Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 107

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

        Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

        Шүүгдэгч: Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Харагчууд овогт Н.Т-д холбогдох 183500000121 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  1977 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Хяргас сумын Бугат багийн засаг дарга ажилтай, ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр баг Нарлаг хорооны 1-4 тоотод оршин суудаг, яс үндэс баяд, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, РД:ОР77111017, Харагчууд овогт Н.Т.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Ө-Оршихыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Шүүгдэгч Н.Т.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

         Шүүгдэгч Н.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.М-ыг зодсон болох нь хохирогч Г.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Зүүн бүсийн хурдан морины хуралдаан болох гээд уяачдын зөвлөгөөн Хяргас сумын Соёлын төвд болно гээд би Булганхангай багаас сумын төв дээр очоод байж байсан. ...Тухайн үед тэнд буюу Соёлын төвийн 2 давхарт 2-р багийн дарга Т, Иргэдийн нийтийн хурлын дарга Б, бас юу хийдгийг нь мэдэхгүй Б гэх хүн соёлын төвийн эрхлэгч бололтой 40 орчим насны эгч, уяачдын холбооны дарга Ц нар байсан ба дундаа нэг шил 0,75 литрийн Соёрхол архи тавьчихсан хуваагаад ууж байсан. Эхлээд мэнд мэдэлцээд за наашаа суу гэхээр нь суугаад байж байхад Ц надад архи аягалаад би тэр архинаас 2 удаа татсан. Тэгээд хэсэг сууж байгаад одоо хуралдаанаа эхлэх болоогүй юм уу гээд тэд нараас асуухад Ц хуралдаан яахав, гарч хоол унд идье гэсэн Би дахиад Ц-аас хурал болохгүй юм уу гэж асуухад асуултанд хариулахгүй намайг тоохгүй байгаад байсан би хэсэг сууж байгаад Цт хандаад чи өмнө нь хүртэл саяны өнгөрсөн өвөл шал хэрэггүй хар холоос намайг дуудаж авчруулаа биздээ гээд би бага зэрэг уурласан тэгсэн Ц надад хандаад чамд ер нь юу байдаг юм гээд дээр нь миний эцгийг хоосон гэх маягаар доромжилсон тиймэрхүү байдлаар хэрүүл болж байтал Ц Т-рүү хандаад толгойгоо хөдөлгөж дохитол Т ууж байсан архины шилийг барьсанаа миний толгойруу нэг удаа цохисон тэгсэн намайг цохисон архины шил нь хагарсан тэгээд боль гээд Б салгасан тухайн үед өдөр 14 цаг болж байсан. Тэндээс шууд гараад хамаатны айл болох Өгийнд очсон тэгээд хоол идээд хэсэг байж байтал хурал эхлэх гэж байна гэсэн сураг гараад би өөрийн танидаг дүү болох Ц-ийг дагуулаад Соёлын төвийн үүдэн дээр очсон. Би очоод Т-тэй эв зүйгээ олох гээд дөхөөд очтол дахиад шатнаас гүйж бууж ирээд миний зүүн нүдрүү гараараа нэг удаа цохисон би тухайн үедээ манараад толгойгоо дарж хэсэг хэвтсэн нэг мэдсэн намайг Ц машинруу оруулаад хэвтүүлсэн байсан. Тэндээсээ Ө гэх манай ах ирээд намайг эмнэлэгт аваачиж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4-р талд/,

      гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хяргас сумын Уяачдын холбооны нарийн бичгийн орон тооны бус даргаар ажилладаг. 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сумын уяачдын холбооны хурал болохоор тов зарлагдаж сумын уяачид болон морь сонирхогч хүмүүс соёлын төв дээр цугласан. Тухайн өдрийн 10 цагт хурал эхлэх байсан боловч үдээс хойш 14 цагийн үед соёлын төвийн гадна хүмүүс цугласан байсан юм. Тэгэхэд Г.М гэж залуу намайг аймгийн алдарт уяач болгосонгүй чи миний тодорхойлолтыг явуулсангүй гээд орилоод над руу агсраад хэрүүл өдөөд байсан. Би чиний тодорхойлолтыг аймгийн уяачдын холбоо руу явуулсан худлаа гэвэл холбооны нарийн бичиг З гэж хүнтэй ярь гэж утсаар яриулахад Зтай ярьж байгаад хэл амаар доромжилж утсаа салгасан тэрний дараа надтай маргаан хийгээд байсан би согтуу хүнтэй юу ярих бэ? гээд зүгээр орхисон боловч сумын тэнд цугласан уяачдыг “Та нар сумаасаа даага хөтөлж гарч наадаж үзсэн юм уу?, овооны алдартууд гээд орилоод байсан. Тэнд байсан хүмүүсээс Г.М-т ямар нэгэн юм яриагүй Т.Ц, Б.П нартай мэнд асууж юм ярьж байгаад соёлын төвийн шатан дээр сууж байсан бусад уяач нартай хамт зогсож байсан Н.Т-ийг баруун гараараа зүүн талын шанаа хэсэг газар цохиход Н.Т Г.М нар хоорондоо барьцалдаж шатнаас буугаад Н.Т гараараа Г.М-ын нүүрэн тус газар нь хоёр удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,

