгээр явуулах боломж бүхий зам зурвасыг хааж бусдын хөдөлгөөнд саад болсон нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж түүнийг тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх дүгнэлт анхан шатны шүүхээс хийсэн. /шийтгэх тогтоолын 9,10-р тал/. Гэтэл С.С- би зорчигч гэнэт бууна гэхээр нь зогсоод аваарын гэрэл татаад машин сайн харж буугаараа гэтэл зорчигч зүүн урд хаалгыг нээтэл дугуйтай хүүхэд нээгдсэн хаалга мөргөөд унасан гэж шүүхийн хэлэлцүүлэг болон бусад мэдүүлэгтээ тайлбарлан хэлдэг. Замын хөдөлгөөний дүрмийн 1. Нийтлэг үндэслэл: “ зайлшгүй зогсолт” жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдэл, зам дээр саад бий болсон зэргээс аюул учирч болзошгүй үед техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл, энэ нь Хяналтын камерын бичлэгт хийсэн тэмдэглэл /хх 15-19 тал/ “зогсолт 33 секунд”, Замын хөдөлгөөний дүрмийн 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно...
2. Насанд хүрээгүй хохирогч 15 настай Г.Э-гийн “1-р эгнээнд хар өнгийн машин зогсчихсон байхаар нь би зүүн талаар тойроод гарах гээд явж байгаад яг машины зүүн хойд талд ирэх үед машины зүүн урд талын хаалгыг нээчихсэн, тэгээд зогсоох боломж олдоогүй. Тухайн машины зүүн урд хаалгыг мөргөөд Т бид хоёр газар унасан...” гэх мэдүүлэг /хх-н 22 тал/. Замын хөдөлгөөний дүрэмд “Мопед 50см3-ээс илүүгүй ажлын багтаамжтай хөдөлгүүр бүхий хоёр буюу гурван дугуйтай, техникийн хурд нь цагт 50 км-ээс ихгүй тээврийн хэрэгсэл. Замын хөдөлгөөний дүрмийн 26.1. Мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө. 26.6.в. Зорчигчид зориулсан гишгүүр, суудалгүй тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно.
3. Насанд хүрээгүй гэрч Б.Т-ын “...Машины зүүн талаар тойроод гарах гэтэл машины зүүн урд хаалга гэнэт онгойгоод Э мөргөөд бид 2 газар унасан...” / хх-ийн 50/ гэх мэдүүлэг.
4. Гэрч Г.Г-ийн “...Машин зогсоод машинаас буух үедээ толиндоо хараад араас юм байхгүй, жолооч бас буугаарай гэх үед хаалга нээтэл шууд дугуйтай хүүхэд мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61/. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “...Замын хөдөлгөөнд оролцогч гэж замаар явж байгаа жолооч, тээвэрийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг хэлнэ” гэжээ. Замын хөдөлгөөний дүрмийн 6.2.е-д “Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг” тээврийн хэрэгслээр зорчигчид хоригложээ. ... Эдгээр дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж бид үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг үндэслэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1146 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.С- нь Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-д “дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн. Тус заалтад зам уулзвар дээр 20 метр, гарцад 10 метрээс ойр зайд зогсохыг хориглоно гэж заасан. Үүнд 2 заалт байгаа. Уулзвар гэдэг нь олон замын уулзвар юм. Энэ хэрэгт олон замын уулзвар байхгүй. Зөвхөн хорооллоор орсон гарцан дээр 10 метрээс дотогш буюу 3 метрт зогсож байсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн газарт хийсэн үзлэгийн зургуудаар тогтоогддог. С.С- нь тухайн үед зорчигч н.Ганцэцэгийг тээвэрлэж явж байсан бөгөөд зогс, бууя гэж гэнэт шаардлага тавьснаар жолооч замаа чөлөөлж зогсоод зорчигчийг буулгасан. Гэтэл С.С- “би зорчигч гэнэт бууна гэхээр нь зогсоод аваарын гэрэл татаад машин сайн харж буугаараа гэтэл зорчигч зүүн урд хаалгыг нээтэл дугуйтай хүүхэд нээгдсэн хаалга мөргөөд унасан гэж шүүхийн хэлэлцүүлэг болон бусад мэдүүлэгтээ тайлбарлан хэлдэг. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14-д “зайлшгүй зогсолт” гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг” гэж заасан. Энэ нь хяналтын камерын бичлэгээр 33 секунд болсон байдаг. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно” гэж заасан. Шүүхийн шийтгэх тогтоолд замыг бүтэн хааж зогссон гэдэг байдлаар оруулсан. С.С- зогсохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1 дэх хэсгийг зөрчөөгүй, чөлөөлж зогссон байдаг. Хоёрдугаарт, насанд хүрээгүй хохирогч 15 настай Г.Э “1-р эгнээнд хар өнгийн машин зогсчихсон байхаар нь би зүүн талаар тойроод гарах гээд явж байгаад зүүн талын хаалга онгойхоор нь мөргөж унасан” гэж мэдүүлсэн. Мөн энэ талаар гэрч н.