Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 114/ШШ2026/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Ариунболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Г,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Гг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч Ц.Г нь Дархан уул аймгийн Засаг даргад холбогдуулан “2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 131 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 18.430.461 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэхүү шаардлагын хүрээнд тус шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 114/ШЗ2026/0071  дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
  1. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар “2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 131 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 18.430.461 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.
  2. Хэргийн үйл баримтын тухайд:

 

    1. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар Ц.Г Дархан-Уул аймгийн Хайрхан багийн Засаг даргаар томилсон.
    2. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/А/418 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар “Хайрхан багийн Засаг даргыг томилох тухай”  захирамжийг хүчингүй болгосон.
    3. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 114/ШШ/2025/0041 дүгээр шийдвэрээр Ц.Г-оос Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/А/418 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.
    4. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2025/0769 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/А/418 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
    5. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ШХТ2026/0046 дугаар тогтоолоор хариуцагч болон гуравдагч этгээдээс гаргасан хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд мөн өдрөөс эхлэн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2025/0769 дүгээр магадлал хүчин төгөлдөр болжээ.
    6.  Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ШХТ2026/0046 дугаар тогтоолыг үндэслэн Шарын гол сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Ц.Г-ийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргаар дахин томилжээ.
  1. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл.
    1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Миний бие Ц.Г нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргаар томилогдсон. Гэтэл гэнэт Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 01-А/418 дугаар захирамж гаргаж, намайг томилсон Шарын гол сумын Засаг даргын 2025 оны Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Энэ талаар миний бие Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тус шүүх 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 769 дүгээр магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01-А/418 дугаар захирамжийг хүчингүй болгожсан.

Хариуцагч нь Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан боловч тус шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 46 дугаар тогтоолоор тухайн гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан. Энэхүү захиргааны хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд хүчин төгөлдөр болсон.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/03 дугаар захирамжаараа шүүхийн шийдвэрийн дагуу Хайрхан багийн Засаг даргаар Ц.Г намайг томилсон.

Миний 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хоногууд 2025 оны 08 дугаар сард 15, 09 дүгээр сард 22, 10 дугаар сард 23, 11 дүгээр сард 18, 12 дугаар сард 22, 2026 оны 01 дүгээр сард 21, 02 дугаар сард 10, нийт 131 хоног байна.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчийн гаргасан цалингийн тооцооллоор нийт ажилгүй байсан цаг хугацааны цалин хөлсийг 18.430.461 төгрөгөөр тооцсон.

Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 18 430 461 төгрөгийг буруутай этгээд болох Дархан-Уул аймгийн Засаг даргаас гаргуулж өгнө үү” гэжээ.

    1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахын тулд улс төрийн албан тушаалтны хувьд түүнийг нэр дэвшүүлсэн болон томилсон шийдвэр нь хуульд нийцсэн байхыг шаардана. Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Хайрхан багийн Засаг даргыг томилох тухай” Б/13 дугаар захирамжийн үндэслэл хэсэгт Шарын гол сумын Иргэдийн нийтийн хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч Ц.Г Хайрхан багийн Засаг даргаар томилсон байдаг.

Шарын гол сумын хайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 32.9, 32.10, Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 2.2.7-д заасныг тус тус зөрчсөн байх тул уг захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт гэж хариуцагчаас үзэж байгаа. Ё.О-ээс уг захиргааны актыг илт хууль бус захиргааны актад тооцуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ц.Г-ийг Хайрхан багийн Засаг даргаар томилсон шийдвэрийн үндэслэл болсон захиргааны акт нь илт хууль бус захиргааны актаар тогтоогдвол хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үндэслэлгүй болох юм.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Хайрхан багийн Засаг даргыг томилох тухай” 01-А/418 дугаар захирамжаар Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Хайрхан багийн Засаг даргыг томилох тухай” А/13 дугаар захирамжийг хүчингүй болгосныг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны  10 дугаар сарын 20-ны өдрийн 114/ШШ2025/0041 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2025/0769 дугаартай магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Үүнээс дүгнэхэд хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Хайрхан багийн Засаг даргыг томилох тухай” Б/13 дугаар захирамжийн үндэслэл хэсэгт Шарын гол сумын Иргэдийн нийтийн хурлын 2025 оны 03 дугаар тогтоолыг нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж үзэж хянан шийдвэрлэсэн байдаг.

