Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/17

 

                                                         

 

 

 

 

    2024          12            24                                           2025/ДШМ/17

 

П.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

шүүгдэгч П.Б-,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1168 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2403005370720 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

П.Б ................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч П.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг,  .... Толгойт ..... тоот хашаанд 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 19 цаг 30 минутын үед Toyota Prius загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/... эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж Toyota Prius загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... Толгойт .....тоот хашаа, хашаан доторх монгол гэрийг дайрч гэрт байсан иргэн Б.М-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     Тээврийн прокурорын газраас: П.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Б-ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хор уршигт 8,580,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.М-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.М- нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Б гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа, шүүхээс хохирогч Б.М-д олгохоор шийдвэрлэсэн 8,580,000 төгрөгийн хор уршгийг төлж барагдуулсан, хохирогч Б.М намайг уучилж, бид хоорондоо эвлэрсэн бөгөөд Б.М-ийн зүгээс шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байгаагаа бичгээр илэрхийлж байгаа.

Би хувиараа барилгын засал, чимэглэлийн ажил хийдэг бөгөөд энэхүү гэмт хэрэгт холбогдож бусдад учруулсан хохирол, хор уршгаа төлж барагдуулахын тулд бусдад өр төлбөр тавьсан ба энэхүү өр төлбөрөө төлж барагдуулахын тулд хөдөлмөр эрхлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Мөн би 4 хүүхэдтэй, эхнэр маань одоо 2 сартай жирэмсэн, гэр бүлээ тэжээн тэтгэх шаардлагатай байгаа тул зорчих эрх хязгаарлах ялыг эдлэхэд хүндрэлтэй байдалд байна.

Иймд та бүхэн миний энэхүү нөхцөл байдлыг минь харгалзан үзэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1168 дугаар шийтгэх тогтоолоор оногуулсан 01 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж тэнсэж өгнө үү. Миний бие тэнссэн хугацаандаа болон цаашид дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй гэдгээ илэрхийлж байна. ...” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь, П.Б-ы үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хор уршигт түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял нь тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг П.Б-д холбогдох 2403005370720 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй байна.

1. П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг,  .... Толгойт ..... тоот хашаанд 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 19 цаг 30 минутын үед Toyota Prius загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/... эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж Toyota Prius загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... Толгойт .....тоот хашаа, хашаан доторх монгол гэрийг дайрч гэрт байсан иргэн Б.М-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6-7/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12/,

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “драйгер багажны заалт 3,40%” /хх-ийн 13/,

хохирогч Б.М-ийн: “...хашааны гадаа машин мөргөж байгаа чимээ чанга дуугарахаар нь юу болсныг тодруулахаар гэрийнхээ хаалгаар гарсан. Тэгээд юу болсныг санахгүй байгаа, нэг харахад миний зүүн хөл хашаа, гэр мөргөсөн машины баруун талын арын дугуйнд дарагдсан байсан. Тэгээд хөлөө аваад цаашаагаа алхаад гараад суусан. Ослын улмаас зүүн өвдөг өвдөж байгаа, имрай шинжилгээ хийлгэ гэсэн, мөн зүүн гарын бугалга хөхөрсөн, баруун хацар зулгарч шалбарсан оёдол тавиулсан, нүдний дээр, доор, зүүн чихэнд, эрүүн доор оёдол тавиулсан, дэлүү ус хуралттай, баруун шанаанд гадна биет орсон байна, зүүн тавхай хөндүүртэй зэрэг гэмтлүүд учирсан, гомдолтой байна... ” /хх-ийн 16/,

иргэний нэхэмжлэгч Э.Э-ийн: “...2024 оны 7 дугаар сарын 11-ний орой 19:00 цагийн үед хашааны гадна нэг машин хаазлаад байгаа сонсогдож байсан. Тэгтэл удалгүй машин мөргөх чимээ гарахаар нь М гэрээс гараад гүйтэл нэг машин хашаа мөргөөд гэр дайраад ороод ирсэн. Тэгээд 103, 102-т дуудлага мэдээлэл өгсөн. Миний биед ослын улмаас зүүн хөлийн шилбэ дээр угаалтуур унаад миний зүүн өвдөг гэмтсэн. 3 унь толгой дээрээс унаад цохисон. Зүүн гарын шуу хөхөрсөн байсан, хохирлыг нэхэмжилнэ...” /хх-ийн 27/,

иргэний нэхэмжлэгч Х.Ц-ийн: “...хашааны гадна машин мөргөж байгаа дуу чимээ гарахаар нь манай хүү М машин мөргөчихлөө гээд гэрээс гартал нэг машин хашаа мөргөөд, М-ийг мөргөөд, гэр мөргөөд зогссон. Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ..... тоот хашаа болон монгол гэр нь миний эзэмшлийнх. Өөрийн хашаа болон гэрт учирсан хохирлыг төлүүлж барагдуулмаар байна. ...” /хх-ийн 31/,

иргэний нэхэмжлэгч Б.М-ийн: “...гадаа машин мөргөх чимээ гараад манай хүргэн Б-ийн машин болох Prius-20 загварын автомашиныг мөргөх чимээ гараад удалгүй гэрийн зүүн урдаас машин ороод ирсэн. Тэгээд ойр хавийн эд зүйлс нурж унан тогооны шүүгээ хүү бид хоёрын мөрөн тус газар шүргээд эрчиндээ бид хоёр унаад өндийгөөд босож ирэхэд гэр рүү машин ороод ирчихсэн, ээж муужирсан, дүү цустайгаа холилдсон байдалтай байсан. ...” /хх-ийн 36/,