Т мэдүүлдэг. Хохирогчийн унаж явсан тээврийн хэрэгсэл нь унадаг дугуй биш, мопед юм. Монгол Улсын Замын хөдөлгөөний “1.2.24. “мопед” гэж 50 куб.см-ээс ихгүй ажлын багтаамж бүхий дотоод шаталтат хөдөлгүүртэй, эсхүл 0.25 кВт-аас 4 кВт хүртэл чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь цагт 50 км-ээс ихгүй, хоёр буюу гурван дугуйт тээврийн хэрэгслийг” хэлнэ гэж заасан. Мопед унаж явсан хүүхэд тээврийн хэрэгслийн зүүн талын хаалгыг мөргөсөн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Мөн тухайн тээврийн хэрэгслийн хурдны хэмжилтэд үзлэг хийхэд 120-150 гэсэн харьцангуй зүйл харагдсан байдаг. Хэдэн километр цагийн хурдтай явсан гэдгийг бүрэн тогтоогоогүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд хороолол руу орсон зам дээр мопед 20 километр цагийн хурдтай явна гэж заасан. Тухайн тээврийн хэрэгсэл нь 120-150 километр цагийн хурдтай явж байсан гэсэн байгаа бөгөөд үүнийг үгүйсгэсэн баримт байхгүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26.1-д мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө гэж заасан бөгөөд уг заалтыг насанд хүрээгүй хохирогч зөрчсөн. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26.6.в-д “Зорчигчид зориулсан гишгүүр, суудалгүй тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж, н.Т-ыг суудалгүй тээвэрлэн явж байсан. Эдгээр үйл баримтуудаар Г.Э 4, 5 дүрмийн заалт зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон. Мөн гэрч н.Г нь “машин зогсоод машинаас буух үедээ толиндоо хараад буусан” гэж мэдүүлдэг. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “Замын хөдөлгөөнд оролцогч гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг хэлнэ” гэж заасан. н.Г тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан учраас замын хөдөлгөөнд оролцогч мөн болох нь тогтоогдож байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 6.2.е-д “Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг” тээврийн хэрэгслээр зорчигчид хориглосон. Тухайн үед н.Г нь тээврийн хэрэгслийн хаалгыг нээсэн болох нь тогтоогддог. Эдгээр нөхцөл байдлуудаас харахад зорчигч н.Г, хохирогч Г.Э нар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байхад энэ талаар шийтгэх тогтоолд үгүйсгээгүй. Шийтгэх тогтоолын гэм буруугийн хэсэгт манай үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд зааснаар хэлэлцсэн. Шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар гэм буруутайд тооцсон. Энэ нь шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноос зөрүүтэй гарсан. Хэрэв миний үйлчлүүлэгч дээр дурдсан дүрмийг зөрчсөн бол өөрийн талын буюу баруун талын хаалга онгойх ёстой. Гэтэл баруун талын хаалгыг онгойлгоогүй. Зорчигч тээврийн хэрэгслийн зүүн талын хаалгыг онгойлгож, хохирогч хурдтай орж ирж хаалга мөргөж энэ осол гарсан. Зорчигч н.Г-ийг гэм буруутай эсэхийг дүгнээгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд зааснаар шалгасан учраас тогтоогоогүй гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч С.С- зорчигч зогс гэсэн учраас би гэнэт зогсолт хийсэн гэж мэдүүлдэг. Тиймээс С.С- нь гэм буруугүйгээр хохирол учруулсан болохоос гэмт хэрэг үйлдээгүй. Улсын дээд шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоолд “гэм буруугүйгээр хохирол учруулах нь үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шалтгаант холбоо бүхий үр дагавар бий болсноор гадаад илрэлийн хувьд гэмт хэргийн шинжийг агуулах боловч энэ гэмт хэргийн субъектив шинж чанар болох гэм бурууг үгүйсгэсэн тохиолдолд хамаарагдах болохыг тэмдэглэх нь зүйтэй” гэж дурдсан. Улсын дээд шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолд “чигээ өөрчлөх, эзлэх зогсохдоо аюул үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт нь замын хөдөлгөөнд оролцогчийг сонор сэрэмжтэй, анхааралтай байхыг үүрэг болгосон санамжийн шинж чанартай ерөнхий заалт, энэ байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруутай үйлдэлд ял шийтгэх шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж байгаа. Дээр дурдсан тайлбаруудаас харахад хуулийн шударга ёсны зарчимд гэм буруутай үйлдэл нь зөвхөн хөдөлгөөний дүрмийг сануулах зарчимд үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж байгаа юм. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Г тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр миний үйлчлүүлэгч зайлшгүй зогсолт хийсэн гэсэн зүйлийг яриад байгаа. