Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 138

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгч Л.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Лхагвагийн Даваажаргалд холбогдох эрүүгийн 1807000000122 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, Сансар 7 дугаар гудамж, 48 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот, Налайх дүүргийн 01 дүгээр хороо Уурхайчдын 23 дугаар гудамж, 02 тоотод түр оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 59а дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд багтааж 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Хан-Уул дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2002 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 120 дугаар захирамжаар түүнд оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялаас биеэр 07 сар 12 хоногийг эдэлж, үлдэх 10 сар 18 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн ТБ85012817 дугаартай, Боржигон овогт Лхагвагийн Даваажаргал.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Л.Даваажаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 08-ны шөнө 03 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 23 дугаар гудамж 02 тоотод Д.Чойжамцын цээжин тус газарт хутгалж цээжинд зүсэгдсэн шарх, баруун гарын алганы зулгаралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Л.Даваажаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Даваажаргал нь согтуурсан үедээ 2018 оны 6 дугаар сарын 08-ны шөнө 03 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 23 дугаар гудамж 02 тоот гэртээ найз Д.Чойжамцыг унтаж байхад сэрээлээ гэх шалтгаанаар цээжин тус газарт хутгалж цээжинд зүсэгдсэн шарх, баруун гарын алганы зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Даваажаргалын өгсөн: “Би 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Городокт уурын зуухны тогоо будаж дуусаад найзтайгаа хоёр шил архи уугаад унтаж байтал, гаднаас Д.Чойжамц, Д.Оюунгэрэл нар пиво барьж орж ирсэн. Тухайн үед би нилээн согтуу байсан учраас болсон үйл явдлыг санахгүй байгаа мөн хохирогчийг хутгалсанаа сайн санахгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Чойжамцын өгсөн “...2018 оны 6 дугаар сарын 07-ны орой 22 цаг өнгөрч байх үед гэртээ найзтайгаа нэг шил 0,5 литрийн архи хувааж уугаад найз маань гэр рүүгээ яваад өгсөн бөгөөд тэгээд эхнэр Оюунгэрэлтэй хамт гараад дэлгүүрээс нэг 2,5 литрийн савтай пиво аваад найз Даваажаргалынд очиж хамт хувааж ууя гэж бодоод орсон юм. Тэгээд ороход гэрт нь Даваажаргал, Наранболдтой хамт нэг шил 0,5 литрийн архи уучихсан /бараг дуусч байсан/ сууж байхаар нь би тэр архинаас ойролцоогоор 50 граммаар нэг татсан бөгөөд удалгүй Наранболд яваад өгсөн юм. Тэгээд үргэлжлүүлээд пиво уугаад сууж байхад Даваажаргал унтаад өгсөн бөгөөд удалгүй гаднаас Эрка гэх эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ороод ирсэн. Бид нарын ууж байсан пиво ч дуусаад гарч дахин нэг том 2,5 литрийн пиво аваад би нэг татчихаад Даваажаргалд өгөх гээд сэрээсэн чинь уурлаад нойроо харамлаад бага зэрэг маргалдсан гэж санаж байна. Тэгснээ гэнэт босоод шүүгээнээсээ хутга аваад л миний зүүн талын хавирга хэсэгт дүрчихсэн юм. /би тэгнэ гэж санаагүй, тухайн үед бас нэлээн согтсон байсан/ тэгэхээр нь хутганы ир хэсгээс нь баруун гараараа бариад зууралдаад газар унасан юм. Тэгээд доошоо хараад хэвтэж байтал удалгүй түргэн ирээд аваад явсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14-15 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Гэрэлцэцэгийн өгсөн “...Тэгээд ууж дууссаны дараа Чойжамц “пивонд яваад ирье” гээд гараад Чойжамцын машин дотор Оюунгэрэл бид 3 сууж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдсэн чинь гэр дотроо ухаан ороход цагдаа нар ирчихсэн Чойжамц “ёо ёо” гэж орилоод хажууд нь Оюунгэрэл зогсчихсон намайг түрүүлж гаргаад машинд суулгаад эрүүлжүүлэх байранд авч ирж хийсэн бөгөөд бусад хүмүүсийг яасныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20-21 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Оюунгэрэлийн өгсөн “...Тухайн үед би нэлээн согтчихсон байсан бөгөөд нэг мэдсэн чинь Эрка гэх эмэгтэй нь “хүүеээ Чойжамц ахыг хутгалчихлаа шүү дээ” гээд тэр үед ухаан ороод харсан чинь манай нөхрийн хэвлий хэсгээс цус гарч байсан. Тэгээд түргэн дуудсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 26-27 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Эрдэнэчимэгийн өгсөн “...Жагаа ах унтаж байснаа сэрээд “чимээгүй бай унтмаар байна” гэж хэлсэн чинь Чойжамц ах өөдөөс нь нэг юм хэлээд /яг юу гэж хэлснийг нь мэдэхгүй байна/ тэр 2 барьцалдаж авахаар нь би дундуур нь орж салгасан.  Тэгсэн чинь Жагаа ах “чи өөдгүй занатай” гэж хэлээд буцаад орондоо ороод унтсан чинь Чойжамц ах “би чамд өртэй юм уу албатай юм уу” гэх мэтээр үгээр идээд байсан чинь Жагаа ах босч ирээд “чи ямар ядаргаатай юм бэ” гэж хэлээд шүүгээнээс юм авах шиг болоод /тухайн үед яг юу авсныг нь мэдээгүй/ Чойжамц ахтай барьцалдаж зууралдаад шалан дээр унахаар нь би очсон чинь Жагаа ах хутганы ишэн дээрээс нь харин Чойжамц ах ирэн дээрээс нь барьчихсан байхаар нь хутгыг нь салгаж авсан чинь Оюунгэрэл эгч “хутганы үзүүр орчихсон цус гараад байна шүү дээ” гэхээр нь Чойжамц ахын цамцыг сөхөөд хартал цус гараад байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 29-30 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №294 дүгээр:

  1. “Чойжамц-н биед цээжний зүсэгдсэн шарх, баруун гарын алганы зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 33 дугаар тал/

Хохирол төлсөн баримт,

/хх-ийн 46 дугаар тал/

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт,

/хх-ийн 49 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 52 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 54 дүгээр тал/

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүргэл,

/хх-ийн 33-38 дугаар тал/

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 59а дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 57-58 дугаар тал/

Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2002 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 120 дугаар захирамжийн хуулбар,

/хх-ийн 59 дүгээр тал/

Торгуулийн хуудасны бүртгэл /хх-ийн 68-70 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Л.Даваажаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудад ялтан Л.Даваажаргалын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийн талаар баримт судлаагүй учир түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тавьсныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд 300 цагийн хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь зүйтэй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Чойжамцад хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн байцаалтад “надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Л.Даваажаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 23 см урттай, ажлын хэсгийн урт 11,5 см хүрэн өнгийн модон бариултай хутга 1 ширхэгийг устгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Даваажаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Лхагвагийн Даваажаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Даваажаргалыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Л.Даваажаргалд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 23 см урттай, ажлын хэсгийн урт 11,5 см хүрэн өнгийн модон бариултай хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Л.Даваажаргал нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Даваажаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