Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/1338

 

    2024           12            12                                       2024/ДШМ/1338

 

Э.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Болормаа,

хохирогч Л.Ч, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/1846 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Л.Ч, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Т-д холбогдох 2310 00186 0732 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Х овгийн Э-н Т, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр ................. төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ..................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ................/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;                        

Яллагдагч Э.Т нь 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сарын хооронд хуш модны самар бэлтгэж өгнө гэж авсан 406.000.000 төгрөгийн үлдэгдэл 150.000.000 төгрөгийн үнийн дүн дээр 2022 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд 293.000.000 төгрөгийн хуш модны самрыг бэлтгэж өгнө гэж хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн яллагдагч Э.Т-г шүүхэд шилжүүлж, түүний гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн хангалттай шалгаж тогтоогоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх үндэслэл үүссэн гэж дүгнэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Ч /хх 58/, Э.Т /хх 70-71/ болон бусад гэрч нарын мэдүүлгээр самар бэлтгэн нийлүүлдэг талаар мэдүүлсэн байна. Мөн самар бэлтгэж байгаа талаар машины дээр ачсан шуудайтай зүйлсийн гэрэл зургууд /хх 20-27/ авагдсан байх тул тус асуудлыг тодруулж Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэг заасан “Хүрээлэн буй орчны эсрэг” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нэг мөр шалган тогтоох зайлшгүй шаардлагатай гэж шүүх үзсэн. Хэрвээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд “Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах”, 2 дахь хэсэг “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг яллах дүгнэлт үйлдэх шаардлага үүснэ. Яллагдагчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх үндэслэлтэй. Дээр дурдсан хэрэгт ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг шалгаж тодруулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн хор уршгийг арилгах болон гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх ач холбогдолтойн гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх зарчим шаардлагад нийцэх тул “шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай” үндэслэлээр яллагдагч Э.Т-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь үндэслэл бүхий байна. Хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд яллагдагч Э.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Хохирогч Л.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2023 оны 02 дугаар сард Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст Э.Т-д залилан мэхлүүлсэн гэж өргөдөл гомдол гаргаж, прокуророос яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Э.Т-н өмгөөлөгч Ө.Амарбаясгалангийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг надад мэдэгдэлгүй, оролцуулалгүй хийж 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүгчийн захирамж гарч уг хэргийг прокурорт буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүсэлт гаргаж байна. Үүнд:

1. Би ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явдаг жирийн нэг бизнес хийдэг. 10 гаруй жил Эмээлт зах болон хүмүүстэй хамтарч ноос ноолуур, түүхий эдийн дундын ченж хийж мөнгөө эргэлдүүлдэг. Одоо “Ж к” ХХК-д ноос, ноолуур угаах үйлдвэрт ажилладаг.

2. Уг хэргийн талаар нотолбол зохих бүх нотлох баримтыг цагдаа, прокурор сайн цуглуулсан нь хэрэгтэй танилцахад байсан. Үүнд банкны дансны хуулгууд, гэрчүүдийн мэдүүлгүүд, намайг хуурч итгэлийг маань ашиглаж, бодит байдлыг нуун мөнгөнийхөө оронд лагерийн хаус, барилгын засал чимэглэлийн том ажил авсан, түүнийхээ хөлсөнд авах 2-3 бэлэн байр ав гэж үзүүлээд утсаа авахгүй алга болж зугтаадаг. “Б Х М-ын” гишүүн ажилтай байна гэж зүгээр байгаарай гэж уцаарладаг. Гэрч Г.Г-н мэдүүлэг хавтаст хэргийн 86 дугаар тал Ч.Т-г танилцуулсан, миний нэрийг бариад итгэлийг олж авсан юм шиг байна лээ, 2022 оны 09 сард таны найз Т “самар нийлүүлнэ” гээд надаас мөнгө авад одоо болтол самар нийлүүлээгүй гэх. Э.Т нь 2017 онд самар түүхий эх нийлүүлэхээр мөнгө авч хамтарч ажиллаж, түүнээс хойш 3 жил самар нийлүүлдэг гэх /хх 69/, би ноос ноолуур, түүхий эдийн ченж хийж, гарал үүслийн бичиг, төлбөр төлсөн баримт зэргийг маш сайн мэддэг. Самрын үйлдвэр эрхэлдэг компанид дундын ченж авсан самраа гарал үүслийн бичиг, орон нутагт төлбөр төлсөн баримтын хамт хүлээлгэн өгч байсан.