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч, зорчигчийн биеийн байдал, техник эвдэрч гэмтсэн бол аваарын дохиогоо асааж ослын гурвалжин байршуулж дараагийн жолоочид анхааруулах бүх шаардлагыг хангаж зайлшгүй зогсолт хийнэ. Такси үйлчилгээнд явдаг С.С-ын хувьд хүн буулгах, суулгах нөхцөл байдлыг нь зайлшгүй зогсолт гэж үзэхгүй. Тэгэхээр тээврийн хэрэгслийн жолооч буюу таксины жолооч хөдөлгөөнд оролцохдоо дуртай газраа зогсож, зорчигч буулгаад байна гэсэн ойлголт байхгүй. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар түр зогсохыг хориглосон газар зогссон. Уулзвараар орж ирэх хөдөлгөөнийг хааж зогссон нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хяналтын камерын бичлэгээр тогтоогдож байгаа. Иймд шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч С.С-т холбогдох эрүүгийн 2403 00222 0309 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч С.С- нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 13 цаг 35 минутын үед, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарны зам, Миний дэлгүүрийн урд замд Honda Fit маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-т заасан “Дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно: а/ уулзвар, гарц дээр болон уулзварт 20 м, гарцад 10 м-ээс ойр зайд (тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэгт зогсохоос бусад тохиолдолд);” гэсэн заалтыг зөрчиж түр зогсохыг хориглосон газар зогсолт хийж, тус дүрмийн 14.11-т заасан “Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно” гэх заалтыг зөрчин аюулгүй байдлыг хангаж зорчигчийг буулгаагүйгээс, тус тээврийн хэрэгслийн зорчигч нь тухайн тээврийн хэрэгслийн зүүн урд хаалгыг нээснээр замын хөдөлгөөнд оролцож явсан унадаг дугуйтай зорчигч болох Г.Э /РД:ХХХХХХ, 15 настай/ нь уг хаалганд цохигдож унаж, Г.Э-гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
түр зогсохыг хориглосон газарт зогссон болохыг бэхжүүлсэн зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 5-6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-10/,
замаар зорчиж явсан дугуйтай хүний хөдөлгөөнд саад учруулан машины хаалгыг нээсэн талаарх насанд хүрээгүй хохирогч Г.Э-гийн: “..өөрийн эзэмшлийн цахилгаан мотортой унадаг дугуйгаа жолоодоод Т ард суугаад нарны замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй замын зорчих хэсгийн 1-р эгнээний захаар явж байтал урд 1-р эгнээнд хар өнгийн машин зогсчихсон байхаар нь би зүүн талаар нь тойроод гарах гээд явж байгаад яг машины зүүн хойд талд нь ирэх үед машины зүүн урд талын хаалгыг нээчихсэн тэгээд зогсоох боломж олдолгүй тухайн машины зүүн урд хаалгыг мөргөөд Т бид 2 газар унасан. ...Би машиныг тойрох үед яг хаалганы хажууд очих үед машины хаалгыг нээчихсэн. ...” /1-р хх-ийн 22/гэх мэдүүлэг, гэрч Г.Г-ийн: “...жолооч намайг машингүй болчихлоо буугаарай гэхээр нь би толинд хартал машин байхгүй байхаар нь машины зүүн урд талын хаалгыг нээтэл шууд унадаг дугуйтай сундалдсан хүүхэд мөргөөд хаалга даваад хоёулаа газар унасан. Машин зогсоод машинаас буух үедээ толиндоо хараад араас юм байхгүй жолооч бас буугаарай гэх үед хаалга нээтэл шууд дугуйтай хүүхэд мөргөчихсөн. ...” /1-р хх-ийн 61/ гэх мэдүүлгүүд,
насанд хүрээгүй хохирогч Г.Э-гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан талаархи хохирогч Г.Э-гийн: “...Миний биед ослын улмаас баруун хөлийн шилбэ хэсэг хугарсан. Гуя баруун тохой дээрээ шалбарч зулгарсан. ...” /1-р хх-ийн 22/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-ийн: “...ослын улмаас манай хүү Эгийн баруун хөлийн шилбэ хугарсан. Унадаг дугуйнд үүссэн эвдрэл гэмтэл байхгүй байна. ...Миний зүгээс хүүхдийн эрүүл мэндэд учирсан зардлыг нэхэмжилнэ. ...” /1-р хх-ийн 28/, иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн: “...Ослын улмаас Тын зүүн хөлөнд зөөлөн эдийн гэмтэл учирсан. ...Би өөрийнхөө зардлаар эм, тос авсан буюу 60.000 төгрөгийн зардал гарсан. Баримт нь байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...” /1-р хх-ийн 48/ гэх мэдүүлгүүд,
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4977 дугаартай “... 1. Г.Э-гийн биед баруун шаант ясны бяцарсан далд хугарал, баруун бугалга, шуу, сарвуу, гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 76-77/,
