Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00401

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00401

 

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

Хан-Уул Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/01357 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Хан-Уул Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Уулын шугуй ХХК-д холбогдох

 

Цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 25 312 923 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваацэцэг

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Пүрэвбазар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Хан-Уул Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Болоржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваацэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хэрэглэгчийн 1028272 кодтой, 121812 дугаар бүхий "Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ"-тэй Уулын шугуй ХХК нь хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөлгүй, гэрээний үүргийн 2.2.3, 2.2.11, 4.9 дүгээр зүйлүүдийг зохих ёсоор биелүүлээгүй ирсэний улмаас төлбөр, алданги нь хоног тутам нэмэгдсээр байна. Уулын шугуй ХХК нь 2015 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын 31 хүртэлх төлбөр 2 722 149 төгрөг, 2016 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарын 22 хүртэлх төлбөр 12 590 774 төгрөг, нийт төлбөр 25 312 923 төгрөгийг төлөхгүй хохирол учруулж байна. Иймд гэрээгээр хүлээсэн үүрэг болон Монгол улсын "Эрчим хүчний тухай хууль"-ийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтанд заасан үүргээ биелүүлээгүй Уулын шугуй ХХК-иас цахилгаан эрчим хүчний төлбөр болох 25 312 923 төгрөгийн төлбөрийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвбазар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний зүгээс гаргасан хүсэлтээ дэмжиж байгаа тул мэтгэлцмээргүй байна. Цахилгаан эрчим хүч хэрэглээгүй гэж хэлэхгүй, тодорхой хэмжээгээр хэрэглэсэн. Харин cap бүрийн тооцоо үнэн зөв бодиттой гарсан эсэхийг нарийн нягтлах шаардлагатай байна. Зөвхөн нэхэмжлэгчийн ирүүлсэн тооцооны хүснэгтийг үндэслэх боломжгүй, талуудыг байлцуулж тооцоо нийлэх шаардлагатай. Би хүсэлтээ шийдүүлмээр байна гэжээ.

 

Шүүх: Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хариуцагч "Уулын шугуй" ХХК-иас 25 312 923 төгрөгийг гаргуулж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 284 515 төгрөг гаргуулж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 515 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвбазар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Т.Пүрэвбазар миний бие "Уулийн шугуй" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож, шүүх хуралдаанд оролцсон. Хэргийн хувьд шинээр орж ирсэн төлөөлөгч байсан тул хэргийн материалтай танилцах шаардлагатай байсан ба мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс хэргийн материалтай танилцах боломжит хугацаа олгох хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэтэл шүүхээс хүсэлт хэлэлцэхээр хурал завсарлалгүйгээр шууд одоо танилцаад мэтгэлц гэж шаардсан. Миний бие хэргийн материалтай танилцах хүсэлтээ дахин илэрхийлж, мэтгэлцэхээс татгалзасан ч шүүгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагийг сонсоод хурлыг цааш үргэлжлүүлсэн.

Түүнчлэн нэхэмжлэгч тал өөрийн шаардлагын үндэслэлээ тайлбарлах явцад шинээр нотлох баримт шаардлагатай гэдэг нь илтэд болсон бөгөөд хуралдааны явцад зарим нотлох баримтыг цуглуулах, нэхэмжлэгч талаас шаардах авах талаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг минь огт хэлэлцэлгүйгээр хуралдааныг үргэлжлүүлсэн. Хэрэглэгчийн эрчим хүч хэрэглээтэй холбоотой эдгээр тооцоллын баримт бичгүүд нь хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэт хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан бөгөөд шүүгч гагцхүү нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн тооцоолын хуудсыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Энэ талаарх гаргасан хүсэлт хэрэгт авагдсан бөгөөд шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу захирамж гаргаагүй, улмаар захирамжид гомдол гаргах хэргийг оролцогчийн эрхийг зөрчсөн.

Ийнхүү шүүхээс хариуцагч талд хэргийн материал танилцуулгаагүй, нотлох баримт цугуулах хүсэлтийг огт хэлэлцэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгоглсон эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тус тус ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Хан-Уул Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч Уулын шугуй ХХК-д холбогдуулан цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 25 312 923 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн тооцоог нягтлан шалгах шаардлагатай гэсэн үндэслэл зааж маргажээ.

 

Анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 183/Ш32016/06650 дугаар шүүгчийн захирамжаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Уулын шугуй ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2016 оны 12 дугар сарын 14-ний өдрийн 10.00 цагт хийхээр товлон зарласан байна. /хэргийн 35 дугаар тал/

Хариуцагч Уулын шугуй ХХК 2016 оны 12 дугаар сарын 14-ий өдрийн 01/16/38 тоот албан бичгээр компанийг төлөөлөн оролцох эрхийг иргэн Т.Пүрэвбазарт итгэмжлэлээр олгож, шүүхэд уг бичгийн баримтаа ирүүлсэн байна. / хэргийн 37 дугар тал/

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/Ш32016/07079 тоот захирамжаар хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргуулах гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй, хүсэлтэд дурьдсан баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэсэн дүгнэлт хийж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 42 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар шүүх зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх үүргийг хуулиар хүлээдэг бөгөөд хэргийн оролцогч нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхийг эдэлдэг.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуульд заасан эрх буюу хэргийн материалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх боломжоор хангаагүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/01357 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвбазараас төлсөн 284 615 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА Ц.ИЧИНХОРЛОО