3. Э.Т-н самар бэлтгэж байгаа болон тээвэрлэхээр машин дээр ачсан шуудайтай зүйлсийн гэрэл зургууд нь намайг хуурч одоо явуулах гэж байна, түлш дууссан, хүмүүст мөнгө өгөх хэрэгтэй байна гэх мэт худал хэлж, цахимаар зураг явуулж намайг итгүүлээд тэр самраа миний мөнгөөр аваад өөр газар зарсан байх гэж би харддаг. Би мөрдөгчийн шалгасан хэргийн материалыг үндэслээд прокуророос Э.Т-г намайг залилсан гэж дүгнээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг маш зөв гэж үзэж байна. Жич: Хохирлын талаар Э.Т нь жоншны уурхайн эзэн гэх найзтайгаа хамт ирж уулзахад тэр нь 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Э.Т-г ажиллуулж байгаад хохирлыг чинь дуусгана гэж тохирсон учир хохирлоо авсанд тооцсон юм. Шүүгчийн захирамжийг зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүх рүү шилжүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Л.Ч-н өмгөөлөгч Р.Мөнхтариа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.Т-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлын товыг хохирогч, түүний өмгөөлөгч нарт шүүх мэдэгдээгүй учраас оролцоогүй болно. Шүүгчийн захирамжид дурдсан шүүхийн дүгнэлтэд доорх гомдлыг гаргав.

1. Хохирогч Л.Ч нь мэдүүлэхдээ “... 2020 оны 9 сараас эхлэн улсын харцага Г-р дамжуулан Б Х М ТББ-ын гишүүн Э.Т-тэй анх уулзахад Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд самар бэлтгэн нийлүүлэхэд ямар нэгэн асуудал байхгүй, орон нутгаас гарал үүслийн гэрчилгээ авах мөнгө тушаагаад самар бэлтгэн нийлүүлнэ гэсэн учраас 2020, 2021 онд нийт 406.000.000 төгрөгөө охин Т.М-х нь 5622439728 гэсэн дансанд шилжүүлсэн. Э.Т 2020 оны 09 сараас 2021 оны 2 сарын хооронд ойролцоогоор 40 тн самар өгөөд 150 сая төгрөгийн самар өгөөгүй дутуу үлдээсэн. Түүний дараа 2022 оны 9 сард дахин уулзаад Өмнөх 150 сая дээрээ дахин 293.000.000 төгрөг нэмж аваад самар өгөхөөр тохиролцсон боловч самар өгөлгүй 443.000.000 сая төгрөгийн хохирол учруулсан. Би найз Батболдоос 2022 оны 9 сарын 22-ны өдөр 100.000.000 сая төгрөг аваад өөрийн дансаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ........ ....... хотхонд байхдаа 100 сая төгрөг авч, мөн найз Д-с авлагатай байсан 50.000.000 төгрөгөө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сансар худалдааны төвийн ХААН банкнаас шилжүүлж байсан. Мөн 2022 оны 9 сарын 27-нд фэйсбүүк цахим хаягаар савласан самрын зураг явуулаад уулнаас ойролцоогоор 5-6 тонн самар буулгаж ирсэн байна. Худалдаж авах 50.000.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн ХААН банкны 5058357617 тоот данснаас 5622439728 тоот данс руу 30.000.000 төгрөг Батболдын гэрт байхдаа шилжүүлсэн. Мөн 2022 оны 10 сарын 13-ны өдөр чатаар “уулнаас самар бууж ирсэн тээврийн зардал 10.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь итгээд өөрийн данснаас 56224397 тоот данс руу интернет банк ашиглаж шилжүүлсэн. Би самар боловсруулж гадаадад гаргадаг “Бэржин хангай” нэртэй үйлдвэрт самар бэлтгэдэг учраас түүхий эд болох самрыг худалдаж аваад үйл ажиллагаандаа ашигладаг. Тийм учраас Э.Т гэх хүнтэй тохиролцож самар авахаар болж мөнгөө шилжүүлж байсан юм. Э.Т нь самар өгөхгүй болохоор мөнгөө авъя гэхэд 2023 оны 5 сард Найрамдал зуслангийн наана байгаа миний ХАУС байшинг үнэлээд ав гэсэн боловч бичиг баримт өгөөгүй, мөн А ХХК-тай гэрээ хийсэн энэ байгууллагаас 9 байр авах юм түүнээс үнэлээд мөнгөндөө тааруулаад ав гэсэн боловч очиж уулзахад манай байгууллагатай Т гэдэг хүн гэрээ хийгээгүй гэж байсан. Энэ мэтээр худал хэлж залилж байлаа...” гэх мэдүүлгүүд /хх 56-67/ авагдсан байгаа.