    гэрч А.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн:“...Тухайн өдөр “Эргэн дурсахуй” зоогийн газар хоол идэж байсан чинь Г.М, Х.Ц, Н.Т, Д.Ц нар гаднаас орж ирсэн. Г.М Х.Ц хоёр хоорондоо тэврэлдэж цай ууж байснаа нэг шил Соёрхол нэртэй 0.75 литртэй архи авсан. Архи уугаад сууж байгаад уяачдын холбооны ажлаас болж маргалдаж хоорондоо хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би та нар боль хэрүүл маргаан хэрэггүй “Зүүн бүсийн хурдан морины” уралдаанаа зохион байгуулахад анхаарцгаая гэж хэлээд сууж байтал архи хундаглаж байсан Н.Т шилтэй архиа Г.М луу шидсэн чинь шилтэй архи нь миний зүүн энгэр дээр ирж тусч шилтэй архи нь ширээн дээр унаж хагарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

     гэрч Р.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн:“...Хяргас сумын уяачдын зөвлөгөөн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр болохоор товлогдож би уг зөвлөгөөнд ирсэн. 10 цагт болох ёстой зөвлөгөөн хойшлогдож 15 цагийн үед Д.Б, Т.Ц, Б.П,Ү.Ө, Ц.Н, Д.Б, Д.Цэндаюуш, Б.М, Б.Б, Н.Б бид нар соёлын төвийн үүдний шатан дээр сүугаад бусад хүмүүсээ хүлээгээд сууж байтал Г.М гэж залуу ирээд согтуугаар та нар овооны уяач нар наад жалганаасаа гарч уралдаж үзээгүй баасууд би бол халхын хавтгай дээр над шиг хүн байхгүй гэх мэтээр орилж хашгираад тэнд байсан настай хүмүүс рүү салаавч гаргаад байсан. Уяачдын холбооны нарийн бичгийн дарга Н.Б гэж залуу руу гартаа байсан жижиг зүйлээ шидэж мөн хэл амаар доромжилж байгаад шатан дээр бид нартай юм яриад зогсож байсан Н.Т-ийн зүүн шанаа руу Г.М цохиод барьцалдаад шат руу буухдаа Н.Т Г.Мын нүүр лүү 2 удаа гараараа цохиход Г.М газар унаад хэвтээд өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

    гэрч Л.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн:“ ...2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хяргас сумын уяачдын зөвлөгөөний үеэр уяачдын холбооны нарийн бичгийн дарга Н.Б гэж залуу хоол захиалсан. ...Манай караоке өрөөнд сууж байгаад аяга таваг тажигнаж дугарахаар нь би явж ороод “та нар юу болж байгаа юм бэ үйчилгээний газар боль гэхэд” Г.М намайг энгэрээс заамдаад бариад авахад Д.Ц гэж залуу наад хүн үйлчилэгч хүн гэж хэлэхэд Г.М намайг тавиад тэнд байгаа хүмүүстэй маргалдаад байсан.. Тэрний дараа архитай шилээ нэг рүүгээ шидэлцэж хагарсан гэж ярьж байсаныг би тэнд байсан хүмүүсээс сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

     гэрч Д.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн:“ ...Тэгээд би Г.Мыг зоогийн газраас аваад Ө гэж ахын гэрт очоод хоол цай уугаад хэсэг хугацаанд амарсан. Соёлын төв дээр зөвлөгөөнд орохоор бид хоёр очиход Н.Т ирээд Г.Мтай муудалцаад зодолдоод эхэлсэн. Н.Т Г.Мыг хоёр удаа гараараа нүүрэн тжс газа нь цохиход Г.М газар унасан. Түүнийг газар унасаны дараа цохих гээд дайрч байхдаа түүний толгой хэсэг газар нь өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

      гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.М хэл амаар тэнд байсан хүмүүсийг доромжилж Н.Б-тай маргалдаж байж байгаад шатны хажууд зогсож байсан Н.Т-ийн зүүн шанаа тус газар нь нэг удаа гараараа цохиод Г.М Н.Т нар хоорондоо барьцалдаж шатнаас буухдаа Н.Т нэг удаа гараараа Г.М-ын толгой руу цохиход Г.М газар унаад хэвтээд өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,

    гэрч Ү.Ө-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Г.М тэнд байсан хүмүүстэй мэндлээд байж байгаад сумын уяачдын холбооны нарийн бичгийн дарга Н.Б-тай маргалдаж аймгийн алдарт уяач цол олгосонгүй гэж ярьж байсан....Мөн аймгийн алдарт уяач Ц.Н болон түүнд байсан хүмүүсийг та нар овооны уяачид гэх мэтээр доромжилж ярихад нь Ц.Н уурлаж жаахан маргаан үүсгэж байгаад больсон. …Г.М шатан дээр зогсоод бид нартай юм ярьж зогсож байсан Н.Т-ийг зүүн шанаа хэсэгт нь гараар 1 удаа цохиход Н.Т уурлаж Г.Мын нүүрлүү 2 удаа гараар цохьсон. ...Н.Т-ийг цохисоны дараа Г.Мэнбаяр газар унаад хэвтэж байгаад Д.Ц, Б.Мөнхбаяр нар машинруу оруулахыг харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/,