Иргэн Ё.О-ээс Шарын гол сумын хайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцуулахаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэсэн ч маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байгаа. Захиргааны акт илт хууль бус болох нь тогтоогдвол хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үндэслэлгүй болно.” гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлээд, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчээс 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 131 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлс 18.430.461 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

4. Шүүхээс тогтоогдсон  үйл баримтын тухайд:

    1. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн Иргэдийн нийтийн хурал 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж, хуралдаанаар 1. Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдааны даргыг сонгох, 2.Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, 3.Багийн Иргэдийн нийтийн хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, хуралдааны 01 дугаартай тэмдэглэл үйлдэн, 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоол[1] баталж, тогтоолын 1 дэх заалтаар “Багийн Засаг даргад нэр дэвшигч Ц овогтой Г179 санал буюу 90.4 хувийн олонхын санал авсан тул сумын Хайрхан багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад уламжилсугай” гэжээ.
    2. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга нь 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар захирамж[2]-аар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 66 дугаар зүйлийн 66.1, Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Улсын Их хурлын 2007 оны 73 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 171 дүгээр тогтоол,  Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Ц.Г-ийг тус сумын Хайрхан багийн Засаг даргаар томилжээ.
    3. Үүнийг эс зөвшөөрч Ё.О-ээс Дархан-Уул аймгийн Засаг даргад гомдол гаргасны дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/А/418 дугаар захирамж[3] гаргаж, тус захирамжийн 1 дэх хэсэгт Ё.О нь Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргаар 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн томилогдсон бөгөөд Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэсэн заалтыг зөрчсөн тул ... Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар “Хайрхан багийн Засаг даргыг томилох тухай”  захирамжийг хүчингүй болгосугай гэжээ.
    4. Нэхэмжлэгч Ц.Г-оос Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/А/418 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасныг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 114/ШШ/2025/0041 дүгээр шийдвэр[4]-ээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2025/0769 дүгээр магадлал[5]-аар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/А/418 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
    5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон гуравдагч этгээд Ё.О, түүний өмгөөлөгч Ж.У нараас магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ШХТ2026/0046 дугаар тогтоол[6]-оор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-д зааснаар мөн өдрөөс эхлэн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ.
    6. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ШХТ2026/0046 дугаар тогтоолыг үндэслэн Шарын гол сумын Засаг дарга 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/03 дугаар захирамж[7] гаргаж Ц.Г-ийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргаар дахин томилжээ.
  1. Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
    1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлдээ: “Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 769 дүгээр магадлалаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01-А/418 дугаар захирамжийг хүчингүй болгосон, шүүхийн шийдвэрийн дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга М.М нь 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/03 дугаартай захирамжаар Ц.Г намайг Хайрхан багийн Засаг даргаар буцаан томилсон. Иймд миний ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх цалинг олгох ёстой...” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Хайрхан багийн Засаг даргыг томилох тухай” Б/13 дугаар захирамжийн үндэслэл хэсэгт Шарын гол сумын Иргэдийн нийтийн хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоолыг үндэслэсэн байдаг. Тус 03 дугаар тогтоолыг хариуцагчаас илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Ё.О-ээс уг захиргааны актыг илт хууль бус захиргааны актад тооцуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус хэргийг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэсэн ч маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байгаа. Захиргааны акт илт хууль бус болох нь тогтоогдвол хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үндэслэлгүй болно.” гэж тус тус маргадаг.
    2. Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/А/418 дугаар захирамжаар “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар захирамж /Ц.Г-ийг Хайрхан багийн Засаг даргаар томилсон/-ийг хүчингүй болгосон боловч, тус захирамжийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2025/0769 дүгээр магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд, тус магадлал нь Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ШХТ2026/0046 дугаар тогтоолоор 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон байна.
    3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.2-д “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, 21 дүгээр зүйлийн 21.2-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь үүрэг хүлээнэ:”,  21.2.3-д “энэ хуулийн 20.2-т заасан үүрэг.”, 20 дугаар зүйлийн 20.2.6-д “хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх.” гэж тус тус зааснаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй байхаар хуульчилсан.  
    4. Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ШХТ2026/0046 дугаар тогтоолыг үндэслэн Шарын гол сумын Засаг дарга 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/03 дугаар захирамж гаргаж, тус захирамжаар Ц.Г-ийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргаар томилсон нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.2, 20 дугаар зүйлийн 20.2.6-д 21 дүгээр зүйлийн 21.2,  21.2.3-д  заасантай нийцэж байна.
    5. Ийнхүү нэхэмжлэгч Ц.Г-ийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар захирамжаар Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргаар томилсон боловч, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/А/418 дугаар захирамжаар Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ц.Г-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шүүхийн шийдвэрийн дагуу Шарын гол сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дахин томилжээ.  