иргэний нэхэмжлэгч А.Б-ийн: “...Тоёота Приүс-41 загварын машин миний эзэмшлийн Тоёота Приүс загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөөд цаашаа манай хадам Ц-ийн хашааг мөргөөд дотор байсан гэрийг нь дайрсан байсан. Жолоочийг нь хартал согтуу байсан.  ...” /хх-ийн 40/,

иргэний нэхэмжлэгч С.С-ийн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.М нь 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас Б.М нь 229,920 төгрөг гарсныг П.Б-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” /хх-ийн 44/ гэх мэдүүлгүүд,

Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9176 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...1. Б.М-ийн биед зүүн өвдөгний тал саран холбооны урагдал, дух, баруун хацар, шанаа, эрүү, зүүн чихний дэлбээнд шарх, зүүн бугалга, хоёр гуя, хоёр өвдөг, баруун шилбэнд цус хуралт, дух, баруун хацар, шанаа, эрүү, хүзүү, баруун эгэм, цээж, баруун сарвуу, шилбэ, зүүн шагайнд зулгаралт гэмтлүүд топгоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” /хх-ийн 97-98/,

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 622 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан: “Шууд зарлагын дүн 190.000 төгрөг, шууд бус зардлын дүн 60.000 төгрөг, будах зардал 200.000 төгрөг, эд анги солих 20.000 төгрөг, нийт 470.000 төгрөг...” /хх-ийн 115-116/, 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаартай тайлан: “Монгол гэр 5 хантай: материал 2.029.000 төгрөг, ажлын хөлс 210.000 төгрөг, тээврийн зардал 80.000 төгрөг, шууд зардлын дүн 2.319.000 төгрөг” /хх-ийн 123-129/, 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тайлан: “Гүйдэг хаалга, хашаа: материал 1.440.000 төгрөг, ажлын хөлс 410.000 төгрөг, тээврийн зардал 150.000 төгрөг шууд зардлын дүн 2.000.000 төгрөг” /хх-ийн 134-139/,

Тээврийн цагдаагийн албаны 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1500 дугаар мөрдөгчийн магадлагаа: “...1. Жолооч П.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиодолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” /хх-ийн 154-155/,   

П.Б-ы жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 68/,

П.Б-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...гэрийнхээ гадна зүс таних нэг залуугийн хамт 2.5 литрийн хэмжээтэй пиво хувааж уусан. Тэгээд нөгөө залуугаа гэрийнх нь гудамж руу оруулж өгөх гээд би машинаа жолоодоод хөдөлсөн бөгөөд явж байгаад буруу гудамж руу орчихсон байсан. Тэгээд буцаад гудамжнаас гарах гээд явахад машин гарахгүй хий эргээд шарвасан, тэгээд хойш өнхрөөд айлын хашааны гадна зогсож байсан машиныг мөргөөд сандарсандаа айлын хашаа руу рулээ эргүүлээд яваад орчихсон, ийм зүйл болсон. Ослын дараа миний машин айлын гэр мөргөөд зогссон байсан. ...” /хх-ийн 172-173/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.  

2. Шүүгдэгч П.Б-ы согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/... эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын буюу А.Б-ийн тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар айлын хашаа, хашаан доторх монгол гэр /Х.Ц-ийн/-ийг дайрч, улмаар иргэн Б.М-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн П.Б-ы үйлдсэн хэргийг зүйлчилсэн байна.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Шүүх П.Б-д тус зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх нутаг дэвсгэрийн хэмжээг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийтгэсэн нь хуульд нийцсэн байна.

П.Б-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний согтолтын хэмжээг амьсгалаар шалгахад 3.40 хэмжээтэй байсан хувийн байдал, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хашаа болон гэр зэргийг мөргөж тухайн айлын аюулгүй байдалд нөлөөлсөн хэр хэмжээ зэрэгт бүрэн тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул шүүгдэгч П.Б-ы гаргасан “...тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

         4. Хохирогч Б.М-ийн эмчилгээний зардалд 150,000 төгрөгийг /хх 86/, иргэний нэхэмжлэгч А.Б-д тээврийн хэрэгслийн эвдрэлд 500,000 төгрөгийг /хх 177/ болон шинжээчийн зардалд 292,000 төгрөгийг, монгол гэрийн эвдрэлд 2,319,000 төгрөгийг /хх 86, 178-179/, иргэний нэхэмжлэгч буюу эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн 229,920 төгрөгийг /хх 177/, давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирогч Б.М-д сэтгэл санааны хохиролд 8,580,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.

Хохирогч Б.М-ийн “...Миний бие П.Б-ы 0000 ААА улсын дугаартай Toyota Prius-20 загварын автомашиныг сэтгэл санааны хохирол болох 8,580,000 төгрөгт тооцон авч хохиролгүй болсон болно. Иймд П.Б-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. ...” /хх-ийн 248/ гэсэн хүсэлт, шүүгдэгч П.Б-ы үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, иргэний нэхэмжлэгч нарын хохирлуудыг бүрэн нөхөн төлсөн зэрэг байдлуудыг давж заалдах шатны шүүх харгалзан анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаа болгон хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1168 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял...” гэснийг “...1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Хохирогч Б.М-д сэтгэл санааны хохиролд 8,580,000 төгрөгийг шүүгдэгч П.Б- төлсөн болохыг дурдсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

                       ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