       гэрч Ц.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Н.Т-ийг Г.М шатан дээр зогсож байхад зүүн шанаа хэсэг газар нь гараараа цохиход Г.М-ыг Н.Т нүүр хэсэг газар нь гараараа 2 удаа эргүүлээд цохисон. Тэнд байсан Н.Б, Д.Б хоёр тэр хоёрын дундуур ороод салгаад хоёр тийшээ болсон. Г.М-ыг Н.Т 2 удаа цохьсоны дараа Г.М газар унаад нүүрээ дараад хэвтээд өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/,

 

 

      шүүгдэгч Н.Т-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр уяачдын зөвлөгөөн болж би уяачдын зөвлөгөөний үйл ажиллагааг зохион байгуулахаар соёлын төв дээр очоод соёлын төвийн эрхлэгч Ш.У-ийн өрөөнд ороод сууж байтал Г.М согтуу өөрийнх туслах хурдан морь уяач Д.Ц гэж залуутайгаа орж ирсэн. Тэгээд тэнд байсан хүмүүсийг  янз бүрээр дайрч доромжлоод байсан. Би гудамжинд уяач нараа цуглуулах гээд байтал Х.Ц “ Эргэн дурсахуй” зоогийн газар хүрээд ир гэсэн. “Эргэн дурсахуй” зоогийн газарт очоод тэнд байсан хүмүүс цай уугаад хоол идэж байсан. Тэнд нэг шил Соёрхол нэртэй 0.75 литртэй архи авч ирээд хүмүүс ууж байсан. Г.М тэнд байсан ахмад уяач нар луу нутгаасаа гарч үзээгүй жалганы уяач нар та нарын аймгийн алдарт уяач гэж юу байдаг юм гэх мэтээр орилж хашгираад байсан юм. Тэгээд гадна хүмүүс цугласан байна гэхээр нь гарч гадна байсан хүмүүстэй уулзаж байгаад буцаад зоогийн газар орохдоо Х.Ц-тай хэрүүл хийсэн хундагатай архи барьчихсан зогсож байхаар нь хүмүүс цугласан байна хуралаа эхлүүлье Соёлын төв рүү явья гэсэн чинь Г.М над руу дайрч “Чи муу бууны нохой чи миний аймгийн алдарт уяачын цол өгөөгүй гэх мэтээр над руу дайрахад би гарч зайл гэхэд” гартаа барьж байсан хундагтай архиа над руу шидсэн. Миний уруулын доод талд уг хундага оноод миний уруулын доод талаас цус гарсан. Би уурлаад ширээн дээр байсан шилтэй архийг аваад шидэхэд миний шидсэн архины шил ширээн дээр тусаад хагарсан. Хагарсан архины шилний хэлтэрхий Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын А.Бгийн энгэрийн халаасанд байсан гар утасны дэлгэцийг хагалсан. Бид хоёрыг тэнд байсан хүмүүс хоёр тал салгаад бид нар “Эргэн дурсахуй” зоогийн газраас гараад явцгаасан. Г.М намайг тухайн үед 3 удаа цохисон. Би тэнд байсан зарим хүмүүстэй явж байгаад 15 цагийн үед Соёлын төв дээр очиход уяачид нэлээн цугласан байна гэхээр нь очиход Г.М соёлын төвийн үүдэн дээр сумын уяачдын холбооны нарийн бичгийн дарга Н.Б болон Ц.Н нартай маргалдаж тэнд байсан хүмүүс рүү салаавч өгсөн доромжилж байсан юм. Би Соёлын төвийн шатан дээр суучихсан хүмүүстэй мэндлээд зогсож байтал Г.М ирээд миний зүүн шанаа хэсэг газар гараараа нэг удаа цохиход би шатнаас буугаад гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон. Тэгээд тэнд байсан Н.Б, Д.Б, Д.Б нар боль гээд салгаад холдуулсан. Г.М намайг болон тэнд байсан хүмүүсийг доромжлоод байсан юм. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

       Шүүгдэгч Н.Т нь хохирогч Г.М-ыг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид Тархи доргилт, хамар яс, зүүн ухархайн доод ханын хугарал, гайморын хөндийд цус хуралт, зүүн нүдний эргэн тойронд, хүзүү, зүүн бугалга, баруун, зүүн зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэх гэмтэлүүд  үүссэн  байна. Энэ гэмтэл нь мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 369 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

   Иймд шүүгдэгч Н.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

     Хохирогч Г.М нь “Н.Т-д ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж тодорхойлолт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.

     2. Шүүгдэгч Н.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

      Шүүгдэгч Н.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

     Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон хүрээнд торгох оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

     Шүүгдэгч Н.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Харагчууд овогт Н.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-д 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 8000.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

     3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

     4. Шүүгдэгч Н.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

     5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Төд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