    6. Нэхэмжлэгч нь “... 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр буцаан томилогдсон боловч, миний ажлыг хэн нэгэн хүлээж аваагүй, тус хугацаанд би Засаг даргын ажлаа үргэлжлүүлэн хийсэн, тус 6 сарын хугацаанд огт цалин аваагүй...” гэж тайлбарлах бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хугацаанд Хайрхан багийн Засаг даргаар ажилласан боловч, цалин хөлс аваагүй болох нь хэрэгт цугларсан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын тамгын газрын дарга Г.Ш-ийн баталсан 2025 оны 08 дугаар сараас 2026 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны ажлын цагийн тооцоо[8], тус газрын Нягтлан бодогч М.Ж-ийн гарын үсэг бүхий “Ц.Г 2025 оны 08 дугаар сарын 11-нээс 2026 оны 02 дугаар сарын 16 олговол зохих цалин тооцоо”[9]  гэх баримтаар тогтоогдож байна.
    7. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.”,  4.7-д “Төрийн албан хаагчийн цалин хөлс, албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг энэ хуулийн 9.2-т нийцүүлэн энэ хуульд заасан журмаар тогтооно.”, 57 дугаар зүйлийн 57.2-д “Төрийн албан хаагчийн цалин хөлс нь:”, 57.2.1-д “улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдлээс;”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана:”, 61.1.1-д “албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах;” гэж тус тус заасан.
    8. Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.”, 101 дүгээр зүйлийн 101.2-д “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.” гэж тус тус зааснаас үзэхэд захиргааны акт хууль бус болох нь тогтоогдсон, түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонихол хөндөгдөж зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд тухайн этгээд хохирол нэхэмжлэх эрхтэй бөгөөд хохиролыг хууль бус шийдвэр гаргасан захиргаан байгууллага хариуцахаар зохицуулсан.
    9. Маргааны энэ тохиолдолд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2025/0769 дүгээр магадлалаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01-А/418 дугаар захирамжийг хууль зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэж, магадал хүчин төгөлдөр болсон байх бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хайрхан багийн Засаг даргаар буцаан томилсон, мөн түүнчлэн Ц.Г нь Засаг даргын албан үүргээс чөлөөлөгдсөн боловч, түүний ажил үүргийг өөр этгээдэд хүлээлгэн өгөөгүйгээс 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс  2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Хайрхан багийн Засаг даргын албан үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд энэ хугацаанд цалин хөлс аваагүй болох нь тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-д зааснаар хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй байсан хугацааны цалинг  олгох нь зүйтэй байх бөгөөд уг хохирлыг хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан болох Дархан-Уул аймгийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
    10. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 131 хоногийн  ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Нягтлан бодогч М.Ж-аар  тооцоолуулан тус шүүхэд ирүүлсэн бөгөөд нийт олговол зохих цалин хөлсийг 18,430,461 төгрөг гэж тодорхойлсон байна.
    11. Хариуцагчаас Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Нягтлан бодогч М.Ж-ийн тооцоолсон “2025 оны 08 дугаар сраын 11-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл олговол зохих 18.430.461 төгрөг” гэх цалингийн дүнг хүлээн зөвшөөрдөг бөгөөд, дүн зөрүүтэй эсэх талаар огт маргадаггүй болно.
    12. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Шарын гол сумын хайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоолыг хариуцагчаас илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа” гэж тайлбарлах бөгөөд Ё.О-гийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, хуралдаан даргалагч Д.Б нар холбогдох захиргааны хэргийг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 114/ШШ2026/0020 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн боловч маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа.” талаар тайлбарладаг.
    13. Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 114/ШЗ2026/0096 дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү хэргийг тус шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй иргэн Ё.О-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн Иргэдийн Нийтийн хурлын хуралдаан даргалагч Д.Батболд, Хайрхан багийн Иргэдийн Нийтийн хуралд  тус тус холбогдох захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
    14. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 221/ШТ2026/512 дугаар тогтоолоор тус захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тогтоолын үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт “… нэхэмжлэгч Ц.Г-оос зөвхөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар маргаж байгаа энэ тохиолдолд Ё.О-гийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Д.Батболд, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тус холбогдох 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой захиргааны хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс үл хамааран шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой …” гэж дүгнэсэн.
    15. Нэгэнт Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор “тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй иргэн Ё.О-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Д.Б, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тус холбогдох “2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой хэргийг хэрхэн шийдвэрлэхээс үл хамааран энэхүү хэргийг хянан шийдвэрлэх боломжтой” гэж үзсэнээс гадна, Шарын гол сумын Хайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байх тул тус тогтоолыг илт хууль бус гэж үзэх боломжгүй бөгөөд, энэ тухай хариуцагчаас гаргаж буй “Шарын гол сумын хайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоолыг хариуцагчаас илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа” гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
  2. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 131 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 18.430.461 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгчид олож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.7, 57 дугаар зүйлийн 57.2, 57.2.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 131 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 18.430.461 төгрийг Дархан-Уул аймгийн Засаг даргаас гаргууж Ц.Г-т олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.АРИУНБОЛОР

 

[1] Хавтаст хэргийн 69 дүгээр хуудас,

[2] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас,

[3] Хавтаст хэргийн 8 дугаар хуудас,

[4] Хавтаст хэргийн 12 -16 дугаар хуудас,

[5] Хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас,

[6] Хавтаст хэргийн 20 дугаар хуудас.

[7] Хавтаст хэргийн 10 дугаар хуудас,

[8] Хавтаст хэргийн 76-82 дугаар хуудас,

[9] Хавтаст хэргийн 132 дугаар хуудас,