2. Гэрч Г.Д /хх 68/ “...Ч зээлсэн 50.000.000 төгрөгийг 2022 оны 9 сарын 20-нд 5622439728 гэсэн данс руу шилжүүлээдэх гэхээр нь би өөрийн данснаасаа 20 саяар хоёр удаа 10 саяар нэг удаа У  гэдэг хүнээр шилжүүл гэснээр нь би шилжүүлсэн ямар учиртайг мэдээгүй. ...” гэсэн мэдүүлэг банкны дансны хуулга хэрэгт авагдсан байна.

3. Мөн гэрч Д.Б мэдүүлэхдээ “... 2022 оны 10 сарын 07-ны өдөр манай бизнесийн хамтрагч Ч байрны гадаа ирээд Зүүн хараагийн хуш модны самар найдвартай бэлддэг хүн байна, түүнд 100 сая төгрөг хийгээд өгөөч гэхээр нь зөвшөөрөөд өөрийнхөө интернэт банкаар М гэх хүний ХААН банкны 5622439728 гэсэн данс руу шилжүүлсэн. Тухайн үеийн ханшаар авна гэсэн боловч одоо самраа аваагүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх 69/.

4. Гэрч Z Z мэдүүлэхдээ “... Б Х Мын Т гэдэг хүн бөх Г-тай хамт 2020 оны 9 сард ажил дээр ирэхэд нь анх танилцаж байсан. 2021 оны 10 сард Т ирж уулзаад Зүүн хараад хуш модны самар хүмүүсээр цуглуулж байгаа Ч та хоёр худалдаж ав. Урьдчилгаа мөнгө өгчих гэсэн би самар худалдаж авах асуудалд оролцоогүй. Түүнээс хойш Т, Ч хоёр хамтарч ажиллаж байгаа гэсэн. Т-с самар авах гэсэн юм гээд Ч надаас мөнгө зээлж авч байсан. Т надад самар өгөхгүй байна чи яриад өгөөч гэхэд нь би анх Ч-тай танилцуулж байсан болохоор 2-3 удаа холбогдож байсан. Самарыг нь би ачуулж байгаа гээд над руу зураг явуулж байсан. Би Т Ч нартай самрын наймаа тохиролцож хийсэн асуудал байхгүй. ...” /хх 162-163/,

 5. Ч, М-т 2022 оны 10 сард өөрийнхөө 10 саяыг шилжүүлэхдээ У гаас 2 удаа нийт 4.000.000 төгрөг зээлж шилжүүлсэн тухай /хх 167/ баримт бий.