болсон үйл явдлыг харуулж буй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг /1-р хх-ийн 15-19/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 635 дугаартай “...Honda Fit загварын 0000 ААА дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.С- нь Замын хөдөлгөөний дүрмийн 14.8. Дараахь тохиолдолд түр зогсохыг хориглоно: а уулзвар, гарц дээр болон уулзварт 20 м, гарцад 10 м-ээс ойр зайд (тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн үргэлжилсэн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэгт зогсохоос бусад тохиолдолд): мөн дүрмийн 14.11. Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна. ...” гэх мөрдөгчийн магадлагаа /1-р хх-ийн 116-117/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
2. Шүүгдэгч С.С-ын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-д “Дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно: а/ уулзвар, гарц дээр болон уулзварт 20 м, гарцад 10 м-ээс ойр зайд (тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэгт зогсохоос бусад тохиолдолд);” гэснийг зөрчин түр зогсохыг хориглосон газар зогсолт хийж, 14.11-т заасан “Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно” гэх заалтыг зөрчин аюулгүй байдлыг хангаж зорчигчийг буулгалгүй зорчигчоор тээврийн хэрэгслийн зүүн урд хаалгыг нээлгэснээр унадаг дугуйтай зорчигч Г.Э тус хаалганд цохигдож унаснаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн С.С-ын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилжээ.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”-ыг оногдуулахаар заасан.
Шүүгдэгч С.С-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон 240 цагийн хугацаагаар оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.
4. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар үндэслэлтэй хэргийн бодит байдал, үйл баримтад нийцсэн дүгнэлтийг хийж шийдвэрлэжээ.
Насанд хүрээгүй хохирогч Г.Э-гийн хууль ёсны төлөөлөгч М.Г /хх-ийн 29,30 тал/, иргэний нэхэмжлэгч Д.Баяраа /хх-ийн 48/ нар нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул хохирол гаргуулаагүй байх ба тэдний цаашид гарах сэтгэл санааны хохирлоо болон гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохоор,
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж заасныг үндэслэн иргэний нэхэмжлэгч С.С нотлох баримтын дагуу “...Эрүүл мэндийн даатгалын сангаас Г.Э нь 1,595,360 төгрөг гарсан. С.С-аас гаргуулж өгнө үү. ...” /1-р хх-ийн 56, 58-59/ гэж нэхэмжилснийг Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй” гэж зааснаар гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
5. Давж заалдах гомдлыг хянавал, хавтаст хэрэгт цугларсан гэрч Г.Г, насанд хүрээгүй хохирогч Г.Э нарын мэдүүлэг, камерийн бичлэг зэргээр С.С- тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо түр зогсохыг хориглосон газар зогсолт хийж, аюулгүй байдлыг хангаж зорчигчийг буулгалгүй зорчигчоор тээврийн хэрэгслийн зүүн урд хаалгыг нээлгэснээр замын хөдөлгөөнд оролцож явсан унадаг дугуйтай зорчигч Г.Э тус хаалганд цохигдож унасан зам тээврийн ослыг бий болгосон байх ба С.С-ын тус үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-т заасан “Дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно: а/ уулзвар, гарц дээр болон уулзварт 20 м, гарцад 10 м-ээс ойр зайд (тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэгт зогсохоос бусад тохиолдолд); 14.11-т заасан “Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөн үйлдэл мөн байна.
Тодруулбал, түр зогсохыг хориглодог газарт тээврийн хэрэгслээ зогсоосон, машины зүүн урд талд үйлчлүүлэгч суулгаж хаалгыг нээлгэсэн үйл явдал нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлсөн байх ба замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн чигээрээ явах хөдөлгөөнд шууд саад болжээ.
Энэ талаар гаргасан Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 635 дугаартай мөрдөгчийн магадлагаа хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1146 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С-, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарын хамтран гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1146 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С-, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