Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/02371

 

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/02371

 

 

Д.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/02557 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Мөнхтунгалагт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 20 769 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Мөнхтунгалагтай 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 23 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Гэрээ дууссанаас хойш алдангид мөнгө төлөөгүй, 12 457 000 төгрөг төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 35 758 167 төгрөг нэхэмжилсэн боловч шаардлагаа багасгаж 20 769 000 төгрөг болгож байна. Хүү өндөр байгаа талаар хэлж байгаагүй, төлөлтөө хийж байсан тул зээлийн хүүг багасгах үндэслэлгүй. Хүүг багасгах талаар ямар ч санал гаргаж байгаагүй бөгөөд гэрээнд заасан хүүг төлсөн. Иймд Ц.Мөнхтунгалагаас үндсэн зээл 16 840 000 төгрөг, алданги 3 929 000 төгрөг нийт 20 769 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулснаас хойш нийт 19 360 000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаанд хүүг төлж дуусгасан бөгөөд 2017 оны 02 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүү хэт өндөр. Тиймээс бид банкны хүүгийн талаарх баримтыг гаргаж өгсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэрээ. Гэхдээ шүүх хүүгийн хэмжээ хэт өндөр бол багасгаж болохоор Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д заасан. Мөн алдангийн хэмжээг ч багасгаж эрхтэй. Хариуцагчийн тооцоогоор 14 118 000 төгрөг төлөх үлдэгдэлтэй гарсан. Иймд нэхэмжлэлийн дүнгээс энэ үнийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц.Мөнхтунгалагаас 16 289 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бямбасүрэнд олгож, үлдэх 4 480 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336.740 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мөнхтунгалагаас 239.395 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бямбасүрэнд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: .. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хариуцагчийн төлсөн дүнг үндсэн зээлээс хасаж тооцох байсан бол бидний алданги нэхэмжилсэн үнийн дүн нэмэгдэж гарах байсан гэдгийг шүүх хуралдаан дээр тодорхой тайлбарласан, мөн зээл хүүний тооцооллоор тодорхой харагдаж байхад анхан шатны шүүх үүнийг анхааран үзээгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан үед нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хоног тутам тооцож хариуцагчаас гаргуулан авах эрх нь нээлттэй болсон. Зээлийн гэрээний хугацаа дуусаж нийт 242 хоногийн алданги 21 586 400 төгрөг болж байгаа боловч үндсэн зээлийн үлдэгдэл 17 920 000 төгрөгийн 50 хувь нь 8 960 000 төгрөг болж байна. Үүний дагуу гэрээний хугацаа дууссанаас хойшхи төлөгдсөн дүнгээс 5 000 000 төгрөгийг алдангид суутган, үлдэх алдангийг нэхэмжилсэн. Иймд хариуцагчаас 4 480 000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг шүүх огт хэрэглэсэнгүй. Монгол Улсын хэмжээнд банк санхүүгийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгуулагуудын зээлийн нэг сарын хүү нь 3.5-5 хувь бөгөөд үүнийг батлах зорилгоор нийтэд илэрхий үйл баримт буюу банк болон банк бус санхүүгийн байгуулагын брошурыг шүүхэд нотлох баримт гаргасан боловч шүүх зөвхөн гэрээнд заасан үндэслэлээр хүүг тооцно гэж огт хүлээн авсангүй. Илт хохиролтой гэдэг нь зээлийн гэрээний төлөлтөөс харагддаг бөгөөд зээлийн гэрээ бичгийн хэлбэрээрээ сард нэг удаа төлөлтийг хийх ёстой мэт харагдавч бодитоор өдрийн зээлээр мөнгийг төлдөг байсан бөгөөд энэ нь дансны хуулгаар нотлогдон өдрийн зээлийн мөнгө хүүлэлт гэдэг нь бүрэн харагддаг. Нийгэм эдийн засгийн байдал болон иргэдийн худалдах худалдан авах чадвар эрс буурч хувиараа наймаа эрхэлж буй хүмүүст нөлөөлж зээлдэгч Бямбасүрэнгээс удаа дараа зээлийн гэрээний хүүг буулгаж өгөөч гэж хүсэлт тавьж байхад огт буулгах боломжгүй гэж тайлбарладаг байсан. Хүү, алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх бүрэн эрхийнхээ шийдвэрлэсэнгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хүүгийн хэмжээг буулгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Бямбасүрэн нь хариуцагч Ц.Мөнхтунгалагт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 16 840 000 төгрөг, алданги 3 929 000 төгрөг, нийт 20 769 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг зөвшөөрч, хүүгийн хэмжээ өндөр тогтоогдсон гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Д.Бямбасүрэн нь 23 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдэгч Ц.Мөнхтунгалагт зээлдүүлэх, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байна.

 

Зээлдүүлэгч Д.Бямбасүрэн нь зээлдэгч Ц.Мөнхтунгалагийн ХААН банкин дахь 5034473176 тоот дансанд 23 000 000 төгрөгийг мөн өдөр шилжүүлснээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан байна.

 

Зээлдэгч Ц.Мөнхтунгалаг нь зээлийн гэрээний хугацаанд нийт 11 980 000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй ба зээлийн гэрээний сунгалт бичгээр хийгдээгүй тул 3 сарын хүү 6 900 000 төгрөгийг төлсөнд тооцож, үлдэх 5 080 000 төгрөгийг болон гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 5 560 000 төгрөгийг тус тус үндсэн зээлээс хасч хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг 12 360 000 төгрөг гэж тодорхойлсон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Нэхэмжлэгч шаардлагаа өөрөө тодорхойлж, хэмжээг нь ихэсгэх, багасгах эрхийн хүрээнд үндсэн зээл 16 840 000 төгрөг, алданги 3 929 000 төгрөг гэж шүүх хуралдаанд тайлбарласан тул алдангийг нэмж гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд талууд нэг сарын 10 хувийн хүү тооцохоор тохиролцсон, тохиролцсон хүүг хариуцагч төлсөн байх тул хүүгийн хэмжээг багасгахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд зохигчдын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй, харин шийдвэрийн удиртгал хэсэгт хэргийн агуулгыг буруу тодорхойлсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцгийн нэрийн эхний үсгийг буруу бичсэн байгааг залруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/02557 дугаар шийдвэрийн Удиртгал хэсгийн 35 758 167 гэснийг 20 769 000 гэж, Б.Атарболд гэснийг Ч.Атарболд гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 239 450 төгрөгийг, нэхэмжлэгчийн төлсөн 86 630 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Н.БАТЗОРИГ