Яллагдагч Э.Т-н мэдүүлэгт “... Би 2019 оноос хойш БНХАУ-ын иргэн У  гэх нэртэй хүнтэй хамтарч самар нийлүүлдэг байсан. 2020 онд мөнгө аваад тодорхой хэмжээний самар бэлтгэж өгөөд түүнээс 150 саяыг У  бид хоёр хувааж авах ёстой байсан. Түүний дараа 2022 оны 9 сараас 2022 оны 10 сарын хооронд 293 сая төгрөгийг өөрийн охины дансаар авч самар бэлтгэхээр болсон. Энэ мөнгийг би Түнхэлийн самарчдад тарааж өгсөн боловч уулнаас одоо болтол бууж ирээгүй учраас самраа авч чадаагүй байна. Г-тай хамт явж байгаад У утай танилцсан боловч дараа нь би өөрөө яриад би самар бэлтгэж нийлүүлэх санал тавьж У  зөвшөөрөөд бид хамтарч ажилласан. У утай утсаар болон чатаар холбогдож байгаад охины дансаараа авсан. Миний данс руу өөрийнхөө дансаар шилжүүлэг хийсэн эсэхийг би мэдэхгүй байна. Би Д, Б гэх хүмүүсийг огт мэдэхгүй, Ч гэдгийг У-гийн үйлдвэр дээр харж байсан гэж мэдүүлжээ. Хэрэгт авагдсан гэрч Б, Д, хохирогч Ч, У нарын мэдүүлгүүд, Т-н охин М-н банкны дансны гүйлгээнүүдэд үзлэг хийсэн баримт, хуулгууд, мэдүүлгүүдээс дүгнэлт хийхэд Л.Ч нь Э.Т-тэй тохиролцож, итгэж өмнөх самрын үлдэгдэл 150.000.000 дээрээ 293.000.000 төгрөгийг самар нэмж авахаар тохироод Д-с авлагынхаа 50.000.000 авч өгсөн. Мөн Б-д самар авч өгөхөөр 100.000.000 төгрөгийг авч, өөрөө У гаас 4.000.000 төгрөг зээлж бүгд 50.000.000 нэмж, нийт 443.000.000 төгрөг Ч нь Т-т өгсөн нь тогтоогдсон. Гэрч У нь Т-тай самрын асуудлаар тохиролцсон зүйл байхгүй гэж мэдүүлсэн бол гэрч Г.Г нь 2020 онд Т нь Ч-тай самар нийлүүлэх талаар ярилцаж байсан юм. Гэтэл 2022 оны 9 сард Ч гэх хүн нь танай найз чинь самар нийлүүлнэ гэж хэлээд надаас мөнгө авчихаад одоо болтол самар ч байхгүй мөнгийг минь ч өгдөггүй гэж над хэлж байсан гэжээ. Эдгээр нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд яллагдагч Э.Т-н дээрх мэдүүлэг нь үндэслэлгүй бөгөөд Ч-тай урьд харьцаж байсан харилцаагаа ашиглан итгэлийг урвуулж зориуд зохиомол байдлыг бий болгож төөрөгдүүлсэн аргаар хохирогч Ч-с 443.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-д заасан хууль ёсны хохирогч нь Л.Ч болох нь тогтоогдож байгаа тул шалтгаант холбоотой байна. Шүүгчийн захирамжид хэрэгт авагдсан машинд самар ачиж буулгаж байгаа зурагнуудыг Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг” байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэж заасан нь яллагдагч Э.Т нь хохирогчийг хууран мэхэлж төөрөгдүүлэхийн тулд явуулсан зурагнууд учраас энэ хэрэгт ач холбогдолгүй, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасныг баримтлах шаардлагагүй байна. Яллагдагч Э.Т нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг төөрөгдүүлэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу зүйлчилж хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр прокуророос яллах дүгнэлт бичсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалаар хэргийг шүүхээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд хохирогчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж гомдол гаргаж байгааг хүлээн авна уу. ...” гэв.

Прокурор П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт залилах гэмт хэргийн онцлог шинжийг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзсэн. Залилах гэмт хэргийн онцлог шинж нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдыг төөрөгдөлд оруулах, өмчлөгч, эзэмшигчийн эрхийг шилжүүлж авсан буюу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан арга байдаг. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.Т, хохирогч Л.Ч нартай холбоотой хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэж байгаа талаар ямар нэгэн нотлох баримт байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс уг хэрэгт Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэг заасан “Хүрээлэн буй орчны эсрэг” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нэг мөр шалган тогтоох зайлшгүй шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт                   “... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Ч /хх 58/, гэрч Д.Б /хх 66/, Т.О /хх 76/, Ш.Д /хх 78/, Б.Д /хх 80/, М.Г /хх 84/ болон бусад гэрч нарын мэдүүлгээр самар түүж, бэлтгэн нийлүүлж, худалдан авдаг талаар мэдүүлсэн байх бөгөөд тээвэрлэх үйл явцыг харуулсан том оврын автомашин дээр ачсан самар мэт шуудайтай зүйлсийн гэрэл зургууд /хх 20-27/ авагдсаны гадна хохирогч Л.Ч нь давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт 40 тонн самрыг яллагдагч Э.Т-с самар худалдан авч байсан талаар мэдүүлжээ.

Хэдийгээр хохирогч Л.Ч нь самрын зөвшөөрөлтэй байгууллагад ажилладаг талаараа мэдүүлсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйн улмаас Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэг заасан “Хүрээлэн буй орчны эсрэг” гэмт хэргийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байх бөгөөд энэ ажиллагааг “шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч Л.Ч, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/1846 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  хохирогч Л.Ч, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Яллагдагч Э.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                   Д.ОЧМАНДАХ                                     ШҮҮГЧ                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                            ШҮҮГЧ                                                                  М.АЛДАР